Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 31

 

 

    Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Сугар даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
    Улсын яллагч Г.Амарсайхан,
         Хохирогч З.Мөнхзул
         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
    Шүүгдэгч Э.Баттунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
    Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Эрдэнэсүхийн Баттунгалагт холбогдох 201617000331 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 01 сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ЛЮ94012204, Боржигон овогт Эрдэнэсүхийн Баттунгалаг,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Баттунгалаг нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” буудалд тус буудлын үйлчлэгч З.Мөнхзулыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, маргалдан түүний эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч  Э.Баттунгалаг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би  мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн учраас энэ удаа мэдүүлэг өгөхгүй гэх,

- Хохирогч З.Мөнхзулын  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны намар сар өдрийг нь санахгүй байна орой 21 цагийн үед Э.Баттунгалаг нь найз Нараа болон өөр 2 залуугийн хамт манай буудалд өрөө авч орсон. Гэтэл шөнө 00 цагийн үед Нараа нь орж ирээд өрөөнөөс гар утас алга болчихлоо, танайх камераа шалгаж өг гэхэд нь би Нараад манайд камер байхгүй гэж хэлсэн чинь Э.Баттунгалаг гэгч эмэгтэй хажуугаар орж ирээд над руу дайрч миний найзын утсыг өг гээд миний үснээс зулгааж,   толгой руу гараараа   цохиж, хөлөөрөө миний элэг бөөр өшиглөж , нүүр маажиж зодсон юм.Тухайн үед Э.Баттунгалаг согтуу байсан. Ингээд би цагдаад хэлсэн.Э.Баттунгалаг надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй бид эвлэрсэн гэв.

Мөрдөн байцаалтанд Э.Баттунгалаг сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 сарын 02-ны орой 20 цагийн үед найз Мөнхнаран, Лхагвадорж, түүний найз нарын хамт Эрхэс нэртэй буудалд орж  пиво болон архи ууцгаасан.Гэтэл найз Мөнхнаран  буудлын 1 давхарт  утсаар ярьж байгаад  утсаа гээгдүүлсэн юм.  Тэгээд би Мөнхнарантай хамт буудлын үйлчлэгчтэй уулзаад “танайд камер  байна уу шүүх гэсэн юм” гэтэл   манайд камер байхгүй гэхээр нь  би түүнтэй маргалдсан юм. Тэгээд хоорондоо маргалдаж байтал  буудлын  ресепшин хүүхэн  миний хиймэл үсийг зулгаагаад хаяхаар нь би уурлаад  түүний нүүрийг маажсан. Би Мөнхзулаас  уучлалт гуйж, эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Бид 2 эвлэрсэн гэжээ. 

           - Хохирогч З.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 11 сарын 01-ны орой 20 цагийн үед Э.Баттунгалаг нь найз Нараа болон өөр 2 залуугийн хамт манай буудлын 4 тоот өрөөг авч орсон. Гэтэл шөнө 00 цагийн үед Нараа нь орж ирээд өрөөнөөс гар утас алга болчихлоо, танайх камераа шалгаж өг гэхэд нь би Нараад манайд камер байхгүй, та нар өөрсдийнхөө юмыг хариуцана гэсэн санамж бичиг байгаа шүү дээ гэж хэлсэн чинь Э.Баттунгалаг гэгч эмэгтэй хажуугаар орж ирээд над руу дайрч миний найзын утсыг өг гээд миний үснээс зулгааж, доошоо дарчихаад толгой руу гараараа 7-8 удаа цохиж, хөлөөрөө миний элэг бөөр рүү 4-5 удаа цохиж, нүүр маажиж зодсон юм. Урьд нь би Баттунгалаг гэх эмэгтэйг танихгүй, ямар нэгэн өс хонзон байхгзй. Тухайн үед Э.Баттунгалагтай хамт явсан 2 залуу хориод дийлэхгүй байсан.Э.Баттунгалаг надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 х/

              - Гэрч Г.Лхагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Мөнхнаран өөрийнхөө самсунг маркийн жижиг утсаараа орж гарахдаа утсаар ярьж байгаад коридорт алга болгоочихоод буудлын ажилтны өрөө рүү орж уулзах үед Баттунгалаг араас нь орсон. Э.Баттунгалаг манай найзын утас алга болчихлоо чи олж өг гэж Мөнхзултай муудалцаж байгаад  хоёр биенээ үснээс нь татахад Баттунгалагийн хиймэл үс уначихсан. Тэгтэл Баттунгалаг уурлаад Мөнхзулын нүүрийг маажаад гэмтэл учруулсан. Тухайн үед бид нарын үгэнд орохгүй байсан... гэх мэдүүлэг, /хх-н 10 х /
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 446 дугаартай дүгнэлтэд /хх-н 13 х /
- З.Мөнхзулын биед  тархи доргилт, баруун хацар, эрүү, баруун тохойн зулгаралт, баруун шанаа, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун шуунд, зүүн хөлний шилбэнд цус хуралтууд, дух болон баруун шанааны, толгойн зулайн хуйхны зөөлөн эдийн няцралт, зулайнэ хуйхны цэгчилсэн цус хуралт, үсний уналтууд гэмтэл тогтоогдлоо
           -Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
- Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
- Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, гэсэн дүгнэлт,

           -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх-н 23 х /

-    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 2/163 тоот тодорхойлолт / хх-н 24 х /

-    Э.Баттунгалагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-н 25 х / зэрэг болно.  

Шүүгдэгч Э.Баттунгалаг нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” буудалд тус буудлын үйлчлэгч З.Мөнхзулыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, маргалдан түүний эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч  нарын болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх эмчийн шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Баттунгалагт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Э.Баттунгалагийг иргэн З.Мөнхзулыг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй  гэж шүүх үзнэ.

    Шүүхээс ял шийтгэл ногдуулахад шүүгдэгч Э.Баттунгалагийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэмт хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас  гэмшсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т  заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
            Шүүгдэгч Э.Баттунгалаг нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

             Шүүгдэгч Э.Баттунгалагийн  цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,  хохирогчид эмчилгээний зардал 200.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэснийг тус тус дурдах нь  зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   283, 284, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсүхийн Баттунгалагийг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Э.Баттунгалагийг  3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Э.Баттугалагт оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан Э.Баттунгалагийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Э.Баттунгалагт оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
 
    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Баттунгалагт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

           7. Ялтан Э.Баттунгалагт холбогдох хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Мөнхзулд эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Баттунгалагт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
                                     

 


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Д.СУГАР