Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/02877

 

 

 

 

       2021           11              04                                           184/ШШ2021/02877

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: .........., Б.Б/регистрийн дугаар:1111111/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б  /регистрийн дугаар:111111111/-т холбогдох

 

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Б миний бие Н.Б 2011 онд танилцан улмаар үерхэж дотноссон бөгөөд бидний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр том хүү Б.Х, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бага охин Б.Хзаяа нар төрсөн. Бид танилцаж, үерхээд эхлээд Бын аав ээжийнд цуг амьдарч байгаад, том хүүгээ төрсний дараа Бын эмээтэй нь тусдаа гарч амьдарсан. Н.Б нь хамт амьдарч эхлээд хайр халамж сайн байсан. 2012-2015 он хүртэл эхний жилүүдэд хоорондын харилцаа сайн, гэр бүлийн амьдрал хэвийн байсан боловч 2016 оноос эхлэн Н.Б нь удаа дараа гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж, гэр бүлдээ халамж, анхаарал тавихаа больж үүнээс үүдэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж жил ирэх тусам гэр бүлийн харилцаа хөндийрч 2019 оны хавраас тусдаа амьдрах болсон ба Б салаад удаагүй өөр гэр бүл зохиосон. Бид танилцсанаасаа хойш хамт амьдрах хугацаанд Б цааргалсны улмаас гэрлэлтээ батлуулж амжаагүй явсан бөгөөд бидний дунд гэрлэлтийн баталгаа байхгүй, том хүү Х эцэг Б нь 18 нас хүрээгүй байсан тул надаар овоглож, харин охин Хг төрөхөд эцэг Боор овоглосон. Миний бие тусдаа амьдрах болсноос хойш одоогоор 2 хүүхдийн хамт Налайх дүүрэгт амьдарч байна. Бага охин Хг эмээ Наранцэцэг харж өгч тусалдаг байсан. 2 хүүхэд маань миний болоод манай гэр бүлийн халамж, асрамжинд байгаа бөгөөд эцэг Н.Б нь салснаас хойш 2 жилийн хугацаанд хүүхдүүддээ мөнгө, эд зүйлийн тусламж үзүүлж байгаагүй. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Х, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Хзаяа нарт эцэг Н.Боос гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой Б нь 2011 онд иргэн Б танилцаж, үерхэж эхэлсэн. Тэр үед 17 настай аав гэдэг эрхэм цол хүртсэн. Гэрлэлтээ батлуулах гэтэл насанд хүрээгүй гээд батлуулж чадаагүй. Би 2012 оноос 2018 он хүртэл Балжиннямтай хамт амьдарсан. Бид хоёрын дундаас 2 сайхан хүүхэд төрсөн. Бид хоёр нь 2018 онд салахдаа том хүү Х, бага охин Х хоёр нь надтай хамт 2020 он хүртэл амьдарсан. 2021 онд ээж Б нь авч өсгөж байгаа. Ийм учир миний бие Наранцэцэг овогтой Б нь хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.Миний хүүхдүүд мөн гэв.

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Бт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Б.Б, Н.Б нар нь 2011 онд танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр том хүү Б.Х, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бага охин Б.Хзаяа нарыг төрүүлсэн болох нь: 1113000901, 1116000929 тус тус дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, Б.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.

 

         Тэрээр Б.Б, Н.Б нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй тул том хүү Б.Хг эцэг Н.Боор, охин Б.Хзаяаг эх Б.Баар овоглож төрсний гэрчилгээг  авсан байна.

 

        Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт  “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу хүүхдийн эцэг нь Н.Б мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байна гэж шүүх үзсэн бөгөөд  хариуцагч хүүхдээ өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.

 

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,

21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,

Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар заасан ба  эцэг, эх тусдаа амьдрах болсон ч гэсэн эцэг Н.Бын хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх болон хүүхэдтэйгээ уулзахад  эх Б.Б саад болохгүй байхыг даалгав.

 

            Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.     

           Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

 

Иймд хариуцагч Н.Боос хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн  135 дугаар  зүйлийн 135.2.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 03-нд төрсөн хүү Б.Х, 2015 оны 02 дугаар сарын 01-нд төрсөн охин Б.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н. Б /регистрийн дугаар:111111/-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Боос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Н.Б, эх Б.Б нар нь тусдаа амьдрах болсон хэдий ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Н.Бын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон хүүхэдтэйгээ уулзахад нь эх Б.Б саад учруулахгүй байхыг даалгасугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 75,730 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Боос улсын тэмдэгтийн хураамжид 75,730 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ОЮУНЖАРГАЛ