Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 39

 

Д.Ө, С.Н нарт

     холбогдох хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ө, С.Н нарт холбогдох, 1935004830047 эрүүгийн дугаартай, 2 хавтас хэргийг шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Н нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Т.Уянга нар оролцов.

Монгол Улсын иргэн, Б ургийн овогтой Д-гийн Ө 1972 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын .. багт оршин суух, урьд Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээртэй шүүгчийн захирамжаар өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдаж байсан, регистрийн дугаар: ...

Монгол Улсын иргэн Д ургийн овогт С-ийн Н, 1982 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын ...дугаар багт оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...

Шүүгдэгч Д.Ө, С.Н нар нь бүлэглэн Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 11 дүгээр сарын 20-оос 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд тус багийн иргэн Г.Өын адуунаас түүний 1 тооны адуу, мөн тус багийн иргэн Ч.Лхагвасүрэнгийн адуунаас 2 тооны адуу нийт 3 тооны адуу хулгайлж нийт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б ургийн овогт Д-ийн Ө, Д ургийн овогт С-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Нийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Өт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Нид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 433 кг адууны махыг устгасан болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг хар эмээл 1 ширхэг /хуучин/, суран ногт 1 ширхэг /хуучин/, суран хазаар 1 ширхгийг  /хуучин/ тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

-Увс аймаг дахь цагдаагийн газарт хадгалагдаж байгаа хул зүсмийн адууны шир 1 ширхэг, толгой 1 ширхэг, шийр 4 ширхэг, сартай хар зүсмийн адууны шир 1 ширхэг, толгой 1 ширхэг, шийр 4 ширхгийг тус тус устгахыг Увс аймаг дахь цагдаагийн газарт даалгаж,

- Суран бугуйл 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн нас гүйцсэн морь 1, Даюн загварын ногоон өнгийн мотоциклийг тус тус улсын төсөвт оруулж,

Шүүгдэгч С.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүгдэгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Тэгтэл миний хэрэг анхан шатны шүүх дээр ирсний дараа буюу хэрэг хянан шийдвэрлэхийн өмнө би шүүхээс чөлөө аваад гэрлүүгээ явах замдаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүнээр зодуулан биедээ хүнд гэмтэл авсан.

Тухайн үед хүнд зодуулнаас миний бие маш их муудаж Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Баруун талын олон хавирганы хугарал, баруун уушигний уналт, цус хий хуралт, баруун талын 6,7,8,9 хавирга яс дунд хэсгээрээ хугарсан, хоорондоо маш их зөрүүтэй” гэсэн шинжээчийн дүгнэлт гарч гэмтлийн эмнэлэгт хэд хоног эмчлүүлээд эмч нарын зөвлөгөөний дагуу Улаанбаатар хот эмчилгээнд яваад хэрэг шийдвэрлэх хугацаа болсон учир шинжилгээ, оношлого хийлгэсэн боловч анхан шатны шүүх хуралдаан болох үед шинжээчийн дүгнэлт, бусад шинжилгээ, оношлогооны бичиг баримтаа авч ирж чадаагүй юм. Одоо миний эрүүл мэндийн байдал маш муу хүнд зодуулнаас хойш хугарсан хавиргууд маань өдөр, шөнөгүй байнга өвдөж, амар тайван байх нөхцөлгүй байна. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 6  дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

...Хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт бүрэн нөхөн төлж, гэм хорыг арилгасан. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан болно.

Би хувийн байдлын хувьд Завхан аймгийн Сантмаргац суманд 9, 7 дугаар ангийн хоёр хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг ганц бие эцэг. Надаас өөр хүүхдүүдийг минь харж хандах, амьдрал ахуйг маань авч явах, мал ахуйг маань харж хандах хүн байхгүй.

Иймд миний хувийн байдал болон хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр: “Шүүгдэгч нар болон шүүгдэгч Д.Ө-ын өмгөөлөгч Д.Бунжаа нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэн хянан харгалзаж өгнө үү. Мөн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ө, С.Н нарт холбогдох хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарын хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд тохирсон ял шийтгэл оннгдуулсан байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа:”Миний үйлчлүүлэгч Д.Ө нь хэрэгт шалгагдах явцад Завхан аймгийн нутаг дэвсгэрт явж байгаад хүнээр зодуулж эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ял эдлэх боломжгүй болсон тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал муу байсан учир заавал Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ингээд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор эмчилгээгээ дуусгаагүй ирж оролцсон.

Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа боловч биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хүнд нөхцөл байдалтай, цаашид мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Д.Ө нь хүнээр зодуулж биедээ хүнд гэмтэл авсан талаарх эрүүл мэндийн шалтгаантай холбоотой нотлох баримтуудыг өгч чадаагүй. Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Д.Ө нь хохирогчоор мэдүүлэг тайлбар өгсөн боловч хэсгийн төлөөлөгч нь ээлжийн амралтаа авсан байсан тул шинжээчийн дүгнэлт болон нотлох баримтаа өгч чадаагүй юм.

Шүүгдэгч Д.Ө нь хорих ял аваад хоригдох явцад биеийн байдал хүндэрч өдөрт өвчин намдаах эм их хэрэглэж, амьсгал авч чадахгүй байгаа. Анхан шатны шүүхээс өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар ял хүндрүүлж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг баримталж миний үйлчлүүлэгч Д.Өын эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Т.Уянга:”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Прокурорын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг.

Шүүгдэгч С.Н-ийн хувийн байдлын хувьд 12 болон 14 насны 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Ганц бие эцэг болох нь шүүхийн шатанд тогтоогдсон. Одоо 2 хүүхдийг нь асран хамгаалах хүн байхгүй. Ар гэрт нь малчны зээл төлж мал маллах хүн байхгүй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн мөн прокурорын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийх ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнө нь ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй учраас С.Нийн хувийн нөхцөл байдлууд нь эрх зүйн байдлыг дордуулахгүй байх гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч С.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдлуудыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Н нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Д.Ө, С.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ө, С.Н нар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Ө, Ч.Лхагавсүрэн нарын 3 тооны адуу хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч Ч.Дорж, Д.Баярхүү, Н.Мөнхзаяа, Ц.Мөнхбаяр нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, адуунд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрэлх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Ө, С.Н нарын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар “ ...Д.Ө нь хүнд гэмтэл авсан тул ялаас чөлөөлөх буюу шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх... “ тухай, шүүгдэгч С.Н “ ...ерөнхий боловсролын сургуульд сурдаг 2 хүүхдийн хамт амьдардаг тул хувийн байдлыг харгалзан хорих ялыг өөрчлөн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөх... “ тухай давж заалдсан гомдол гаргасныг тус тус хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө, С.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь тэдгээрийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Т.Уянга нарын “С.Н нь ганц бие эцэг тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү “ гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурав хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүүлэхийг хойшлуулж болох боловч С.Н нь гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Д.Ө, С.Н нар нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн боловч энэ төрлийн гэмт хэргийг урьд нь үйлдэж, ял шийтгүүлж байсан атлаа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх талаархи эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ялаас чөлөөлөх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болно.

 Иймээс шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Н нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ө, С.Н нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 8 дугаар  сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан  тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Н нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Ө, С.Н нарын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар  сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ