Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

        

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч    

                                 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун   

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас

 

Эрүүгийн 201610000270 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Х‎эрлэн суманд 1996 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний туслах мэргэжилтэй, ам бүл 3, ‎ээж, дүү нарын хамт Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр баг Ганзамын 4 тоотод оршин суух, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Гантуяагийн Анар /РД: ЖЮ96052316/,

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг Шинэ зууны 2-24 тоотод оршин суух, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Сүмбэр овогт Батсайханы Сайханбилэг /РД: ЕП96040654/ нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлс‎эн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

 

Шүүгдэгч Г.Анар, Б.Сайханбилэг нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн улмаар иргэн Б.Даваацэрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтууд болох:

           

Шүүгдэгч Г.Анар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр залууг чирч авч яваагүй, чирч явсан гэж худлаа хэлж байна. Айлгах маягаар заамдалцаад хойшоо авч явсан хутганы асуудал байхгүй. Хүнд ийм зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Сайханбилэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр залуутай хутганы асуудал байгаагүй, зууралдаан болоод чирэх маягтай авч явсан цээж рүү, нүүр рүү нь цохьсон гэв.

 

Шүүгдэгч Г.Анар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Сайханбилэг цаана зогсож байх тэр үед Даваацэрэн гэх хүн архины дэлгүүр асуусан гэж байсан. Сайханбилэг, Дөлгөөн бид гурав цаашаа Хур говь зочид буудал руу явж байтал явган хүний зам дээр Даваацэрэн гэх залуу манай найз Сайханбилэгтэй муудалцаж байсан. Би юунаас болж муудалцсанг мэдэхгүй байна. Би тэр Даваацэрэн гэх залууг хавираад унагасан, 2-3 удаа бөгс рүү нь өшиглөсөн. Сайханбилэг цээж хэсэг рүү нь цохих шиг болсон ... Даваацэрэнгийн гар утас нь дуугарахаар нь жаахан айлгах гээд Номингийн 9-н давхар байрны хойд тал руу авч явж айлгасан ... Би тухайн үед бол жаахан л халаалттай байсан ... гэсэн мэдүүлэг /хх 90-91/,

 

Шүүгдэгч Б.Сайханбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Найз Дөлгөөн, Анар бид гурав цэнхэр 60-н айлын гадаа сааданд 2500 граммын сэрүүн нэртэй пиво 3 ширхэгийг аваад 2-ыг нь уучихаад нэгийг бариад Хур Говь зочид буудал дээр хоёр найз дээрээ очих гээд явж байгаад Номин дэлгүүртэй 9 давхарын урд Дөлгөөн, Анар хоёр найзтайгаа таарсан. Би тэгээд цаана нь зогсож байтал тэр залуу намайг дуудсан.  Би очоод уулзтал ах нь эндэхийн хүн биш архины дэлгүүр хаана байна гэж надаас асуусан. Би тэгэхээр нь такси бариад Баянаа гээд асуу тэгэхээр хүмүүс мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь нэг залуу гарч ирээд чи яагаад байгаа юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь чамтай яриагүй байна цаашаа зайл гэж хэлсэн. Би буцаж очоод газар тавьсан байсан пивоо аваад Анар, Дөлгөөн хоёртой Хур говь зочид буудал руу явсан. Тэгсэн нөгөө архины дэлгүүр асуугаад байсан залуу \Даваацэрэн\ нөгөө залуутайгаа \Даваадорж\ хамт явган хүний зам дээр гараад ирчихсэн хамт зогсож байсан. Тэр 2 залуу дээр Анар түрүүлж очоод Даваацэрэн гээд байгаа хүнийг хавирч унагаасан. Даваадорж гэх залуу нь цаашаа зугтаагаад яваад өгсөн. Даваацэрэн нь уначихсан байж байх үед бид очиж маргалдсан. Даваацэрэн нь Даваадорж нөгөөдүүл‎ээ хурдан дууд гээд байсан. Би тэгэхээр нь чи яасан их хүн дууддаг юм гээд нэг удаа цээж рүү нь цохисон. Т‎эр Даваацэрэн гэх залууг жаахан айлгах гээд Номингийн 9-н давхарын хойд тал руу Анар бид 2 чирээд аваад явсан. Тэнд очоод жаахан цохиод айлгасан ... Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан... Анар бид 2 Даваацэрэнг чирч аваачаад, би нүүрэн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нь хоёр удаа цохисон … гэсэн мэдүүлэг /хх 92-93/,

 

            Хохирогч Б.Даваацэрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даваа гэдэг залуутай ...Номин дэлгүүрийн 9 давхар байшингийн урд талын засмал замын хажууд байх явган хүний замаар алхаад явж байтал урдаас 2 литрийн том савтай пиво барьчихсан махлагдуу дунд зэргийн нуруутай 20 орчим насны залуу эхэлж над дээр ирээд хаачих гэж байгаа юм бэ гэж хэлээд намайг мөрлөөд хамт явах уу, энийг уучихъя гээд байхаар нь өөдөөс нь юм хэлээгүй буцаад хойшоо алхаад явсан. Даваа руу нэг залуу ирээд нуруу руу өшиглөхөд нь Даваа зугтаагаад явчихсан. Би тухайн үед гар утсаа гаргаж ирээд цагаа харчихаад явж байхад нэг хүн миний араас нуруу руу тийрэхэд би урагшаагаа нүүрээрээ газар унасан. Би эргээд босохын завдалгүй гурван танихгүй залуу #оээд миний толгой нуруу бөөр лүү нийлж өшиглөж зодсон ... Намайг зодсон гурван залуу ярихдаа энэ мууг ер нь чирж аваачаад алаад хаячихъя гэж ярихыг би сонссон. Тухайн үед би толгой руугаа олон удаа өшиглүүлсэн болохоор миний ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн чинь намайг цэнхэр 60 айлын хойд талын мөсөн котокийн орчим шиг санагдаж байна би ухаан ороод сэрсэн чинь хэвтэж байсан. Бас намайг цэнхэр 60 айлын хойд талын мөсөн котокийн ойролцоо намайг зодсон гурван залуу дахиж намайг зодож байсныг санаж байна ... Одоо надад гомдол санал санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 10-12, 73-74/,

 

Гэрч Б.Дарханбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 10-ны 23 цагийн орчим хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага цагдаагийн 102 утсаар ирсэн. Дуудлагын дагуу... очиход гадаа харанхуй байсан болохоор сайн харагдахгүй хүмүүс хоорондоо зодолдож байсан ба бид нарыг харчихаад урд зүг рүү зугтаагаад би хойноос нь гүйгээд очтол Номингийн баруун урд талд 2 залуу зогсож байсан. … Тэр хоёр намайг хараад 4 замын зүг рүү зугтаагаад цаашаа төв Хаан банк руу зугтаагаад нэг нь модны доор нуугдчихсан байсан … миний барьсан тэр залуу нь энэ хэргийн холбогдогч Анар гэдэг залуу нь юм байна лээ ... зодуулсан тэр залуугийн нүүр нь цус болсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг /хх 13-14/,

 

Гэрч Э.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Номингийн дэлгүүртэй 9-н давхарын урдуур Даваацэрэнтэй гараад явж байтал хажуу талаас гурван хүүхэд гараад ирсэн. Нэг өндөр залуу дайрах нь ээ гээд зам хаагаад хөндөлсөөд зогссон. Тэр үед тэр залуу хөндөлсөөд зогсохоор нь би хажуугаар нь гараад яваад өгсөн Даваацэрэн үлдсэн. Би цаашаа явж байтал тэд нар хоорондоо маргалдаад байсан. Эргээд харахад тэд нар хоорондоо шавааралдчихсан байж байсан. Би тэгээд цаашаа шууд яваад өгсөн ... гэс‎эн мэдүүлэг /хх 76- 78/,

 

Сэжигтэн Б.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 8 дугаар сарын 11 орой 00 цагийн орчим өөрийн 2 найз Анар, Сайханбилэгтэй уулзаад 60 айлын хажуу талын саравчинд тус тусдаа 2 лааз пиво уучихаад гэртээ харих гээд явган хүний замаар хойшоо 75 худалдааны төвийг чиглээд алхаж байхад явган хүний зам дээр 2 хүн зогсож байсан. Бид гурав өөдөөс нь алхаад очиж байтал нэг нь бид гурав руу хашгираад зугтаасан. Бид 3 очоод нөгөө хүнтэй нь юм ярьж байхад би цаад талд нь зогсож байсан ба нэг мэдэхэд газар уначихсан байсан.  Бид гуравтай тэр залуу муудаад Сайханбилэг газар уначихсан байхад нь шилэн хүзүүнээс нь чирээд цаад талын коток руу Анар бид 2 хойноос нь дагаад явсан... Сайханбилэг тэр залууг айлгаад хутгаа аваад ир энд нь алчихья гээд айлгасан ... төд удалгүй цагдаа нар ирээд бид 3 салаад зугтаасан... Анар, Сайханбилэг хоёр тэр Даваацэрэн гэх хүнтэй муудалцаад байсан. Даваацэрэн гэх хүнийг цаашаа авч яваад Анар, Сайханбилэг хоёр зодож цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 94-95/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Б.Даваацэрэнгийн биед тархи доргилт, баруун зүүн дал, нурууны гол дунд хэсгийн цус хуралт. Баруун чамархай, баруун шанаа, хүзүүний баруун дунд хэсэг, хэвлийн оаруун доод хэсгээс цээжний гол хэсэг хүртэл, баруун далны доод хэсэг, хэвлийн баруун доод хажуу хэсэгт олон тооны нурууны зүүн дунд хэсэг, баруун, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.    Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 25/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63, 115/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг  шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу авагдсан,  нотлох баримтын шаардлага хангасан  болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Анар, Б.Сайханбилэг нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Даваацэрэнг илтэд үл хүндэтгэн улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч Г.Анар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... айлгах маягаар заамдалцаад хойшоо авч явсан хутганы асуудал байхгүй. Хүнд ийм зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв, шүүгдэгч Б.Сайханбилэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... тэр залуутай хутганы асуудал байгаагүй, зууралдаан болоод чирэх маягтай авч явсан цээж рүү, нүүр рүү нь цохьсон гэсэн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь  шүүгдэгч Г.Анар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би тэр Даваацэрэн гэх залууг хавираад унагасан, 2-3 удаа бөгс рүү нь өшиглөсөн. Сайханбилэг цээж хэсэг рүү нь цохих шиг болсон ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Сайханбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Даваацэрэн, нөгөө залуу Даваадоржийн хамт явган хүний зам дээр гараад ирчихсэн хамт зогсож байсан. Тэр 2 залуу дээр Анар түрүүлж очоод Даваацэрэн гээд байгаа хүнийг хавирч унагаасан. … Т‎эр Даваацэрэн гэх залууг жаахан айлгах гээд Номингийн 9-н давхарын хойд тал руу Анар бид 2 чирээд аваад явсан. ... Анар бид 2 Даваацэрэнг чирч аваачаад, би нүүрэн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нь хоёр удаа цохисон … гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Даваацэрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би эргээд босохын завдалгүй гурван танихгүй залуу ирээд миний толгой, нуруу, бөөр лүү нийлж өшиглөж зодсон... Тухайн үед би толгой руугаа олон удаа өшиглүүлсэн болохоор миний ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн чинь намайг цэнхэр 60 айлын хойд талын мөсөн котокийн орчим шиг санагдаж байна би ухаан ороод сэрсэн чинь хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дарханбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Дуудлагын дагуу... очиход гадаа харанхуй байсан болохоор сайн харагдахгүй хүмүүс хоорондоо зодолдож байсан … миний барьсан тэр залуу нь энэ хэргийн холбогдогч Анар гэдэг залуу нь юм байна лээ ... зодуулсан тэр залуугийн нүүр нь цус болсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Номингийн дэлгүүртэй 9-н давхарын урдуур Даваацэрэнтэй гараад явж байтал хажуу талаас гурван хүүхэд гараад ирсэн. Нэг өндөр залуу дайрах нь ээ гээд зам хаагаад хөндөлсөөд зогссон. Тэр үед тэр залуу хөндөлсөөд зогсохоор нь би хажуугаар нь гараад яваад өгсөн Даваацэрэн үлдсэн. … Эргээд харахад тэд нар хоорондоо шавааралдчихсан байж байсан ... гэс‎эн мэдүүлэг, сэжигтэн Б.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн: ... … бид 3 очоод нөгөө хүнтэй нь юм ярьж байхад би цаад талд нь зогсож байсан ба нэг мэдэхэд газар уначихсан байсан. … Сайханбилэг газар уначихсан байхад нь шилэн хүзүүнээс нь чирээд цаад талын коток руу авч явсан. Анар бид 2 хойноос нь дагаад явсан ... Даваацэрэн гэх хүнийг цаашаа авч яваад Анар, Сайханбилэг хоёр зодож цохисон ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: … Б.Даваацэрэнгийн ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна … гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогдон  тогтоогдсон гэж дүгнэж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Анар, Б.Сайханбилэг нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, улсын яллагчийн зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүгдэгч нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Даваацэрэн нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон өмгөөлөгчийн зардалд нийт 2 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

           1. Шүүгдэгч Сартуул овогт Гантуяагийн Анар, Сүмбэр овогт Батсайханы Сайханбилэг нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анарыг 3 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Б.Сайханбилэгийг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анар, Б.Сайханбилэг нарт оногдуулсан тус бүр 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анарт, Б.Сайханбилэг нарт оногдуулсан тус бүр 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Анар, Б.Сайханбилэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                   Х.ГАНБОЛД