Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          05         13                                      2024/ШЦТ/387

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,  

шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н овогт Б-н О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***”-д дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Н овогт Б-н О- /регистрийн дугаар **/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О- 2024 оны 03 дугаар сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Э-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүүхдээ салхилуулах гэж байтал арван жилийн тэмцээн болох гээд техникийн зөвөлгөөний хуралд намайг дуудсан. Энэ үед эхнэр ажилдаа явсан байсан. Ингээд тухайн хуралд очиход эхнэр араас 40 гаруй удаа залгасан. Би утсаа аваад хэлэх гэхээр дахиад хардах асуудал болно гэж бодоод утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй байхаар араас элдвээр мэссеж бичсэн, би хариулаагүй. Ингээд гэртээ очоод хүүхдээ салхилуулсан. Энэ үед эхнэр над руу залгаж мэссеж бичихээр нь охин А-г салхилж байна гэж ээжтэй нь яриулсан. Гэртээ хариад хоол хийх гээд сууж байтал эхнэр гэртээ ирээд хэрүүл хийж эхэлсэн. Гэтэл 10 жилийн нэг эмэгтэй над руу залгасан. Би утсыг нь аваагүй. Тэр эмэгтэйгээс мэссеж ирэхээр нь хартал “эцэг, эхтэйгээ нийлж хүн доромжиллоо” гэсэн байсан. Би эхнэрээсээ юу болоод байгаа талаар асуухад тэр эмэгтэйн дугаарыг ээжид өгөхөд ээж маань шууд тэр эмэгтэйтэй ярьсан байсан. Түүнээс болоод тэр эмэгтэй надад уурлаж мэссеж бичсэн байсан. Би эхнэртээ гэнэт уурлаад “гэмгүй хүнийг яах гэж ээж рүү яриулаад байгаа юм бэ” гэж хэлээд хүүгийн сууж тоглодог машиныг шидсэн. Гэтэл эхнэрийн хөмсөг хэсэгт цохиод цус гарсан. Эхнэр А-р цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

Хохирогч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Б.О-той 2016 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Манай нөхөр 2023 оны 12 дугаар сард 10 жилийн төгсөлтийн уулзалттай гэж яваад түүнээс хойш төгсөлтийнхөө нөхөр, хүүхэдтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсныг би 2024 оны 01 дүгээр сард мэдсэн. Үүнээс болж Б.О- бид хоёрын хооронд байнга хэрүүл маргаантай байх болсон. Манай нөхрийн зан ааш хувирч хэрэлдэх болсон. Энэ байдлаасаа болж намайг алгадах, цохих, өшиглөх, үснээс зулгаах гэх мэтээр гар хүрч эхэлсэн. Би цагдаад хандаж байгаагүй. Намайг хамрын хагалгаанаас гарч ирсэн үед алгадаж мэс заслыг сэдрээж цус алдаж байсан. 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би ажил дээрээ байж байхад манай нөхөр О- дахин 10 жилийн ангийнхаа хүүхдүүдтэй уулзана, спорт өдөрлөг зохион байгуулна гэж хэлэхээр нь би утсаар амьдралаа бодсонгүй, чи наргиан цэнгээн хөөж явмааргүй байна гэж хэлээд уурласан. Ингээд орой гэртээ ажлаа тараад нөхөр О-той гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаар ярьж маргаж муудалцсан. Энэ үед О- том өрөөнд миний араас гараараа зүүн шанаа, чих хэсэгт 2-3 удаа маш хүчтэй алгадсан. Охин А нөгөө өрөөнөөс гарч ирээд салгахад Б.О- цааш алхаж явснаа хүүгийн тоглодог хуванцар материалтай машиныг барьж аваад миний толгой руу 3-4 удаа цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж зүүн гараараа нүүрээ хаах үед дахин машинаар цохихдоо миний гарыг цохиж гэмтээсэн. Манай охин А О-ыг болиулсан. 3 настай хүү бас айгаад, уйлчихсан байдалтай байсан. Би охин А-т цагдаа дууд гэж хэлсэн. Гэтэл О- намайг элдвээр хэлээд байсан. Цагдаа нар ирэхэд би цусаа тогтоохоор нойлын цаасаар дарсан байдалтай байж байсан. Одоо миний зүүн чихний сонсгол буурсан, духны шарх тав тогтсон, гарын шууны хөхрөлт ногоон шар өнгөтэй болж эдгэрсэн байдалтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

 

Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай ээж Э, хойд аав О- нар 2023 оны 12 дугаар сараас хойш байнга муудалцаж, ам зөрөлдөх болсон. Би нарийн асуудлыг мэдэхгүй... Би 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэртээ амарч байсан, ээж ажилдаа явсан байсан ба О- ах нэг хүнтэй тэмцээний талаар ярьж байгаад гараад явсан. Ээж орой ажлаа тарж ирээд О- ахтай хэрэлдэж эхэлсэн. Гэтэл О- ах дүүгийн тоглоомуудыг авч шидээд уурлаад байснаа ээжийг алгадаж байгаа бололтой чимээ гарсан. Би тэр дор нь очиход дүүгийн дээр нь сууж тоглодог хуванцар машиныг О- ах гартаа барьсан байсан ба ээжийн толгой хэсэгт 2 удаа цохисон. Ээж нүүрээ гараараа хаах үед гарыг нь бас цохисон. Би голд нь орж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...О.Э-н биед зүүн чихний сонсгол бууралт, духанд шарх, зүүн шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 34 дэх тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.О-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.О- нь хохирогч О.Э-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 55 дахь тал/ гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтас хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 34 дэх тал/ авагдсан байх боловч хохирогч О.Э-н “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 64 дэх тал/  авагдсан байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н овогт Б-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-од 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.О-од оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.О- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ