Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | Шийдвэр 128/2022/0185/З |
Дугаар | 128/ШШ2022/0686 |
Огноо | 2022-08-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2022/0686
2022 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 128/ШШ2022/0618 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “П.т” ХХК /РД: **/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Т /РД: УЮ90061334/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.М /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: 1377/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч С.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Ж нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П.т” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.
2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад дурдсан 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба тус захирамжийн хавсралтын 16 дугаарт нэхэмжлэгч “П.т” ХХК-ийн нэр бичигдсэн байна.
3. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дүгээр захирамжийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гардан авч, Нийслэлийн Засаг даргад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан ба уг Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06/274 дүгээр албан бичгээр “...хуульд нийцсэн байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг авснаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анх шүүхэд ханджээ.
4. Нэхэмжлэгч “П.т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...манай компанид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн 11 дүгээр хороо, “Хонхор” гэх газар аж ахуйн зориулалтаар 30,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000317063 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Газар зохион байгуулалтын албанаас тухайн үеийн нэрээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 538 дугаар захирамжийн дагуу олгосон.
Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж, түүний хавсралтын 16 дахь хэсэгт заасны дагуу манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захирамжийн хуулбарыг хүлээн авснаар мэдсэн бөгөөд уг шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна.
4.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан тохиолдлууд манай компанид огт үүсээгүй. Манай компани Газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчиж байгаагүй бөгөөд энэ талаар аливаа мэдэгдэл, шаардлага ирж байгаагүй. Газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж байсан нь төлбөрийн баримтууд болон тооцоо нийлсэн актаар нотлогдоно.
4.2. Манай компани уг газар дээрээ аж ахуйн зориулалттай тус бүр нь 6000 м.кв талбайтай гурван ширхэг аж ахуйн барилга, байгууламж, 4 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 430 м урт бетон хашаа зэргийг олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд газар эзэмших эрх хүчингүй болсноор дээрх хөрөнгүүд үнэгүйдэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
4.3. Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6-т заасан зарчмыг баримтлаагүй, оролцогчийн эрхийг хангаагүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, баримт бичигтэй танилцах хуулийн заалтыг биелүүлээгүй, захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй.
4.4. Дэлхий нийт, улс орныг хамарсан Ковид-19 цар тахлын гамшгийн улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоож, хил гаалиар бараа материал, техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх нөхцөл эрс муудсан зэргээс нийгэм, эдийн засагт тулгарсан хүнд сорилтыг бүх нийтээр даван туулж байгаа үед дүүргийн Засаг дарга үндэслэлгүй, хууль бус шийдвэрээрээ татвар төлөгч, ажлын байр бий болгогч аж ахуйн нэгжид үлэмж хэмжээний хохирол, дарамт учруулах, улмаар шууд дампууруулах нөхцөл байдалд хүргэж байна.
5. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн “П.т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гэх газарт, аж ахуйн зориулалттай 3000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Газар зохион байгуулалтын албанаас олгосон. Энэ газрын түүхийг товч дурдахад, өмнө нь бас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч “П.т” ХХК нь газар эзэмшиж байсан. Тухайн газрыг маргаан бүхий газартай харьцуулбал, Улаанбаатар хотын төвд ойр байршилтай, Баянзүрх дүүргийн товчооны ойролцоо байсан. Гэтэл тухайн газрыг Биеийн тамир, спортын хороо гэдэг байгууллагад өгөхөөр нэхэмжлэгчийн эзэмших эрхийг хүчингүй болгосон. Уг асуудлаар шүүхэд маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн засаг даргаас нэхэмжлэгчид өөр газар олгоё гэдэг байдлаар талууд хоорондоо эвлэрээд, тус эвлэрлийн дагуу маргаан бүхий газрыг олгосон юм.
Улмаар газраа ашиглаж, үйл ажиллагаа явуулж байтал буюу 2021 оны 12 дугаар сард тухайн оны сүүлчийн хагас жилийн төлбөрөө төлөх гэж Газар зохион байгуулалтын албанд очиход танай газрыг 2021 оны 07 дугаар сард хүчингүй болгосон байна гэсэн мэдээллийг анх авсан байдаг. Яагаад манай газрыг хүчингүй болгосон, хэзээ хүчингүй болгосон, яагаад энэ талаар мэдэгдээгүй вэ гэдэг асуудлыг судлаад үзэхээр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамж гарсан байсан. Энэ захирамжаар олон иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба үүнд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон заалт орсон байсан.
2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас А/369 дүгээр захирамжийг авч, мэдсэн учраас дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргасан. Нийслэлийн Засаг дарга гомдлыг хүлээж аваад хуулийн дагуу гарсан байна гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.1.1 гэсэн гурван үндэслэлээр гаргасан байдаг. Энэ гурван үндэслэлийн аль нь ч бүрдээгүй тул дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна.
Гол үндэслэл буюу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн зүйлийг хариуцагчаас тайлбарлаж байна. Мөн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан байна гэдэг ийм үндэслэлүүдийг заасныг шүүхэд гаргасан хариуцагчийн хариу тайлбараас харж байна.
Гэвч тухайн захиргааны актаар олон аж ахуйн нэгж, байгууллагад хамаарах асуудлыг хамтад нь гаргасан байгаа тул нэхэмжлэгч компанид яг аль заалт хамаарах нь нэхэмжлэл гаргах үед тодорхойгүй байсан юм. Тийм учраас энэ 3 үндэслэл буюу газар эзэмших гэрээний заалтыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл байхгүй гэдгийг тайлбарлая.
Нэгдүгээрт, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил гэрээнд заасны дагуу ашиглаагүй гэдэг нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь газар эзэмшүүлэх гэрээ хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн батлагдсан. Энэ гэрээг хэрэгт хавсаргасан. Сая шүүхээс нэмэлт нотлох баримт гаргуулаад газрын хувийн хэргийг ирүүлсэн гэсэн энэ албан бичигт 2019 оны гэрээ ороогүй байсан. Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд дотор байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш газар ашиглаагүй гэх 2 жил нь тооцогдохоор хуульд заасан. Мөн энэ гэрээнд ч хугацааг үүнээс хойш тооцохоор заасан. Гэрээний 6 дугаар хэсэг буюу энэ дээр газрын талаар эд хөрөнгийн зарим зохицуулалт гэсэн дээр тодорхой заасан. Гэрээний 6.4-т жич гэж байгаад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдэг нь юу юм, “зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэдэг нь юу юм бэ гэдгийг маш тодорхой заасан байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний эсвэл тэр газар орноо ашиглах боломжгүй болсон, газар нь эвдэрсэн, элэгдэл цөлжилтөд орсон гэсэн ийм шалтгааныг гэж тайлбарладаг. Тэгэхээр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэж байна. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш буюу гэрээ байгуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл энэ 2 жилийн хугацаанд нийтэд илэрхий үйл баримт буюу ковид халдварын нөхцөл байдлын улмаас дэлхий нийтээрээ улс орон даяар бүгд хөл хорионд ороод, хил хязгаар, хөдөлгөөн хязгаарлагдаад бүгдийг нь гэр орондоо суу гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Ямар ч бизнес байтугай гадаад улс орон уруу явах асуудал үндсэндээ хоригдсон байсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Энэ нь 2019 оны өвөл эхлээд 2020 оны өвөл, зун дамнаад 2021 ондоо өнгөрсөн. Энэ бол гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт орно гэж үзэж байна.
Хоёрдугаарт, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг гэрээнд юу гэж тодорхойлсон талаар тайлбарлавал, газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэсэн байна. Өмнө нь ярьсан хүндэтгэн үзэх шалтгаан үүнд хамаарч байгаа юм. Дээрээс нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо нь байрлалын хувьд зөвхөн Налайхаар дамжиж, эсвэл Улаанбаатар хотоос орж ирдэг гол ганцхан замтай. Энэ зам нь нь 2019, 2020 онд засварт ороод хэсэгчлэн хаагдаад ер нь тийшээ хөдөлгөөн том оврын машин орох ямар ч боломжгүй байсан. Энэ нь бас л нийтэд илэрхий үйл баримт юм. Улаанбаатар хотын иргэд үүнийг маш сайн мэдэж байгаа. Хүнд даацын машинууд тухайн замаар явдаг байсан боловч тухайн үед очих ямар ч боломжгүй байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Тэгэхээр энэ гэрээнд заасны дагуу зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Баянзүрх дүүргийн Засаг дарга бодит нөхцөл байдалд уялдаагүй шийдвэр гаргасан нь нотлогдож байна. Аливаа захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой. Та нар ажиллахгүй байгаа учраас, ашиглахгүй байгаа учраас газрыг чинь хүчингүй болголоо гэдэг байдлаар хандаж байгаа нь цаг үеэ олоогүй. Цаг үеэ мэдрээгүй, ямар нэгэн шалтаг гаргаж, иргэдийн газрыг хүчингүй болгож, дараагийн хүнд зарах гэсэн ээлжит оролдлого гэж үзэж байна. Учир нь өмнө нь бас ингэж газрыг нь давхардуулж зарсныхаа дараа эвлэрье гэж газар олгосон атлаа цар тахлын үед газраа ашигласангүй гэсэн үндэслэлээр дахин хүчингүй болгож байна. Төрд итгэх ямар ч итгэл байхгүй болсон. Өмнөх газарт нэхэмжлэгч компаниас хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Ойролцоогоор 6,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хашаа, байшингаа бариад үйл ажиллагаагаа явуулах гэж байтал асуудал үүссэн байдаг. Нэгэнт төр нь юмаа мэдээд ингэж байгаа юм байна гээд эзэмшиж байсан газраасаа 13, 14 км-ийн цаана буюу хол газар эзэмшиж аж ахуйн нэгж өөрсдөө хохирч байна.
Газрын төлбөр төлөөгүй үлдэгдэлтэй байна гэдэг нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна. “П.т” ХХК нь газрын төлбөрөө тогтмол төлж байсан. Баримтаа хэрэгт гаргаж өгсөн байхад хариуцагчаас тайлбар гаргахдаа төлбөрийн үлдэгдэлтэй байгаа мэт акт гаргаж өгөөд тэрийгээ шүүхэд дэмжиж тайлбар өгсөн байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй.
Учир нь 2021 оны 07 дугаар сард газар эзэмших эрхийг хүчингүй болгосон алтаа 2021 оны 12 дугаар сарын байдлаар буюу хүчингүй болгосон хугацааныхаа төлбөрийг дутуу төлсөн байна гэж тайлбарлаад энэ үндэслэлээр шүүхэд төлбөрийн үлдэгдэлтэй мэтээр тайлбарлаж байна. 2021 оны 12 дугаар сард нэхэмжлэгч компани газрын төлбөрөө төлөх гээд очсон боловч танай газар чинь хүчингүй болсон учраас төлбөр авахгүй гэдэг тайлбар өгсөн. Тэгээд төлбөрөө авахгүй байсан атлаа шүүхэд тайлбар гаргахдаа газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна гэсэн тайлбар гаргаж байгаа нь бодит байдалд нийцээгүй. Ер нь төлбөрийг яаж төлөх вэ гэдгийг өөрсдөө тайлбар дээрээ маш тодорхой бичсэн байгаа. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг дурдаад улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэсэн байна. Гэтэл хариуцагчаас дараа сарын 23-ны өдөр нь маргаан бүхий захирамжийг гаргасан байгаа юм. Газрын төлбөрийн их хэмжээний өрөнд ороод хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй.
Гуравдугаарт, дараагийн нэг үндэслэл бол газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж хариуцагчаас тайлбарлаж байна. Маргаан бүхий газар Нийслэлийн анхнаасаа дуудлага худалдаагаар олгогдоогүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан газрыг үндэслэлгүйгээр хүчингүй болгоод шүүхээр маргаснаар эвлэрч Хонхор гэх газарт буюу маргаан бүхий газрыг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон. Өөрөөр хэлбэл энэ газрыг дуудлага худалдаагаар юм уу, эсвэл ямар нэгэн төлбөр төлж аваагүй. Шүүхийн шатанд хоорондоо эвлэрээд авсан газар юм. Дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр даалгаж, нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч төлөөгүй гэж хариуцагчаас тайлбарласан. Гэтэл хэчнээн төгрөгийг хэзээ, хэрхэн, ямар дансанд төлөх талаар нэхэмжлэх огт ирээгүй. Нэхэмжлэх гаргаж өгсөн гэдэг нь үндэслэл муутай тайлбар байна. Одоо газрын төлбөрийг Газар зохион байгуулалтын албанд биш, Татварын албанд төлдөг болсон. Газрын төлбөрийг татвартай ижил үздэг болсон. Энэ талаар нэхэмжлэх огт ирж байгаагүй байхад үүнийг төлөөгүй учраас бид нар газрыг чинь хүчингүй болгосон шүү гэдэг тайлбар гаргаж байгаа нь өөрөө бодит байдалд нийцэхгүй байна. Хэрэгт мэдэгдэл гэсэн нэг баримт авагдсан байсан. Энэ нь 2021 оны 03 дугаар сард гаргасан мэдэгдэл байсан. Үүнд газрын анхны дуудлага худалдааны төлбөрийг төлөхгүй бол танай газрыг чинь хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна гэжээ. Энэ мэдэгдлийг аж ахуйн нэгжид яаж хүргүүлсэн юм бэ. Ер нь аливаа газартай холбоотой энэ мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хүргүүлэх ёстой. Албан ёсны хаягаар нь хүргүүлэх шаардлагатай, эсвэл эрх бүхий албан тушаалтанд гардуулах, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр зарлах гэх мэт аливаа газартай холбоотой мэдэгдлийг хуульд заасан процессын дагуу албан ёсны хаягаар нь хүргүүлж мэдэгдэх ёстой. Нийтлэг хууль журмын дагуу хүргүүлснийг л хүргүүлсэн гэж үзэхээс биш хов жив шиг юм бичсэн байгаа юм. “...хүүхэд нь гээд нэг нөхөр ирсэн. Тэрэнд нь өгөх гэсэн чинь тэр нь хүлээн авахаас татгалзсан...” гэж ямар ч барьцгүй аман тайлбар хариуцагчаас гаргаж байна. Үүнийгээ мэдэгдэл өгсөн, хүргүүлсэн гэж тайлбарлаад байгаа бөгөөд мөн хоёр өөр янзаар тайлбарлаад байгаа юм. Төлбөрийг төл гэж мэдэгдсэн юм уу, эсвэл маргаан бүхий захиргааны актаа мэдэгдсэн гэж хэлээд байгаа юм уу энэ нь ерөөсөө ойлгомжгүй байна. Ямар ч байсан бид нар мэдэгдсэн. Энэ дээр хариу тайлбар өгөөгүй учраас бид нар захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа гэдэг ойлгомжгүй тайлбар хариуцагчаас өгөөд байна. Захиргааны актыг бид нар тухайн оны сүүлд мэдсэн байхад ийм үндэслэлгүй тайлбарууд гаргасан байгаагаар үндэслэлгүй захиргааны акт гаргасан гэдэг нь нотлогдож байна.
Хамгийн сүүлд нь захиргааны актад гомдол гаргах хуулийн хугацаа чинь дуусчихсан байна гэж хариуцагчаас тайлбарлаад байна. Тэгэхээр бид маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш, эрх ашиг маань хөндөгдлөө гэж мэдсэнээс хойш хуулийн байгууллага эсвэл дээд шатны байгууллагад нь хандаж хүчингүй болгох, өөрчлүүлэх боломжтой болно. Огт мэдээгүй ийм нууц гарч байгаа актуудыг мэдэх боломж байхгүй шүү дээ. Эрх ашиг маань зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш л ингээд процессын дагуу явсан гэдгийг тайлбарласан. Нийслэлийн Засаг даргад үүнийг мэдсэн даруйд хандахад маргаан бүхий захирамжийг хуулийн дагуу байна, шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандаад явж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны хувьд асуудал байхгүй. Энэ бол хуульд заасан журмынхаа дагуу явж байгаа юм.
Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь хууль дээдлэх, үндэслэл бүхий байх, шударга байх, хэрэв тухайн захиргааны акт тухайн аж ахуйн нэгжид чиглэсэн сөрөг нөлөөлөл бүхий байвал тэр аж ахуйн нэгжид мэдэгдэх сонсох ажиллагаа хийх ёстой. Гэтэл хариуцагч энэ бүх заалтуудыг зөрчөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу цар тахлын үед хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байхад манай газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байгаа нь тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбарлаж байгаа хуульд заасан 3 үндэслэлийн аль нь ч тогтоогдоогүй гэж үзэж байна. Төлбөрөө манайх төлөөд явж байсан байхад газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Илүү төлөлт хийгээд явж байсан он байна шүү дээ. Газар дээрээ хашаа бариад эргэлтийн цэгээ ч мөн тогтоосон байсан. Газрын төлбөр шинэчлэгдсэн талаар төрийн байгууллага танилцуулах үүргээ биелүүлээгүй байж төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2019 оноос эхлээд 2020 он хүртэл ковид цар тахлын нөхцөл байдал үүсэж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Хариуцагчийн гаргаад буй тайлбарууд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
7. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “П.т” ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/391 дүгээр газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар иргэн Ш.Б-с аж ахуйн зориулалтаар 10,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эрх шилжүүлсэн бөгөөд 2015 оны А/561 дүгээр газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай захирамжаар аж ахуйн зориулалттай 10 жилийн хугацаатайгаар 10,000 м.кв газрын эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Мөн 2016 оны А/187 дугаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай захирамжаар аж ахуйн зориулалтаар 30,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай талбайн хэмжээ нэмж эзэмшүүлсэн байна.
Дээрх аж ахуй нэгж байгууллага нь тус газраа эзэмшиж эхэлснээс буюу 2012 оноос хойш болон 2015 онд байршил өөрчлөгдсөнөөс хойш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь 2013 оны 06 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх сансрын зургаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу 2021 оны А/369 дүгээр захирамжийн үндэслэл бүрдэж байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5. “ Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх” гэж заасан бөгөөд тус аж ахуй нэгж байгууллага нь захиргааны акт гарах хүртэлх газрын төлбөрөө төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй байна. Дээрх нөхцөл байдлууд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрх нь хүчингүй болсон байна.
Газрын тухай хуулийн 38.2.2 дахь заалтын дагуу газар эзэмших эрх шилжүүлэн авагч тал нь газартай холбоотой бүх үүрэг, хариуцлагыг хүлээн авахаар зохицуулсан байх бөгөөд мөн нэмсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамж, 2016 оны А/967 дугаар захирамжаар “2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх”-ээр даалгасан тул дээрх аж ахуйн нэгж байгууллагаас дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилсэн болно.
“П.т” ХХК-д Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа биечлэн уулзсан, албан мэдэгдэл өгөх гэсэн боловч тус аж ахуй нэгж байгууллагыг төлөөлөн ирсэн тус компанийн захирлын хүүхэд гэх хүн албан мэдэгдэл хүлээн авахаас татгалзсан бөгөөд захиралтайгаа холбогдож захиргааны актын талаар танилцуулсан боловч манай албанд хариу ирүүлээгүй тул захиргааны актын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх болно. Дээрх аж ахуй нэгж байгууллагын захиргааны актад гомдол гаргах хуулийн хугацааг дууссан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг буцааж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг нь тооцоо нийлсэн актаар харагдана. 2 жил ашиглаагүй гэдгийг нь бид нар агаарын зургаар харсан. Яагаад гэвэл тухайн газартаа одоо барьсан гээд байгаа үнэлгээ хийсэн гээд байгаа зүйлүүд бол захиргааны акт гарснаас хойш хийгдсэн, баригдсан юмнууд байгаа юм. Мөн У.Т нь 2021 оны 05 дугаар сард өөрийн биеэр ирж, мэдэгдэх хуудастайгаа танилцсан. Гэвч тухайн хүн маань өөрөө гарын үсэг зурж авахаас татгалзсан.
Мөн анх нэхэмжлэгчийнх 1 га газар газар эзэмшиж байгаад 2016 онд 2 га газар нэмж авсан. Мөн энэ эзэмшил 3 га газар дээрээ ямар нэг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үнэ төлөөгүй. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаас бусад газар дээр ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үнэ төлөх ёстой. Гэвч аж ахуйн нэгж нь төлөөгүй. Ийм учраас бид нар нэмэлтээр дуудлага худалдааг нь нэхэмжилсэн байгаа. Мөн газрын төлбөрийн хувьд энэ тал дээр энэ компани татварын систем дээр татварын газрын төлбөрийн өртэй гэдэг нь харагдана. Захиргааны акт гарсан үеэс хойш бүх төлбөрүүд нь зогссон. Захиргааны акт гарахаас өмнө төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь тооцоо нийлсэн актаас ч мөн харагдана” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах зарчим гэж байдаг. Тодруулбал мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх”, 4.1.2-д “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална” гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг зохицуулж өгсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж байгаа. Энд бол дуудлага худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр газар, дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэдэг үндэслэлийг хамруулсан. Харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан. Нэхэмжлэгч бол 2019 оноос эхлээд дандаа газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй нь газрын төлбөр тооцоо нийлсэн актуудаар тогтоогдсон. Төлбөрийг дандаа нөхөж төлж явж байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д хамаарч байна. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр захирамж гаргаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үед бол 3,347,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байсан байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан. Үүнд нэхэмжлэгч анх 2012 онд анх газар эзэмшээд 2016 онд газрын талбайгаа нэмээд хугацаагаа сунгуулсан захирамж гаргуулсан. Энэ хүртэл буюу 2012 оноос 2016 он, мөн 2016 онд газар эзэмших эрхийн хугацааг хүчингүй болгох хүртэл хугацаанд нийтдээ 5,2 жилийн турш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Хэдийгээр шүүхэд дутуу барьсан барилга байгууламжийн зургууд хэрэгт хавсаргасан боловч 2020 оны 9 дүгээр сард газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос хойш 2 сарын дараах байдлаар сансрын зургийг авахад мөн л хоосон тэр атар газар хэвээр байсан. Үүгээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нотолж байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн. Мөн зүйлийн 35.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлөхийг мөн үүрэг болгосон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч талтай газар эзэмших гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.5-д газрын төлбөрийг газрын ашигт шимт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.6-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцох заалтуудыг тус тус нэхэмжлэгч ноцтой зөрчсөн. Мөн газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэл тогтоогдсон. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч 2019 онд бүтэн жилээр 10,056,796 төгрөг төлөхөөс 5,370,000 төгрөгийг төлж, алдангийн 937,359 төгрөг болон үлдэгдэл 4,686,796 төгрөгийн хамт нийт 5,624,155 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. 2020 онд жилийн төлбөрт 10,731,050 төгрөг төлөхөөс 40 хувьд ноогдох төлбөр буюу 4,292,420 төгрөгийг, 2019 оны төлбөрийн үлдэгдэл 5,361,050 төгрөгийн хамт нийт 9,653,470 төгрөгийг төлж 1,077,580 төгрөгийн төлбөр 2020 онд үлдсэн байна. 2021 онд 1,2 дугаар улиралд ногдох төлбөр буюу 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5,368,023 төгрөг төлөхөөс 2020 оны төлбөрийн 60 хувьд ногдох төлбөр 6,438,630 төгрөгийг 2021 оны 01 дүгээр улиралд ногдох 2,300,581 төгрөгийн хамт 8,739,211 төгрөгийг төлж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамж гарах хүртэл хугацаанд 3,330,547 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан байна. Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар захирамжийн талбайн хэмжээг өөрчилж хугацааг сунгах хүртэл 3,7 жилийн турш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаартай захирамжаар талбайн хэмжээг өөрчилж хугацааг сунгаснаас хойш 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гарах хүртэл 5,2 жилийн дотор тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалттай газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч газар эзэмшсэн. Хуульд зааснаар 0.07 га газрыг иргэнд эзэмшүүлэхээс бусад тохиолдолд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмших асуудлыг шийднэ гэж байдаг тул энэ хуулийн шаардлагыг зөрчсөн.
Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно” гэж, 36.2-т” дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна” гэсэн. Ингээд газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмын дагуу эзэмшээгүй учраас Нийслэлийн Засаг даргын нөхөж төлүүлэх тухай захирамж гарсан байдаг. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжийн 1-ийн 4 дэх хэсэгт нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон бусад газарт үүрэг болгосон. Үүнээс өмнө бас 2013 онд 2 захирамж гарсан байдаг. Ер нь бол дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар авснаас бусад байдлаар газар эзэмшсэн тохиолдолд дуудлага худалдааны үнийг заавал нөхөж авах захирамж гарсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан байгаа.
Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшсэн байна. Хоёрдугаарт, дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй байна.
Сонсох ажиллагааны тухайд сонсгох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг нэхэмжлэгчид хүргүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13/500 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг гаргаж утсаар холбогдож хүлээн авахыг мэдэгдсэн боловч хүлээж авахаас зайлсхийж татгалзсан гэж сая нөгөө төлөөлөгч маань хэлсэн. Ингээд захирал нь мэдсэн боловч мэдэгдлийг аваагүй. Энэ тухай асуудлаар тайлбар санал гаргаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудал нь хуулиар тогтоож өгсөн шаардлага юм. Ямар үндэслэлүүдээр хүчингүй болгох вэ гэдгийг заасан. Ийм учраас нэхэмжлэгчид мэдэгдсэн ч хариуцагчаас гарах шийдвэр, шийдвэрийн үр дагавар өөрчлөгдөхгүй.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байгаа. Шийдвэрийг хэрхэн яаж мэдэгдэх талаар тусгайлан нарийвчлан зохицуулж өгсөн.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тийм үндэслэл нөхцөл болзлуудыг нэхэмжлэгч компани бүрэн хангасан. Үүнийг үндэслэж Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь хууль ёсны болсон байна гэдэг нь тодорхой боллоо. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу зориулалтын дагуу ашиглаагүй байна. 2016 оноос хойш газар эзэмших эрхийн хугацаа эхэлсэн. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилсэн. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр эхэлсэн юм шиг нэхэмжлэгч тал тайлбарлаад байна. Тийм биш юм. Газар эзэмших эрх авч 5,6 жил ашиглаагүй атлаа 2019 оноос хойш дөнгөж 2 жил өнгөрсөн байхад цуцалчихлаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2016 оноос хойш 5 жил нэхэмжлэгч компани газраа дараад байж байснаас болж газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим алдагдчихаж байгаа юм. Өөр тэр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаад ашигтай байдлаар ажлыг байр нэмэгдүүлээд явах өчнөөн аж ахуйн нэгж иргэн байсан байх. Газрын төлбөрийг хэрхэн яаж төлж явсан нь нотлох баримтаар тодорхой болсон. Асуулт хариултын явцад жил болгон үлдэгдэлтэй явж байсан нь тодорхой байсан. Хүчингүй болгоход 3,330,000 төгрөгийн үлдэгдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн. Төлбөр бол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор өөрчлөгддөг. Үүнийг тухай бүрд нь мэдэгдээд гэрээндээ өөрчлөлт орох үед нь оруулаад Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэн үед төлөөд явах ийм л үүрэгтэй. Хэрвээ газрын төлбөр жил болгон өөрчлөгдөөд төлөхөд асуудал гараад байна гэж үзсэн бол нэхэмжлэл өдийд тэр газрын бүсчлэл төлбөр тогтоосон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолд гомдол гаргасан байх ёстой. Гэтэл тийм юм байхгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... бусад газрыг бол дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад нэхэмжлэгчийг зөвтгөх ямар ч боломж байхгүй. Газрын тухай хуулийг зөрчсөн 3 үндэслэл байсан учраас хариуцагчийн зүгээс хуульд заасан шийдвэр гаргасан. Сонсох ажиллагааны хувьд, мэдэгдлийг гаргасан ч нэхэмжлэгч аваагүй. Сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Шийдвэрийн үр дагавар бол өөрчлөгдөхгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
10. Нэхэмжлэгч “П.т” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
11. Үйл баримтын тухайд.
11.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” А/391 дүгээр захирамжаар иргэн Ш.Б нь аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан 10,000 м.кв газрын эрхийг “П.т” ХХК-д шилжүүлжээ.
11.2. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 538 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/105 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/391 дүгээр захирамжийн дагуу “П.т” ХХК-д олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчин төгөлдөрт тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ш.М нар нэхэмжлэгч “П.т” ХХК-ийн эзэмшилд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын зүүн талд автомашины замын урд 10,000 м.кв буюу 1 га газрыг олгохоор харилцан тохиролцож, гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, “П.т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11.3. “П.т” ХХК-ийн газар эзэмших захирамжийн холбогдох заалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/561 дүгээр захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил зориулалтыг өөрчилсөн бөгөөд улмаар уг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 дүгээр захирамжийн “П.т” ХХК-д холбогдох заалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/187 дугаар захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил зориулалтыг өөрчлөн “П.т” ХХК-д эзэмшүүлж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулжээ.
11.4. Хамгийн сүүлд нэхэмжлэгч хуулийн этгээдэд дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх тухай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01110-2016/00231 дүгээр гэрээгээр худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 14 жилийн хугацаатай 29,975.0 м.кв газрыг эзэмшүүлжээ.
12. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, “б, г”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад заасан 80 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “П.т” ХХК-ийн аж ахуйн зориулалттай, газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 1333107549 дугаартайгаар бүртгэгдсэн, тус дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
13. Маргаан бүхий захирамжийн үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. “хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар”, б. “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, г. “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах”, 29.2. “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 31 дүгээр зүйлийн 31.1.3. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 33 дугаар зүйлийн 33.1.2. “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.2. “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна”, 40 дүгээр зүйлийн 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2. “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1. “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 49 дүгээр зүйлийн 49.3.1. “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол” гэж хуульчилсныг тус тус үндэслэн гарсан ба үүнээс тухайлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэж, Газрын тухай хуулийн тухайн заалтыг хэрэгжүүлж, маргаан бүхий захирамж гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс тайлбарласан.
14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д: “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, энэ утгаараа газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.
15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий захирамжийн өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар “...Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн, газар эзэмших тухай гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн байтал тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал тархсаныг үнэлээгүй, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй...” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...бодит нөхцөлд байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, ...газрын төлбөрөө төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй, ...газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмын дагуу эзэмшээгүй, газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, мэдэгдлийг хүргүүлсэн” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.
16. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг дараах байдлаар ирүүлжээ.
- 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 420190069 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл, 2016 оны гэрээгээр 1,906,667 төгрөг, 2017 оны гэрээгээр 2,640,000 төгрөг, 2018 оны гэрээгээр 2,640,000 төгрөг, 2019 оны 1, 2 дугаар улирлын шинэчилсэн үнийн дүнгээр 5,370,000 төгрөг буюу нийт 12,556,667 төгрөгөөс төлсөн үнийн дүн 12,556,667 төгрөг, төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна.
- 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 420190069 дүгээр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл, 2021 оноос өмнөх газрын төлбөрийн тооцоо нийлсэн байдал нь нийт төлөх ёстой 28,911,872 төгрөгөөс төлсөн 22,210,137 төгрөг буюу 6,701,735 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2021 оны шинэчилсэн үнэлгээгээр төлөх ёстой 5,368,023 төгрөгөөс төлсөн 8,739,211 төгрөг буюу 3,371,188 төгрөгийн илүү төлөлтэй, нийт 34,279,895 төгрөгөөс төлсөн 30,949,348 төгрөг буюу үлдэгдэл 3,330,547 төгрөг байна.
17. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар маргаан бүхий захирамжийг гаргах нэг үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, уг үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв. Учир нь “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.6-д “төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд ... хэтэрсэн хоног тутамд алданги төлөх” зохицуулалтыг заасан байх ба газар эзэмшүүлэгч буюу дүүргийн Засаг даргын зүгээс уг зохицуулалтын дагуу гэрээний биелэлтийг хангуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж байсан, нөгөө талаар “бид зарим талаар илүү төлөлттэй явж байсан, газрын төлбөрийн их хэмжээний өрөнд ороод хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй, төлбөрийн үлдэгдэл нь маргаан бүхий захирамж гарах үеийн буюу тухайн оны хоёрдугаар улирлын төлбөр байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс оролцогчийг сонсох шатанд эсхүл, гэрээний биелэлтэд хяналт тавьж, хэрэгжүүлэх боломжтой байсан байна.
18. Хөрөнгийн үнэлгээний “М” ХХК нь нэхэмжлэгч “П.т” ХХК-ийн хүсэлтээр тус компанийн өмчлөлд байгаа дуусаагүй агуулахын барилга, байгууламжид үнэлгээ хийж, тайлагнасныг нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд,
Хөрөнгийн үнэлгээний “М” ХХК нь “П.т” ХХК-ийн өмчлөлд байгаа дуусаагүй агуулахын барилга, байгууламжид үнэлгээ хийж тайлагнасан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай тайлангаас үзвэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж, агуулах үйлдвэрийн зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3 ширхэг сэндвичин барилга, 2 ширхэг гүний худаг, бохирын яам, угсармал бетон хашаа, цахилгаан дамжуулах агаарын шугам, 10/0.4 кв, 400 кВа КТПН-ын ашиглалтын байдалтай танилцаж, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үнэлгээг хандлагын аргаар тооцон 972,476,600 төгрөгөөр үнэлжээ.
Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хөндлөнгийн гэрч Л.Мэндбаяр нарыг оролцуулан хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл болон нотолгооны шууд хэрэгсэл болох шүүх хуралдааны тэмдэглэлд “маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь хашаа барьсан байсан харин объектуудыг сүүлд барьсан” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан нь тусгагдсан, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 01110-2016/00231 дүгээр гэрээ байгуулснаас хойших хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас олон удаагийн хөл хориог эрх бүхий этгээдээс тогтоож, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газраа зохих ёсоор эзэмшихэд хүндрэл гарч байсан талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан, үүгээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, ...мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласны “хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан”, “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзлээ.
19. Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарлахдаа: “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...удаа дараа...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно”, ... мөн зүйл, хэсэгт заасан “...ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохионо” хэмээжээ. Энэ үндэслэлийн тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “газрын төлбөрийг удаа дараа хожимдуулж төлж байсан, дандаа төлбөрийн үлдэгдэлтэй байдаг байсан нь Газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн зөрчилд хамаарна” гэсэн нь хуулийн энэ хэсгийн заалтыг тайлбарласан “...40.1.2-40.1.6-д зааснаас бусад...” гэж тайлбарлан тодотгосонд нийцэхгүй байна. Энэ утгаараа хариуцагчийн тайлбарласанчлан газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн буюу газрын төлбөрийн үлдэгдлийг хугацаандаа төлөхгүй байсан гэх 40.1.5-ын зөрчил нь энэхүү 40.1.1-ийн үндэслэлд хамаарахгүй, няцаагдаж байна.
20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хариуцагчийн хариу тайлбар татгалзлын үндэслэлийг бичгээр ирүүлэхдээ түүнчлэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшсэн буюу мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар тухайн газраа эзэмшээгүй, дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй..., иймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болно, уг үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газрын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг агуулгад нийцнэ” хэмээсэнд шүүх дараах дүгнэлтийг өгөв.
21. Дээрх үндэслэлийг шалгаж, хэрэгт нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж, мөн Засаг даргын мөн өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамжуудыг цуглуулсан ба,
- А/915 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Газрын тухай хууль зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрийг газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Өмчийн харилцааны газар, дүүргийн Засаг даргад тус тус үүрэг болгосон.
22. Энэхүү А/915 дугаар захирамжийн 1.1. “Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг ногдуулахдаа газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарсан үед мөрдөгдөж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-аар төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг бүрэн төлсөн болон захирамжийн 1.2-т заасан нөхцөлийг хангасан этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах хугацааг сунгаж 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулах”, 1.4. “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх” гэж шийдвэрлэсэн байна.
23. Үүнээс үзвэл, хариуцагч дүүргийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй хэмээн нэхэмжлэгчийн буруутгахдаа “төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх”, “мэдэгдэл хүлээн авсан боловч ... адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх” зэрэг тодорхой зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох баримт байгаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл байхгүй, “хаана, хэдэн төгрөг яаж төлүүлэх талаар мэдэгдэл ирээгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
24. Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ”-ний агуулга болон заалтад тусгайлан “газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” нь зөрчил болох талаар дурдсан зүйл байхгүй нь хариуцагчаас гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, тэр дундаа газрын тухай хуульд тогтоомжид заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.
25. Иймээс хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх дүгнэлээ.
Сонсох ажиллагааны талаар.
26. Захиргааны байгууллага буюу Баянзүрх дүүргийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна.
27. Маргаан бүхий энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/500 дугаар “... газрын “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна уу..., төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэх агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч “П.т” ХХК-д хүргүүлсэн, ийнхүү албан бичиг хүргүүлснийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй.
28. Яагаад гэвэл, дээрх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “мэдэгдэл” буюу албан бичиг нь маргаан бүхий үйл баримттай шууд холбогдохгүй, өөр зохицуулалтаар гарсан, уг албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь мэдэгдлийг хүлээн авсан атлаа холбогдох төлбөрийг төлөөгүй нь маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл байж болох боловч тухайн мэдэгдлийг хүргүүлснээс хойш даруй 4 сар гаруйн дараа маргаан бүхий захирамжийг гаргахдаа хариуцагч Засаг дарга нь дээрх үндэслэлээс гадна өөр бусад үндэслэлийн талаар оролцогчийг сонсож, хуульд заасан арга, журмын /энэ хэсгийн 22-д заасан/ дагуу сонсох ажиллагааг явуулах ёстой байсан байна.
29. Иймээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй, хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзнэ.
30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “П.т” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн “П.т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б