Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/хт2024/00254

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/01365 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/001212 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 24,500,000 төгрөг, алданги 12,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэмэлт ажлын хөлс 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н, хариуцагчийн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 24,500,000 төгрөг, алданги 12,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэмэлт ажлын хөлс 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/01365 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “А” ХXK-aac 24,500,000 (хорин дөрвөн сая таван зуун мянга)  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах шаардлага, нэмэлт ажлын төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,450 төгрөг, 210,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 280,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/001212 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 182/ШШ2024/01365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.07-ны өдрийн 210/МА2024/001212 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1 Тус магадлалын хянуулах хэсгийн 4-т “хариуцагчийн гүйцэтгэсэн гэх ажлын хөлсийн хэмжээг талууд гэрээгээр тодорхой тохиролцоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ” гэсэн нь үндэслэлгүй. Тухайлбал 2 тал хариуцагчийн гүйцэтгэсэн гэх ажлын хөлсний хэмжээг гэрээгээр тодорхой заасан, мөн нэмэлт ажил хийсэнтэй холбоотойгоор ажил хүлээлцэх акт дээр нэмэлтээр хийсэн ажлаа тодорхой бичиж, 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Энэ нэмэлт ажлын хөлсийг нэхэмжлэгч тал өгөхгүй байх тул хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн байдаг. Магадлалын 4.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 хэсэгт тус тус зааснаар “баримтаар нотлох үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б нэртэй гар утасны аппликэйшнийг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ажил хүлээлцэх акт баримтаараа хэрэгт авагдсан. Мөн ажиллагааны явцад хийгдсэн гар утасны үзлэгт тус аппликэйшнийг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн нь үзлэгээр тогтоогддог юм. Магадлалын 4.3-т нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ажил хүлээлцэх актаар гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч тал хүлээн авсан байтал дахин 24,500,000 төгрөгийг буцаан олгох болсныг хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна. Магадлалын 5-т гэрээнд заагдаагүй нэмэлтээр 6 бүлэг 11 ажлыг нэмэлт төлбөртэйгээр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гүйцэтгэгч талаас хийж гүйцэтгэн, нэхэмжлэгч талд актаар хүлээлгэн өгсөн үндэслэлээр нэмэлт ажлын хөлс нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй мөн тухайн нэмэлт ажлын хөлс болон бусад асуудлын талаар бичгээр байгуулсан гэрээнд тусгаагүй байх тул хариуцагчаас хэрэгт хавсаргасан ижил төстэй ажлын үнэлгээг тусгасан баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь гэрээнд заагдсанаар ямар ажил хийх ёстойг тодорхой заасан, нэмэлтээр хийсэн ажлыг мөн ажил хүлээлцэх актаар тусгаж өгсөн. Нэхэмжлэгч тал нэмэлтээр хийх ажлын хөлсийг өгнө гэж ам хэлцлээр тохирсон атал эцэст нь өгөхгүй мэлзэж байгаа тул тус нэмэлтээр хийсэн ажил ямар өртөгтэй болохыг бусад байгууллагын харьцуулсан үнэлгээг хэрэгт баримт болгон харуулсан байдаг. Гэтэл нэмэлтээр хийсэн ажлыг үнэгүй хийсэн мэт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байгаа нь хэт нэг талыг барьсан ажил гүйцэтгэсэн талын хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн нэмэлтээр дээрх ажлуудыг хариуцагч тал хийсэн, нэхэмжлэгч тал хүлээн авсан гэх тэмдэглэгээ хийсэн боловч тухайн ажлын хөлсийг талууд 20,000,000 төгрөг болох талаар тохиролцсон буюу нэхэмжлэгч тал хүлээн авснаар 20,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг үүссэн гэж үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхээс нэмэлтээр хийсэн ажлыг нэхэмжлэгч тал хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрч дүгнэсэн атлаа төлбөр төлөхийг орхигдуулж байгаа нь хэргийн бодит үнэнийг хэдэн талаас нь харж бодитой дүгнэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, хэрэгт авагдсан ажил хүлээлцэх актыг үнэлэхгүй нэг талыг барьж шийдвэр гаргасан. 2 талын ажил хүлээлцэх акт нь хууль ёсны бөгөөд 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга дарсан чухал нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулж байгаа нь хуульд нийцэхгүй.

4.2 Магадлалын 7-д хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2024.07.07-ны өдрийн 21 дэх хуралд товлогдсон. Хурлын товыг хариуцагч тал хүлээн авч даргалагч шүүгч Д.З-гийн туслахад 14 цагт ирсэн тухайгаа орж уулзаж мэдэгдсэн. Даргалагч шүүгч Д.З-гийн туслах Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн live.shuukh.mn вебсайтаар орж хурлын дарааллыг харж байгаад хурал болохоор орж ирэхийг зөвлөсөн. Бид тус туслахын зөвлөснөөр тус сайт орж live-г харж, хэргийн явц дарааллыг нөүтбүүкээр тасралтгүй харж, хүлээж байсан. Тус live-p бүх хурлууд товлосон цагаасаа хоцорч дарааллаараа орсоор 18 дахь хурал 17 цагийн орчимд эхэлсэн тухай мэдээллийг live-p өгсөн. Түүнээс хойш мэдээлэл огт байхгүй болсон. 18 дахь хурал орсноос хойш мэдээлэл яагаад өгөхгүй тасарчив гэж гайхсаар 17 цаг 20 минутын орчим хурлын заал руу очиж лавлахад, манай 21 дэх хурал live-т мэдэгдээгүй, 2-рт бид ирсэн байтал бидэнд мэдэгдээгүй хурал эхэлсэн байсан. Бид орох гэсэн боловч хурал эхэлсэн гээд оруулаагүй. Даргалагч шүүгч Д.З-гийн туслахад 1-рт live ажлаагүй зогсчихлоо, 2-рт бид 14 цагт ирсэн тухайгаа танд мэдэгдсэн боловч, та яагаад бидэнд хурал орох гэж байгаа талаар мэдэгдсэнгүй вэ гэж энэ 2 асуудлаар гомдол гаргаж асуусан боловч, гомдол гаргасан хариуцагч биднийг огт авч хэлэлцсэнгүй ээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн вебсайт буюу live-н бодит үнэнд итгэж хүлээсэн боловч тус шүүхийн live-г ажиллуулсан шүүхийн нарийн бичгийн даргын буруутай үйл ажиллагаа, процессийн алдаанаас болж шүүх хуралдаанд бид оролцож чадаагүй хариуцлагыг хянаж үзэхийг хүсэж байна.

Энэ хууль бус үйлдэл, шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, мөн магадлалыг хэрэгсэхгүй болгож бидний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.10-ны өдрийн 001/ШХТ2024/01155 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан анх “ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа “алданги 12,250,000 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлж, үндэслэлээ “...“Г” ХХК нь “А” ХХК-тай 2021.12.20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний 1.1-д зааснаар “...гар утасны аппликэйшн хөгжүүлэх, захиалагчид эцсийн байдлаар захиалагчийн баталгаажсан бүртгэлээр app store-д байрлуулах” ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч тал 2021.12.23-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022.03.31-ний өдөр 9,000,000 төгрөг, 2022.06.29-ний өдөр 3,500,000 төгрөгийг тус тус “А” ХХК-ийн данс руу шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрээт ажлын үр дүнг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй хэзээ хийж дуусгаж өгөх нь тодорхойгүй байсан тул нэхэмжлэгч талаас 2023.05.26-ны өдөр ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, гэрээг цуцлах саналыг хариуцагч талд хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан байдаг. Гэрээт ажлын үр дүн нь хангалтгүй дутуу, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225.1, 205.1-д заасны дагуу гэрээний дагуу төлсөн 24,500,000 төгрөгийг хариуцагч талаас буцаан гаргуулах, ... Гэрээний 4.1-д, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 2022.03.20-2023.06.07-ны хугацааны алданги 12,250,000 төгрөг, нийт 36,750,000 төгрөг нэхэмжилж байна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...ажил хүлээлцэх актад заагдсан 9 бүлэг, 26 ажлыг 81 хувьтай буюу 14+7=21 ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 2 талын хэлцэл тохиролцоогоор гэрээнд заагдаагүй нэмэлтээр 6 бүлэг, 11 ажлыг нэмэлт төлбөртэй хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гүйцэтгэгч талаас хийж гүйцэтгэн, нэхэмжлэгч талд ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэрээт ажил хугацаандаа багтахгүй байсан шалтгаан нь олон талтай, тухайлбал Гэрээний 1.4-т заасан нөхцөл, мөн санхүүжилт хугацаандаа ороогүй, санхүүжилт дутуу, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа зөвшөөрөлтэй холбоотой, захиалагч талын хүсэлтээр нэмэлтээр олон төлбөртэй ажлууд хийгдсэнтэй холбоотой байдаг ... ” гэж маргаж, нэмэлт ажлын хөлс 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

9. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...2023.05.26-ны өдөр “Г” ХХК-аас ажлын гэрээт ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, хэрэв хүлээлгэж өгөхгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдэхэд 2023.06.07-ны өдөр хийгдсэн ажлуудын жагсаалтыг үйлдсэн. Хэрэв нэмэлт ажил 20,000,000 төгрөгөөр хийсэн бол энэ талаар хийсэн ажлыг жагсаалтыг гаргаж өгөхдөө нэхэмжлэгч талаас нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл тийм зүйл тухайн үед байгаагүй болно. ... Нэмэлт ажлын үнэлгээг талууд тохиролцоогүй, ... 2023.06.07-ны өдөр талуудын хооронд үйлдсэн ажил хүлээлцэх акт нь гэрээт ажлын гүйцэтгэл буюу ажлын үр дүнг хүлээж авсан гэсэн үг биш бөгөөд гэрээний хавсралтад дурдсан ажлуудын явц буюу хийгдсэн ба хийгдээгүй ажлын талаар тухайн үед нотлох зорилгоор ажлын жагсаалтуудыг гаргасан үйл баримт буюу ... хариуцагч тал гэрээт ажлыг дуусгаж өгсөн гэсэн үг огт биш юм.” гэж маргасан.

10. Анхан шатны шүүх “...Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ... Б нэртэй шаардлага хангасан гар утасны аппликэйшны хөгжүүлэлтийг хийж, цахим орчинд буюу App Store (apple), Play Store (android)-уудад байрлуулж ажиллуулж ашиглах шаардлагыг бүрэн хангасан байдлаар хийж гүйцэтгэх ажил нь иж бүрдлээр буюу цогцоор нь хийж гүйцэтгэх шаардлагатай ажил байх бөгөөд хариуцагч “А” ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэд зохих ёсоор гүйцэтгэж хөгжүүлэлт хийсэн, зориулалтын дагуу ажиллуулж ашиглах боломжтой аппликэйшныг хүлээлгэн өгөөгүй, ажлын үр дүн доголдолтой гэж үзэж нэхэмжлэгч “Г” ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байх тул тус шаардлагыг хангах үндэслэлтэй. ... Хугацаа хэтрэхэд нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхой үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас алданги гаргуулах шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй,  ... нэмэлтээр хийж гүйцэтгэсэн гэх ажлууд нь бусад ажлуудтай хамтад нь цогцоор ажиллаж байж хийж гүйцэтгэгдсэнд тооцогдох тул эдгээр ажлын төлбөрийг тусад нь тооцож гаргуулах үндэслэлгүй. Мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээнд нэмэлт ажлын талаар зохицуулаагүй байх ба хариуцагч нь нэмэлт ажлын төлбөрийн асуудлаар харилцан тохиролцсон болон нэхэмжлэгч талаас төлбөрийг шаардаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд ... анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан байгааг хасч, алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлахаар нэмсэн өөрчлөлтийг оруулав.” гэсэн дүгнэлт хийжээ.  

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөрүүгүй тодорхойлж, адил шийдэл гаргасан байх боловч зохигчийн хооронд байгуулагдсан гар утсанд зориулсан аппликэйшн бүтээх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг тооцож дүгнэхдээ энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн эсэх болон хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн эсэхийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авсан.

13. Тодруулбал зохигч 2021.12.20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, гэрээний зорилгыг “...“Б төслийн бизнесийн стратегийг гаргах, үнэ, үр ашгийг тодорхойлох, үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчдэд хоногшиж, амжилттай байрших ажлыг төлөвлөх, зохион байгуулах, мөн хавсралтад заасан шаардлагын дагуу гар утасны аппликэйшн хөгжүүлэх, захиалагчид эцсийн байдлаар захиалагчийн баталгаажсан бүртгэлээр app store-д байрлуулах, нийлүүлэх” гэж тодорхойлж, гэрээгээр хийх ажлыг гэрээний 1.3-т “гүйцэтгэгч нь аппликэйшныг эцсийн байдлаар ... захиалагчийн шаардлагад нийцүүлэн, гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэн өгнө. Гэрээт ажлын даалгаврыг гэрээний хавсралт №1-д тусгав” гэж заагаад, хавсралтад зааснаар нийт 9 бүлэг, 26 ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч, хугацааг 2021.12.20-2022.03.20, ажлын хөлсийг нийт 30,000,000 төгрөг байх зэрэг нөхцөлийг гэрээнд зааж, гэрээний 1.5.2-т гэрээт ажлын үр дүн хүлээлцэх талаар “захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын тайлан гэрээт ажлын үр дүн бодитой нийцэж буй эсэх, захиалагчийн шаардлагад нийцсэн гэж үзсэн тохиолдолд талууд “гэрээт ажлын үр дүн эцэслэн хүлээлцэх акт” үйлдэнэ. Гэрээт ажлыг гүйцэтгэхийн өмнөх байдал, ажлын явц, гүйцэтгэл, бүрэн хийж гүйцэтгэсний дараах байдлаар фото зургаар баримтжуулан хүлээлцэх актад хавсаргана.” гэж  тус тус тохиролцжээ.

Хоёр шатны шүүх энэхүү гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлж, талуудын гэрээнээс татгалзсан нөхцөл байдал болон ажлын үр дүнг хүлээлгэн өгөх тухай гэрээний нөхцлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалттай уялдуулан дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн.

14. Зохигчийн маргааны зүйл нь гэрээний зүйл буюу ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгсөн эсэх, үүнээс шалтгаалж хөлс төлөх үүрэг үүссэн эсэх талаар байна. Тухайлбал, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн төлбөр, алданги шаардахдаа хариуцагчийг ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй гэж, хариуцагч татгалзал болон сөрөг шаардлагадаа нэмэлтээр ажлууд хийх шаардлага үүссэнээс хугацаа хэтэрсэн, гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул хөлсийг буцаах үндэслэлгүй, нэмэлт ажлын хөлс шаардана гэж талууд мэтгэлцжээ.

15. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй ба хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна гэжээ.

16. Зохигч гэрээний зүйл буюу ажлын үр дүнг “Б” нэртэй хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 16 нас хүртэл дурсамж, тэмдэглэлт өдрүүдийг зураг, дүрс бичлэг, текст тайлбар зэргээр бүртгэдэг, хэрэглэгч хүссэн үедээ татаж авах боломжтой байх үндсэн үйл ажиллагааг хангадаг байх аппликэйшныг хийж, улмаар уг аппликэйшныг гар утсанд суулган ашиглах боломжтой байдлаар хөгжүүлэлтийг хийж, эцсийн байдлаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

17. Хэрэгт авагдсан 2022.06.07-ны өдрөөр огноолсон “ажил хүлээлцсэн акт” баримтад талууд гарын үсэг зурж, ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан захиалгат ажлыг нийт 9 бүлэг, 26 төрлийн ажлаас 8 төрлийн ажлыг хийж гүйцэтгээгүй буюу гүйцэтгэлийг 81 хувь болох талаар зохигч зөрүүгүй тайлбарладаг.

Гэвч зохигч уг баримтыг үйлдсэн огноо, хугацааны талаар маргасан байхаас гадна нэхэмжлэгч баримтад дурдсан гүйцэтгэлээр “Б” нэртэй аппликэйшныг хэрэглэгч гар утсанд суулгаж ашиглах боломжгүй ба ажлын үр дүнг бүрэн гүйцэд хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй гэж, хариуцагч нэмэлт ажлыг нэхэмжлэгч хүлээн авч гарын үсэг зурж уг актаар баталгаажуулсан гэжээ.

Дээрх байдлаар ажил хүлээлцсэн акт баримтаар ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх асуудал маргаантай байх ба уг баримтыг зохигчийн тайлбар болон хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэвэл хариуцагч гэрээнд заасны дагуу аппликэйшныг  хэрэглэгч саадгүй, хэвийн ашиглах боломжтой байдлаар хөгжүүлэлтийг хийж эцэслэн дуусгасан гэж үзэх нөхцөл байдлыг нотлоогүй байна.

18. Түүнчлэн зохигч талууд уг аппликэйшныг хэрхэн ажиллаж байгаа талаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн ба үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгээр “Б” аппликэйшныг нээхэд ... алдаа гарлаа ... гэсэн дохио, хариуцагчийн ирүүлсэн CD-д хийсэн үзлэгээр аппликэйшныг хариуцагч ажиллуулж тэр талаараа өөрөө хийсэн бичлэг байсан талаар тус тус тэмдэглэгджээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас ирүүлсэн CD-д хийсэн бичлэгийг хэргийн бусад баримттай харьцуулан дүгнэж, бичлэгт дурдсан байдлаар ажиллаж байгаа аппликэйшныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдоогүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй.

19. Хоёр шатны шүүх хэргийн баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг болон талуудын гэрээгээр тохирсон тохиролцоог үндэслэн гэрээний зүйлийг буюу ажлын үр дүнг аппликэйшныг гар утсанд суулгаж, хэрэглэгч саадгүй ашиглах байдлаар хөгжүүлсэн байх буюу гэрээний хавсралтад заасан ажлыг цогцоор нь бүрэн гүйцэд хийснээр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөнд тооцно гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн гэж үзнэ.

Учир нь талууд гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгч нь аппликэйшныг эцсийн байдлаар захиалагчийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, гэрээний хавсралтад тусгасан гэрээт ажлын даалгаврын дагуу захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба талуудын үйлдсэн “ажил хүлээлцсэн акт” баримтаар гүйцэтгэгч хавсралтад дурдсан 9 бүлэг, 26 төрлийн ажлаас 8 төрлийн ажлыг хийж гүйцэтгээгүй буюу ажлыг бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүйгээс аппликэйшн хэвийн ажиллах боломжгүй байгаа нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогджээ.

20. Иймээс хоёр шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т зааснаар хариуцагч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүйгээс нэхэмжлэгч нь гэрээг цуцлахыг шаардах эрхтэй гэж үзэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг буюу үр дагавар үүснэ гэж дүгнэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.10-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд хариуцагчид шилжүүлсэн нийт 24,500,000 төгрөгийг бүхэлд нь буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн.

21. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр бөгөөд хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй ба хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ.

 Эндээс үзвэл алданги нь анзын төрөл болохынхоо хувьд үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага байдаг тул талууд алдангийн талаар бичгээр тохиролцож, улмаар гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг тодорхой тохирсон байхаас гадна хугацаа хэтэрсэн явдалд үүрэг гүйцэтгэгч буруутай тохиолдолд түүнээс алдангийг шаардах эрхтэй болно.

Гэрээний 4.1-д  “... талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлнө.” гэж талууд алдангийн талаар бичгээр тохиролцсон боловч дээрх хууль болон гэрээнд заасан алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Талууд гэрээний 1.4-т ажил гүйцэтгэх хугацааны талаар “гүйцэтгэгч нь гэрээт ажлыг 2021.12.20-ны өдрөөс 2022.03.20-ны өдрийн дотор (энэ хугацаа нь мобайл аппликешнийг App store (apple), Play store (Android)-уудад байрлуулахад тэдгээрийн шаардлагыг бүрэн хангах хүртэл буцаагдаж болзошгүй ба энэ нь гүйцэтгэгчээс бүрэн шалтгаалахгүй тул өөрчлөгдөж болно)” гэж зааснаас үзэхэд уг нөхцөл нь хугацааг тодорхой тохирсон гэж үзэх үндэслэлгүй, тухайлбал тодорхой хугацаа заасан боловч энэ хугацаа нь гэрээт ажлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөж болох нөхцөл байдлыг харгалзан үзэх агуулгатай байна.

Нөгөө талаар хариуцагчаас гэрээний үүргийг дээрх хугацаанд гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа зохих ёсоор нөлөөлсөн буюу гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой нэхэмжлэгчийн санал, шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэхэд хугацаа шаардагдсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй.

Иймээс хариуцагчийн буруутайгаас гэрээний хугацаа хэтэрсэн гэж дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т нийцсэн гэж үзнэ.  

Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг зөрчөөгүй.

22. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэлт ажлын талаар зохицуулаагүй, гэрээгээр тохиролцоогүй гэж дүгнэж, хариуцагчаас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн хөлс төлөх үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, дүгнэлт нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т нийцсэн.

23. Давж заалдах шатны шүүхээс “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хүлээн авч, шүүх хуралдааныг 2024.06.07-ны өдөр хийхээр 2024.05.30-ны өдөр товлож, шүүх хуралдааны товыг мөн өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.Т-ын гар утсаар мэдэгдэж,  улмаар шүүх хуралдаан 2024.06.07-ны өдөр 17 цаг 16 минутад эхэлсэн байхад тэрээр шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь энэ талаарх шалтгаанаа шүүх хуралдааныг шууд бичлэгээр үзэж байгаад оролцох зорилгоор бичлэгийг өөрийн компьютерээс үзэн хүлээж байсан боловч техникийн шалтгаанаас бичлэг тасалдаж, улмаар шүүхэд биечлэн ирэхэд хурал дууссан байсан гэж тайлбарлаж, гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй ба энэ нь хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.

24. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/001212 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч  Д.Т-ын 2024.08.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

Н.БАТЧИМЭГ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД