| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0327/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/397 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/397
2024 05 30 2024/ШЦТ/397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд би, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б. овогт Г-ийн М. холбогдох эрүүгийн хххххххххх дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Бат-Орших, хохирогч Б.А, хохирогч “хх” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Л, шүүгдэгч Г.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.М нь:
- 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх хотхоны хх тоотод үйл ажиллагаа явуулдаг “хх” ХХК-ийн менежерээр ажиллаж байх хугацаандаа “хулдаасан хэвлэл хийлгэж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож тус компаниас 5.697.340 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.А-г “барилгын материал нийлүүлмээр байна, барилга дээр ашиглагддаг төмөр худалдаж авах уу” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулсны улмаас түүний Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “хх” үйлчилгээний төвийн Худалдаа хөгжлийн банкны салбараас 2.000.000 төгрөг шилжүүлснийг Хаан банкны хх тоот дансаар дамжуулан авч залилан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие “хх” компанид маркетингийн менежерээр ажиллаж байсан. Би хэвлэлийн үйл ажиллагаа ажлынхаа хажуугаар хийдэг байсан. Анх орсон ажилдаа хөнгөлөлттэй үнээр хийлгээд өгье гэж бодож байсан боловч чадаагүй. Өөрийн санхүүгийн буруу зохион байгуулалтаас болж тухайн ажил хойшлогдсон. Түүнээс болж өөрөө эвгүй байдалд орсон. Эргэн төлөлт хийх гэтэл хийх гэж байсан ажил маань бүтэлгүйтэж боломжгүй болсон. “хх” компанид хохирол учруулсан, түүндээ үнэхээр их харамсаж байна. Хохирлыг би 100 хувь төлж барагдуулна.
Хохирогч А-ийн хувьд бид хоёр өмнө нь хамтарч ажил хийж байсан. Тодорхой хэмжээний бага дүнтэй бараа нийлүүлж байсан. Тухайн хэлэлцээр дунд нь алга болоод би өөрөө санхүүгийн хүнд байдалд орсон учраас энэ хүний мөнгийг өөртөө хэрэглэсэн. Энэ хүнд хохирол учруулж итгэлийг нь алдсандаа харамсаж байгаа. Хоёр хохирогч нараасаа уучлалт гуйж байна.
Учруулсан хохирлыг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж дуусгана. Банк бусаас машин авсан байсан, зээлээ төлж чадахгүй байна гээд гэрийн гаднаас хураагаад аваад явсан. Зах зээлийн үнээс 60 хувиас доогуур зарна гээд байхаар нь яах аргагүй хувьдаа зарцуулсан. Би “хх” компанид ажилладаг байсан, хэвлэлийн компанийн сав баглаа боодлыг олон тоогоор хэвлэдэг байсан. Барилгын материалын худалдаа эрхэлж байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм асуудалд орохгүй, би үнэхээр их харамсаж байгаа, миний буруу.
“хх” компани нь манай ээжийн нэр дээр байдаг. Би хх компанид менежерээр ажилд ороод 2 сар болж байна. Эхний мөнгөнөөс 4.500.000 төгрөг өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Үнэн байдлаа хэлж болох байсан, надад санхүүгийн асуудал тулгараад мөнгийг нь үрсэн байсан. Манай эхнэрийн бие муудаад, мөнгө хэрэг болоод зарцуулсан. Би цалингаа 06 дугаар сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөгийг авдаг. Захиралтайгаа яриад 6 сарын цалингаа зээлж авахаар болсон. 06 дугаар сарын 13-ны цалин дээрээ 5.000.000 төгрөг нэмж аваарай гэж хэлсэн, мөнгийг аваад хохирлыг төлнө. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч А.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“…2023 оны 12 сард М. нь манайд барилгын материал төмөр нийлүүлнэ гэж хэлээд 2.0 сая төгрөг авсан. Тэр мөнгөө одоо болтол өгөхгүй байна. Өмнөх хурал дээр 750.000 төгрөг өгсөн, өнөөдөр 500.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 650.000 төгрөгийг 06 дугаар сарын 13-ны өдөр төлнө гэж байна. Одоо үлдэгдэл 650.000 төгрөгийг авсан тохиолдолд гомдол саналгүй. Гэхдээ төлнө гэдэгт эргэлзэж байна. Манай компани барилга угсралтын ажил эрхэлдэг. М-той хамтарч ажиллах үед “хх” гэдэг компани нь байсан ба тухайн үедээ уг компанийн захирал гэж өөрийгөө танилцуулж байсан. Төмрийг 7 хоногийн дотор нийлүүлнэ гэж уг нь анх тохирсон байсан. Шүүгдэгч нь хохирлоос 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 700.000, өнөөдөр 500.000 төгрөг тус тус төлсөн. Өмнө ажлын шугамаар танилцаж байсан, өмнө нь худлаа ярихгүй ажлаа хийдэг байсан, энэ удаад худлаа хэлээд болохгүй байсан учир хуулийн байгууллагад хандсан. Үдэх хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч “хх” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“…Энэ хэвлэлийг Эрдэнэт хотод хэвлүүлэх байсан. Эрдэнэт хот руу явж ирээд М-той хамт ажил хийгээд 7 ч хоноогүй байсан. Том хэвлэл хийлгэхээр болсон гэхэд М. “манайх хэвлэлийн компани ажиллуулдаг, хэвлүүлээд өгье” гэж хэлсэн. Үнийн хувьд өөр компанийг бодвол 1.0 сая орчим төгрөгөөр хямд байсан учир зөвшөөрсөн. Тэр үед нь “за тэгвэл чи энэ ажлыг хариуцаад, хийчих” гэж хэлсэн. Үндсэндээ М-той 4 хоног ажилласан байсан. М-ыг цаашдаа ажиллах юм чинь гэж итгээд төлбөрийг 100 хувь шилжүүлсэн байсан.
Тухайн хэвлэлийг Эрдэнэт хотод 4 байрын 3 хананд тогтоох байсан боловч тухайн газартаа тогтоож чадаагүй. Хэвлэл тогтоох хананы мөнгийг манай компаниас өгсөн байсан. Манай компанийн зүгээс хэвлэл хийлгэх гэж өгсөн мөнгөө буцааж авах хүсэлттэй байгаа. Миний хувьд М-д маш олон удаа хэлж, сануулж байсан.
Манай компаниас шилжүүлсэн 5.697.340 төгрөгөөс М. нь 1.0 сая төгрөгийг төлсөн, одоо үлдэх 4.697.340 төгрөгийг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй. Миний хувьд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр М-ыг мөнгө шилжүүлнэ гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ хүлээхээс өөр арга байхгүй байна. Миний хувьд Эрдэнэт явах томилолт таарсан, гэхдээ шинэ ажилтнаа туршилт буюу 1 сарын хугацаанд хараад гэрээ байгуулдаг. Хүний нөөцөөс М-д бүрдүүлэх материалыг өгсөн байсан. Үүнийг компанийн дотоод журмаараа зохицуулдаг. 4 хоногийн цалин нь бодогдсон байх, нягтлангаас асуугаагүй, мэдэхгүй байна.
Манай компани Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулаад 6 сар болж байсан. Компанийн сурталчилгааны буюу Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа ахлахын зурагтай хулдаасан хэвлэл хийлгэх гэж байсан. Өргөн хэвлэл учраас 3 хоногт гарна гэж М. хэлсэн, миний хувьд тод өнгөтэй учраас 7 хоног болох байх гэж бодож байсан. М. руу залгахад хэвлэлийн компанид хэлнэ гэж хэлээд 7 хоног хойшилсон. Миний зүгээс танай компани хэвлэхгүй бол буцаагаад мөнгөө авъя, өөр хэвлүүлэх газар байгаа гэж хэлсэн чинь “болно, түр хүлээж байгаарай” гэж хэлээд, сүүлдээ утсаа авахгүй, чатад хариу бичихгүй алга болсон. Нэг хэсэг алга болоод би ээжтэй нь холбогдоход ээж нь бага багаар төлөөд явъя гэж хэлсэн манай компанийн зүгээс зөвшөөрөөгүй. М. надтай огт холбоо бариагүй, сая хэрэг прокурорт шилжсэний дараа холбогдсон.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн ххххххх дугаартай хэргээс:
1. “хх” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.У-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хэргийн 12 дахь тал),
2. Хохирогч Б.А-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хэргийн 86 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Л-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:
“...Би “хх” ХХК-д маркетингийн албаны ахлах мэргэжилтэй. 2022 оноос хойш ажиллаж байгаа. Манай компани нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай компанид маркетингийн менежерээр ажилд орсон Г.М гэх залууд хэвлэлийн ажил даалгасан.
Тухайн үед Г.М-той хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байсан юм. М. нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр маркетингийн хурлаар танилцуулахдаа “би хэвлэлийн компанитай, хэвлэлийг нь би хариуцмаар байна, үнэ боломжийн, арай хямд үнээр хэвлүүлээд өгье” гэж хэлээд 357м.кв хэмжээтэй, хулдаасан хэвлэлийг 5.697.340 төгрөгөөр хэвлүүлэхээр болж, түүний илгээсэн нэхэмжлэлийн дагуу Хаан банкны “хх” ХХК эзэмшигчтэй хх тоот дансанд 5.697.340 төгрөгийг манай “хх” ХХК-ийн хх тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, манай оффис болох Хан-Уул дүүргийн хх дугаар хороонд байрлах оффисоос шилжүүлэг хийсэн.
Г.М нь бид нарт хэлэхдээ “хэвлэл нь 3 хоногийн дараа гарна, хэвлэл нь гарахаар Эрдэнэт хот руу явуулах болно” гэж хэлсэн ба тухайн үед хэвлэлийн газрын хаяг байршил болон бусад зүйлийн талаар огт дурдаагүй, манай компанид ажиллаж байсан болохоор нь итгээд мөнгөө шилжүүлсэн.
Гэтэл Г.М нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилдаа ирээгүй ба хариуцан авсан хулдаасан хэвлэл нь гараагүй, одоо утсаа авахгүй, мессеж бичихдээ “манай нягтлан удахгүй буцаагаад шилжүүлнэ, би одоохон өдрөөс шилжүүлнэ” гэсэн тайлбарууд хэлсээр өнөөдрийг хүрсэн. Анх ажилд орохдоо ямар нэгэн анкет бөглөж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж эхэлсэн. Би Г.М-ын ээжийнх нь утас болох хх гэх утас руу залгаж холбогдох үед ээж нь “танайх аль компани нь вэ, гэрт нь бөөн юм болсон” л гэж хэлсэн. Манай компани нь өөрт учирсан хохирол болох 5.697.340 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна. Мөн Г.М-ын хийсэн үйлдэлд нь гэмт хэргийн шинжтэй байх тул хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23 дахь тал),
4. “хх” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга баримтууд (хэргийн 45-66 дахь тал),
5. “хх” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга баримт (хэргийн 70 дахь тал),
6. “хх” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэх (хэргийн 68 дахь тал),
7. “хх” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга баримт (хэргийн 87 дахь тал),
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ийн хохирогчоор өгсөн:
“...Би “хх” ХХК-ийн захирал бөгөөд манай компани нь 2012 оноос хойш одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралт, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Миний бие М. гэх залуутай 2018 онд ажлын шугамаар танилцаж байсан ба дотно биш, зүс таних хүн төдий юм.
М. нь миний 88117419 дугаартай утас руу 2023 оны 12 дугаар сард холбогдоод “танай компанид барилгын материал нийлүүлмээр байна, барилга дээр ашигладаг төмөр худалдаж авах уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн үед барилга дээр ашиглах төмөр хэрэг болж байсан болохоор 2.000.000 төгрөгт бодож нэг тонн орчим хэмжээтэй төмөр худалдаж авахаар болоод 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хороонд байрлах хх гэх газрын Худалдаа хөгжлийн банкны салбараас өөрийн ххх тоот Худалдаа хөгжлийн банкнаас Хаан банкны хх тоот дансны дугаар болох М. гэх хүний данс руу шилжүүлэг хийсэн.
Гэтэл тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа би төмрөө авч ирж өгөхгүй болохоор нь М-ын хх гэх дугаар луу нь холбогдоход надад хандаад “та мөнгөний оронд заслын материал авчаач, ханын цаас, паркетан шал авчих” гэж хэлэхээр нь би “хамаагүй ээ, чи 2.000.000 төгрөгт таарсан бараа материалаа авчраад өгчих” гэж хэлтэл холбоо барихгүй алга болсон. Дахин холбоо барих үед “ийм ч бараа байна, тийм ч бараа байна авах уу” гэх зэргээр хэлсэн боловч материалуудаа авчирч өгөөгүй болохоор нь би мөнгөө буцааж авах талаараа хэлсэн боловч одоог хүртэл миний мөнгийг буцаан өгөөгүй.
Өмнө нь М. манай компанид 2020 онд дотор заслын материалууд нийлүүлж байсан ба би ээж Цээгий гэх Удирдлагын академид ажилладаг ээжийг нь таньдаг болохоор итгээд мөнгө шилжүүлсэн. М. нь надад өөрийгөө анх танилцуулж байхдаа “хх” ХХК-ийн захирал гэж байсан ба тус компани нь барилгын материал худалдаа, гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж 2018 онд танилцуулж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 93-94 дэх тал),
9. хх ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга баримтууд (хэргийн 113-126 дахь тал),
10. Эрүүгийн хэргийг нэгтгэсэн прокурорын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн хх дугаартай тогтоол,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“…Би “хх” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын сүүлээр маркетингийн менежерээр ажилд орсон ба хараахан хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байсан. Миний тухайн ажилд орсон компани нь үл хөдлөх хөрөнгө зуучлал, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд намайг ажилд ороод удаагүй байхад Дархан-Уул аймагт шинэ салбараа байгуулж байсан.
Тус компанийн захирал нь У. гэх хүн надад болон манай маркетингийн ахлах Л. гэх хүнд үүрэг чиглэл, өгч “шинэ байгуулагдаж байгаа Дархан-Уул аймгийн салбарт шинээр сурталчилгааны самбар байршуулах шаардлагатай” гэж үзээд Л-д үүрэг өгөөд, Л. нь дизайныг нь надад харуулаад, “энэ хэвлэлийг зах зээлийн үнээс хямдаар хэвлэх газар байгаа юу” гэж асуухаар нь би Л-д “миний таньдаг хүн байгаа, тэр хүн зах зээлийн үнээр арай хямдхан хэвлэдэг юм, би хэвлэлийг нь хариуцаж ажиллая” гэж санал тавьсан. Тэгэхэд Л. нь зөвшөөрөөд би 1м2 тухайн үедээ 16.000 төгрөгөөр бодоод, нийтдээ 5.697.340 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны хх тоот данс руу шилжүүлэн авсан.
Би тухайн үедээ ээж Н-ийн нэр дээр бүртгэлтэй “хх” хуулийн этгээдээр нэхэмжлэл бичүүлж авсан. Манай ээж Н-ийн “хх” ХХК нь хэвлэлийн компани мөн боловч яг 2023 оны 10 дугаар сарын сүүлээр компанийнхаа тоног төхөөрөмжийг зарсан, тоног төхөөрөмж байхгүй байсан болохоор хэвлэл хийх боломжгүй байсан. Би өөрийн ажилд орсон “хх” ХХК-иас авсан 5.697.340 төгрөгийг өөрийн Хаан банкны хх тоот данс руу шилжүүлж авангуутаа өөрийн мөн ашигладаг Хаан банкны хх тоот данс руу шилжүүлээд “Пластик дизайн” нэртэй Гандангийн хажууд үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газар захиалга өгөөд урьдчилгаа 1.600.000 төгрөгийг Хаан банкны хх тоот данс руу шилжүүлсэн боловч тухайн газар нь “мөнгөө бүтэн авч байж хийнэ” гээд над руу 1.500.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн.
Би компаниас авсан мөнгөө миний нэр дээр бүртгэлтэй хххх улсын дугаартай машины Банк бус дээр барьцаанд байдаг зээл нэхэгдэхээр нь 2.500.000 төгрөгийг шилжүүлээд, нэмж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Бусад мөнгийг нь өөрийн хэрэгцээндээ ашигласан ба яг юунд ашигласан талаар одоо сайн санахгүй байна, миний дансны хуулга дээр байгаа.
Тус компаниас авсан мөнгийг би хараахан буцаан төлөөгүй байгаа ба 2023 оны 03 дугаар сарын дундуур гэхэд төлж дуусгах болно. Гарцаагүй байдалд ороод Банк бусаас миний машины зээлийг нэхээд байсан учир тухайн мөнгөнөөс 4.000.000 төгрөгийг зээлд шилжүүлээд, үлдэгдэл мөнгийг нь өөрийн хэрэгцээнд ашигласан. Би өөрийн хийсэн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би тус компанийн хохирлыг нь барагдуулж өгөх болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-28, 30-32 дахь тал),
Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:
“...Анх хохирогч А. нь барилгын компанитай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба би түүнтэй анх 2021 онд танилцаж байсан. Тухайн үедээ хамтраад боршуур, танилцуулга, дотор заслын материал худалдан авч хамтран ажилладаг байсан.
2023 оны 12 сард А. ах холбогдоод “ганц нэг материал авах шаардлагатай байна” гэхэд нь би “надад байгаа, оноос өмнө юм уу, он гаргаад өгөх боломжтой” гэж хэлэхэд зөвшөөрөөд, 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсэн мөнгөндөө тааруулаад барилгын таазны хөнгөн цагаан худалдан авахаар болсон бөгөөд яг хэр урттай, хэдэн ширхгийг авахаа нарийн ярилцаагүй байсан.
2.000.000 төгрөгийг 2023 оны 12 сарын 17-ны өдөр миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн мөнгөөр нь 100 айлаас хямд бөөний үнээр нь хөнгөн цагаан төмөр худалдан аваад түүнд зарах бодолтой байсан боловч 2024 он гараад хөнгөн цагаан төмрийг худалдан авах боломжгүй болсон. Учир нь миний төмөр худалдан авах гэж байсан газар нь үнээ буулгахгүй байсан. Тэгээд би А. ахад “хөнгөн цагаан төмөр нийлүүлэх боломжгүй боллоо, дүүд нь одоо мөнгө алга, боломжтой болохоор буцаагаад шилжүүлье” гэж хэлэхэд “за тэг тэг боломжтой үедээ шилжүүлээрэй” гэж надад хэлсэн.
Тухайн шилжүүлсэн мөнгийг нь би өөр хамтран ажилласан хүнд ажлын хөлс өгч захиран зарцуулсан. Би хх ХХК-д менежерээр ажилд орсон, хараахан цалингаа авч эхлээгүй байгаа учир А. ахын мөнгийг төлж барагдуулаагүй байна. 2024 оны 04 сараас өмнө хохирлын мөнгийг нь төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 101-103 дахь тал) болон шүүгдэгч Г.М-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 37 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хэргийн 39 дэх тал), иргэнд олгох тодорхойлолт (хэргийн 40 дэх тал), хх ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /иргэн/ (хэргийн 108 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.М нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх хотхоны хх тоотод үйл ажиллагаа явуулдаг “хх” ХХК-ийн менежерээр ажиллаж байхдаа “357м.кв хэмжээтэй, хулдаасан хэвлэлийг хулдаасан хэвлэл хийлгэж өгнө” гэж 5.697.340 төгрөгийг хх компанийн Хаан банк дахь харилцах дансаар дамжуулан шилжүүлэн авсан,
мөн “барилгын хөнгөн цагаан төмөр нийлүүлнэ” гэж иргэн Б.А-аас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь харилцах дансаар тус тус шилжүүлэн авч, улмаар дээрх мөнгийг ББСБ-аас авсан өөрийн зээлийг төлөх, бусдад ажлын хөлс өгөх зэрэг байдлаар захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шууд санаатай, шунахай зорилго бүхий гэмт үйлдлийг “Залилах” гэмт хэрэг гэж тодорхойлж хуульчилсан байна.
“...Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч, шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх, эрхийг өөртөө авах гэсэн шууд санаатай, шунахай зорилго бүхий идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Г.М нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх хотхоны хх тоотод үйл ажиллагаа явуулдаг “хх” ХХК-ийн менежерээр ажиллаж байхдаа “357м.кв хэмжээтэй, хулдаасан хэвлэлийг хулдаасан хэвлэл хийлгэж өгнө” гэж 5.697.340 төгрөгийг “хх” компанийн Хаан банк дахь харилцах дансаар дамжуулан шилжүүлэн авсан, мөн “барилгын хөнгөн цагаан төмөр нийлүүлнэ” гэж иргэн Б.А-аас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь харилцах дансаар тус тус шилжүүлэн авч, улмаар дээрх мөнгийг ББСБ-аас авсан өөрийн зээлийг төлөх, бусдад ажлын хөлс өгөх зэрэг байдлаар захиран зарцуулж ашигласан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэргийн шүүгдэгч Г.М нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр тодорхой цаг хугацаанд, давтамжтайгаар, хоёр удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг залилж авсан нь үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх юм.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан.
Иймд шүүгдэгч Г.М-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүх зөвтгөн залруулж хэргийг хянан шийдвэрлэсэн ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.
“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 2.000.000 /хоёр сая/, хохирогч “хх” ХХК-д 5.697.340 /таван сая зургаан зуун ерэн долоо мянга гурван зуун дөч/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь шүүхэд хөрөг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.А-д 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг, хх” ХХК-д 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн, үлдэх хохирлыг даруй нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн хооронд “Хохирол барагдуулах тухай” бичгээр хийсэн хэлцэл зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх Б.А-ийн 650.000 /зургаан тавин мянга/ төгрөг, “хх” ХХК-д учирсан хохирлоос үлдсэн 4.697.340 /дөрвөн сая зургаан зуун ерэн долоо мянга гурван зуун дөч/ төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 108 дахь тал) тогтоогдсон бөгөөд энэ нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Г.М-д 5000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан төргөх ялыг хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б. овогт Г.М-ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-д 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон Г.М-оос нийт 5.347.340 /таван сая гурван зуун дөчин долоон мянга гурван зуун дөч/ төгрөг гаргуулж,
- 4.697.340 /дөрвөн сая зургаан зуун ерэн долоо мянга гурван зуун дөч/ төгрөгийг
- 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД