Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 181/2023/03528/И |
Дугаар | 001/ХТ2024/00181 |
Огноо | 2024-09-10 |
Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/00181
В.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00878 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01018 дугаар магадлалтай,
“М” ХХК-д холбогдох
39,697,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч В.Б нь “М” ХХК-д холбогдуулан 39,697,004 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00878 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1-д тус тус зааснаар хариуцагч “М” ХХК-аас нийт 39,697,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Бт олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01018 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “М” ХХК-д холбогдох, 39,697,004 төгрөг гаргуулах тухай В.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 356,435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01018 дугаартай шүүгчийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” 172.2.3-т “... хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасныг тус тус үндэслэл болгож дараах гомдлыг гаргаж байна.
4.1 Хянавал хэсэгт "… Даатгуулагч В.Б нь 2023.03.21-ний өдөр байгалийн эрсдэлд өртсөн талаар даатгагчид 2023.03.23-ны өдөр мэдэгдсэнийг мөн зүйлд зааснаар нэн даруй мэдэгдсэн гэж үзэхгүй. ..." гэжээ. Талуудын хооронд 2022.12.30-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгагч “М” ХХК нь 3778 УНУ улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг даатгаж, даатгуулагч В.Б нь даатгалын хураамжид Стандарт ангилал буюу автомашины үнэлгээ болох 276,500,000 төгрөгийн 0,8 хувиар тооцож 2,212,000 төгрөг төлсөн. Иймд талуудын хооронд 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Нэхэмжлэгч В.Б нь 2023.03.21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах замд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хохирол үүссэн. Ингээд даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар 2023.03.23-ны өдөр “М” ХХК-д хандаж, 2023.03.28-ны өдөр “И” ХХК-иар даатгалын үнэлгээ хийлгүүлж, хохирлын үнэлгээг 77,851,000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл "М” ХХК нь даатгалын үнэлгээгээр тогтоосон хохирлыг 100 хувь олгохоос татгалзаж, даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөгийг олгож, үлдэх 36,581,004 төгрөгийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр татгалзсан.
Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-д “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд даатгуулагчийн эрх, үүргийг заасан ба мөн зүйлийн 10.1.5-д “даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх” гэжээ. Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон үед даатгагчид энэ тухай нэн даруй мэдэгдсэнээр аль болох хугацаа алдахгүйгээр зохих шалгалтыг хийх, нөхөн төлбөрөө хурдан авах боломжийг олгохын зэрэгцээ ослын шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэмжээ, нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл байгаа талаар тогтооход ач холбогдолтой байна.
Тухайн үед нэхэмжлэгч нь орон нутгийн замд явж байсан, хүчтэй шороон шуурганы улмаас даатгалын компанид мэдэгдэх гэж оролдсон боловч хөдөө хээр холбоо барих боломжгүй газарт зорчиж байхад уг байгалийн эрсдэл гарч, утасны сүлжээ байгаагүй тул сүлжээ орсон даруйд өөрийн боломжит хугацаанд нэн даруй мэдэгдсэн. Түүнчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйл нь хүнээс үл шалтгаалж, хэдийд ч гарах боломжтой юм. Уг 2022.12.30-ны өдрийн Зээлийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөрийн мэдээлэл хэсэгт “Байгалийн эрсдэлийн улмаас үүссэн хохирлыг даатгалын хамгаалалт 100 хувь нөхөн төлбөр олгож, барагдуулна” гэж заасан нь нөхөн төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээж байна.
Мөн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 11 сарын 07 өдрийн 001/ХТ2023/00213 дугаартай тогтоолд “… даатгалын тохиолдол үүссэн талаар нэн даруй мэдэгдээгүй олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй, нэн даруй мэдэгдэх үүрэг нь даатгалын гэрээний үндсэн үүрэг биш тул ... даатгалыг тохиолдлын талаар нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос чөлөөлөгдөх үндэслэлгүй” гэж тогтоож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөө хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
4.2 Хянавал хэсэгт “... Мөн даатгалын дээрх эрсдэл бий болсноос хойш 2 хоногийн дараа даатгагчид мэдэгдсэнийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.11 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ...” гэжээ. Гэтэл гэрээний 2.1.11-т “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж байгалийн гамшигт нэрвэгдсэн. … хөдөө хээр газар даатгалын тохиолдол болсон гэх мэтийг ойлгоно” гэж заасан байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд орох үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх ийнхүү тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон учир түүний улмаас учирсан хохирлыг хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний тайланд тусгагдсанаар 3,116,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь гэрээний зорилгод нийцнэ. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчаас үнэлгээний зардал 3,116,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01018 дугаартай шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
5. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэгч В.Бын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцаад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан, талуудын хооронд байгуулсан гэрээний заалт болон зохицуулж байгаа хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтгүй үйл баримтыг нотлогдсон гэж үзэн шийдвэрлэсэн, хариуцагчийн хариу тайлбарт огт дүгнэлт өгөөгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2024/00878 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь:
Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 39,697,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Бт олгох нь зүйтэй гэж дүгнэв” гэж дүгнэсэн нь “И” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тус даатгалтай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 310,000,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан даатгалын үнэлгээ 276,500,000 төгрөг тул Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д “Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно” гэж заасны дагуу даатгуулагчид учирсан хохирлыг тогтоож олгосон байдаг. Үүнд үнэлгээний тайлангаар тогтоосон 77,851,000 төгрөгийн хохирлын дүнгээс Иргэний хуулийн 438, 510 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээний тайлангийн 87-92 хүртэлх зардлуудыг хасч бодит хохирол болох 77,120,000 төгрөгөөс даатгагч 89,19 хувийг буюу 68,783,328 төгрөгийг олгохоос 41,269,996 төгрөгийн олгосон ба нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу үлдэгдэл 27,513,332 төгрөгийг нэхэмжилж болох боловч гэрээний даатгалын эрсдэл хэсэгт зааснаар тохиолдол бүрт даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлагын хэмжээ 20 хувь байхаар зохицуулагдсан тул 68,783,328 төгрөгөөс өөрийн хүлээх хариуцлага 20 хувийг хасч 13,756,666 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэйг шүүх дүгнээгүй, шүүхийн шийдвэрт ямар нэгэн тооцоолол хийлгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа алдаатай байсан бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК-ийн тус тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 310,000,000 төгрөг гэж тогтоосонтой холбогдуулан маргасан зүйл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар ирүүлээгүй байдаг ба анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Нэн даруй мэдэгдээгүй бол нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж дурдаад байгаа боловч хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзаагүй бөгөөд нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол нөхөн төлбөрийг 60 хувиар олгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний даатгалын эрсдэл хэсэгт зааснаар даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлагын хэмжээ 20 хувь байхаар зохицуулагдсан тул нөхөн төлбөрийг 80 хувиар эсвэл 60 хувиар олгох эсэх дээр шүүх дүгнэлт өгч шийдвэр гаргах ёстой байсан боловч анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь олгосон нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёснь байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хоёр. Тус иргэний хэргийн шүүх хуралдаан 2024.03.01-ний өдөр товлогдсон байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х Говь-Алтай, Ховд аймгуудад 2024.02.23-ны өдрөөс 03.02-ны өдрийг хүртэлх хугацаагаар томилолтоор /Говь-Алтай аймагт давж заалдах шатны шүүх хуралтай, Ховд аймагт цагдаагийн байгууллагад хэргийн материалтай танилцаж мэдүүлэг өгөх/-өөр ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” хүсэлтийг хурал болохоос өмнө албан бичгээр өгсөн боловч шүүх хариуцагчийн хүсэлтийг хангалгүй эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон. Тухайн шүүх хуралдаан болох өдөр буюу 2024.03.01-ний өдөр мөн адил тус шүүхэд Б.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болох байсан бөгөөд хариуцагчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бий болсон хүсэлтийг тус шүүхийн шүүгч Цэлмэг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байдаг.
Гурав. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Цаг агаарын аюултай үзэгдэл нь хүний хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул нэхэмжлэгч нь 3778 УНУ улсын дугаартай, Тоуоtа lаnd Сruiser G300 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба даатгалын тохиолдол нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарч үүссэн байна” гэж, “3778 УНУ Тоуоtа lаnd Сruiser G300 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь хүний хүсэл зоригоос үл хамаарах цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүссэн байх тул нэхэмжлэгч эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг аваагүй гэж үндэслэлгүй байна” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд 2023 оны 03 дугаар сард Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс ард иргэд, малчид, тээвэрчдэд цаг агаарын болзошгүй эрсдэлээс анхааруулж сэрэмжтэй байхыг зөвлөсөн мэдээг удаа дараа гаргасан байдаг бөгөөд Монгол Улс даяар цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр анхааруулж зарласан нь даатгалтай тээврийн хэрэгслийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг шууд бий болгосон. Гэтэл нэхэмжлэгч цаг агаарын аюултай дохиог мэдсээр байж зорчсон байдаг бөгөөд зайлшгүй замын хөдөлгөөнд оролцон Улаанбаатар хот руу ирэх ёстой байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан, аливаа баримтаа ирүүлээгүй нь Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-т “Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ...” гэж заасан үүргээ биелүүлээгүй нь нотлогддог.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэгч Даатгалын гэрээний 7-ийн 7.2.4-т зааснаар даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдээгүй гэх тайлбар гаргасан байх боловч цаг агаарын аюултай үзэгдэл болон үүрэн гар утасны сүлжээгүй байсны улмаас нэхэмжлэгч нъ даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдэх боломжгүй байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбараар нотлогдож байна” гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч сүлжээгүй байсан эсэх, даатгал руу мэдэгдэх оролдлого хийсэн боловч сүлжээ орохгүй байсан гэх амаар гаргасан тайлбараа нотлох аливаа баримт ирүүлээгүй байх тул амаар гаргасан тайлбар хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй юм. Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд “Нэн даруй гэдэг бол тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой боломжит хугацаа” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2023.03.21-ний өдөр тохиолдол болсон гэх боловч 2023.03.23-ны өдөр 09:26 цагт хариуцагчийн шуурхай албаны 75756000 дугаарын утсанд 97113888 дугаараас өгсөн дуудлагын мэдээлэл болон ярианы бичлэгт “... уржигдар шөнө шуурганд өртсөн, урд шил црап болсон, одоо Улаанбаатар хотод байна” гэсэн байдаг нь нэхэмжлэгч нэн даруй мэдэгдсэн ямарваа нэгэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд сүлжээ оронгуутаа мэдэгдсэн эсэх баримт ирүүлээгүй байна. Шүүх хуралдаан дээр хариуцагч энэ талаарх баримтыг гаргаж өгөх байсан боловч хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй байхад шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үнэлгээний зардалд 3,116,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 438, 510 дугаар зүйлүүдэд тус тус заасныг зөрчсөн бөгөөд талуудын гэрээгээр тохиролцоогүй зардлыг хангасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/00890 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч В.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.
8. Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 39,697,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... В.Б нь 2022.12.30-ны өдөр “М” ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. ... 2023.03.21-ний өдрийн 14:30 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах замд хүчтэй шуурга шуурч, ... 3778 УНУ Тоуоtа lаnd Сruiser G300 маркийн автомашинд хохирол учирсан. ... Даатгалын гэрээний нөхөн төлбөрийн мэдээлэл гэсэн хэсэгт байгалийн эрсдэл учирвал “Стандарт багц” гэрээний хувьд 100 хувь олгохоор тохиролцсон. ... 7.4.3-т даатгагч нь даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр даатгуулагчид олгох үүрэгтэй гэж заасны дагуу хохирлын үнэлгээгээр тогтоосон 77,851,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгох үндэстэй. ... Санхүүгийн зохицуулах хороо ... “М” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн тул үлдэгдэл 36,581,004 төгрөг, даатгалын үнэлгээ хийлгэсэний хөлсөд төлсөн 3,116,000 төгрөг, нийт 39,697,004 төгрөгийг гаргуулна.” гэж тодорхойлсон.
9. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “... нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгсэлтэй 2023.03.21-ний өдрийн 14:30 цагийн орчимд шуурганд өртсөн талаар дурдсан боловч 2 хоногийн дараа буюу 2023.03.23-ны өдөр ослын талаар дуудлага өгсөн. Цаг уур орчны шинжилгээний газраас 2023.03.20-ны өдрөөс 2023.03.22-ны өдөр хүртэл цаг агаарын аюулт үзэгдлийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан анхааруулж зарласан байхад энэ үүргээ биелүүлэхгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг ирүүлээгүй, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, даатгалын гэрээний 7.2.3-т -д “даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх”, даатгалын гэрээний 7.2.4-т “Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид 7575-6000 утсаар нэн даруй мэдэгдэх” үүргээ зөрчиж, гэрээний 9.1.1-д “даатгуулагч ... хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн” тул нөхөн төлбөр олгохоос татгалзана. Гэрээнд заасан даатгалын үнэлгээ 276,500,000 төгрөг ба Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д заасны дагуу даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож үнэлгээний тайлангаар тогтоосон 77,851,000 төгрөгийн хохирлын дүнгээс даатгагч 89,19 хувийг олгохоор тооцоолсон. Үүнээс даатгалын гэрээний 8.8.1-д заасны дагуу 41,269,996 төгрөгийн төлбөр олгосон гэж тайлбарласан.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 39,697,004 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... В.Бын “М” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасанд нийцсэн. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь хүний хүсэл зоригоос үл хамаарах цаг агаарын аюултай үзэгдлээс үүссэн тул нэхэмжлэгч эрсдлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ аваагүй гэх үндэслэлгүй. Даатгалын гэрээний 8.8.1-д зам тээврийн ослын улмаас цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр олгоно.” гэсэн заалт нь даатгуулагч замын хөдөлгөөний дүрэм зөрчих болон зам тээврийн осолтой холбоотой тул хариуцагч уг үндэслэлээр үлдэгдэл даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Цаг агаарын аюулт үзэгдэл болон гар утасны сүлжээгүй байсны улмаас нэхэмжлэгч даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1 дэх заалтад “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэж заасан үндэслэл үүсээгүй. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үлдэгдэл төлбөр 36,581,004 төгрөгийг болон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний зардал 3,116,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй…” гэж дүгнэсэн.
11. Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “... Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. ... Даатгуулагч В.Б 2023.03.21-ний өдөр байгалийн эрсдэлд өртсөн талаар даатгагчид 2023.03.23-ны өдөр мэдэгдсэнийг нэн даруй мэдэгдсэн гэж үзэхгүй. ... хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.8.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөг олгосон нь гэрээ болон Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5 дахь хэсгийг зөрчөөгүй. ... хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон даатгалын нөхөн төлбөрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр үнэлгээний зардал 3,116,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. ...” гэж дүгнэсэн байна.
12. Хоёр шатны шүүх даатгалын тохиолдол бий болсон эсэх талаар үйл баримтыг зөрүүгүй дүгнэсэн боловч гэрээнд заасан нөхөн олговрыг төлөх үндэслэл бүрдсэн эсэх тухайд Даатгалын тухай хуулийн болон талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтыг ялгаатай тайлбарлан хэрэглэжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэн хяналтын журмаар хэлэлцэв.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ болохыг зөв тогтоож, эрх зүйн харилцааг агуулгын зөрүүгүй тодорхойлжээ. Түүнчлэн тус даатгалын гэрээгээр тодорхойлсон эрсдлүүдэд байгалийн эрсдэл багтсан бөгөөд даатгуулагч 2023.03.21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу явах замд хүчтэй шуурганд өртөж даатгалын зүйл болох 3778 УНУ улсын дугаартай, Тоёота ланд крузер жей 300 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтыг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.
14. Харин тус шуурганы улмаас учирсан хохирлын хэмжээ, даатгагчаас олгох нөхөн төлбөрийн хэмжээний талаар зохигч зөрүүтэй тайлбарлаж байх ба шүүхүүд маргааны зүйлд холбогдох хуулийн болон гэрээний зохицуулалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал, нэхэмжлэгч В.Б түүний эзэмшлийн 3778 УНУ улсын дугаартай, Тоёота ланд крузер жей 300 маркийн тээврийн хэрэгсэлд нийт 77,851,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг бүхэлд нь болон хохирлын үнэлгээ хийлгэхээр хөрөнгийн үнэлгээчин “И” ХХК-д төлсөн 3,116,000 төгрөгийг гаргуулах нь Даатгалын гэрээний “Нөхөн төлбөрийн мэдээлэл” хэсэгт “байгалийн эрсдлийн улмаас бий болсон хохирлыг “стандарт” багцыг сонгосон даатгуулагчид 100 хувь төлнө гэх заалтад нийцнэ гэж тайлбарласан байх бол хариуцагч “М” ХХК нь даатгуулагч байгалийн эсрдлийн улмаас хохирол амссан үйл баримтыг маргахгүй хэдий ч даатгагчид нэн даруй мэдэгдэх, даатгалын тохиолдол бий болохоос зайлсхийх үүргүүдээ биелүүлээгүй гэж үзэн хохирлын дүнг 60 хувь хүртэл хэмжээгээр бууруулахаар даатгалын гэрээний 7.2.3, 8.8.1 дэх заалтуудыг эш татан маргаж байна.
15. Анхан шатны шүүх даатгалын гэрээний 7.2.3-т Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах үүргийг даатгуулагчид ногдуулсан нь тус маргааны тохиолдолд хэрэглэгдэхгүй, учир нь байгалийн эрсдлийн эсрэг даатгуулагч өөрөөс шалтгаалах арга хэмжээ авсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх энэ талаар тухайлсан дүгнэлт өгөөгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаагүй байна. Түүнчлэн даатгалын гэрээний 8.8.1-д “зам тээврийн ослын талаар цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр олгоно.” гэж заасныг анхан шатны шүүх тус маргааны тохиолдолд хамаарахгүй, энэ хэргийн тухайд зам тээврийн осол болоогүй, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх Даатгалын тухай хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэг болон гэрээний 8.8.1 дэх заалт нь энэ хэрэгт хамаарна гэж үзсэнээр маргаанд холбогдох хэм хэмжээг зөрүүтэй тайлбарлан хэргийг шийдвэрлэжээ.
16. Даатгалын тохиолдол 2023.03.21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хүрэх замд хөдөө хээр бий болсон, энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2023.03.23-ны өдөр даатгагчид мэдэгдсэн үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Хариуцагч “М” ХХК нь даатгуулагч тохиолдлын талаар утас нь сүлжээнд холбогдсон даруй мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь даатгалын нөхөн төлбөрийг буулгах үндэслэл болно гэж маргасныг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Даатгалын гэрээнд заасан зарим тохиолдлын тухайд даатгагчид нэн даруй мэдэгдэх дагалдах үүрэг нь ач холбогдолтой байж болохыг үгүйсгэхгүй хэдий ч энэ хэргийн тухайд байгалийн аюулт үзэгдэлд өртөж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирснаас хоёр хоногийн хугацаанд даатгалын тохиолдол бий болсон талаар даатгагчид мэдэгдсэн нь даатгалын нөхөн төлбөрийг бууруулах хэмжээний үүргийн зөрчилд хамаарахгүй. Ийнхүү 2 өдрийн дараа мэдэгдсэнээр даатгалын учрал тохиолдол болсон үеийн нөхцөл байдлыг сэргээн тогтоох, хохирлын хэмжээ, цар хүрээг өөрчлөх, энэ нь нөхөн төлбөрт нөлөөлөхүйц үр дагаврыг үүсгэхээргүй байх тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-д заасан даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
17. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 8.8-д нөхөн төлбөрийн хэмжээг бууруулах даатгуулагчийн буруутай үйлдлийг жагсаан тодорхойлсон байх ба 8.8.1-д “… зам тээврийн ослын талаар цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй …” гэж заасныг анхан шатны шүүх зам тээврийн осолтой холбон тайлбарлаж, байгалийн эрсдэл тохиолдсон үед даатгалын тохиолдлоос хойш 2 хоногийн дараа даатгагчид мэдэгдсэн нь нөхөн төлбөрийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж үзсэн нь зөв болжээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас бий болох даатгалын харилцааг байгалийн эрсдлийн улмаас бий болсон даатгалын харилцаатай шууд адилтгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Иймд даатгалын гэрээний 8.8.1 дэх хэсэг нь энэ хэрэгт хамааралгүй тул нөхөн төлбөрийн хэмжээг 60 хүртэл хувиар бууруулан тогтоох үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
18. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1, даатгалын гэрээний 8.8.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгчийн гаргуулбал зохих нөхөн төлбөрийн хэмжээг 39,697,004 төгрөг гэж үзсэн нь алдаатай байна.
Даатгуулагч байгалийн эрсдлийн улмаас түүний эд хөрөнгөд 77,851,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн даатгагчаас шилжүүлээгүй татгалзсан үлдэгдэл нөхөн төлбөр 36,581,004 төгрөгийг болон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний зардал 3,116,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч үнэлгээний тайланд дурдагдсан 92 нэр төрлийн хохирлын үнэлгээг 77,851,000 төгрөгөөр тогтоосныг эс зөвшөөрч 87-92 дугаарт жагсаасан хохирол, зардлыг хасаж тооцон нийт хохирлыг 77,120,000 төгрөг гэж үзсэн. Гэвч даатгалын нөхөн төлбөр 100 хувь хохирлын дүнгээр тодорхойлогдохгүй гэх хариуцагчийн тайлбар үндэстэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д “Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдолд бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртгөт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно” гэж заасан. Энэ заалтыг үндэслэн тогтоовол даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 310,000,000 төгрөг, даатгалын гэрээнд тохирсон үнэлгээ нь 276,500,000 төгрөг болох үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Даатгалын гэрээний энэ үнэлгээг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулбал[1] 89.19 хувь болох бөгөөд даатгуулсан тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирлын 89.19 хувьд тохирох хэмжээгээр нөхөн төлбөрийг гаргуулах нь Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д заасантай нийцэж байна.
Энэ аргачлалаар тооцвол нөхөн төлбөрийн дээд хэмжээ 68,783,328 төгрөг /77,120,000*89.19%/ байх ба нэхэмжлэгч буюу даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөрт 41,269,332 төгрөгийг нэгэнт хүлээн авсан тул үлдэгдэл зөрүү төлбөр 27,513,332 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулан авч нэхэмжлэгч В.Бт олгох хууль зүйн үндэслэлтэй.
19. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирлын үнэлгээ хийлгэсний зардалд 3,116,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ тухайд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчнээр хохирлын үнэлгээ тогтоолгосон үйлдэл нь даатгалын эрсдлийн улмаас бий болсон шууд хохиролд хамаарахгүй бөгөөд энэ хэсэгт даатгалын нөхөн төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.
20. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч В.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын гаргасан даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдэх үүргээ зөрчсөнөөс даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг дуусгавар болох тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01018 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00878 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 27,513,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Бт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,183,672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5,015 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “М” ХХК-аас 295,517 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В.Бт олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч В.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.10-ны өдөр 356,435 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
[1] Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00969 дугаартай тогтоол