Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0639

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*********” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Н*********, Д.С

Хариуцагч: “Э*********” ХК,

                    “Э*********” ХК-ийн ЭТТ/********* дугаартай тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагч “Э*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.С********* 

Хариуцагч “Э*********” ХК-ийн ЭТТ/********* дугаартай   тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*********, С.М*********

Гуравдагч этгээд:  “Г*********” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э*********, Г.О*********, С.Ө*********

Маргааны төрөл: ЭТТ/********* дугаартай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*********, хариуцагч “Э*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*********, хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*********, С.М*********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*********, С.Ө*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс “Э*********” ХК болон тус компанийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нүдний шил/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт “Г*********” ХХК-ийг шалгаруулсан “Э*********” ХК-ийн үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э*********” ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/430 дугаар мэдэгдэлд дурдсан “А*********” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нүдний шил/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт “А*********” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Э*********” ХК-д даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ““Э*********” ХК болон “Г********* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЭТТ/********* дугаартай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

2. “Э*********” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ нийлүүлэгийг сонгох Үнэлгээний хороог байгуулж, тендерийн урилгыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Өглөөний сонин”-д нийтлүүлжээ.

Тендерийн Үнэлгээний хорооны хурал 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, “А*********” ХХК-ийн тендер нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцээгүй тул татгалзаж, “Г*********” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, Үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг гаргажээ.

“Э*********” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12/296 дугаар албан бичгээр нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/********* дугаартай тендер шалгаруулалтанд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс “... тендер нээсэн өдрөөр 1,211,100 төгрөгийн татварын өр буюу дутуу үлдэгдэлтэй байна” гэсэн үндэслэлээр татгалзсан тухай мэдэгджээ.

 Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/23 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргахад тус яамны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/941 дүгээр албан бичгээр захиалагч “Э*********” ХК-д тендерийн гүйцэтгэгч сонгох ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж, мөн оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/1109 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгожээ.

Улмаар “А*********” ХХК-иас гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/1150 дугаар албан бичгээр тус тендерт “Г*********” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12/297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу “Э*********” ХК тендерийг дахин үнэлж, Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр нүдний шил нийлүүлэх багцад ирүүлсэн “А*********” ХХК-ийн тендерээс татгалзаж, “Г*********” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/430 дугаар албан бичгээр мэдэгдэж, мөн өдрийн 12/428 дугаар албан бичгээр “Г*********” ХХК-д гэрээ байгуулах талаар мэдэгджээ.

Улмаар “Э*********” ХК нь “Г*********” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЭТТ-2022/********* дугаар “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна.     

3. “А*********” ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргахад тус яамны 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 6-1/1421 дүгээр албан бичгээр өмнө нь шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан учир тус гомдлыг хүлээн авахаас татгалзан буцаасныг хүлээн аваад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2559 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцааж, нэхэмжлэгчээс дахин 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлжээ.

4.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

“Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийнн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тендер 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нээж 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр хүчинтэй хугацаа дуусахаар байсан. Манай компани Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/941 дүгээр шийдвэрээр 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тендерийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлсэн. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яам гомдлыг шийдвэрлэж уг өдрөөс түдгэлзүүлсэн хугацааг сэргээсэн. Ингээд тендерийн хүчинтэй хугацаа дуусахад 4 хоног буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаа үлдсэн.

Гэтэл Захиалагч “Э*********”ХК нь Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан хугацааг илт зөрчин тендерийн хүчинтэй байх хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Г*********” ХХК-ийг шалгаруулсан байна. Энэ нь тендерт оролцогч бусад компаниудын захиалагчийн шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийн зөрчсөн, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах талаар хуульд тусгайлан заасан хугацааг баримтлалгүй шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагаа болсон.

“Г*********” ХХК нь тендерт дараах шаардлагыг хангаагүй байсан болно.Үүнд:

1. Техникийн тодорхойлолтод заагдсан HONEWELL брендийн бууралттай хар шилтэй техникийн тодорхойлолт зөрүүтэй. EN166-2001 стандарт EU PPE 2 зэрэг стандарт хангаагүй, тухайн стандарт хангасан талаар мэдээлэл ирүүлээгүй.

2. Цагаан А800 шилний жим грамм нь 21,5 грамм байх ёстой гэж заасан. Гэтэл тухайн компани нь 21 граммын шил санал болгосон. Цагаан шилний техникийн тодорхойлолт шаардсан чанарын шаардлага хангасан байх олон улсын AS/NZS 1337.1:2010 ISO9001/2000 EU certification 2777/1246 2-01 E 00-00 мөн EN166:2001 зэрэг стандартын шаардлагыг хангаагүй. Мөн стандарт хангасан талаар нотлох баримт ирүүлээгүй.

3. Шилний гадуурх шилний техникийн тодорхойлолт тус шил нь PVC-поликарбонат материалаар хийгдсэн гэснийг материал полиамид, полиэтилен матриалаар хийгдсэн гэсэн нь техникийн тодорхойлолттой зөрүүтэй. Шилний гадуурх шилний үндсэн грамм нь 60 гр байдаг байтал тус компани нь 21 граммын шил санал болгосон нь шаардлагад нийцээгүй.

4. Тосны хамгаалалтын цагаан шилний хийгдсэн материал болон жин нь тус тус зөрүүтэй, грамм дутуу шил санал болгосон нь HONEWELL брендийн шилний стандартад нийцэхгүй шил санал болгосон.

5. Техникийн тодорхойлолтод заагдсан стандарт шалгуур үзүүлэлтийг харьцуулсан хүснэгт нь мөн шаардлага хангахгүй.

Ийнхүү “Г*********” ХХК техник тодорхойлолтын шалгуур үзүүлэлтийг хангахгүй, шаардлагад нийцэхгүй бараа материал санал болгосон байтал үнэлгээний хороо нь хамгийн сайн тендерээр шалгаруулсанд гомдолтой байна.

“Э*********” ХК-иас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай компанид Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу манай компанийг татварын өртэй гэж үзэн тухайн тендерт шалгараагүй тухай мэдэгдэл ирүүлсэн. Захиалагч дахин үнэлгээ хийж 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/430 дугаар мэдэгдлээр мөн уг шалтгаанаар манай компанийг шалгаруулахаас татгалзсан. 

Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТӨОЗ 12.1 (ё)-ийн 3-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна” гэж заасан. Бид тендер нээсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар татварын өргүй байсан бөгөөд тухайн өдөр нь жилийн эцсийн санхүүгийн тайлангийн тайлант хугацаа дуусах дөхсөн байсан тул манай компанийн зүгээс тухайн өдрийн 10 цаг 42 миниутад тайлангаа гаргаж татвараа тушаахаар татварын албанд төлбөрийн нэхэмжлэлийг өөрсдөө үүсгэж банкинд 13 цаг 42 миниутад татварын өрийг тухайн өдөрт нь төлсөн болно. 

Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТӨОЗ 12.1 (ё)-ийн 3-т зааснаар тендерт оролцогч нь тендер нээсэн өдрийн байдлаар татварын өргүй байхыг шаардсан байхад захиалагч “Э*********” ХК нь эхний үнэлгээ хийсэн өдөр татварын өртэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн үүнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дахин үнэлгээ хийхэд манай компани татварын үлдэгдэлээ төлөөд сар гаруй хугацаанд татварын өргүй байхад мөн л татварын өртэй гэж шалгаруулаах татгалзсан нь үндэслэлгүй байна.

Иймд Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нүдний шил/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт “Г*********” ХХК-ийг шалгаруулсан “Э*********” ХК-ийн үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, “Э*********” ХК болон “Г*********”-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03. дугаар сарын 16-ны өдрийн ЭТТ/********* дугаартай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах, “Э*********” ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/430 дугаар мэдэгдэлд дурдсан “А*********” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нүдний шил/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт “А*********” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Э*********” ХК-д даалгаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас нэг зүйл хэлж байгаа нь танайх яагаад Сангийн яаманд гомдол гаргаагүй гэдэг асуудал ярьж байна. “Г*********” ХХК-ийг хэд хэдэн үндэслэлээр шаардлага хангахгүй байна гэж үзсэн байхад яагаад дахиад шалгаруулж байгаа юм бэ. Энэ ямар үр дагавар үүсгэж байна гэхээр Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг тендер шалгаруулалтыг дахин явуулах ёстой гэсэн байхад дахин үнэлсэн нь буруу болсон юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг хэлнэ гэж заасан байна. Аль аль нь шаардлага хангахгүй байхад хуучин баримт дээр дахин үнэлгээ хийж байгааг ойлгохгүй байна.” гэв.

6. Хариуцагч “Э*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С********* татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“"Э*********" ХК-иас зарласан нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга,нүдний шил нийлүүлэгчийг сонгох ЭТТ/********* дугаартай тендерт оролцогч “А*********” ХХК-ийн татварын өртэй эсэх лавлагааг Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч лавлагаа хэсгээс татан шалгахад тендер нээсэн өдрөөр 1,211,100 төгрөгийн татварын өр буюу дутуу үлдэгдэлтэй байсан тул Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсгийг үндэслэн тус тендерээс татгалзахаар шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж нь холбогдох хууль тогтоомж, журамд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.

Нэхэмжлэгчийн Сангийн яаманд гаргасан гомдлыг хянаад хариу өгсөн тус яамны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/1108 дугаар "Гомдол хянасан тухай" албан бичигт “..“А*********” ХХК нь 1,211,100 төгрөгийн татварын өртэй байх тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтын дагуу татгалзсан шийдвэр үндэслэлтэй...” гэсэн байдаг.

Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/1108 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол, нэхэмжлэл гаргаагүйгээс үзэхэд тус яамны гомдол хянан шийдвэрлэн, хариу өгсөн Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан захиргааны актыг гомдол гаргагч буюу нэхэмжлэгч “А*********” ХХК нь хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна.

Тус тендерт оролцогч "Г*********” ХХК-ийн ирүүлсэн материал захиалагчийн шаардлагад нийцсэн, техникийн тодорхойлолт болон бусад шаардлагыг хангасан тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгон, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЭТТ/********* дугаартай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагч “Э*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Г*********” ХХК-тай байгуулсан гэрээтэй маргах эрх энэ компанид байхгүй. Гэрээ хүчин төгөлдөр болсон ч “А*********” ХХК-д сэргэх эрх буюу хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэж байна. Тэгэхээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгч “А*********” ХХК 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар тендерийн баталгааг цуцлуулсан. Тендерийн баталгаа гэдэг нь гэрээ байгуулах хүртэл эсхүл тендер хүчинтэй байх хугацаанд, тендер шалгарсан тохиолдолд гэрээнд хариуцлагатай оролцох байдлаа баталгаажуулж байгаа хэлбэр. Цахимаар тендерийн баталгаагаа цуцалсан үйлдэл нь тендерийн Үнэлгээний хорооны үр дүнг хүлээн зөвшөөрсөн утгыг илэрхийлж байна.” гэв.

8. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

““А*********” ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч лавлагаа хэсгээс татан шалгахад тендер нээсэн өдрөөр 1,211,100 төгрөгийн татварын өр буюу дутуу үлдэгдэлтэй байсан тул татгалзахаар шийдвэрлэсэн.

ТОӨЗ-ны 24.1-д тендер хүлээн авах эцсийн хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг байхаар, 28.1-д тендерийн нээлт хийх огноо, цагийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 10 минут байхаар заасан.

Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7.1-д "санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа татаж авах" гэж зааснаар захиалагч худалдан авах ажиллагааны цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас татварын албаны тодорхойлолтыг бодит цагийн горимоор шалгаж үнэлгээнд харгалзан үзсэн тул нэхэмжлэгчийн “...тендер нээсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны ажлын өдрийн эцсийн цагийн байдлаар..." гэх тайлбар үндэслэлгүй юм.

Сангийн яамнаас ирүүлсэн “Гомдол хянасан тухай" албан тоотын дагуу дахин хянаж,

1. Санал болгосон хар хамгаалалтын шилний EN166-2001 стандартыг хангасан талаарх мэдээлэл барааны каталогид байхгүй тул техникийн тодорхойлолтод заасан EN166-2001 стандартыг хангасан байх гэж заасанд нийцэхгүй байна гэсэн. Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 1.4-т “олон 2 улсын стандартын шаардлагад нийцсэн болох тэмдэглэгээ, чанарын стандартын тэмдгийг шилний шошго зааварт бичсэн байна" гэж заасны дагуу "Г*********" ХХК-иас ирүүлсэн дээж шилний сав баглаа боодолд EN166-2001 стандартын шаардлага хангасан тухай шошго байх бөгөөд, барааны каталогийг дахин хянаж, тулгалт хийж үзэхэд EN166-2001 стандартын шаардлага хангасан гэж ирүүлсэн байна. 

2. Цагаан шилний жин 21 грамм байгаа нь захиалагчийн шаардсан тодорхойлолтод 21,5 грамм эсхүл дүйцэхүйц гэж заасантай нийцсэн бөгөөд дээжид ирүүлсэн бүх шилнүүд нь баглаа боодолдоо EN166-2001 стандартын шаардлага хангасан тухай шошготой байсан. Нийлүүлэхээр санал болгосон шил нь EN166-2001 стандартыг хангах тухай “Г*********” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын 23 дугаар хуудас дахь каталогид байна.

3. Нүдний шилний гадуурх шилний материалыг PVC полиамид, полиэтилен гэж санал болгосон нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод PVC поликарбонат байх гэж заасантай нийцэх эсэхийг хянан үзэх шаардлагатай гэсэн. Ирүүлсэн тендерийн материалын 41 дүгээр хуудас дахь каталогид поликарбонат линз нь нарны хамгаалалттай гэсэн байна.

4. Тоосны хамгаалалтын цагаан шилний хувьд Honeywell-ийн UVEX загварын хувьд тоосны хамгаалалттай шилний танилцуулга, барааны техникийн үзүүлэлт дээр шилний жин 103 грамм гэсэн байдаг. Үүний дагуу тоосны шилний жинг “101 грамм эсхүл дүйцэхүйц” гэж оруулж өгсөн. Дээжид ирсэн шилний жин дүйцэж байсан тул шаардлагад нийцнэ гэж үзсэн тул захиалагчийн шаардлагад нийцсэн, техникийн тодорхойлолт болон бусад шаардлагыг хангасан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн захиалагч нь Honeywell брэндийн шилийг борлуулах албан ёсны борлуулагчийн эрхийг Индонез улс дахь Honeywell брэндийн дистрибьютер болох WeldBro компаниас авсан талаарх албан бичгийг хуурамч эсэхийг шалгаж тогтоох эрх бүхий байгууллага биш юм.

Иймд нэхэмжлэгч “А*********” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тендерийн үнэлгээний хорооноос 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дүгнэлт, зөвлөмж гаргаад тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн байдаг. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа дахин шалгаруулалт явуулах ёстой байхад өмнөх материалаар үнэлгээ хийлээ гэсэн байна. Тендер шалгаруулалтын үнэлгээ гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эхлээд хуулийн 27 дугаар зүйлд заасныг хянаад шаардлагад нийцсэн гэж үзсэн тендерт үнэлгээ хийхийг ойлгодог. 

Сангийн яамны албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээ хийхэд хуулийн 27 дугаар зүйлд заасныг хангаж байгаа эсэхийг хянаж үзээд хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийнэ. Сангийн яамнаас шаардлага хангаагүй гэж нэгэнт тогтоосон байх тул “Г*********” ХХК-ийг шалгахгүй байж болохгүй. “А*********” ХХК-ийн хувьд нэгэнт татварын өртэй байсан тул үүнийг шалгахгүйгээр орхиж болохгүй. Энэ шаардлагуудыг хангаж байна уу гэдгийг дахин хянаж үзээд 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжөөр “Г*********” ХХК-ийн Сангийн яамны албан бичигт дурдсан 4 үндэслэлүүдийг шалгаж үзсэн.

Мөн тендерийг дахин үнэлж байгаа тохиолдолд дахин баримт авдаггүй. Тендер нээх үед хүлээн авсан байгаа баримтын хүрээнд үнэлэх ёстой байдаг. Тендер нээх үед татварын тодорхойлолт болон бусад баримтуудыг нэгэнт татаад авсан байдаг тул шинээр татан авна гэсэн ойлголт, боломж байдаггүй.” гэв.

10. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сангийн яамны шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгоогүй бөгөөд дахин үнэлгээ хий гэсэн. Дахин үнэлэхдээ ганц “Г*********” ХХК-ийг үнэлээгүй. 4 компанийг дахин бүгдийг нь үнэлсэн.” гэв.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“"А*********” ХХК нь нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нудний шил нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт "Г*********” ХХК-ийг шалгаруулсан “Э*********" ХК-ийн үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахдаа дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан нөхцлийг хангаагүй буюу урьдчилан шийдвэрлүүлээгүй байна. Иймээс тус шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны байгууллагын сонгох боломж буюу шийдвэр гаргах орон зайн талаар Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлээр зохицуулсан. Тус зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу “Э*********” ХК-ийн үнэлгээний хороо нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нүдний шил/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт ямар компани шалгаруулах эсэх нь тендерийн баримт бичиг, оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлэж гаргах шийдвэр билээ. Иймээс шүүхээс тус тендерт "А*********" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Э*********" ХК-д шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүх ийм даалгуулах шийдвэрийг гаргах боломжгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго нь тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах, тус гэрээ хүчин төгөлдөр бус байх эсэх асуудал нь тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Үүнийг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тодорхой хуульчилсан байна.

Хэрэв тус гэрээг захиргааны хэргийн шүүх хянах бол заавал захиргааны гэрээний шинжийг агуулж байх ёстой. Гэтэл тус гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зохицуулсан захиргааны гэрээний шинжийг агуулахгүй байна.

Тухайн үед "Э*********" ХК болон "Г*********" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03-р сарын 16 өдрийн этт/ дугаартай "Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нудний шил/ худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан болохыг мэдсэн байсан нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр, "А*********" ХХК нь "Э*********" ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/430 дугаар мэдэгдэлийг хүлээн авснаас хойш худалдах, худалдан авах гэрээний талаар мэдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл 2022 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдсэн байсан “Э*********" ХК болон "Г*********" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЭТТ/********* дугаартай "Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “А*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э*********” ХК-д холбогдох 128/2022/0303/3 индекстэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар гаргасан.

Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь “Э*********" ХК болон "Г*********" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЭТТ/********* дугаартай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан болохыг мэдсэнээс хойш 30 хоног өнгөрсөн байхад шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. Иймээс тус нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан тохиолдолд хамаарч байна.” гэжээ.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэсэн шаардлагын хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага буюу Сангийн яам тендер шалгаруулалтыг бүхэлд нь дахин явуул гэсэн шийдвэр гаргасан байхад дахин үнэлсэн гэх асуудлыг ярьж байна. Тендер шалгаруулалт нь өөрөө хянан үзэх, үнэлэх гэсэн бүх ойлголтуудыг багтаасан ойлголт. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасан эрх хэмжээний хүрээнд гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага аль хэсгийг хийх вэ гэдгийг тендер шалгаруулалтын ойлголтын хүрээнд дахин үнэлгээ хий гэсэн учраас маргах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

  1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлтйг 14.1.”Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”, 14.1.2.”Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;”, 26 дугаар зүйлийн 26.1.”Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.”, 27 дугаар зүйлийн 27.1.”Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1.”энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;”, 27.1.2.”техникийн тодорхойлолт;”, 27.1.3.”тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 27.3.”Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4.”Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.”, ТОӨЗ-ны 12.1 (ё)-д “Тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. Үүнд: … 3.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Тендерт оролцогчийн мэдээллийг тендер нээсэн өдөр цахим систем ашиглан Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас шалгана...” гэж заажээ.
  3. Хариуцагч тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийг нээж,  Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч лавлагаа хэсгээс нэхэмжлэгч “А*********” ХХК-ийн татвар төлөлтийн мэдээллийг татан шалгахад тендер нээсэн өдрөөр 1,211,100 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байсан тул тус компанийг шаардлага хангахгүй гэж үзэн тендерээс татгалзсан нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.4-д заасантай нийцсэн байна.
  4.  Учир нь тендерийн баримт бичигт тендер нээсэн өдрийн байдлаар татвар хураамж, төлбөрийг бүрэн төлсөн байх, оролцогчийн мэдээллийг цахим систем ашиглан Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас шалгахаар заасны дагуу хариуцагч тендер нээснээс хойш шалгасан цахим баримтаар татварын үлдэгдэлтэй гарсан тул нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй.
  5. Мөн тендерийн баримт бичигт тендер нээсэн өдрийн байдлаар төлсөн байхаар заасан тул нэхэмжлэгчийн “...3 дугаар сарын 10-ны өдөр дахин шалгах байсан …” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
  6. Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайн өдрийн 10 цаг 42 минутад тайлангаа гаргаж, татвараа тушаахаар татварын албанд төлбөрийн нэхэмжлэлийг өөрсдөө үүсгэж, банкинд 13 цаг 42 минутад татварын өрийг тухайн өдөрт нь төлсөн...” гэж тайлбарлаж байгаа ч ТОӨЗ-ны 24.1-д “...тендер хүлээн авах эцсийн хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг байхаар”, 28.1-д “...тендерийн нээлт хийх огноо, цагийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 10 минут байхаар” заасан, мөн Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7.1-д “санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа татаж авах” гэж зааснаар захиалагч худалдан авах ажиллагааны цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас татварын албаны тодорхойлолтыг бодит цагийн горимоор шалгаж үнэлгээнд харгалзан үзсэн тул нэхэмжлэгчийн “...тендер нээсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны ажлын өдрийн эцсийн цагийн байдлаар...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
  7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацааг илт зөрчин тендерийн хүчинтэй байх хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Г*********” ХХК-ийг шалгаруулсан байна. Энэ нь тендерт оролцогч бусад компаниудын захиалагчийн шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг зөрчсөн, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах талаар хуульд тусгайлан заасан хугацааг баримтлалгүй шийдвэрлэсэн хууль бус үйл ажиллагаа болсон” гэжээ. 

Гэтэл хэрэгт авагдсан Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/1109 тоот албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон болох нь нотлогдож байна. 

  1. Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.“Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2.”Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заажээ. 
  2. Гуравдагч этгээд “Г*********” ХХК-ийн тендерийн материалтай холбогдуулан гаргасан хариуцагч нарын хариу тайлбар үндэслэлтэй байна. Тодруулбал,   

Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 1.4-т “олон улсын стандартын шаардлагад нийцсэн болох тэмдэглэгээ, чанарын стандартын тэмдгийг шилний шошго зааварт бичсэн байна” гэсэн ба гуравдагч этгээдээс санал болгосон хамгаалалтын нүдний шилнүүдийн баглаа боодолд EN166-2001 стандартын шаардлага хангасан тухай шошготой, ирүүлсэн дээж шилний сав баглаа боодолд EN166-2001 стандартын шаардлага хангасан талаар дурдсан; 

Цагаан A800 шилний жин 21 грамм байгаа нь захиалагчийн шаардсан тодорхойлолтод “21,5 грамм эсхүл дүйцэхүйц” гэж заасантай нийцсэн бөгөөд дээжид ирүүлсэн бүх шилнүүдийн баглаа боодол, шошгон дээр болон хэрэгт баримтаар авагдсан дээж нүдний шилэн дээр шаардлага хангасан стандартыг тэмдэглэсэн; 

Тоосны хамгаалалтын цагаан шилний хувьд Honeywell-ийн UVEX загварын хувьд тоосны хамгаалалттай шилний танилцуулга, барааны техникийн үзүүлэлт дээр шилний жин 103 грамм гэсэн байдаг. Үүний дагуу тоосны шилний жинг “101 грамм эсхүл дүйцэхүйц” гэж заасанд нийцсэн;

Нүдний шилний гадуурх шилний материалын тухайд, ирүүлсэн тендерийн барааны каталогийг тулган үзэхэд шилний материалыг поликарбонат, хамгаалалттай гэж тусгасан болох нь хэрэгт баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх бүгдээс дүгнэвэл нэхэмжлэгч компаний тендерээс татгалзсан хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн тендер шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” үнэлэгдэж, хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “А*********” ХХК-ийн гаргасан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нүдний шил/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт “Г*********” ХХК-ийг шалгаруулсан “Э*********” ХК-ийн үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, “Э*********” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/430 тоот мэдэгдэлд дурдсан “А*********” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, “Э*********” ХК болон “Г*********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ЭТТ/********* дугаартай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /дуулга, нүдний шил/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/********* дугаартай тендерт “А*********” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Э*********” ХК-д даалгуулах, тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН