Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 2424000000041 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, -ны өдөр газар оршин суух хаягтай, урьд, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Д.Б, регистрийн дугаар 

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Тээлийн ам гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Дийн нүүрэн тус газарт цохиж, улмаар баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны 2 талын хажуу хананы зөрөөтэй хугарал, тархи доргилт баруун зүүн нүдний урд хэсэг, хамрын нураа, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.   

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч А.Дд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч А.Д нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

-Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож шийдвэрлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хохирогч А.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг прокурорын зүгээс хангаж шийдвэрлэсэн. Иймд прокурортой тохиролцсон буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгуулах саналтай байна...” гэв.

Эрүүгийн 2424000000041 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Хохирогч А.Дийн “...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр найз Л гэдэг залууг гуйгаад түүний мотоциклоор Рашаант багийн нутаг Тээл гэх газар руу  адуун дээрээ очихоор явсан. Л бид 2 мотоциклоор хожуулын гүүр гараад явж байтал замын цагдаа хажуу талд Мөнх-эрдэнэ гэдэг залуу бас нэг залуугийн хамт нэг пиво уугаад байж байсан. Тэгэхээр нь Л бид 2 зогсоод нөгөө пивоноос нь уусан. Тэр ууж байсан пиво дуусаад хамт явж байсан залуугийнхаа хамт рашаант руу өгсөөд Л бид 2  буцаж орж ирээд дэлгүүрээс 2 ширхэг Сэрүүн гэдэг нэртэй пиво аваад Рашаант руу өгссөн. Л бид 2 яваад Мөнх-Эрдэнэ болон хамт явж байсан залуутай нь 4 лээ ногооны хашааны хажуу талд нөгөө 2 пивоо уугаад дуусгасан. Тэгээд бид 4 цааш хамт яваад гэрт хоол цай идэж уугаад бас нэг сав пиво уусан санагдаж байна. Тэгээд 17 цагийн орчим байсан байхаа сайн санахгүй байна. Л, Мөнх-Эрдэнэ, Амгаа гэж дууддаг залуу бид 4 манай адуу руу явсан. Цааш яваад нэг айлаас адуугаа сураад цааш тээл гэдэг газар руу өгсөөд адуугаа дурандаад явж байсан би тухайн үед нэлээд их согтсон байсан ухаан санаа орж гараад байсан. Цааш өгсөж байтал мотоцикл сундалдаж явж болохгүй байна гээд би мотоциклоос буусан., мөн Амгаа гэж дууддаг хүн мотоциклоос буугаад Л, Мөнх-Эрдэнэ нар дээш өгссөн. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна нэг мэдэхэд намайг өргөөд мотоцикл дээр тавьж байгаа санагдаж байна. тэгээд юу ч санахгүй байж байгаад маргааш өглөө нь гэрт сэрсэн. Сэрхэд миний 2 нүд юу ч харахгүй, хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Намайг амгаа гэж дууддаг хүн өөрийнхөө машинаар, эхнэрийнхээ хамт эмнэлэг дээр авч ирж өгсөн. Тэрнээс хойш эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна...Намайг Амгаа гэж дуудаг хүн цохиод миний нүд хавдсан юм шиг байна лээ. Мөнх-Эрдэнэ болон Л нар дээшээ өгсөж байгаад эргээд ирэхэд би ухаан алдаад уначихсан миний хажууд Амгаа гэж дууддаг хүн сууж байсан гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ, Л нартай найзын холбоотой Амгаа гэж дууддаг хүнтэй ямар нэгэн холбо байхгүй, нэг нутаг усны хүмүүс байгаа юм...Энэ хэрэг рашаант багийн нутаг Тээлийн нарийн бэлчир гэдэг газар болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-12 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Цн “...Энэ хэргийн хохирогч А.Д нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,797,573 төгрөгийн төлбөр гаргуулсан байна...дээрх иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 1,797,573 төгрөгийн төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа...Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,797,573 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-20 хуудас/,

-Гэрч А.Б “...Манай нөхөр А.Д нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр найз Лын хамт Рашаант баг Тээл гэх газар руу адуундаа очиж унага тарих гээд явсан. Тэр өдөр гэртээ ирээгүй, маргааш өглөө нь нөхөртэй хамт явсан. Л гэх залуу над руу залгаад Д хүнд зодуулсан бид нар аваад хөдөөгөөс орж ирж байна эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би замыг нь тосоод очоод уулзахад манай нөхрийн нүүр нь хавдсан, хамраас нь цус гараад тэрийг нь Мөнх-эрдэнэ гэдэг залуу арчаад явж байсан. Манай нөхрийг Б гэдэг хүний машины хойд суудал дээр хэвтүүлчихсэн, хажууд нь Мөнх-эрдэнэ, суучихсан, Б өөрөө машинаа бариад хажууд нь эхнэр суучихсан явж байсан. Тэгээд манай нөхрийг хэн зодсон талаарх асуухад хөдөө явж байгаад Б гэдэг хүнд зодуулсан гэж хамт явж байсан Л гэдэг залуу хэлсэн. Бид нар манай нөхрийг аваад эмнэлэг ороод эмчид үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэтэл Б цагдаад битгий мэдэгдээ, ах нь зардал мөнгийг нь бүгдийг гаргана гээд гуйгаад байхаар нь мэдэгдээгүй өнгөрсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-29 хуудас/,

-Гэрч Ц.Лын “...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байсан байх Тосонцэнгэл сумд байхад нь найз Д над руу утсаар залгаад “Рашаант баг руу хамт яваад ирье” гэж гуйсан. Тэгээд би найз Дийн хамт миний мотоциклоор Рашаант багийн Тээлийн эх гэх газар руу явсан. Д бид 2 сумын төвөөс гараад явж байтал замд Мөнх-эрдэнэ гэдэг Рашаант багийн залуу бас нэг залуугийн хамт пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь Д бид 2 зогсоод нөгөө пивоноос нь уусан. Тэр ууж байсан пиво нь дуусаад Мөнх-Эрдэнэ хамт явж байсан залуугийнхаа хамт Рашаант руу өгсөөд Д бид 2 буцаж сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс 2 ширхэг Сэрүүн гэдэг нэртэй пиво аваад Рашаант руу өгссөн. Д бид 2  яваад Мөнх-Эрдэнэ болон хамт явж байсан залуутай нь 4-лээ ногооны хашааны хажуу талд нөгөө 2 пивоо уугаад дуусгасан. Тэгээд бид 4 цааш хамт яваад гэрт хоол цай идэж уугаад бас нэг сав пиво уусан санагдаж байна. Тэгээд 17 цагийн орчим байсан байхаа Д, Мөнх-Эрдэнэ, Амгаа гэж дууддаг залуу бид 4 гараад адуу руу явсан. Цааш яваад замд нэг айлаас адуугаа сураад, тэр айлаас нэг шил 0,33 литрийн Хараа нэртэй архи аваад цааш Тээл гэдэг газар руу өгсөөд Дийн адуу хайгаад дурандаад нэг газар сууж нөгөө нэг шил архиа ууж дуусаад цааш  хөдлөөд явсан. Цааш хөдлөөд миний ард Д суугаад, ард Амгаа гэдэг хүн суугаад явсан. Бид нарын явж байсан зам нь модтой, гуу жалгатай зам байсан ба мотоциклоор сундалдаж явж болохгүй байсан. Тэгээд Дийг мотоциклоос буулгаад, ард сууж явсан Амгаа гэдэг ах мотоциклоос буулгаад, Мөнх-Эрдэнэ бид 2 цааш яваад нэг уулын орой дээр гараад адуугаа дурандаад Д, Амгаа 2 ирэхгүй болохоор нь буцаад үлдээсэн газраа хүрээд иртэл Д ухаан алдаад уначихсан, нүүр ам нь цус болчихсон, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Дийн хажуу талд нь Амгаа сууж байсан. Мөнх-Эрдэнэ бид 2 ирээд юу болсон талаар асуухад Амгаа нь Д бид 2  маргалдаад ийм юм болчихлоо” гэх хэлээд сууж байсан. Тэгээд би мотоциклоо унаад миний араар Д суугаад түүний араар Амгаа суугаад бид нар уруудаад гэрт ирсэн. гэрт ирээд Д ухаан орсон тэр үед цаг шөнийн 03 цаг өнгөрөөд 04 цаг болж байсан байхаа. Удалгүй өглөө болоод Амгаа гэдэг хүн, түүний эхнэр, Мөнх-Эрдэнэ нар Дийг аваад машинаараа сумын төв рүү явсан. Би мотоциклоо унаад орж ирсэн. Сумын төв орж ирээд Д эмнэлэг дээр очиж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн...Амгаагийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл, ямар нэгэн цус гарсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-34 хуудас/,

- Гэрч Д.М “... 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би сумын төв орж ирчхээд Рашаант баг руу гэр рүүгээ явж байгаад хамт явж байсан залуутайгаа Хожуулын голд нэг пиво уугаад байж байтал араас Лр, Д 2 мотоциклтой ирсэн. Бид 4 хамт тэр пиво ууж дуусаад би хамт явсан залуутайгаа цааш Рашаант руу өгсөөд Л, Д нар пиво авч ирэх гээд сумын төв явсан. Би нөгөө залуутайгаа хамт цааш яваад ногооны хашаа хүрч байтал араас Л, Д нар 2 сав пиво авчихсан хүрээд ирсэн. Бид 4 тэгээд манай гэрт очсон. Манайд хоол идэж, цай уугаад байж байтал би нэг сав пиво гаргаж өгтөл тэрийг манай гэрт уусан. Манай гэрийн хажуу талд байдаг Б ахыг дуудаж оруулж ирээд хамт пиво уусан. Тэгээд пиво ууж дуусаад 2 мотоциклтой 4-лээ цааш явж Дийн адууг олж унага тарих гээд Тээлийн эх гэдэг газар руу явсан. Л, Д нар түрүүлж яваад айлаас адуугаа сураад явж байгаад 1 шил архи авсан байсан. Бид 4 хамт Тээлийн эх өгсөж байгаад нэг газар суугаад нөгөө 1 шил архи хувааж уусан. Тэгээд тэндээс хөдлөөд  “Нарийн бэлчирийн ам” гэдэг газар өгсөөд явсан. Тэр ам нь мод, гуу жалга, ихтэй мотоцикл сундалгаатай явахад хэцүү газар байсан. Тэхээр нь Д, Б нар буугаад явган явсан. Л бид 2  мотоциклтой дээш өгссөн. Би өгсөөд орой дээр нь гарч ирээд байж байгаад нөгөө 3 ирэхгүй болохоор нь буцаад уруудаад явж байтал Л өөдөөс гарч ирсэн.  Тэгээд миний хажуугаар зөрөөд өгсөөд явчихсан. Би уруудаад Б Д нарын байгаа газар хүрээд иртэл Д ухаан алдаад уначихсан, хажууд нь Б “Д агсраад байхаар нь ах нь цохичихлоо” гээд байж байсан. Тэгээд би Дийг татаад өндийлгөж байгаад хамраас нь гарсан цусыг нь арчиж байгаад мотоцикл дээр суулгаад араар нь нэг нь суугаад ээлжилж мотоциклоо барьж яваад шөнө 4 цагийн орчим манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд удалгүй өглөө болоод Б ах түүний эхнэр Бүжинлхам бид 3 Дийг машиндаа аваад сумын төв орж ирээд эмнэлэг хүргэсэн. Эмнэлэгт очоод үзүүлээд, зураг авхуулаад эмнэлэгт хэвтсэн...Бд ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, ямар нэгэн цус гарсан зүйл байхгүй байсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-38 хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 000000236 дугаартай “... А.Дийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны 2 талын хажуу хананы зөрөөтэй хугарал, тархи доргилт баруун зүүн нүдний урд хэсэг, хамрын нураа, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч  Д.Б нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Тээлийн ам гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Дийн нүүрэн тус газарт цохиж, улмаар баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны 2 талын хажуу хананы зөрөөтэй хугарал, тархи доргилт баруун зүүн нүдний урд хэсэг, хамрын нураа, 2 нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна. 

  Иймд Д.Бгийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр  шүүгдэгчтэй тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

           1. Шүүгдэгч Ш овогт Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН