Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2017/0618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З-ийн Б

Хариуцагч: Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Э.Э, иргэдийн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 1993 оноос хойш 23 жил, Төрийн албанд 1975 оноос хойш тасралтгүй 41 жил ажиллаж байгаа бөгөөд өндөр настны тэтгэвэр тогтоолгоход нэг жил гаруйхан хугацаа үлдээд байна. Намайг 2016 оны ээлжийн амралт эдэлж байхад ажлаас халахаар утсаар мэдэгдсэний маргааш Ш.С даргатай уулзах үед тэрээр Хэрэг эрхлэх газрын дарга Ж.М надад Ардчилсан намын үед буюу 2012 оноос хойш ажилд авсан бүх хүнийг ажлаас халах үүрэг өгсөн. Тэр дунд таны нэр байна. Ажлаасаа халагд эсвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан тушаал цалин буурч шилжиж ажилла. Чамайг шилжүүлэн ажиллуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга н.Ц-тэй урьдчилаад ярилцаж тохирсон байгаа гэсэн утга учиргүй, хууль бус шаардлага тавьж тэр өдөртөө буюу 2016 оны 09 сарын 16-ны өдөр 221 дүгээр тушаал гаргаж, түүндээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг үндэслэж байгаа нь энэ хуулийн заалтын утга агуулгыг илт зөрчсөн, гуйвуулсан байна. Мөн өдөртөө намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, уншиж сонсгосон бөгөөд уг тушаалыг надад өгөлгүй, зөвхөн өөр байгууллагад шилжүүлсэн тушаалыг өгсөн. 222 дугаар тушаалыг авахаар асууж хүсэхэд Тэр чамд хамаагүй. Ажилгүй орхиогүй нь их юм гэж бод гэх мэтээр даапаалж, уг тушаалыг нууцалж байгаа гэж тушаал гаргасан өдөртөө ажлын үнэмлэхийг ордны комендатурт бичгээр үүрэг өгч, хүчээр хурааж авсан зэргийн цаана хууль бус үйлдлээ далдлах зорилго агуулж буйг шүүж гаргах хэрэгтэй юм.

Намайг чөлөөлсөн тушаалын агуулгыг сонсож байхад илт хууль бус шийдвэр гэдэг нь бодогдож байсан бөгөөд энэ тушаалыг авсан нөхцөлд миний нэхэмжлэлд дурдагдах хууль бус эрхийн акт гэдэг нь давхар нотлогдох үндэслэлтэй юм. Түүнчлэн намайг ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн ноцтой зөрчиж байна. Төрийн албан хаагч миний талаар ямар учир шалтгаанаар урьдчилан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болон Хэрэг эрхлэх газрын дарга Ж.М-тай ярилцсан болох, түүний өгсөн чиглэлийг удирдлага болгож, миний ажлыг өөрчилж байгаа зэрэг нь зүйлд нийцэхгүй үйлдэл билээ.

Энэ нь Ш.С албан тушаалаа ашиглан миний талаар бусадтай үгсэн хуйвалдаж, хууль бус шийдвэр гаргасныг баталж байна. Тэгээд ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан ажлын зайлшгүй ямар шаардлага гарсан, би тэнд очиж ажиллах шаардлагатай эсэх гэх мэт асуудлаар огт ярилцаагүй атлаа албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэж, өөртэй нь тохирсон хэмээн огт болоогүй зүйлийг болсон мэтээр гүтгэжээ. Ийнхүү шууд хамааралгүй хуулийн заалтыг надад тулгаж, Ш.С өөрт болон бусдын ая таалалд нийцүүлж, хууль бус шийдвэр гарган төрийн албан хаагч намайг хохироож байгааг таслан зогсоож өгнө үү.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газарт би очиж ажиллахгүй байх албан ажлын ёс зүйн учир шалтгаан бас байна. Ажил албан тушаалын зэрэглэл буурахад цалингийн хэмжээ эрс буурч энэ хирээр 1 жилийн дараа тэтгэвэрт гарахад тэтгэвэр буурч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын туршилтын хугацаагаар 1 жил ажиллах нь тодорхой байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагын түвшинд очиж ажиллахгүй нь тодорхой.

Хэрэв Хэрэг эрхлэх газрын 221 дүгээр тушаал хэрэгжих нөхцөлд миний ажил албан тушаал, цалингийн зэрэглэл 4-5 шатлалаар буурах нь дараах эрх зүйн актаар батлагдаж байгаа юм. Би одоо АА-5 шатлалаар цалинждаг бөгөөд Мэргэжлийн хяналтын газарт очиж ажиллах нөхцөлд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд шинээр томилогдсон ажилтанд 1 жил хүртэл туршилтын хугацаа хэрэглэнэ. Улсын байцаагч нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн журмын дагуу, ТЗ-4-5 шатлалаар цалинжихаар байна.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааг би иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Хэрэг эрхлэх газрын удирдлагаас өгсөн удирдамж шийдвэрээр 2011, 2013, 2014 онд шалгах үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь бусадтай хуйвалдан мөнгө ашиглан улсад их хэмжээний хохирол учруулж ажлаас халагдсан. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагын нөмөр, нөөлөг дор үлэмж хэмжээний мөнгө зувчуулсан гэх мэт зүй бус ноцтой үйлдэл гаргаж байсныг илрүүлж таслан зогсоож байсан юм. Энэ шалгалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт оршиж байсан ноцтой зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох олон тооны албан тушаалтнуудад захиргааны хариуцлага тооцуулж, сахилгын шийтгэл хүлээлгэж байсан газарт намайг хүчээр шилжүүлж байгаа нь зүйлд нийцэхгүй үйлдэл билээ. Энэ шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг Засгийн газар, төрийн албаны нэр хүндэд сэв суулгах учир Хэрэг эрхлэх газрын удирдлагын хүрээнд ярилцаад шийдье. Шалгалтын дүнг ажилчдад танилцуулах шаардлагагүй гэж дарамталж, шалгалтын үйл ажиллагааны үндсэн зарчмаас хазайлгаж, шалгалтын дүнг үндэслэн хуулийн байгууллагад шилжүүлж нягтлуулах, холбогдох арга хэмжээ авахыг санал болгоход түүнийг бүрхэгдүүлж, займчуулж байсан. Ийм нөхцөл байдлын дунд намайг албан тушаал эрс бууруулж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гүйцэтгэх албан тушаалд шилжүүлэх шийдвэр гаргаж байгаа нь шийтгэлийн хэлбэр илт агуулсан, залхаан цээрлүүлсэн үйлдэл болж байгаа бөгөөд бодит байдалд 221 дүгээр тушаал нь хууль бус сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох нь олон талаар батлагдана. Ажил, албан тушаалын зайлшгүй шаардлага гэдэг ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд олон нөхцөл, байдлаар тодорхой зааж өгсөн байна. Би 25 жил ажилласан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олны дунд байж, 1 жил гаруйхан хугацааны дараа тэтгэвэрт гарч, цаашид Хэрэг эрхлэх газрын ахмадын хороонд бүртгэлтэй байж байгаад нүд анимаар байна.

Харин эдгээр үйлдэл нь Ш.С-ын өөрийн явцуу эрх ашгийг улс төрийн нам хүчний удирдлагуудын нэр хүндээр намайг далайлган сүрдүүлж, өөрийн дураар дургих хэрэгсэл болгож байгааг давхар нотлох баримт юм. Түүнчлэн тушаалд надад шууд хамааралгүй хууль тогтоомжийн зүйл заалтыг ашиглан сүржигнэж хий хүч нэмэгдүүлжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэл болсон нь байгууллага татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй, орон тоо хасагдаагүй учир утгагүй зүйл болжээ. Мөн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг үндэслэл болгож байгаа нь утга авцалдаагүй үйлдэл юм. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай 2012 оны 20 дугаар тогтоолоор Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газартай байхаар баталсан, үүний дараа сая гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай 2016 оны 10 дугаар тогтоолд Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газартай байхаар урдах тогтоолоор батлагдсан орон тоо, бүтцийн нэр, үг, үсэг цэг таслалын өөрчлөлтгүй батлагдсан нь энэ газарт бүтцийн өөрчлөлт ороогүйг батална. Иймд тушаалын үндэслэл болж чадахгүй юм. Энэ мэт тушаалын агуулгад шууд хамааралгүй хууль тогтоомжийн заалтыг хэрэглэх, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдын ажил амьдрал албан тушаал нэр төрөөр нь хохироодог асуудал Хэрэг эрхлэх газарт удаа дараалан гарч байдгийг надад урд тохиолдсон бодит жишээ батлах юм.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын намайг өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах 221 дүгээр тушаал үндэслэлгүй гарсан гэж үзэж тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир мөн өдрийн 222 дугаар тушаалыг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг 222 дугаар тушаалыг надад өгөлгүй нууцалж, шүүх хуралдааны явцад шүүхэд авчирч өгсөн нь надад тушаалтай бүрэн танилцах боломж олгоогүй явдал юм.

Түүнчлэн Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан Б.О-г орон тоо хасагдсан гэж 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 226 дугаар тушаалаар ажлаас халсан.

Гэтэл ажлын орон тоо нь хасагдсан гэх шалтгаанаар ажлаас халагдсан ахлах референт Б.О-ийн ажлыг намайг хийж байсан гэж бичиж байгаа шүүхийн бичиг баримтад тусгагдсан хэсэгтэй санал нийлэхгүй байна.

Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын надад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож урьд эрхэлж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн баталж, тус газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн. Ийнхүү тус газрын бүтэц зохин байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийн нэгжүүдийн орон тоо ажил үүргийн хуваарийг шинээр батлагдсан бүтцэд нийцүүлэн шинэчлэн баталсан. З.Б тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Үндэсний хөтөлбөрийн цогц бодлого, Засгийн газрын Үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан Засгийн газрын ахлах референтээр ажиллаж байсан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үндэсний хөгжийн цогц бодлого, хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын биелэлтийг хангуулах хяналт-шинжилгээ үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан.

Харин тус газрын бүтцийг шинэчлэн баталсан Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн баталсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 211 дүгээр тушаалын дагуу түүний эрхэлж байсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн Газрын Үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-ийн орон тоо хасагдсан.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн З.Б-тай өөртэй нь тохиролцсоны дагуу түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц-с ажлын туршлагатай мэргэшсэн төрийн албан хаагчийг тус байгууллагад шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/2199 дүгээр албан бичгээр ирүүлсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тавьсан хүсэлтийн дагуу 2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцож, З.Б-ыг цаашид өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүртлээ төрийн албанд ажиллах бололцоог хангах зорилгоор ажилд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан болно. Өөрөөр хэлбэл З.Б-ын төрийн албанд ажилласан хугацаа, туршлага өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд 1 жилийн хугацаа дутуу байсан зэргийг харгалзан түүнийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллуулах шийдвэрийг гаргасан. Байгууллагын бүтэц шинэчлэн батлагдаж, З.Б-ын орон тоо хасагдаж, цаашид ажиллуулах боломжгүй болсон хэдий ч түүнийг шууд ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн олговор олгох шийдвэрийг гаргаагүй юм.

З.Б нь гаргасан нэхэмжлэлдээ ........намайг 2016 оны ээлжийн амралт эдэлж байхад ажлаас халахаар утсаар мэдэгдсэний маргааш Ш.С даргатай уулзах үед .........мөн өдөртөө намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж уншиж сонсгосон. ..... ээлжийн амралтаа эдэлж байхад ажил өөрчлөх тушаал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэжээ. З.Б нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаа ээлжийн амралттай байсан бөгөөд 09 дүгээр сарын 09-ний өдөр ээлжийн амралтын хугацаа дуусаж, ажилдаа орсон тул түүний ээлжийн амралттай байхад ажилд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан гэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөртэй нь тохирсон гэж огт болоогүй зүйлийг болсон мэтээр гүтгэсэн гэжээ. Тус газрын Тэргүүн дэд дарга З.Б-тай уулзаж, байгууллагын бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсаны дагуу ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж, эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсантай нь холбоотойгоор түүнийг ажлаас чөлөөлөх нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдэж, хуульд заасан үндэслэл бий болсон учраас ажлаас чөлөөлөх эсхүл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллах боломжтой байгаа хэлэхэд З.Б өөрөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллахыг зөвшөөрсөн учраас түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллах тушаал гаргасан болно.

Нэхэмжлэгч З.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг зөрчиж, дээд шатны байгууллагад хандаж гомдол гаргалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнчлэн захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 55 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэл, тайлбарын дагуу З.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 221 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүний орон тоо хасагдсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч З.Б нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 222 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж үзэж байгаа, түүний ямар эрх нь зөрчигдөж байгаа талаар тодорхой дурдаагүй, түүнчлэн маргаж буй 222 дугаар тушаалыг хууль бус гэж маргаж байгаа эсэх, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулахаар маргаж байгаа эсэхийг тодорхойлоогүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий 222 дугаар тушаалыг гардаж аваагүй, ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулж авч чадаагүй талаар тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй талаар тайлбарласан байгаа нь үндэслэлгүй бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн 221 дүгээр тушаалаар түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй юм.

Учир нь 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээс хамаарч Засгийн газрын ажлын алба болох Хэрэг эрхлэх газрын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч З.Б-ын ажлын байр хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасан баталгааг хангах үүднээс Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасны дагуу харилцан тохиролцож цалин, хангамж буурахгүй байхаар өөр байгууллагад түүнийг 221 дүгээр тушаалаар шилжүүлсэн бөгөөд нэгэнт орон тоо нь хасагдсан тул 2016 оны 222 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн болно.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Тохиролцсон гэдгийг тусад нь гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах зэргээр баталгаажуулна гэсэн бөгөөд үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажилд авах буюу тушаал гаргах талаар зөвшөөрсөн ба З.Б ирэхгүй байгаа талаар мэдэгдсэн байдаг. Дээрхээс үзэхэд З.Б-тай тохиролцсон тохиролцоог баталгаажуулсан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1/2199 тоот албан бичгээр нотлогдож байна.

З.Б-ын нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 222 дугаар тушаал нь түүний ямар эрх ашгийг хөндөж байгаа эсэх нь тодорхойгүй, захиргааны акт хуульд заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Дээрхи 222 дугаар тушаалыг хүчингүй болгосноор З.Б-ын ямар хууль ёсны зөрчигдсөн эрх ашиг сэргэх нь тодорхой бус юм.

Мөн З.Б нь нэхэмжлэлдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 222 дугаар тушаалыг надад мэдэгдээгүй гэх бөгөөд энэхүү тушаалыг анхан шатны шүүх хурлын явцад шүүхэд авчирч өгсөн гэх ба тухайн тушаалтай танилцсан болохоо үүгээр нотолж байна. Энэ нь түүнд шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжит хугацаа байсан болохыг илэрхийлж байна.

Нэхэмжлэгч З.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг шүүхээс анхаарч үзнэ үү.

Иймд З.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э болон өмгөөлөгч Б.Ба Э.Э нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 221 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн гарсан. Үүний дагуу өөртэй нь тохиролцсоны дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад 221 дүгээр тушаалын хэрэгжилт ямар шатандаа байгаа талаар хандахад 221 дүгээр тушаалын дагуу ажлын байраар хангасан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт томилогдсон ажилдаа ирэхгүй байгаа гэсэн. Шилжсэн албан тушаалыг буцааж томилох асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгжих боломжтой гэсэн албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Зөвхөн ажлын байрны нэршлийн тухай яриад байдаг. Баталгаагаар нь хангах үүднээс өөр байгууллагад шилжүүлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга тушаал гаргаж ажилтнуудын ээлжийн амралтыг тогтоодог. Энэ тушаалаар 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл амрахаар зааж, 09 дүгээр сарын 09-ний өдөр цалинг бодож олгосон цалингийн хүснэгтээр нотлогдоно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийг тогтоолоор баталдаг. Үүнд Тэргүүн дэд даргын эрх үүргийг заасан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхийг тэргүүн дэд даргад шилжүүлсэн. Нэхэмжлэгч З.Б өөрөө хүлээн зөвшөөрснөөр 221 дүгээр тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Иргэн З.Б-с Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдуулан гаргасан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал, мөн өдрийн 222 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг[1] тус тус хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Б нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 1993 оны 60 дугаар тушаалаар дэс түшмэл, 1996 оны 175 дугаар тушаалаар Танхимын үйл ажиллагааг дэмжих газарт референт, 2006 оны 212 дугаар тушаалаар ахлах референтээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалтаар ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах эрхийг Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад олгосон бөгөөд энэхүү эрхээ гагцхүү хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн ...тус газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референт Зинагийн Батбаярыг өөртэй нь болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай тохирсны дагуу... гэж дурдан нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлаа ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц-ээс ажлын туршлагатай мэргэшсэн төрийн албан хаагчийг тус байгууллагад шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/2199 дүгээр албан бичгээр ирүүлсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тавьсан хүсэлтийн дагуу 2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцож..... гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 1/2199 дүгээр албан бичиг нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал гарах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна., 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална. гэж заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэхдээ төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцохоор зохицуулсан бөгөөд төрийн албан хаагчтай тохиролцсон болохоо Захиргааны ерөнхий хуулийн дээр дурдсан заалтын дагуу баримтаар баталгаажуулах учиртай.

Маргаан бүхий 221 дүгээр тушаалд ...өөртэй нь ... тохирсны дагуу ... гэсэн боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэдэг бөгөөд хариуцагчийн З.Б-тай тохирсон гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй., 32 дугаар зүйлийн 32.3-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй., 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж тус тус зааснаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар захиргааны акт болон хариу тайлбарын үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг 11 газар, албатай, орон тооны хязгаарын 115 байхаар тогтоожээ.

Дээрх бүтцээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар нь хэвээр хадгалагдсан бөгөөд өмнөх бүтцээр Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрыг 8 орон тоотой, 3 ахлах референттэй байсныг мөн газрын даргын 2016 оны Орон тоо ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай 211 дүгээр тушаалаар Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрыг 10 орон тоотой болгон 2 орон тоогоор нэмэгдүүлж, 3 ахлах референтийн орон тоог хэвээр баталсан байна.

Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 01 дүгээр тушаалаар Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт

  • Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт
  • Хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах референт
  • Яам болон аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээний асуудал хариуцсан ахлах референт

гэсэн 3 ахлах референт байсныг 2016 оны 211 дүгээр тушаалаар

  • Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмжийн биелэлт хариуцсан ахлах референт
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт
  • Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ болон арга зүйн асуудал хариуцсан ахлах референт

гэсэн 3 ахлах референт байхаар баталсан нь орон тоо цөөрөөгүйг нотолж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ...З.Б тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан бөгөөд ... тус газрын бүтцийг шинэчлэн баталсан Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, орон тоо ажил үүргийн хуваарийг шинэчлэн баталсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 211 дүгээр тушаалын дагуу түүний эрхэлж байсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын Үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-ийн орон тоо хасагдсан болно. ... гэж, нэхэмжлэгч ... Би Хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмжийн биелэлт хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан юм. ... гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг томилж байсан тушаалуудаас үзвэл аливаа ажилтныг албан тушаалд тухайлан томилолгүй ерөнхий байдлаар ахлах референтийн, референтийн, ахлах шинжээчийн, шинжээчийн гэх зэргээр томилдог байна.

Мөн З.Б-ын хувийн хэргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн баримтаас үзвэл хувийн хэрэгт ажлын байрны тодорхойлолт болон 2006 онд ахлах референтээр томилогдсоноос хойш байгуулсан үр дүнгийн гэрээ байхгүй нь нэхэмжлэгчийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан үзэх үндэслэлгүй юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь ажилтан, албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулдаггүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын

тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-ийн орон тоо нэрийн хувьд өөрчлөгдсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан ...чиг үүрэг нь хэд хэдэн шинжээч, референтэд хуваагдсан... гэсэн тайлбараар чиг үүрэг хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна; гэж зааснаар чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол үргэлжлүүлэн ажиллуулахаар байна.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн, 2015 онд 8 хүний орон тоотой байсан газар нь 2016 онд 10 орон тоотой болж 2-оор нэмэгдсэн, ахлах референтийн 3 орон тоо хэвээр батлагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан... гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 222 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл, 16.5.1 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дүрмийн 7.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн Газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор З.Б-ыг үүрэгт ажлаас нь 2016 оны 09 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж шийдвэрлэжээ.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; гэж төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан бөгөөд Засгийн газрын Тэргүүн дэд дарга дүрмээр олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлэх учиртай байтал 222 дугаар тушаалд албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгож буй хуулийг хэрэглээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчимд тус тус нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Аливаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль болон төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад хуулийн зүйл, заалтыг үндэслэх учиртай бөгөөд ямар зүйл заалтын дагуу ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой байх нь дээрх зарчмуудад нийцнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. гэж зааснаар 222 дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй акт байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл нэхэмжлэгч З.Б-ыг өөр байгууллагад шилжүүлэхдээ түүнтэй тохиролцоогүй, түүний эрхэлж байсан ахлах референтийн орон тоо хасагдаж, цөөрөөгүй бөгөөд чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын З.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэгэнт нэхэмжлэгч З.Б-ыг өөр байгууллагад шилжүүлсэн болон ажлаас чөлөөлсөн нь хууль бус байх тул урьд эрхэлж байсан, ажилгүй байсан хугацааны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажлын 220 хоногийн цалинг АА-5 зэрэглэлийн 5 дахь шатлал, 65 хувийн нэмэгдлээр тооцон 15480688 /арван таван сая дөрвөн зуун наян мянга зургаан зуун наян найман/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгах зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 37 дугаар зүйлийн 37.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын З.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, З.Б-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 15480688 /арван таван сая дөрвөн зуун наян мянга зургаан зуун наян найман/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Б-т олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧИД Н.ДУЛАМСҮРЭН

Ц.МӨНХЗУЛ