| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0046/э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2424000000040 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр, төрсөн, настай, эрэгтэй, ам бүл , багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Д.Н, регистрийн дугаар ,
Шүүгдэгч Д.Н нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 00 минутад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Дархан-Уул” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Даюун” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Н нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг прокурорын зүгээс хангаж шийдвэрлэсэн. Иймд прокурортой тохиролцсон буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэж өгнө үү..” гэв.
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Н нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 00 минутад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Дархан-Уул” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Даюун” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Иймд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 2-6 дугаар хуудас/,
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
- 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт,/ хх-ийн 10-р хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/72 дугаартай шийтгэврээр зөрчилд холбогдогч Д.Н Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэврийн хуулбар, /хх-ийн 13-15-р хуудас/,
-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны 18 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг Дулааны цахилгаан станцын ажлаасаа тарсан. Тухайн үед би өөрийн улбар шар өнгийн 31-54 ******* улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг жолоодон гэртээ харьсан тэгээд би гэрээсээ гараад Насантогтохын гэрт очсон. Тэднийхээс хамт мотоцикл дээр суугаад Монгол ардын намын баярт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг дугуй мод гэх нэртэй газарт хамт очсон. Тэр хүртэл би мотоциклоо жолоодож явсан. Тэнд би 2 лааз Сэнгүр гэх нэртэй пиво уусан. Тухайн үед Н 1 лааз Сэнгүр гэх нэртэй пиво уучихлаа ах гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би Н мотоцикл унахад зүгээр үү гэж асуухад би зүгээрээ гэж надад хэлсэн. Тэгээд би Н мотоциклынхоо түлхүүрийг өгсөн. Тэгээд тэндээс Тосонцэнгэл сум руу орох гээд явж байхад онгоц буудлыг баруун талын дэнж хэсэгт цагдаа зогсоосон. Тэгээд Н тандагч багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаад тэгээд тэндээсээ шууд миний мотоциклыг цагдаа унаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Ирээд Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж багаж буюу драгер үлээлгэсэн. Тэр үед би Насантогтохын ард нь зогсож байсан. Н 0,43%-ийн согтолттой байна гээд унаж явсан гэх миний мотоциклыг журмын хашаанд хийсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
- Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны 21-23 цагийн хооронд замын цагдаагийн оройн эргүүлд эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч О.Дэ хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Идэрийн голын гүүрний цаад талд буюу Онгоц буудлын наад талын уулын энгэр хэсэгт хяналт шалгалт хийсэн юм. тэгэхэд улбар шар өнгийн 31-54 ******* улсын дугаартай мотоциклтой 2 хүн цаад талаас ирсэн. Тэгэхлээр нь би улаан дохиур модоо дохиж тухайн мотоциклыг зогсоогоод хаанаас хаа хүрж явна гэж асуухад хөдөөгөөс ирж байна гэсэн. Тэгээд би мотоциклыг жолоочийг хэний хэн бэ гэж асуухад жолооч нь Д.Н РД: гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний жолоочийн регистрийн дугаарыг шалгахад өмнө эрхээ хасуулсан байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар түүний мотоциклыг Дэмбэрэлээр бариулж цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд би Д.Ныг тус цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн өрөөнд оруулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар Д.Н шалгахад 0,43%-тай согтуу байсан. Тэгээд би мотоциклыг журмын хашаанд хийсэн. Тухайн зөрчлийг би таслан зогсоосон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны 21-23 цагийн хооронд замын цагдаагийн оройн эргүүлд цагдаа зохицуулах, цагдаагийн ахлах ахлагч Н.Нэмэхбаярын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-уул баг Идэрийн голын гүүрний цаад талд буюу Онгоц буудлын наад талын уулын энгэр хэсэгт хяналт шалгалт хийсэн юм. тэр үед буюу 2024.06.20-ны 23 цагийн үед цаад талаас улбар шар өнгийн мотоциклтой, дээр нь 2 хүн суучихсан ирсэн. Тэгээд түүнийг Н.Н улаан дохиур модоо дохиж тухайн мотоциклыг зогсоогоод хаанаас хаа хүрж явна гэж асуухад нь хөдөөнөөс ирж байна гэсэн. Тэгээд Нэмэхбаяр нь мотоциклийн жолоочийг хэний хэн бэ гэж асуухад жолооч нь Д.Н гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний жолоочийн регистрийн дугаарыг Н шалгахад өмнө эрхээ хасуулсан байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар түүний мотоциклыг би жолоодон цагдаагийн хэтэс дээр ирсэн. Тэгээд Н нь Д.Ныг тус цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн өрөөнд оруулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар Д.Н шалгахад 0,43%-ийн согтуу байсан. тэгээд Н нь мотоциклыг журмын хашаанд хийсэн. Тухайн зөрчлийг Нэмэхбаяр таслан зогсоосон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтуудыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна...” гэх магадалгаа, /хх-ийн 23-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 00 минутад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Дархан-Уул” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Даюун” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хангалттай нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаагаар, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд Д.Н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 / найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Н тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай
5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6 Шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.
8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН
Э
Э