Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2021/00441

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 хэсэг 4 байрны 3 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* ******* - ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ус цаг уур байгаль орчны шинжилгээний төв /РД:9057196/-д холбогдох

2021.06.03-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уянга, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Л.******* миний бие 2001 оноос хойш дундаа нэг завсарлагаатай өдийг хүртэл Сэлэнгэ аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвд ажиллаж байсан. Гэтэл 2019 онд бүтэц өөрчлөгдсөн гээд намайг ажлаас чөлөөлж улмаар жирэмсний амралттай хүний оронд ажилд авсан. Ингээд 2021.06.03-ны өдөр манай ажлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхсэлэнгэ нь Б29 тоот тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх илтэд хуульд нийцээгүй, олон хууль тогтоомжийг зөрчсөн гэж би үзэж байгаа учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. 2021.06.03-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох.

2. Ажилгүй цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах

3. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Их тойруу 73-8-16 тоотод оршин суух, ******* овогт Гэндэнсүрэнгийн Отгонбаяр /РД:МЮ80050219/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Иргэн Л.******* нь 2001 оноос хойш Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газарт ажиллаж байсан. 2001 оноос хойш усны салбарт ажиллаж байсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа 2004 онд улсын тэргүүний салбар болж байсан. 2018 онд Ерөө станцад ажиллаж байхдаа мөн тэргүүний салбар болж байсан гэх амжилттай ажиллаж байсан ажилтны нэг юм. 2011-2019 онд байгууллагадаа сүлжээний техникчээр ажиллаж байсан. Ингээд ажиллаж байгаад 2019 онд бүтэц өөрчлөгдсөн нэрээр энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа түр албан тушаалд томилсон. Тэгээд Ус цаг уур орчин шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхсэлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 03-ний өдөр Б/29 тоот Л.*******ийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн байна. Үндэслэл нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь: 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Ус цаг уур орчин шинжилгээний газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан...гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 16 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвд хүний нөөц, бичиг хэргийн ажилтай, ******* овогт Шинэхүүгийн Уянга /РД:МЭ81062902/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...

Манай зүгээс Л.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь: 2019 онд технологийн шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан холбоо сүлжээний техникчийн орон тоо нь хасагдаад урьдчилан мэдээллийн орон нэмэгдээд энэ нь тасралтгүй ажиллахаар болсон байсан. Гэтэл Л.******* нь тухайн ажлын байранд дээр ажиллах саналаа өгөөд сургалтад хамруулж, дараа нь шалгалт авахад тэнцээгүй. Үүний дараа манай ажилтан Ундрам нь жирэмсний амралтаа авсан байсан учраас Л.*******ийг өөрийн хүсэлтээр нь түр хугацаагаар ажилд томилсон. Тэгээд үндсэн ажилтан нь жирэмсний амралтын хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлтээ өгсөн учраас Л.*******ийг ажлаас чөлөөлөхөөс өөр арга байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...гэжээ.

 

Шүүх Л.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Л.*******ийн Сэлэнгэ аймгийн Ус цаг уур байгаль орчны шинжилгээний төвд холбогдуулан тус төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхсэлэнгийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Б/29 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдолдоо ... Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх гомдлын шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...тус төвд түр хугацаагаар буюу өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан Б.Ундармааг ажилдаа эргэн орох хүртэл өөрийн хүсэлтээр 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс эхлэн уур амьсгал боловсруулалтын ахлах техникчээр ажиллаж байгаад Б.Ундармааг уг ажилд эргэн орох болсноор нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн асуудал дээр маргаангүй боловч ажлаас чөлөөлсөн Б/29 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 37.1.1 дэх хэсэгт заалт / хүүхэд асрах чөлөөтэй, талууд харилцан тохиролцсон / -ууд, Короновируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.3.10-т заасныг тус тус баримтлан гаргасан уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр маргаж байна.

Хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан Л.*******ийг ажилд томилох тухай 2019 оны 05 сарын 16-ны өдрийн Б/13 тоот Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.1-д тус тус зааснаар ...талууд тохиролцсоноор ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл уур амьсгалын боловсруулалтын ахлах техникчээр түр хугацаагаар томилсон ба хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан тус төвийн даргын 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Б/29 тоот Л.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ... Б.Ундармаагийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох болсон тул уур амьсгал боловсруулалтын ахлах техникчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... түүнийг ажлаас чөлөөлсөн асуудал дээр маргаангүй гэж байна.

Мөн ажил олгогчоос гаргасан дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4- д заасан ... жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан ... талууд харилцан тохирсон гэсэн заалтуудыг үндэслэж ажилтан Л.*******ийг ажлаас чөлөөлсөн нь ... Б.Ундармаагийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох болсон бодит нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзэв.

Хавтаст хэргийн 2-5 дугаар талд авагдсан Б/29 тоот тушаалын хуулбар болон хөдөлмөрийн гэрээний 3 хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлага хангаагүй тул үнэлээгүй бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Л.*******ийн шүүхэд гаргасан ... 2021.06.03-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөгдөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Ус цаг уур байгаль орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхсэлэнгийн 2021.06.03-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөгдөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН