Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2021/00397

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Б.Бумбадарийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ц.Гансүхэд холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Г.Э-гийн хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигчээр Б.Бумдарийг нэмэх, хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00351/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бумбадарь, түүний өмгөөлөгч Г.Э , хариуцагч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Бумбадарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2007 онд Ц.Гансүхтэй  танилцан амьдрах болсон Бидний хамтрах амьдрах хугацаанд 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Г.Э,  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Снар төрсөн.

Нөхөр Ц.Гансүх нь архи ууж гэртээ агсан согтуу тавьдаг, мөн намайг зодож дарамталдаг байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтрах амьдрах боломжгүй болж 2017 оноос салан тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах  боломжгүй болсон тул Ц.Гансүхийг  хүү Г.Э, охин Г.Смнарын эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү.

Мөн бидний дундын өмч болох өвөлжөөний үнээс өөрт болон 2 хүүхэддээ оногдох хэсгийг гаргуулах, хүү Г.Э-гийн нэр дээрх хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр өөрийгөө нэмүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв. 

   Хариуцагч Ц.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:  2008 оны 6 дугаар сараас эхлэн Б.Бумдарь бид хоёр хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон ба 2013 онд хүү Г.Э, 2016 онд охин Б.Саруулзаяаг төрүүлсэн. Манай хүү Хөвсгөл аймагт төрсөн. Тухайн үед Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас хүүгийнхээ төрсний гэрчилгээг авсан. Тэгэхдээ өргөдөл бичээд хүүгээ өөрөөрөө овоглож байсан. Харин охиныхоо төрсний гэрчилгээг Булган аймгийн Бугат сумаас авсан. Тэр үед улсын бүртгэгч нь журам өөрчлөгдсөн мөн гэрлэлтийн бүртгэлгүй тул охиныг ээжээр нь овоглоно гэсэн. Б.Бумдарь бид хоёр зан харилцааны хувьд таарамжгүй байсан тул 2017 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байна. Би 2 хүүхдийнхээ эцэг нь мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй. Хүү Г.Э-гийн хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр би байдаг. Энэ хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр ээжийг нь нэмэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин өвөлжөөг 2 бага үхрээр зарсан. Тухайн өвөлжөөг барих модыг би уулнаас бэлтгэж найзын хамт барьсан. Мөнгийг би эмчилгээний төлбөрт зарцуулсан. Миний бие өвддөг тул ажил хийж чадахгүй болсон. Би өвөлжөөний мөнгө өгөхөөс татгалзаж байгаа шалтгаан маань би өвчтэй тул ажилгүй, орлогогүй байна. Хэрвээ би ажилтай, орлоготой байсан бол өвөлжөөний мөнгө төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдүүд маань миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэгийг ажилтай болохоороо өгнө гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бумбадарь нь хариуцагч Ц.Гансүхэд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Г.Э-гийн хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигчээр Б.Бумдарийг нэмэх, хамтран өмчлөх дундын өмчөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэг. Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай:

Нэхэмжлэгч Б.Бумбадарь, хариуцагч Ц.Гансүх нар нь 2007 онд танилцаж, тэдний дундаас 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Г.Э, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Снар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба Ц.Гансүх нь охин Б.Саруулзаяагийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иймд  охин Б.Саруулзаяагийн эцгээр Ц.Гансүх мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулж 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Г.Э, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Снарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Г.Э-гийн хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигчээр Б.Бумдарийг нэмэх тухай:

Нэхэмжлэгч Б.Бумдарь нь Ц.Гансүхэд холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Г.Эгийн нэр дээрх Төрийн банкны 120300084416 тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр Б.Бумдарийг нэмэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “Хүү Г.Эгийн хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр би байдаг. Энэ хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр ээжийг нь нэмэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гурав. Хамтран өмчлөх дундын өмч болох өвөлжөөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай:

Нэхэмжлэгч Б.Бумдарь нь Ц.Гансүхэд холбогдуулан хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Хурдан морины дөрвөлж” гэх газар байрлах өвөлжөөнөөс өөрт болон хүү Г.Э, охин Г.Снарт ногдох хэсгийг гаргуулна гэснийг хариуцагч Ц.Гансүх эс зөвшөөрч тухайн өвөлжөөг барих модыг уулнаас бэлтгэж найзын хамт барьсан. Эмчилгээний зардалд зарцуулахаар бусдад зарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Б.Бумдарь, Ц.Гансүх нар нь 2007 оноос 2017 оны хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарсан болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж, мөн хуулийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр  байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар хуульчилжээ.

Энэхүү хуулийн зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн гэрлэгчдэд хамаарах зохицуулалт юм.

Б.Бумдарь, Ц.Гансүх нар гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарч байх хугацаанд 2016 онд Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Хурдан морины дөрвөлж” гэх газар өвөлжөө барьсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Бумдарь, хариуцагч Ц.Гансүх нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болохоо хэн алин хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй, маргаан бүхий өвөлжөө нь хэний өмчлөлд бүртгэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Б.Бумдарь нь хариуцагч Ц.Гансүхийн “Тухайн өвөлжөөг барих модыг би уулнаас бэлтгэж найзын хамт барьсан...” гэх тайлбарыг үгүйсгэж маргаагүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхгүй байна гэж үзэх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Гансүхээс 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /213800х12=2,565,600/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 56,000 төгрөг гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн охин Г.С-ын эцэг Ц.Гансүх мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 09 сарын 19-ний өдөр төрсөн хүү Г.Э, 2016 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн охин Г.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Гансүхээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бумдарьд даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.Э-гийн нэр дээрх Төрийн банкны 120300084416 тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр Б.Бумдарийг нэмэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                  5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг баримтлан Ц.Гансүхэд холбогдуулан гаргасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Хурдан морины дөрвөлж” гэх газар байрлах өвөлжөөнөөс өөрт болон хүү Г.Э, охин Г.Снарт ногдох хэсгийг гаргуулах тухай Б.Бумдарийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,350 /хоёр зуун гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гансүхээс 196,400 /нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг өгрөг гаргуулж  нэхэмжлэгч Б.Бумдарьд 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг, 56,000 /тавин зургаан мянга/ төгрөийг Төрийн санд тус тус олгосугай.

   7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ