Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00179

 

                                                               Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00753 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00906 дугаар магадлалтай,

Б.Аийн нэхэмжлэлтэй

“О” ХХК-д холбогдох

Илүү цагийн цалин хөлс 7,201,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.С, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.А нь “О” ХХК-д холбогдуулан илүү цагийн цалин хөлс 7,201,807 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00753 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Аийн хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлс 7,201,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00906 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 109 дүгээр зүйлийн 109.1 гэснийг хасч, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Аийн нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ны өдрийн 210/МА2024/00906 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн хуулийн 172.2.4-д заасан “эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.П миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжийн зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотой энэхүү хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн ба ажилтан Б.А нь тус хуулийн 92.3-т заасан илүү цагийн хөлсөө тооцуулан авах эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтны эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, ажилтны хуулиар олгогдсон эрхийг дордуулсан гэж үзэж байна.

Энэхүү маргааныг шийдвэрлэсэн магадлал нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, магадлалын 4.3-т нэхэмжлэгчийн ажлын цагийн хэмжээ 168 цагаас хэтрэхгүй байх ба уртын ээлжээр ажиллах горимоор ажилласан 1 хоногийн 4 цагийг 14 хоног амрах хугацаанд нөхөн амраасангэж дүгнэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзсан.

Нэг. Магадлалын 4.3 дахь хэсэг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд Хөдөлмөрийн тухай хууль (цаашид Хууль гэх)-ийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” - гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар тухайн хуулийн зохицуулалт, харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн  үүднээс авч үзвэл,

  1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хязгаарыг заасан. /92.3/,
  2. Дээрх байдлаар 12 цагаар ажиллахыг зөвшөөрсөн боловч энэ тохиолдолд хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан ээлжээр ажиллах ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар олгохыг шууд зааж өгсөн. /92.3, 87.2/
  3. Хуулийн 87.2-т заасанчлан ээлжээр ажиллах ажлын нэг удаад ажиллах ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109.1-т заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж хөлс төлөхийг тодорхой заасан байна. /92.3, 109.1/

Шүүхийн магадлалд тайлбарласнаар авч үзвэл, хуулийн 92.3-т 87 болон 109.1 дэх хэсгийг шууд иш татаж оруулах шаардлагагүй ба уртын ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тогтоож, 92.4-ээр ажил амралтыг зохицуулах боломжтой байсан. Гэтэл хуулиар тусгайлан зохицуулсан нөхцөлийг дордуулж ажилтанд хуулиар олгосон буюу 92.4-т заасан амралтыг илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраасан хугацаа гэж механикаар тооцож багтааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ажилтан 14 хоногт кемпэд байрлаж ажиллаад хуулиар олгосон амралтын хугацаандаа амарсныг ажил олгогчоос тогтоож өгсөн амралт мэтээр дүгнэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-т заасан нөхөн амрах хугацаа нь ажил олгогчоос олгох амралт байдаг ба хуулийн 92.4-т заасан амралт нь хуулиар ажилтныг амрахад зориулж тогтоосон амралт юм. Ажил олгогч ажилтныг амрах ёстой хугацаанд нь ажиллуулснаа нөхөж амраах байдлаар ажилтны эрхийг хангах ойлголтыг 92.4-т заасан амралттай ижилсүүлж түүнд багтааж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Магадлалын 4.3 дахь хэсэгт “... Ажил олгогч нь ажилтныг өдөрт 12 цаг буюу 4 цаг илүү ажиллуулсан атлаа нөхөн амруулаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан гэж үзэж нэмэгдэл хөлс төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн. Хуулийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байнагэж уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан хатуу тогтоож өгсөн. Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Энэ нь ажилтанд хуулийн 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар уртын ээлжийн тусгай зохицуулалтын хэм хэмжээ гэдгийг анхаарч үзэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Гурав. Давж заалдах шатны шүүх хуулийн зорилго, үзэл баримтлалыг анхаараагүй. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжээр ажиллах ажлын цагийг зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ ажил амралтын цагийн харьцаа тэнцүү байх зарчмыг баримталсан нь хуулийн 92.4, 92.5 дах хэсгээс тодорхой харагдана. Тодруулбал, ажилтан ажил үүргээ 14 хоног биечлэн гүйцэтгээд 14 хоног амрахаар зохицуулсан.

Ажилтан кемпэд 14 хоног 12 цагаар ажиллахдаа дараагийн өдрийн ажлаа хийхийн тулд амарч байгаа буюу тухайн амралтын цагийг энгийн ажлын горимоор ажиллаж, амарч байгаа ажилтантай харьцуулан тооцох боломжгүй юм. Учир нь тухайн ажилтан кемпэд байх хугацаандаа дараах нөхцөл, хязгаарын хүрээнд байдаг. Зарим хэсгээс дурдвал:

  1. Амралтын цагийг өөрийн хүссэнээр нийгмийн харилцаанд шууд орох, гэр бүл, найз нөхөдтэй зарцуулах боломжгүй;
  2. Ажлын газарт буюу кемпэд байгаа тул бусад хамтран ажиллагч, ажил олгогчийн өмнө дүрэм журмаар тогтоосон үүрэг хүлээх, зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл үр дагавартай;
  3. Зөвхөн дараагийн ээлжийн ажлаа гүйцэтгэхийн тулд хооллох, унтаж амрах, ажил олгогчоос гаргаж өгсөн чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл боломжийн хүрээнд байх;
  4. Кемпэд гаргасан аливаа зөрчлийг ажлын байранд гаргасан зөрчилд тооцдог бөгөөд кемп нь ажил олгогчийн хяналтын хүрээнд байдаг. Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг тэнцүү байх зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т зааж өгсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагаар ажилласан ажлын цагийг хуульд заасан амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд заасан эерэг үр дагавар бүхий тусгай зохицуулалт юм. Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтан болон ажил олгогчид сөрөг үр дагаврыг үүсгээгүй харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг тодорхой болгож хуульчилж өгсөн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ны өдрийн 210/МА2024/00906 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/00890 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй гэж үзэв. 

7. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн цалин хөлс 7,201,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... ажил олгогчийн зүгээс 14 хоног ажиллуулж, 14 хоног амраадаг боловч өдөрт 8 цаг ажиллахаас 12 цаг буюу өдөр бүр 4 цагаар илүү ажилласны хөлсийг хуульд заасан журмаар олгоогүй.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...ажилтан сард 168 цаг ажиллаж ... 14 хоног амарч байгаа. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс тодорхойлох журамд зааснаар уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног амрах хугацаа 14 хоног байна.” гэж, 109.1-д “илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж тус тус хуульчилсан ... ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно. ... ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хандах үүргээ зөрчиж, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2022.01.01-ний өдрөөс хойш 1 жил 3 сарын дараа хандаж хугацаа хэтрүүлсэн.” гэж тодорхойлсон.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ “...Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдсөнөөс хойш байгуулсан боловч ажил үүрэг гүйцэтгэх 14 хоног, амрах 14 хоногт ажилтны сарын цалин хөлсийг хэрхэн тооцох талаар тусгайлан тохиролцож зохицуулаагүй. … Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтад хуулийн 87, 109.1 дэх заалт багтсан. ... Мөн хуулийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байх, ... уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар тус тус зааснаас үзвэл 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж ойлгоно. ... хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтын урьдчилсан нөхцөл болох илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгох агуулгыг багтаасан байна. ... Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгын 8-д уул уурхай ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуулийн төсөлд тусгав гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч хүнд үйлдвэрийн салбар, ажлын хортой нөхцөлийг харгалзан 14 хоног амруулахаар хуулийн 92.4-т зохицуулсан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Аийн 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудад, сар бүр 56 цагаар илүү цагаар ажилласныг ажил олгогч тухайн сар бүрт нь 14 хоног амруулах байдлаар нөхөн амруулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй.” гэж дүгнэсэн.

10.  Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Пын гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... Нэхэмжлэгчийг хариуцагч “О” ХХК-д уртын ээлжээр ажиллах горимоор ажиллаж байсан гэж үзэх бөгөөд тэрээр 1 хоногт 12 цагаар ажиллаж байсан нь долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх, уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх, уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4, 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх хэсэгт тус тус нийцсэн. ... нэхэмжлэгчийн ажлын цаг 168 цагаас хэтрэхгүй байх ба уртын ээлжээр ажиллах горимоор ажилласан 1 хоногийн 4 цагийг, 14 хоног амрах хугацаанд нөхөн амраасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн. ... ажил олгогч нь ажилтныг өдөрт 12 цаг буюу 4 цаг илүү ажиллуулсан атлаа нөхөн амруулаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан гэж үзэж нэмэгдэл хөлс төлөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжид 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг, амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжээр ажиллах горимоор ажил гүйцэтгэх зохицуулалтад нийцсэн. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг оновчгүй хэрэглэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримталсныг хасч өөрчлөх нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

11. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан. Талуудын маргааны зүйл болсон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, түүнд хөлс тооцох талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхүүд зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх тухай асуудал нь хяналтын шатны хуралдаанаар хэлэлцвэл зохих маргаан мөн байх тул Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

12. Хэрэгт ач ач холбогдол бүхий үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоосон буюу нэхэмжлэгч Б.А нь “О” ХХК-д өрөм тэсэлгээний туслах ажилтнаар уртын ээлжийн горимоор ажилладаг, сарын үндсэн цалин 949 ам. доллар, 2022 оны 09, 10, 11 дүгээр сард сар бүр 168 цаг ажилласан гэж үзвэл сар бүрийн 56 цагт холбогдох илүү цагийг шаардан нэхэмжилж байгаа үндэслэлийг шүүхүүд адил тодорхойлжээ.

13. Харин зохигч дараах хоёр асуудлаар маргаж байна. Үүнд:

13.1. Уртын ээлжийн ажилтан илүү цагаар ажилласан эсэх,

             13.2. Ийнхүү ажилласан бол нөхөн амруулах зарчмаар илүү цагийн хөлс төлөх үүргээс ажил олгогч чөлөөлөгдсөн эсэх асуудал байна.

14. Зохигчийн хэн аль нь уртын ээлжийн ажилтан нэг сард 14 хоног ажиллаж, 14 хоног амрах горимтойг зөвшөөрч байна. Харин энэ горимын дагуу үндсэн цалингийн хүрээнд уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллах дээд хугацаа 112 цаг бөгөөд үүнээс илүү гарсан хэсэг нь илүү цагт тооцогдох учиртай гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бол хариуцагч энэ горимын дагуу үндсэн цалингийн хүрээнд уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллах дээд хугацаа 168 цаг бөгөөд үүнээс илүү гарсан хэмжээнд илүү цаг тооцогдох учиртай гэж мэтгэлцсэн.

15. Зохигчийн маргааны эхний зүйл болох нэхэмжлэгч илүү цагаар ажилласан эсэх тухай асуудлаар хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч уг тайлбараа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/162 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд үндэслэн дэмжсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т 14/14 хоногийн горимыг уртын ээлж гэж тодорхойлсон бөгөөд энэ нь уртын ээлжийн ажилтны гэрээсээ алслагдмал байх нөхцлөөс улбаатай эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн амьдралын үр дагаврыг бодолцсон, нийгмийн харилцааны талаар баримталж буй хууль тогтоогчийн бодлогын шийдэл гэж үзнэ. Энэ үндсэн горимыг ажилтан ба ажил олгогч хөдөлмөрийн харилцааны хүрээнд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу уртасгасан байдлаар өөрчлөн тохиролцох боломжгүй. Энэ ч агуулгаар энэ горимыг гагцхүү багасган өөрчилж болох талаар мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д зөвшөөрсөн байна.

Хууль тогтоогчийн дээрх үзэл баримтлалд нийцүүлэн хөдөлмөрийн харилцааны хэм хэмжээг тайлбарлан хэрэглэнэ. Энэ горимын хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа болох 12 цагийг ажлын үндсэн цаг гэж үзэх боломжгүй. Учир нь 14/14 хоногийн горимыг уртасган өөрчлөхгүй атлаа ажилтанд илүү цагийн хөлс тооцож болохоор зохицуулснаас үзвэл уртын ээлжийн ажилтны 12 цагийн үргэлжлэх хугацааг “8+4” гэсэн зарчмаар буюу үндсэн цаг 8, илүү цаг 4 гэж тооцох үр дагавар үүснэ.

Иймд ажилтан Б.А 2022 оны 9,10,11 дүгээр саруудад өдөр бүр 12 цаг ажилласнаас 4 цаг нь илүү цагт тооцогдох үндэслэлтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

16. Зохигчийн маргааны дараагийн зүйл нь ажилтныг нөхөн амруулах зарчмаар илүү цагт хөлс төлөх үүргээс ажил олгогч чөлөөлөгдсөн эсэх асуудал байна. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийг 109.1-д заасны дагуу илүү цагаар ажилласан боловч нөхөн амарсан ажилтан илүү цагийн хөлс шаардах эрхгүй. Хоёр шатны шүүх 14/14 горимоор ажилласан уртын ээлжийн ажилтан нөхөн амарсан гэж маргахдаа ердийн горимоор ажиллаж буй ажилтны ажил ба амралтын цагийн харьцааг үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны нэг сард үргэлжлэх дундаж ажлын цагийг өдөрт 8 цаг, ажлын хоногийг нэг сард 21 хоногоор тооцон нэг сард 168 цаг /8*21/ ажиллаж, 336 цаг амрах тооцоололтой уртын ээлжийн ажилтны 14/14 хоногийн горимыг жишин адилтгасан байна.

Гэтэл ердийн горимоор ажиллаж буй ажилтан 21 хоногт өдөр бүр 8 цаг ажиллаж, ажлын өдөр бүрт гэр бүлийн хамт 16 цаг, сарын бусад өдөрт 24 цаг  амарч буй нөхцөл байдлыг, уртын ээлжийн ажилтны 14 хоногт нийтээр амрах өдрийг оролцуулан өдөр бүр 12 цаг ажиллаж, 12 цагийг кэмпийн дүрмээр өнгөрөөн, 14 хоног гэр бүлийн хамт амрах нөхцөл байдалтай шууд адилтгаж болохгүй.

Дээрх хоёр нөхцлийг гагцхүү тоон утгад суурилан ижилтгэн дүгнэх нь өрөөсгөл болохын зэрэгцээ ар гэрээс алслагдмал хуваариар ажиллах үед кэмпийн дүрмийн дагуу “амрах” хугацаанд үүсэх тухайн ажилтны гэр бүлийн амьдралын ачаалал, үүнээс хуваалцах гэр бүлийн гишүүний үүрэг, ажилтан ажлын бус цагаараа Үндсэн хуулиар олгогдсон чөлөөтэй зорчих эрхээ хэрэгжүүлэх хязгаарлагдмал нөхцөл зэргийг харгалзан үзвэл “168 ба бусад цаг” гэх тоон утга биелснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “нөхөн амруулсан” гэх нөхцлийг хангасан гэж үзэхгүй.

Иймд энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “нөхөн амруулсан” байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж дүгнэх үндэстэй.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй.

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно” гэж заасан. Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1,5-олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдлээс бүрдсэн байна. Хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1,2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын хөлс /6,831,068+14,011,649+23,054,019/-ийг ажилласан цагт хувааж нэг цагийн хөлсийг 85,735.80 төгрөг гэж тооцон, сар бүр 56 цаг, 3 сард 168 цаг илүү ажилласан гэж үзэж, илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1 дахин нэмэгдүүлж олгосон гэж үзээд, 0,5 дахин нэмэгдүүлсэн үлдэх хэмжээ болох 7,201,807 төгрөгийг шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

19. Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг дээрх байдлаар тайлбарлан хэрэглэх нь уул уурхайн салбарт ажилтны хомсдол бий болгох, ажилтны үндсэн эрхийг зөрчих нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг дагуулах талаар тайлбарлаж байх боловч энэ нь тус хуулийн үйлчлэл, үр дагаврыг хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар дахь бусад нийт ажил олгогч, ажилтны харилцаанд тусган тооцож чадаагүй, холбогдох хуулийн илэрхий зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль, үүргийн эрх зүйн үндсэн зарчим болох солилцооны зүй ёс, хуулийг системчлэн тайлбарлах өнцгөөс авч үзээгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

20. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00906 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00753 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

          “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 7,201,807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аэд олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

          “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “О” ХХК-аас 130,179 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ 

                           ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

                                                                                                  Н.БАЯРМАА

Д.ЦОЛМОН