Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2021/01021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                         

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А овогт Х Х итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Е овогт Б Ц холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 02-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний охин Х.Х нь Е.Ц 2009 онд танилцаж 2011 оноос манайд хамт амьдарч өдийг хүртэл бид нараар тэжээлгэж ирсэн. Хамт амьдарч эхэлсэн цагаасаа архи их ууж, авгай хүүхнүүдтэй орооцолдож, үе үе охинд минь гар хүрч зодож нүддэг болсон. Энэ хугацаанд ажил хийж үр хүүхэддээ нэг ч удаа нэмэр болж байгаагүй. Одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул эцгээс нь охин Ц.Г тэтгэлэг тогтоолгож авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.

Хариуцагч Е.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Би Х 2009 онд танилцаж 2011 оноос эхлэн ирэн очин байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Ц.Г төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин Ц.Г хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би охиндоо зориулж өгч буй тэтгэлгийн мөнгийг өөрт нь зориулсан хадгаламжинд хийх хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хариуцагч Е.Ц холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.  

Нэхэмжлэгч Х.Х хариуцагч Б.Ц 2011 оноос гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2016 оны 09 дүгээр сарын 26-нд охин Ц.Г төрсөн, охин эх, өвөө, эмээгийн асрамжид эрүүл бойжиж байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбар, 6101003997 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийцэл өрхийн эрүүл мэндийн эмнэлэгийн тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Б.Ц хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Ц хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 35 337 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Б.Ц нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Ц.Г 11 нас хүртэл  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй. 

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 213 800 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 282 800 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 35 337 төгрөгийг хариуцагч Б.Ц гаргуулж улсын орлогод оруулахаар заав.

Хариуцагч шүүхэд “...Би охиндоо зориулж өгч буй тэтгэлгийн мөнгийг өөрт нь зориулсан хадгаламжинд хийх хүсэлтэй байна” гэсэн тайлбар гаргасан.

Хүүхдийн тэтгэлэг гэдэг нь хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах учраас хадгаламжинд хадгалах боломжгүй. Иймд хуульд заасны дагуу сар бүр мөнгөн хэлбэрээр гаргуулах нь хуульд нийцнэ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаж шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр зохигчдын гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ц.Г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Е овогт Б Ц хүүхдийн тэтгэлэг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагчаас 35 337 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.ҮҮРИЙНТУЯА