Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2021/02942

 

 

 

 

 

                        2021           11             11

                                         184/ШШ2021/02942

        

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Б.С /регистрийн дугаар:111111111/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Г /регистрийн дугаар:1111111/ холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С миний бие нь 2018 онд Гтэй танилцан 2019 оноос хамтран амьдрах болсон бидний амьдрах хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин Б төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Б миний асрамжинд өсч торнисон бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин минь эцгээрээ овоглодог охин Б энэ жил 2 нас хүрч байгаа бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд охин Бд эцэг Гээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сугарын Г миний бие 2018 онд Стэй танилцаж, 2019 оноос хамтран амьдрах болсон тус хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин Б төрсөн ба хамтран амьдрах хугацаанд бид нарын зан харилцаа таарч тохирохгүй болж, нэхэмжлэгчийн ар гэрийн талаас цуг амьдрахыг хүлээн зөвшөөрөгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид тусдаа амьдрах хугацаанд охин Бтай нэг ч удаа уулзуулаагүй бөгөөд уулзахыг үл зөвшөөрсөн. Охин Б нь надаар овоглож, миний төрсөн охин учраас тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч С.Гэд холбогдуулан “Хүүхдийн  тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Б.С, С.Г нар нь 2018 онд танилцаж, 2019 оноос хамтран амьдрах болсон ба 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин Г.Быг төрүүлсэн болох нь:111111 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд  эрүүл өсөн бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Б.Сийн иргэний үнэмлэхний хуулбар, С.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар зэргээр тогтоогджээ. /хх-3, 5-6, 8/

 

            Тэрээр Б.С, С.Г нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар  хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч С.Г нь охин Г.Быг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байна.

 

            Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт  “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу хүүхдүүдийн эцэг нь  С.Г мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байна гэж шүүх үзсэн бөгөөд  өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй болно.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт ”Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,

           энэ 26 дугаар зүйлийн 26.1, 26.2,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй  талаар заасан ба  эцэг, эх тусдаа амьдарч байгаа хэдий ч эцэг С.Гийн  хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд  эх  Б.С нь саад болохгүй байхыг дурдав.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасан байх тул  хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

 

            Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-Т  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар  зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин С.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С Г /регистрийн дугаар:111111/ -ээр  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Гээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.       

           

            3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг С.Г, эх Б.С нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.   

 

            4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгосугай.    

 

            5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ОЮУНЖАРГАЛ