| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-07-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох 2423000000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын 3-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ам гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ч.*******ийн өмчлөлийн 10, хохирогч Р.гийн өмчлөлийн 13, нийт 23 тооны буюу олон тооны ямааг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж хохирогч Ч.*******ид 1,060,000 /нэг сая жаран мянга/ төгрөгийн, хохирогч Р.д 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн нийт 2,390,000 /хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс хохирогч Ч.*******, Р. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч Ч.*******, Р. нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ам гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ч.*******ийн өмчлөлийн 10, хохирогч Р.гийн өмчлөлийн 13, нийт 23 тооны буюу олон тооны ямааг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлж хохирогч Ч.*******ид 1,060,000 /нэг сая жаран мянга/ төгрөгийн, хохирогч Р.д 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн нийт 2,390,000 /хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Ч.*******ийн “...Манайх 2023 оны өвөл Завхан аймгийн ******* сумын “ ам” гэх газарт өвөлжсөн. Ингэхдээ гэх найзынхтайгаа хамт бог малаа нийлүүлж маллаж айл саахалт өвөлжсөн. 2023 оны өвөл 12 дугаар сарын эхээр манай болон гийн нийлсэн нийт 50 гаран тооны ямаагаа манай гэрийн ойролцоо “ ам” гэх газрын уулын хаданд гаргаж өвөлжүүлсэн ба манайх хаданд гарсан ямаануудаа 1 өдөр өнжөөд эргэж, тойрч байнга харж маллаж байсан. Манайхны ямаануудаас хаданд байх үедээ нэг ч ямаа чоно, нохойд бариулаагүй, үхэж хоргодоогүй байсан ба энэ хавар манайхан нүүхээр болж 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болон эхнэр бид хоёр бид гурвуулаа ууланд гарч ямаануудаа уулнаас буулгаж ирэхэд ямаа дутсан байхаар нь уулынхаа ар талын хад руу нь гарч харахад 23 тооны ямаа тасарсан байхаар нь зүс, тоогоор нь тоолж бүртгэж тэнд нь үлдээчхээд, өвөр талынх нь хаданд байсан ямаануудаа буулгаж аваад явсан. Тэгээд нүүдэлд бэлдэж машин техникээ янзлаад 2024 оны 03 дугаар сарын 03-аас 04-ний өдрүүдэд завгүй байсан учраас ямаагаа очиж аваагүй, хараагүй өнжчихөөд 2024.03.05-ны өглөө эрт бид гурав үлдсэн 23 тооны ямаагаа буулгаж ирэх гээд очиход манайхны ямаанууд алга болсон байсан ба наанаас нь мотоциклтой хүн очоод уулынх нь бэлд мотоциклоо үлдээчхээд явган дээшээ хад руу өгсөж очоод ямаануудыг хаднаас буулгаад мотоциклоор туугаад явсан мөр байсан. , эхнэр бид 3 хамт тэр хавийн уул хадаар явж ямаануудаа эрж хайгаад олоогүй ба нөгөө мотоциклтой ямаа туугаад явсан хүний мөрийг хөөж үзээд өөр малын мөр рүү нийлүүлээд алдчихсан. Тэрнээс хойш тэр хавиараа эрж сураад олохгүй болохоороо мотоциклтой хүн туугаад явснаас гарцаагүй боллоо гэж бид ярилцаад цагдаагийн байгууллагад хандсан. Манайхны хаданд гарсан болон хотонд байгаа бог малаас энэ өвөл, хавар нэг ч тооны мал үхээгүй ба манайх 2023 оны жилийн эцсээр нийт 240 тооны ямаа тоолуулсан ба 3 ямаа хүнд өгсөн, нэг ямаа хүнсэнд хэрэглээд 236 тооны ямаа үлдсэн байснаас одоо 226 тооны ямаа үлдээд манайхаас яг 10 тооны ямаа дутаад байгаа юм. Мөн манайх 2023 оны хавар зудтай холбоотойгоор нэг ч тооны ишиг, төл аваагүй ба манай ямаанууд бүгд шүдлэн, хязаалангаас дээш ихэнх нь нас гүйцсэн ямаанууд байсан учраас энэ өвөл нэг ч ямаа үхэж үрэгдээгүй, чоно нохойд идүүлээгүй. гийн манай хоёрын нийлсэн 50 гаран тооны ямаа хаданд гарсан байснаас үлдээсэн 23 тооны ямааг мотоциклтой хүн ирээд аваад явсан байсан ба тэр 23 тооны ямааны 10 тооны ямаа нь манай ямаанууд байсан байна. ...Манай бог мал тэр хавьдаа бэлчээд байнгын хариулга маллагаатай байдаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас/,
- Хохирогч Р.гийн “...Манайх 2023 оны өвөл Завхан аймгийн ******* сумын гэх газарт өвөлжсөн юм. Ингэхдээ ******* гэх найзынхтайгаа хамт бог малаа нийлүүлж маллаж айл саахалт өвөлжсөн. 2023 оны өвөл 12 дугаар сарын эхээр манай болон *******ийн нийлсэн нийт 50 гаран тооны ямаагаа ам гэх газрын /уулын/ хаданд гаргасан ямаануудаа нэг өдөр өнжөөд л эргэж тойрч байнга харж маллаж байсан. …Хавар ******* түүний эхнэр бид 3 хамтдаа ууланд гарч уулнаас ямаануудаа буулгаж ирэхэд ямаа дутсан байхаар нь уулынхаа ар талын хад руу гарч харахад 23 тооны ямаа тасарсан байхаар нь зүс тоогоор нь тоолж бүртгэж танай манай нийлсэн 23 ямаа байна гэж харж тэнд нь үлдээчхээд өвөр талынх нь хаданд байсан ямаануудаа буулгаж аваад явсан. Тэгээд нүүдэлд бэлдэж машин техникээ янзлаад 2024 оны 3 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд завгүй байсан учраас ямаагаа очиж аваагүй хараагүй өнжчихөөд 2024.03.05-ны өглөө эрт бид гурав үлдсэн 23 тооны ямаагаа буулгаж ирэх гээд очиход манайхны ямаанууд алга болсон байсан ба наанаас нь мотоциклтой хүн очоод уулынх нь бэлд мотоцилио үлдээчхээд явган дээшээ хад руу нь өгсөж очоод манайхны ямаануудыг хаднаас буулгаад мотоциклоор туугаад явсан хүний мөрийг хөөж явж үзээд өөр малын мөр лүү нийлүүлээд алдчихсан. Тэгээд тэрнээс хойш тэр хавиараа эрж сураад олохгүй болохоороо мотоциклтой хүн туугаад явснаас гарцаагүй боллоо гэж ярилцаад ******* цагдаагийн байгууллагад хандахаар явсан юм. Манай болон *******ийн эзэмшлийн бог мал хамт байдаг байсан ба түүнээс 50 гаран тооны ямаа нь тэр хад руу гарсныг манайхан байнга харж маллаж эргэж тойрч байсан юм. ...*******ийн манай хоёрын нийлсэн 50 гаран тооны ямаа хаданд гарсан байснаас үлдсэн 23 тооны ямааг мотоциклтой хүн ирээд аваад явсан байсан ба тэр 23 тооны ямаанаас 13 тооны ямаа нь манай ямаанууд байсан байна лээ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
- Гэрч Д.н “...Энэ хавар манайхан нүүхээр болж 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болон манай нөхөр Ч.******* бид гурав ууланд гарч ямаануудаа уулнаас буулгаж ирэхэд ямаа дутсан байхаар нь уулынхаа ар талын хад руу нь гарч харахад 23 тооны ямаа тасарсан байхаар нь зүс, тоогоор нь бид 3 тоолж, бүртгэж, харж тэнд нь үлдээчхээд өвөр талынх нь хаданд байсан ямаануудаа буулгаж аваад явсан. ...2024.03.05-ны өглөө эрт , манай нөхөр Ч.******* бид гурав үлдсэн 23 тооны ямаагаа буулгаж ирэх гээд очиход манайхны ямаанууд алга болсон байсан ба наанаас нь мотоциклтой хүн очоод уулынх нь бэлд мотоциклоо үлдээчхээд, явган дээшээ хад руу нь өгсөж очоод манайхны ямаануудыг хаднаас буулгаад, мотоциклоор туугаад явсан мөр байсан. ...Тэгээд сураг ажиг тавиад байсан чинь манай багийн ******* гэх айл - гэх манайхнаас зөндөө хол газраас гэх газар руу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаад, нүүгээд явахдаа манайхны ямаа байсан тэр газраар буюу араар малаа тууж, нүүж явсан байсныг нь дараа нь бид нар мэдээд *******ийн нүүж, очиж буусан гэх газарт , манай нөхөр бид 3 явж очоод, тэдний малд ямаануудаа шүүж үзэхэд , манай 2-ын нийлсэн 8 тооны ямаа байхаар нь *******ийг чи яагаад ямаа туугаад явчихдаг юм бэ?, ямаанууд аваачиж өгөөрэй, танай малд 7-8 ямаа нь зүсээрээ байна. гийн манай хоёрын нийлсэн 23 тооны ямаа танайхыг нүүдэл хийхийн урд өдөр нь хаданд байсныг бид тоо, зүсээр нь мэдэж байгаа, чи мотоциклтой очоод хаднаас нь буулгаад аваад явсан мөр чинь хүртэл байна лээ шүү гэхэд ******* “би яахаараа танайхны ямаануудыг авдаг юм, надаас өөр мотоцикл унадаг хүн байдаггүй юм уу” гээд уурлаад болохгүй болохоор нь - , манай нөхөр бид 3 *******ийг манайхны ямаануудыг яаж авсан яг тэр замаараа тоо ёсоор нь аваачиж өгөөрэй гээд явсан. Тэгтэл саяхан хэд хоногийн өмнө ******* гийн 13 тооны ямааг тоо ёсоор нь зүсээр нь тэдний гадаа мотоциклоор тууж, аваачиж өгчхөөд би 13 тооны ямаа буулгаж авсан өөр бусад ямаануудыг нь би аваагүй, мэдэхгүй шүү гэж хэлээд явсан байсан. *******ийн гийнд мотоциклоор өөрөө тууж, аваачиж өгсөн тэр 13 ямаа бол бүгд гийн ямаанууд байсан ба манай нэг ч ямаа тэр дотор нь байгаагүй юм. Мөн ууланд байхад нь зүсээр нь харж бүртгэсэн. Манай ямаанууд дараа нь *******ийн малд шүүж, үзэхэд байсан тэр 8 тооны ямаан дотор зүсээрээ байсан ба ******* гийнд 13 тооны ямаа тууж, аваачиж өгөхдөө манай тэр ямаануудыг аваачиж өгөөгүй байсан. Мөн зүсээрээ тэдний малд байхыг нь харсаар мэдсээр байтал ******* би 13 ямаа буулгаж авсан тэрийгээ тоо ёсоор нь гийнд аваачиж өгсөн, бусдыг нь би мэдэхгүй, аваагүй гээд байгааг нь ойлгохгүй байна. ...Манай бог мал тэр хавьдаа бэлчээд байнгын хариулга маллагаатай байдаг байсан. ... манай хоёрын ямаанууд тэр ам гэх газрын хаданд байсан ба тэр хавиар манайхны малаас өөр айлын мал огт явдаггүй байсан. Мөн тэр хаднаас огт буугаагүй өвөлжсөн ямаануудыг мотоциклтой хүн очоод буулгаад аваад явсан мөр нь байсан ба тэр хавиар 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ийнх нүүдэл хийж явсан өөр айлын нүүдэл, мал ахуй яваагүй болохыг бид цагдаагийн байгууллагад хандсанаасаа хойш олж, мэдээд *******ийн малд очиж, шүүж үзэхэд гийн болон манай алдсан ямаануудаас 8 тооны ямаа нь зүсээрээ байхыг бид харсан. *******ийнх манайхнаас хол газар өвөлжсөн ба манайхны мал хоорондоо бэлчээрээрээ нийлэх ямар ч боломж байхгүй, тэгээд ч уулнаас буулгаад, туугаад явсан мөр нь байсан ба тэр үед ******* нүүдэл хийж явахдаа манай ямаануудыг уулнаас нь буулгаж, аваад өөрийнхөө малд нийлүүлээд аваад явсан байна. ...******* гийн 13 тооны ямааг тоо ёсоор нь зүсээр нь аваачиж өгсөн юм байна лээ. Харин манай 10 тооны ямааг өгөхгүй, аваагүй гээд байгаад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/
- Гэрч Р.ийн “...Манайх 2021 оноос хойш Р. гэх найзындаа өөрийн эзэмшлийн хэдэн тооны бог малаа тавьж, маллуулж байгаа юм. 2023 оны жилийн эцсээр манайх Р.гийнд маллуулж байгаа 66 тооны ямаагаа тоолуулсан ба түүнээс хойш манайх 2 ямаагаа хүнсэнд хэрэглээд 5 ямаа нь үхэж хорогдсон юм. гийнх 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 230 тооны ямаа тоолуулсан байсан ба саяхан 2024 оны 03 сарын 20-д гаргаад над руу хөдөөгөөс утсаар нэг ярихдаа “*******ийнх нүүх болоод манайхан малаа ялгаж, аваад ууланд байсан ямаануудаа буулгаж авахад манай 2-ын ямаанаас 20 гаран ямаа дутчихлаа, уулнаас нь бүр мотоциклтой хүн очоод буулгаж аваад явсан мөр байна лээ. Тэгээд энэ талаараа цагдаад мэдэгдэх гэсэн юм. Сумын цагдаагийн дугаарыг өгөөч гээд надаас сумын цагдаагийн дугаарыг асууж авсан. Мөн тэгж ярихдаа тэр дутаад байгаа ямаанууд дотор танай ямаа байсан байж магадгүй, танайх ирж ямаануудаа бүртгэж үзмээр байна” гэхээр нь би хэд хоногийн дараа гийнд очиж тэдний мал дотроос өөрийнхөө ямаануудаа бүртгэж үзэхэд манай ямаанууд бүрэн байсан ба харин - гийн ямаанаас 13 тооны ямаа дутаж байсан. Тэгээд ямаагаа алдсан талаараа цагдаад тэмдэглүүлчихсэн байгаа гэж ярьж байсан ба тэрнээс хойш 2-3 хоногийн дараа дахин над руу утсаар ярихдаа алдсан 13 тооны ямаагаа олоод авчихсан. ******* нүүдэл хийж явахдаа аваад явчихсан байна. Тэгээд ******* бид нар *******ийн малд очиж шүүгээд тэдний малд манайхны алдсан ямаанууд байхаар нь *******ийг аваачиж өгөөрэй чи гэж хэлчхээд хүрээд ирсэн чинь ******* өчигдөр өөрөө мотоциклоороо манай 13 тооны ямааг туугаад манайд авчирч өгсөн. Харин *******ийн 10 тооны ямааг аваагүй гээд аваачиж өгөөгүй байна гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч Н.гийн “...2024.03.05-ны өглөө эрт манай нөхөр , *******, тэр гурав үлдсэн 23 тооны ямаагаа буулгаж ирэх гээд явсан юм. Тэгээд орой болж байхад тэр гурав буцаж хүрч ирээд нөгөө хаданд нь үлдээсэн 23 ямаа нь байхгүй болчихсон. Уулнаас нь мотоциклтой хүн очоод буулгаад туугаад явсан мөр байна. Тэр хавиар нь хайгаад олсонгүй, үхсэн, үрэгдсэн сэг, зэм ч олдсонгүй гэж ярьсаар ирсэн юм. Тэгээд манайхан нүүдэл хийхээ хэд хоног хойшлуулахаас гэж яриад манай 2-ын яг хэнийхээс нь хэд нь тэр 23 ямаанд явж байсан, малаа ялгаад тоог нь гаргая гээд малаа ялгахад манай 13 тооны ямаа, *******ийн 10 тооны ямаа яг зүсээрээ дутсан юм. Тэгэхэд манай 13 тооны ямаа, *******ийн 10 тооны ямаа тэр ууланд хоцорсон байсныг мотоциклтой хүн очоод туугаад явсан мөр байсан гээд манайхан ямаануудаа хулгайд алдаад цагдаад хандсан юм. Тэгээд сураг ажиг тавиад байсан чинь манай багийн ******* гэх айл - гэх манайхнаас зөндөө хол газраас гэх газар руу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаад нүүгээд явахдаа манайхны ямаа байсан тэр газраар буюу араар малаа тууж нүүж явсан байсныг дараа нь *******ийн манай хоёрынх мэдээд *******ийн нүүж очиж буусан гэх газарт манай нөхөр , *******, түүний эхнэр нар очиж тэдний малд нь ямаануудаа шүүж үзэхээр яваад би өөрсдийн малаа хараад, ар даагаад үлдсэн юм. Тэгээд тэр гурав *******ийнд очоод тэдний малд ямаануудаа шүүж үзэхэд *******ийн манай хоёрын нийлсэн 8, 9 тооны ямаа малд нь байсан ба, цааш нь сайн шүүж үзэлгүйгээр *******той өөртэй нь уулзаад чи яагаад манайхны ямаануудыг туугаад явчихдаг юм бэ? гэхэд би яахаараа танай ямаануудыг авдаг юм хуц, уль гээд дайраад байхаар нь манайхны яг 23 тооны ямааг 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бид нар хаданд нь үлдээгээд 03 дугаар сарын 05-ны өглөө авах гэхэд мотоциклтой хүн уулнаас нь буулгаад туугаад явсан мөр байсан. Танайх 2024.03.03-ны өдөр нүүдэл хийсэн байсан биз дээ тэгэхдээ чи туугаад явсан байна танай малд тэр 23 тооны ямааны 8-9 тооны ямаа нь зүсээрээ байна. Ямаанууд аваачиж өгөөрэй, цагдаад хаашдаа хэлчихсэн байгаа гэж хэлээд хүрээд ирлээ гэсээр манай нөхөр , *******, тэр 3 буцаж хүрч ирсэн юм. Тэгээд байж байтал хэд хоногийн өмнө ******* 13 тооны ямаа манай гадаа мотоциклоор тууж авчраад би 13 тооны ямаа буулгаж авсан өөр бусад ямаануудыг нь би аваагүй, мэдэхгүй шүү гэж хэлчхээд өөр үг, дуугүй буцаад яваад өгөхөөр нь тэр 13 тооны ямааных нь зургийг утсан дээрээ дарж аваад зүсээр нь бүртгээд үзэхэд 12 тооны ямаа нь манай ямаанууд, 1 ямаа нь *******ийн ямаа байна лээ. ...Мөн тэр хаднаас огт буугаагүй өвөлжсөн ямаануудыг мотоциклтой хүн очоод буулгаад аваад явсан мөр нь байсан гэж байсан ба тэр хавиар 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ийнх нүүдэл хийж явсан өөр айлын нүүдэл, мал ахуй яваагүй болохыг бид цагдаагийн байгууллагад хандсанаасаа хойш олж мэдээд *******ийн малд очиж шүүж үзэхэд *******ийн болон манай алдсан 23 ямаанаас лав 8, 9 тооны ямаа нь зүсээрээ байхыг манай нөхөр , *******, 3 өөрсдийн нүдээрээ харсан гэсэн. Тэгэхдээ бас тэдний малд бүрэн бүгдийг нь шүүж чадаагүй ба *******ийн малд нь очоод хальт харахад л 8-9 тооны ямаа нь байж байхаар нь *******ийг авсан юм байна гээд шууд өөртэй нь очиж уулзахад хуц, уль гээд уурлаад загнаад байхаар нь шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ гэж хэлээд хүрээд ирлээ гэж манай нөхөр, хоёр ярьсан юм. Тэгээд тэрний дараа ******* өөрөө манай ямаануудыг мотоциклоороо тууж авчирч өгсөн. Манайхны мал хоорондоо бэлчээрээрээ нийлэх ямар ч боломж байхгүй. Тэгээд ч уулнаас буулгаад туугаад явсан мөр нь байсан ба тэр үед ******* нүүдэл хийж явахдаа манай ямаануудыг уулнаас нь буулгаж аваад өөрийнхөө малд нийлүүлээд аваад явсан байна лээ. Манай 13 ямаа байхгүй болсон байна лээ гээд *******ид хэлчихсэн болохоор ******* манайд 13 ямаа тууж авчирч өгсөн байх гэж би бодож байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгсдөг гэмт хэрэг юм. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар хөдөлмөрлөх, өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Д.******* нь бусдын 23 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлан хохирогч Ч.*******, Р. нарын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж хохирогч нарт нийт 2,390,000 /хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн байна.
Мөн шүүгдэгч Д.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.*******ид 1,060,000 /нэг сая жаран мянга/ төгрөг, хохирогч Р.д 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №09 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.*******ид учруулсан 1,060,000 /нэг сая жаран мянга/ төгрөгийг нөхөн төлсөн Төрийн банкны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /х.х-ийн 115 дугаар хуудас/, хохирогч Р.гийн 13 тооны ямааг шүүгдэгч Д.******* өөрөө хүлээлгэн өгсөн талаарх гэрч Д., Н. нарын мэдүүлэг болон хохирогч Ч.*******, Р. нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаарх тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжтой байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ