Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 2424000000023 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр 3 хүүхдийн хамт хаягтай, урьд , улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Б.Г, РД: ,

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Нарангийн хэсэг 712 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* толгойн дагз хэсэгт модон сандлаар цохиж улмаар хохирогчийн биед тархи доргилт, зулайн хэсэгт хуйханд, толгойн оройн хэсэгт хуйханд, зүүн чамархайн дээд хэсэгт, зүүн чамархайн ар дээд хэсэгт, дагзны хэсгүүдэд шарх, зүүн чихний дээд уг хэсгээр зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.   

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Н.Батцэнгэл, иргэний нэхэмжлэгч ******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч Н.Батцэнгэл, иргэний нэхэмжлэгч ******* нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

-Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2424000000023 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Нарангийн хэсэг 712 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* толгойн дагз хэсэгт модон сандлаар цохиж улмаар хохирогчийн биед тархи доргилт зулайн хэсэгт хуйханд, толгойн хэсэгт, хуйханд, зүүн чамархайн дээд хэсэгт, зүүн чамархайн ар дээд хэсэгт, дагзны хэсгүүдэд шарх, зүүн чихний дээд уг хэсгээр зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролд санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол хор уршиг учирсан байхыг шаарддаг. Хохирогч Н.Батцэнгэлд хор уршиг учирсан. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос баримтаар 470,160 төгрөгийг нэхэмжилсэн, тэрээр хохирогчоор өгсөн мэдүүлгээр 660,000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгч 3,131,323 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөөгүй байгаа. Эдгээрийг шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцох юм бол төлүүлэх саналтай байна” гэв.

 

Эрүүгийн 2424000000023 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гараад дэлгүүрээс дэлгүүрээс 0.33 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи 1 шилийг аваад ганцаараа уусан. Тэгээд сумын төв рүү ороод “Гандирас” дэлгүүрийн орчимд Дух хочит ******* тааралдсан. Тухайн үед *******, Уумаа /Ундрах/, Мэндээ гэх хоёр залуутай явж байсан. ******* ах манайд очъё гэхээр нь бид 4 тэдний гэр рүү явсан бөгөөд ******* ах дэлгүүрээс 0,75 л хэмжээтэй Хараа архи аваад тэдний гэрч очиж ууцгаасан. Бид нар архи ууж байгаад би бие засах гээд нойл явчхаад буцаад ирэхэд Уумаа, Мэндээ хоёр явчихсан байсан. Бид хоёр юм яриад үлдсэн архиа хувааж уугаад дахиад архи яаж авах уу? гээд юм яриад байж байсан. Бид хоёр гэрийн гадаа үүдний цементэн довжоон дээр суугаад архи ууж байсан. Би тэр үед ер нь жаахан согтоод эхэлж байсан. Тэгтэл гэнэтхэн ******* намайг урагшаа хараад сууж байхад араас дагз хэсэг рүү модон сандлаар нэг удаа хүчтэй цохихоор нь яаж байна аа гээд толгойгоо гарын алгаараа илж үзэхэд цус гарч эхэлсэн. Тэгтэл дахиад үргэлжлүүлээд цохисон. Тэгээд би ухаан алдсан юм шиг байна лээ цаашаа юу болсныг санахгүй байна, намайг газарт хэвтэж байхад миний дээрээс ус цацаж сэрээсэн. Би сэрээд арай гэж хашаанаас нь гараад зугтсан. ******* гэхдээ намайг хөөгөөгүй. Би тэдний гэрээс гараад төрсөн дүү Бат-Эрдэнэ рүү яриад цагдаагийн гадаа ирэхэд манай дүү ирэхээр нь шууд эмнэлэг хүргүүлсэн. Тухайн үед миний толгойноос маш их цус гарч байсан. Би эмнэлэгт очоод толгойдоо 5-6 хэсэг газарт нийт 32 оёдол тавиулсан. Өнөөдөр эмнэлгээс гарсан. ******* бид хоёр архи ууж байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, ******* намайг цохих үед би эсэргүүцэж түүнийг нэг ч удаа цохиогүй биед нь хүрээгүй, айгаад зугтаасан. Бид хоёр өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй, бидний дунд өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. ******* тухайн үед согтуу байсан гэхдээ намайг ямар шалтгааны улмаас яагаад цохисныг нь мэдэхгүй байна...******* нь өнөөдрийн байдлаар надад ямар нэгэн хохирол төлөөгүй. Би түүнд эмнэлгээс гарч байна 400.000 төгрөг эмнэлэгт төлөх юм байна гэхэд надад өгөх мөнгө байхгүй гэж хэлж байсан. Өөр зүйл надтай яриагүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-20 хуудас/,

   -Иргэний нэхэмжлэгч *******гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Батцэнгэл гэх хохирогчид өнөөдрийн байдлаар эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний зардалд 3.131.323 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан боловч дээрх иргэн өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 хуудас/,

-Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цайны цагаар гэртээ очиход манай нөхөр Н.Батцэнгэл нь гэртээ байхгүй байхаар нь түүний дугаар руу залгахад гадуур явж байна одоо очлоо гэсэн. Үдээс хойш нь ажил дээрээ шуурхай хийж байхад манай нөхөр над руу залгасан. Би түүнтэй ярихад согтуу байсан бөгөөд би хүнд зодуулаад тархиа хагалуулсан цус нь тогтохгүй байна, ******* ахынд хүрээд ирээч гээд ярьсан. Тухайн үед шуурхай хурал тараагүй байсан. Тэгээд санаад зовоод байхаар нь чөлөө аваад ******* ахынд зодуулсан гэхээр нь тэдний гэр рүү нь охинтойгоо явж байхад нөхрийн төрсөн дүү Бат-Эрдэнэ тааралдаад эмнэлэг рүү нөхрийг хүргэж өгөх гээд явж байхаар нь араас нь дагаад эмнэлэг дээр очсон. Би нөхрөөсөө юунаас болсон яасан бэ? гэхэд ******* ах модон сандлаар цохисон гэж хэлсэн. Өөр хүн байгаагүй хоёулхнаа байсан гэж хэлсэн. Тухайн үед толгойноос нь цус маш их гарч байсан. Дараа нь би нөхрөөсөө яасан юу болсон бэ? гээд дахиад лавлаж асуухад гэрийнх нь үүдний довжоон дээр цаашаа хараад сууж байхад нь араас нь модон сандлаар 2 удаа цохисон гэж хэлсэн. Тэр хоёр өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй, бие биеийнхээ гэрээр байнга орж гараад л явж байдаг. Хэвийн сайхан л харилцаатай байдаг...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-23 хуудас/,

-Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр намайг ажил дээр ажлаа хийж байхад миний төрсөн ах Н.Батцэнгэл над руу залгаад толгойноос цус гараад байна эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь яасан юу болсон бэ? гэхэд ******* толгой руу сандлаар цохиж зодсон гэсэн. Тэгээд би ахын байгаа газрын нь заалгаад цагдаагийн урд талын засмал зам дээр ирэхэд толгойноос нь их хэмжээгээр цус гарсан байдалтай толгойгоо гараараа дарсан боловч цус нь тогтохгүй гоожиж байхаар нь шууд эмнэлэг рүү хүргэж өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Дараа нь эхнэр нь ирсэн. ******* нь миний толгой руу сандлаар цохиж намайг зодсон гэж л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй, Тухайн үед манай ах согтуу байсан боловч ухаантай өөрийн биеэ авч явах чадвартай байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25 хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Базардаргиагийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000140 дугаартай “1. ******* биед тархи доргилт, зулайн хэсэгт хуйханд, толгойн оройн хэсэгт хуйханд, зүүн чамархайн дээд хэсэгт, зүүн чамархайн ар дээд хэсэгт, дагзны хэсгүүдэд шарх, зүүн чихний дээд уг хэсгээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх үүссэн гэмтэл нь тогтоолд заасан буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. ******* биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 50-51 хуудас/,

-Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Наранбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000000025 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн модон сандлын хугархай хэсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн модон сандлын хагархай хэсгүүд нь нэг бүхэл сандал үүсэж байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 64-67 хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2715 дугаартай “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан цуснаас 2, промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 82-83-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Нарангийн хэсэг 712 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* толгойн дагз хэсэгт модон сандлаар цохиж улмаар хохирогчийн биед тархи доргилт, зулайн хэсэгт хуйханд, толгойн оройн хэсэгт хуйханд, зүүн чамархайн дээд хэсэгт, зүүн чамархайн ар дээд хэсэгт, дагзны хэсгүүдэд шарх, зүүн чихний дээд уг хэсгээр зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

******* нь хүнийг зодох үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд  халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул *******ын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч Н..Батцэнгэлийн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хүний эрүүл мэндэд халдсаны улмаас хөнгөн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба шүүгдэгч ******* нь хохирогч *******  биед халдсан үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь  гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд  шүүгдэгч ******* хохирогч Н.Батцэнгэлийг сандлаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.Батцэнгэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч *******од хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасны дагуу хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч *******од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн нэхэмжилсэн 660,000 төгрөгөөс баримт бүхий 470,160 төгрөгийн хохирол төлбөрийг төлөөгүй, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 3,131,323 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байгаа ба шүүгдэгч нь хохирогчид хохирол 470,160 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 3,131,323 төгрөгийг тус тус нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй юм.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  0,75 граммын “Хараа” нэртэй архины шил, модон сандлын 16 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч М овогт Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс гадагш зорчихгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 470,160 / дөрвөн зуун далан мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б, 3,131,323 /гурван сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 189,840 /нэг зуун наян есөн мянга найман зуун дөч/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,75 граммын “Хараа” нэртэй архины шил, модон сандлын 16 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН