| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2021/03576/И |
| Дугаар | 184/ШШ2021/02940 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2021/02940
|
2021 11 11 |
184/ШШ2021/02940 |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: М.М /регистрийн дугаар:1111111111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б /регистрийн дугаар:1111111/-д холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М миний бие нь 2017 онд А.Бтой танилцаж, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү болох М.Мтөрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамт амьдрах боломжгүй болж, 2020 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү М.Мминий асрамжид өсч торнисон. Бид гэрлэлтээ батлуулаагүйн улмаас хүү маань ээжээрээ овоглодог. А.Б нь хүү болох М.М өөрийн нэр дээр овоглохоос татгалзсан. Хүү М.Мэнэ жил 2 настай. Иймд А.Б нь эцэг хүний үүргээ гүйцэтгэж хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. А.Бийг хүү М.М эцэг мөн болохыг тогтоож өгнө үү. Хүү М.М эцэг А.Боос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Мтанилцаж “messenger”-ээр харилцдаг байсан. 2017 онд цэрэгт явж 2018 онд халагдан ирж, Мөнгөнзултай тодорхой хугацаанд “messenger”-ээр харилцдаг. 2018 оны 10 дугаар сард уулзаж, учирдаг болсон. 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Мөнхцогт миний хүүхэд мөн болно. Мөнхдорж овогтой М санаа бодол нийлдэггүй, ар гэрийн хүмүүстэй нь ч таардаггүй болохоор хамтран амьдраагүй. М.Мбол миний хүүхэд үнэн болно. Хүүхдэдээ би өөрийн аав ээжээрээ дамжуулан тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж өгдөг байсан. М эгч гэх хүн чиний халтар цаасаар чинь дутахгүй гэж хэл, ам хийсэн учир өгөхөө больсон. А.Б миний бие хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч А.Бид холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: М.М, А.Б нар нь 2017 онд танилцсан ба 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү М.М төрүүлсэн болох нь:1119670048 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, М.Мын иргэний үнэмлэхний хуулбар, А.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар зэргээр тогтоогджээ. /хх-3, 5-6, 9/
Тэрээр М.М, А.Б нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас хамт амьдарч байгаагүй бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч А.Б нь хүү М.М өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д ”Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан.
Иймд 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү М.М төрсөн буюу биологийн эцэг нь хариуцагч А.Бид мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасан байх тул хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт ”Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
энэ 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар заажээ.
Иймд эцэг, эх тусдаа амьдарч байгаа хэдий ч эцэг А.Бийг хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх М.М нь саад болохгүй байхыг дурдав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-Т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрсөн 2019 оны 07 дугаар сарын 06-нд төрсөн хүү М.М /регистрийн дугаар 1111111/ эцэг нь А.Б /регистрийн дугаар:1111111/ / мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2019 оны 07 дугаар сарын 06-нд төрсөн хүү М.М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б /регистрийн дугаар:111111/-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Боос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг А.Б, эх М.М нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Боос улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М олгосугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ