Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/828

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Б.М******р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2403 0035 40462 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т*****ж овогт Б********ийн М******р, Монгол Улсын иргэн, *****с аймгийн ********н суманд **** оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой мэргэжилгүй, *********** ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ******** дүүргийн ** дүгээр хороо, ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар **********.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М******р нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд ******** дүүргийн ** дүгээр хороо, ********* тоот хашааны гадна талын замд ********* маркийн **-** *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч Б.Н******аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.М******р нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд ******** дүүргийн ** дүгээр хороо, ******** тоот хашааны гадна талын замд ********* маркийн **-** ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч Б.Н******аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын PCPF07489687 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: ********, ...Дуудлага хүлээн авсан: 2024-06-02 18:41:14, ...Дуудлагын утга: цахилгаан дугуйтай хүүхэд дугуй машин мөргөсөн гэх 2 уулаа хөдөлгөөнд оролцож байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг осол гарсан газар нь *********** дүүргийн ** дүгээр хороо ******** тоот хашаанаас ухрах үйлдэл хийхдээ цахилгаан дугуйтай зорчиг мөргөсөн байв... ******** маркийн автомашин ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй, явган зорчигч ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байв...Анх мөргүүлсэн гэх цэгийг А үсгээр, Б үсгээр унасан гэх цэгийг тус тус тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 0.70 м, А цэгээс замын хашлага хүртэл 2.40 , хашааны хаалганы өргөн 3.0м, зорчих хэсгийн өргөн 8.10м, явган хүний зам 1.60м,  Б цэгээс замын шалгах хүртэл 1.80м байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5-11 дэх тал),

Насанд хүрээгүй хохирогч Б.Н******агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан...Манай дүүрэгт шинэ театр нээгдээд тэнд жүжиг үзэх гээд явж байсан. Тэгээд гэрээсээ гараад уруудах замд явган хүний зам байдаг учраас тэрүүгээр дугуйтайгаа уруудаж явсан. Замд нэг эмээ нэг хүүхэдтэй зогсож байсан. Тэгээд зөөлрөөд хажуугаар нь гаръя гэж бодоод явж байтал эмээ хажуу талаас биеэр зайлаад зам тавьж холдож өгсөн. Тэгэхээр нь базсан тоормосоо буцаагаад суллаад хурдаа нэмсэн байдалтай явж байтал хашаанаас машин гэнэт гарч ирэхээр би хоёр тоормосоо гишгээд л мөргүүлчихсэн. Тэгээд газар унасан. Уначхаад сууж байсан нөгөө хүн түшиж босгож ирээд би гайгүй байхаар нь дугуйгаа босгоод би яараад яваад өгсөн. Тэгээд дугуйтайгаа доошоо явж байтал хааз авахгүй байсан. Тухайн үед унтарсан байсныг нь мэдээгүй. Доор очоод ахиад хааз авах гэтэл явахгүй болохоор нь ээж руу ярьсан. Тэгээд нөгөө хүн рүү буцаж алхаж очоод дугуй асахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүмүүс нь дугуй янзалж чадахгүй цагдаагаа дууд гээд байсан. Гэрийн хаяг нь асуусан чинь ямартаа ч дугуй нь руу явъя гэж хэлээд дагаж очсон. Тэгээд дугуй дээр очоод түрж аваад хашаа руу оруулсан...хөлийн яс хэсэг өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр довжоо дээрээс унаад хөл дээрээ шалбарсан байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Үзүүлэх хэмжээний байгаагүй бөгөөд өвдөгний доод хэсэг арьс нь зулгарчихсан байсан. Тэгж аймаар хүнд хэмжээний гэмтэл аваагүй....Мөргүүлснээс хойш хөл өвдөөд хавдчихлаа гээд уйлаад ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

-Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлд: “...Б********ийн Н******а нь Зам тээврийн осол болох үед 17 нас 8 сар 26 хоногтой байсан байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал)

-Гэрч Ч.Б******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр дээрээс хүүхэд хурдтай орж ирж байсан. Тэгэхээр нь дайрах нь уу гэж бодоод зам тавьж өгсөн. Тэгсэн манай нөхөр хашаанаас зөөлөн гэрч ирж таарсан. Тэгээд яг энэ охин тул орж ирсэн. Тэгээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал)

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ХҮний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 7546 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний дотор дунд хэсэгт 5х0.5см улаан ягаан зулгаралттай, зүүн шилбэний дотор доод хэсэгт 2х1см бүдэг хүрэн улаан өнгийн зулгаралттай, тойроод 6х4см талбайд бүдэг хөх өнгийн цус хуралттай. Баруун гуяны дунд 1/3-ээс шилбэний дунд 1/3 хүртэл тойг ил гарсан бэхэлгээ зүүсэн, тайлж үзэхэд баруун өвдөгний гадна доод хэсгээр 0.3х0.3см хүрэн бор өнгийн толгойтой тавшсан шархлаатай, тойроод 5х4см талбайд овойж хавдсан үрэвсэж улайсан үрэвсэлт өөрчлөлттэй, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй, уг нэвчээсийн доод хэсэгт 1.5х1.5см хөхөлбөр хүрэн өнгийн эдгэж буй зулгаралттай, биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2024.06.02-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн баруун талын өвдөгний үений СРТ-т: Өвдөгний үений шингэн: Өвдөгний үенд тойгийн ар хэсгээр зөөлөн эд буюу өөхөн давхаргаар тархмал хаван нэвчдэс ихтэй, өөхөн давхарга доогуур шингэн хурсан. Тойгийн гадна доод хэсгийн өөхөн давхаргад 0.8х0.9х1.3см орчим хэмжээтэй зах хүрээ жигд бус хязгаарлагдсан байдалтай шингэнтэй. Дотор жийргэвч мөгөөрс: жийргэвчний арын эвэрт хөндлөн урагдалтай. Гадна жийргэвч мөгөөрс: хэвийн....Булууны урд хэсэгт бага зэрэг шахагдсан хугаралтай, ясны эдийн няцрал хавантай. Гадна талын шаантын гиалин мөгөөрс хэвийн. Булууны урд хэсэгт ясны эдийн няцрал хавантай...Урд чагтан холбоос /АСL/ хэсэгчилсэн урагдалтай, хавантай. Арын чагтан холбоос РСL:..ясны бүтэц, ясны чөмөгт хэсэг хэвийн:

Дүрслэл оношилгооны хариу-нд: Ирэн материалын огноо, төрөл, 2024.06.02: Баруун өвдөгний СРТомограммуудад өвдөгний урд хэсгийн зөөлөн эдэд хавантай, өвдөгний үе үүсгэгч яснуудад гэмтлийн болон эмгэг өөрчлөлтгүй, шаант ясны дээд булуунд нягтрал ихэссэн голомтлог өөрчлөлттэй/ясны хэмийн няцрал/, хугаралгүй, орчны эдэд хавантай, дотор хагас саран жийргэвчийн арын эвэрт хөндлөн бүрэн бус сэмэрсэн урагдалтай, бусад холбоос шөрмөс, булчин хэвийн өсөлтийн бүсүүд хэвийн, өвдөгний үений шингэн хэвийн...ДҮГНЭЛТ

1.Б.Н******агийн биед баруун өвдөгний дотор хагас саран жийргэвч мөгөөрсний арын эвэрт урагдтал, шаант ясны дээд булуунд ясны хэмт эдийн хаван гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5.Цаашид гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол Техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай дүгнэлтэд

...Шинжээчийн хариулт:

1.Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын урд булан хормойн будаг халцарсан, зүүн гар талын их гэрлийн сэнж хугарсан, зүүн гар талын урд хаалга бага зэрэг зурагдсан сэвтэй, зүүн гар талын тоормосны гэрлийн гадна шил хагарсан зэрэг гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2.Зүүн гар талын урд булан хормойн будаг халцарсан, зүүн гар талын их гэрлийн сэнж хугарсан, зүүн гар талын урд хаалга бага зэрэг зурагдсан сэвтэй, зүүн гар талын тоормосны гэрлийн гадна шил хагарсан зэрэг гэмтэлтэй байна.

3.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй.

4.Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.

5.Монгол Улсад 2023 оны 11 сарын 16-нд импортоор орж ирэн 2023 оны 11 дүгээр сарын 19-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдан тэнцсэн байна. 2024 оны техник хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65-69 дэх тал)

-Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн Магадалгаа:

1. Насанд хүрээгүй хохирогч Б.Н******а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

2.Жолооч Б.М******р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72 дахь тал)

-Иргэний хариуцагч Б.У********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагаас албан тоод ирэхээр нь мэдсэн...Жолоочийн хариуцлагын даатгалтай байгаа. Даатгалтай байж байгаад манай гэрээ хийдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

-шүүгдэгч Б.М******рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тиймээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...хохирол барагдуулсан нийт 5.000.000 төгрөг болсон байгаа. хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М******р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М******р нь анхаарал болгоомжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай явган зорчигчийг мөргөсөн,

Явган зорчигч нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7546 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Б.Н******а нь авто ослын улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.М******р нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Прокурор санал болгож шүүгдэгч Б.М******р хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М******р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 78, 79 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), Интердарм УБ ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч Б.М******р гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М******рт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч Б.М******рт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2403 00354 4062 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “B ангиллын 656723 дугаартай үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдаж  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******ж овогт Б*********ийн М******рыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М******рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******рт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.М******р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 656723 дугаарын B ангиллын жолоочийн үнэмлэх ашиглаж байсан болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ