Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр                             Дугаар 218/МА2018/00008                                                   Сайнцагаан сум

 

 С.Онэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч П.Долгормаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 139/ШШ2017/00442 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  С.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Э-д хариуцагдах 29964450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э нь 2014 оны 7 сарын 17-ны өдөр 20000000 төгрөгийг мөнгөний хэрэг байна түр зээлээч гээд өөрийн 5031004173 тоот дансаараа дамжуулан зээлж авсан. Өнгөрсөн хугацаанд миний бие удаа дараа уг мөнгөө нэхэхэд өгнө өгнө гээд янз бүрийн шалтаг хэлсээр өдийг хүрсэн. Иймд А.Э-оос 20000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсанаар Э нь 2014 оны 7 сарын 17-нд өөрийн 5031004173 тоот дансандаа 20 сая төгрөгийг түр зээлээч мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд зээлж авсан байдаг. Өнгөрсөн хугацаанд тус мөнгөө төлөх талаар 2-3 удаа уулзсан боловч боломжгүй байна гэсэн хариуг өгдөг байсан юм байна лээ. Нэгэнт нэхэмжлэгч нь Э-д 20 сая төгрөгөө зээлүүлсэн учраас тус мөнгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 7 сарын 9-нд 74 ширхэг эд зүйлийг дараа мөнгийг нь төлнө гэж хэлээд худалдаж авсан. Үүн дээр хариуцагч тал маргадаггүй. Нэгэнт авсан болохоор үнийн дүнг нь төлнө гэсэн хариу тайлбар ирүүлсэн учраас энэ тайлбарыг үндэслээд тус үнийн дүнг хүлээж авахад бэлэн байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э-т манай гэр бүлийн хүн байгаа юм. Хариуцагч маань О даргатай 2008 оноос 2017 оны 3 сар хүртэл намын болон найз, нөхдийн, ажил хэргийн холбоотойгоор хамтран ажиллаж ирсэн. 2017 оны 3 сард нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл ойлголцол үүссэнээс болоод “С.О дарга гэнэт хариуцагчид чи надаас 20 сая төгрөг зээлсэн, тэр мөнгөө 3 хувийн хүүгээр бодож өг, гэрээнд гарын үсэг зур” гэх мэтээр 2017 оны 5 сард дарамт шахалт үзүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 20 сая төгрөгөө хариуцагчид өөрөө бэлэглэсэн. “Бэлэглэж байгаа шүү” гэж хэлээгүй ч гэсэн тус мөнгийг өгөх үед надтай хамт өөр хоёр хүн байсан. Нэхэмжлэгч сэтгэлээсээ бэлэглэсэн учраас Засаг дарга болох үед мөн үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болох үед нь цаг наргүй ажиллаж байсан хүмүүст нь урамшуулал болгож уг 20 сая төгрөгийг хэрэглэсэн. Бусдаар би өөртөө хэрэглээгүй гэсэн тайлбарыг хариуцагч хэлж байгаа. 9 сая гаран төгрөгийн эд хөрөнгийг авсан гэж бид хүлээн зөвшөөрч байгаа. 2015 онд манайх жуулчны баазыг нээх үед нэхэмжлэгч манай складанд ширээ, аяга, тавга бүхий эд хөрөнгүүд байгаа. Та хоёрт хэрэгтэй гэвэл эдгээр зүйлүүдийг жагсаалтаар хүлээгээд ав. Бид дөрвөн уулынхаа складанд өөр үйл ажиллагаа явуулах гэж байгаа учраас хурдан чөлөөлж өгөөч гэхээр нь тухайн үед бид хоёрт мөнгөний бололцоо муу байсан болохоор жуулчныхаа баазад үйл ажиллагаа явагдаж эхлэхээр мөнгийг нь өгье гэж тохиролцож нэхэмжлэгчээс эд зүйл авсан. Жагсаалтыг хариуцагчийн фэйс бүүк рүү нь явуулсан. Жагсаалтын доод талд нь эдгээр эд хөрөнгүүдийг 5 жилийн өмнө авч байсан учраас яг жагсаалтанд бичигдсэн бүх эд хөрөнгүүд байгаа, байхгүй нь мэдэхгүй байна. Та нар хүлээж авахдаа жагсаалтаа хийж аваарай гэж бичсэн байсан. Эдгээр эд хөрөнгүүдийг бид нар авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа. О эгч О даргын гэр бүлийнх нь хүн байгаа юм. О эгчид 1 сая төгрөгийг Ард кино театрын ард байрлах Хаан банкнаас авч өгсөн байдаг. Одгэрэл эгчтэй уулзах үед би байсан. Тухайн үед нутгийн зөвлөлийн шинэ жил болж байсан. О эгч тайлбартаа энэ мөнгийг сайн санахгүй байна гэсэн байсан. Гар утасны 670000 төгрөг, мөн худалдааны төв нээж байгаа. Тус худалдааны төвийн урд талд нь том самбар тогтоогч хийсэн байгаа. Энэ самбар тогтоогчийг манай нөхөр Э Улаанбаатар хот, Лэнжийн мянгын тэнд байрлах хотын захиргааны складнаас ачиж ирж байсан. Зам тээврийнх нь зардал 670000 төгрөг болсон. Эдгээр мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасах юм бол үлдсэн мөнгийг бид хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Э-оос 20000000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Э-оос 9294450 /есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож,

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 139/ШЗ2017/00992 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2-р заалт “Хатгин овгийн А.Э-ын Хаан банкны 5031004173, 5450382488 тоот, Төрийн банкны 220000252825, 221100051987 тоот, Хас банкны 5000140803 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг 20000000 /хорин  сая/ төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон” хэсгийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432331 /дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-оос 304422  /гурван зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Н давж заалдах гомдолдоо:  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 139/ШШ2017/00442 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч С.О нь Э-т надад хариуцуулж 20 сая төгрөг нэхэмжилсэн ба шүүхэд дахин нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргаж 9964450 төгрөг нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 281.1-д зааснаар хариуцагч Э-т надаас 20 сая төгрөг гаргуулахаар, мөн Иргэний хуулийн 243.1-т зааснаар 9964450 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач хобогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учир шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Миний бие С.О даргатай 2008 оноос 2017 оны 3-р cap хүртэл намын болон гэр бүлийн найз нөхдийн журмаар хамтран ажиллаж ирсэн. Тухайн үед С.О даргыг Дундговь аймагт надаас өөр сайн таньж мэдэх хүн байхгүй байсан учир намын болон хувийн ажилдаа намайг ажиллуулсаар ирсэн. Тэр үед С.О  нь надад маш их тус дэм болж байна, цалин мөнгө хангалттай өгнө, урамшуулна гэж байнга ярьдаг байсан ч албан ёсоор цалин, урамшуулал нэг удаа ч авч үзээгүй. С.О дарга Дундговь-Ардчилал клубыг анх аймагт үүсгэн байгуулахад нь миний бие дэмжиж өөрийн амьдардаг гэрийг чөлөөлж албан өрөө болгон ашиглуулж, тэнд тус клуб үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Дараа төлбөр тооцоог нь асуудалгүй хийнэ гэж хэлдэг байсан. Мөн тус клубт ажилтнаар авсан Ц.Б, Э.Ц нарт ч бас дараа цалин урамшуулал олгоно гэж хэлдэг байсан. Ц.Б, Э.Ц нар нь надад итгэж С.О даргын байгуулсан Дундговь-Ардчилал клубт цалин хөлс урамшууллаа дараа авахаар тохирч 2 жил гаруй хугацаанд цалингүй ажилласан байдаг. 2014 оны 7 сард буюу  аймгийн Засаг дарга болсноосоо хойш нэг сарын дараа миний биед өгсөн 20 сая төгрөгийг хэнд ч танигдаагүй байсан С.О-ийг аймгийн Засаг дарга болтол нь дэмжиж ажиллаж ирсний хувьд цалин урамшуулал болгож өгсөн гэж ойлгож байна. Тиймээс ч тус 20 сая төгрөгөөс нэг баг болж дэмжиж хамтран ажиллаж ирсэн Б, Ц, Ш, Ц, П, Б-О зэрэг олон хүмүүст цалин, урамшуулал болгон тараан өгсөн. Мотоцикль авч намын журмын нөхдөд өгсөн нь ч энэ 20 сая төгрөгтэй холбоотой.

20 сая төгрөгийг А.Э-т миний биед шилжүүлсэн учраас би эдгээр хүмүүст урамшуулал болгож өгсөн. Ийм байхад 20 сая төгрөгийг зээлсэн гэж үзээд Э-т надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хэрэв С.О дарга 20 сая төгрөгийг зөвхөн намайг авсан гэж үзэж байгаа бол энэ нь хэрхэн яаж зарцуулагдсан талаарх, 20 сая төгрөг С.О-д хаанаас орж ирж А.Э-т миний биед шилжиж орж ирсэн зэргийг албан ёсоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Учир нь мөнгө өгсөн талаар болон бид 2-ын дунд авлага үүссэн тухай 2014 оны ХОМ-тээ огт тусгаагүй, Э-т миний биеэс ямар нэг авлага өглөг байхгүй байсан байдаг. С.О нь намын дарга, аймгийн Засаг дарга болохын төлөө олон хүмүүсийг намд болон хувьдаа ажиллуулж ашиглачихаад хүнлэг бус жудаггүй зан гаргаж байгаад маш их гайхаж байна. С.О өөрөө л санаачлан сайн ажилласан гэж 20 сая төгрөг миний дансанд шилжүүлсэн. Үүнийг нь миний бие хамтран ажилласан хүмүүст тарааж өгсөн. Одоо надад өгөх мөнгө байхгүй, буцааж авна гэсэн бол ийм зүйл хийхгүй байсан. С.О дарга нь 2014 онд өгсөн ХОМ-тээ энэхүү 20 сая төгрөгийн талаар огт тусгаагүй байдаг. Төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх ёстой. Үүнийг бас давхар шалгуулах хүсэлтэй байна. 2011 оноос 2014 он хүртэл С.О нь Дундговь аймагт олон удаа ирж, ирэх бүрдээ манайд амьдарч /2014 оны 8-р cap хүртэл С.О иргэний үнэмлэхэд манай гэрийн хаяг байдаг, манай гэрт амьдардаг байсан/ ах дүүс шиг хоорондоо сайн болсон. О нь 2012 онд АН ялаад би засаг дарга болох юм бол та хоёрынхоо ач тусыг хариулна гэж хэлээд ямар ч цалин хөлсгүйгээр ажиллуулдаг байсан. Бид ч итгэдэг байсан. Ингэж увайгүй зан гаргана гэж бодож байсангүй. 20 сая төгрөгийг бэлэглээгүй хамтран ажилласныхаа хувьд, миний гэр орныг ашиглаж байсан ажлын хөлс гэж үзэж, мөн хамтран ажиллаж байсан хүмүүст урамшуулал гэж тараасан. 2014 онд өгсөн 20 сая төгрөгийг 2017 онд бэлэглэгчийг гомдоосон гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв шүүх бэлэг гэж үзсэн бол бэлэглэлтийн гэрээний хугацаа нэг жил гэж үзэж байна. Иймд шүүх шийдэхдээ 281.1-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон нөхцөл үйлдэл хийсэн гэж үзэж А.Э-т надаас 20 сая төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 243.1-т зааснаар 9964450 төгрөгийг А.Э-т надаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Тухайн үед С.О, А.Э-т миний бие хоёрын хооронд 74 нэр төрлийн эд зүйлийг дараа төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдаагүй. Миний бие эрх зүй, хуулийн мэдлэг байхгүйгээс шалтгаалан нэгэнт надад өгсөн, буцааж өгөх нөхцөл байхгүй гэж үзэж тухайн үед шүүхэд хариу тайлбараа буруу хийсэн байна. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийсэн нөхцөлд гэрээ болон хуулийн дагуу хүлээлгэн өгч хүлээн авсан нотлох баримт хавтаст хэрэгт байх ёстой. С.О нь өгсөн бүх зүйлээ буцааж авна гэж үзэж байгаа бол авч өгөлцсөн эд зүйл нь бүгд байгаа, олон жилийн хугацаанд эвдэрч үгүй болсон эд зүйлийг эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, байгаа эд зүйлийг нь үнэлүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.О,  хариуцагч А.Э-д зээлдүүлсэн 20000000 төгрөг, мөн 74 нэр төрөл бүхий эд зүйлээ эргүүлэн авах шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа С.О-ээс 20000000 төгрөгийг зээлээгүй. ... Нэхэмжлэгч сэтгэлээсээ бэлэглэсэн учраас Засаг дарга болох үед мөн үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болох үед нь цаг наргүй ажиллаж байсан хүмүүст нь урамшуулал болгож уг 20 сая төгрөгийг хэрэглэсэн. 9 сая гаран төгрөгийн эд хөрөнгийг авсан гэж бид хүлээн зөвшөөрч байгаа. С.О нь өгсөн бүх зүйлээ буцааж авна гэж үзэж байгаа бол авч өгөлцсөн эд зүйл нь бүгд байгаа, олон жилийн хугацаанд эвдэрч үгүй болсон эд зүйлийг эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, байгаа эд зүйлийг нь үнэлүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж маргажээ.

Нэхэмжлэгч 9964450 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болсон нотлох баримт / зарлагын баримт  / хэргийн 28 дугаар хуудсанд авагджээ. Уг нотлох баримтанд 74 нэр төрлийн эд зүйлийн жагсааж бичсэн байх бөгөөд тухайн эд зүйлсийн нэг бүрийн үнэ, нийт үнэ гэсэн хүснэгтэд үнийн дүн бичигдээгүй хоосон буюу тухайн үед  нэр бүхий 74 төрлийн эд зүйлсийг ямар үнээр худалдсан болох нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа нэр бүхий эд зүйлсийг өөрөө  үнэлэн  нэхэмжлэлд хавсаргажээ./ хэргийн 25-26 дугаар хуудас/ Уг баримтын мэдээлэл нь уншигдахгүй бүдэг, өөрөөр хэлбэл шаардлагын үндэслэл болж чадаагүй байхад энэхүү нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор хуульчилсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан эд зүйлийн жагсаалтанд шинэ, хуучин эд зүйлсийг жагсааж бичсэн байх боловч хуучин эд зүйлсийн элэгдэл хорогдлыг хэрхэн тооцож үнэлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үнийг хуулийн дээрх заалтад тохируулж үнэлээгүй, эд зүйлс гаргуулах шаардлага гаргасан байхад үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Гэтэл хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Л-ын мэдүүлэг засвартай байх бөгөөд  энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол, тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй,  энэ талаарх хуулийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авч дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулан шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 139/ШШ2017/00442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-аас  давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 432340 / дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуун дөч / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                           Ш.ТӨМӨРБААТАР

                                             ШҮҮГЧИД                           П.ДОЛГОРМАА    

                                                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ