Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0673

 

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0673

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ж ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийн талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагаас хасагдсан хэсгийг сэргээн эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн эзэмшүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн захирал Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Увс аймгийн Тариалан, Өмнөговь сумын Цөнхөгийн гол-1 нэртэй газарт 108.96 гектар хэмжээтэйгээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын .. дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр шилжүүлэн авч хайгуулын үйл ажиллагааг дуусгаж, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ХХ-15-04 дугаар дүгнэлтээр хайгуулын ажлын үр дүнгээ хэлэлцүүлсэн ба ашигт малтмалын газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 476 дугаар Нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаалаар ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгүүлж, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан.

Дээрх талбайн зарим хэсгийг буюу Тариалан сумын нутагт хамаарах 3.49 гектар талбайг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр буцаан өгсөн.

Үүний дараа уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулан хуульд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж үүргээ биелүүлэн ажиллаж байсан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ын 5.2-т заасан болон Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай Сангийн сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн манай компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын шийдвэрээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улсын Засгийн газраас хориглолт хийж, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн солбицолд хамааруулснаас болж ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах болсон ба энэ нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд төрийн байгууллагын уйл ажиллагаа шийдвэрээс болсон байдаг.

Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ хуулийн 2.1-д ...Усны сан бүхий газрын эргээс 200 метрээр энгийн хамгаалалтын бүс тогтооно... гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, өмнө гаргасан 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Энэхүү шинэчлэн тогтоосон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагт манай компанийн өмнө нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан талбай хамаарахгүй байгаа ба нэгэнт дээрх шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул манай компанийн үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандахад таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй танай компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэх мэдэгдлийг өгч манай компанийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Тухайн үед цуцлах шийдвэр гарсны дараагаар манай компани нь ямар нэгэн нөхөн олговор аваагүй, одоо уг талбайг бусад байгууллага, аж ахуй нэгжид олгоогүй байгаа ба төрийн эрх бүхий байгууллагаас өмнө гаргаж байсан шийдвэрээ хүчингүй болгож хуулийн дагуу ашиглаж байсан ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх нөхцөл бүрэн бүрдсэн гэж үзэж байгаа болно.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.5-т Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно, 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж тус тус нарийвчлан заасан байгаагаас үзэхэд манай компанийн ашиглалтын уйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авахдаа манай компанид ямар нэг нөхөн олговор олгоогүй одоо уг тусгай зөвшөөрөл нь тусгай хэрэгцээнээс гарсан байгаа тул манай компаний үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх бүрэн хадгалагдаж байгаа гэж үзэж байна.

Түүнчлэн анх манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д "хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэх үндэслэлийг барьсан ба тухайн үед хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх гэсэн үндэслэлээр манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг нөөцөд авсан гэх үндэслэлээр цуцалж байсан боловч тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж Монгол Улсын Засгийн газраас нөөцөөс чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан байхад манай компанид Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй гэж заасны дагуу манай компанид давуу эрх байгаа гэж үзэж байна.

Иймд Увс аймгийн Тариалан, Өмнөговь сумын Цөнхөгийн гол-1 нэртэй газарт 105.46 гектар хэмжээ бүхий ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг манай компанийн нэр дээр үргэлжлүүлэн эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг үргэлжлүүлэн эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 237 дугаар шийдвэрээр Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Цөнхөгийн гол-1 нэртэй газар 108.94 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ... дугаартай тусгай зөвшөөрлийг анх Д ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх заасан баримтыг бүрдүүлж Д" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх тухай өргөдөл гаргасныг Кадастрын хэлтэс өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр Ж. ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид Уул уурхайн судалгааны хэлтсийн даргын нөхөх олговор авах хүсэлт ирүүлэх тухай 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7271 дугаар албан бичгээр 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

Гэтэл Ж ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй гэсэн заалтын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ашигт малтмалын ашиглалтын 11809А дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд гаргаагүй байна.

Ж" ХХК эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ... дугаартай тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай бүхэлдээ давхцалтай байсан мөн нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 дугаар албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар Ж. ХХК нь ашигт малтмалын ашиглалтын ..... дугаартай тусгай зөвшөөрлийн 2012 оны ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх ёстой байсныг төлөөгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлүүд байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56

дугаар зүйлийн 56.1.3 хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл ззэмшигчид бүрэн төлсөн гэсэн заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

Дээрх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 295 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2417 дугаар албан бичгээр Ж ХХК-д хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн болон нөхөх олговор авах хүсэлтээ хугацаандаа ямар шалтгааны улмаас ирүүлээгүй болох холбогдох нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлүүд тогтоогдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн 56.1.3 хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэсэн заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын кмгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1457 дугаартай албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Ж ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын .... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6-2801 дүгээр албан бичгээр Ж" ХХК-д хүргүүлж мэдэгдсэн байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба Ж ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2417 дүгээр албан бичгээр, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6-2801 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Ж ХХК улмаас шийдвэр гарсны дараа 2012 оны 05 дугаар сарын -ны өдрийн 6-2824 дүгээр албан бичгээр тус тус нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийн талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагаас хасагдсан хэсгийг сэргээн эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж ХХК нь Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Цөнхөгийн гол-1 нэртэй газар 108.94 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр Д ХХК-иас шилжүүлэн авчээ.

Үүний дараа Ж ХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр[1] ашигт малтмал ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас 3.49 га талбайг буцаан өгсөн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг Засгийн газар тогтоохоор тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг-ийг баталсны дотор Ж ХХК-ийн эзэмшлийн 11809А дугаар тусгай зөвшөөрлийн 105.46 га талбай усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүхэлдээ хамрагдсан тул Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 295 дугаар шийдвэрээр[2] ашигт малтмал ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Дээрх тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан болон тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр дээр талууд маргаагүй байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн 1 дүгээр зүйлд өөрчлөлт оруулсан байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана. гэж заажээ

Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 289 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүйд тооцжээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 3 сарын дотор өргөдөл гаргаж болохоор зохицуулсан хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч Ж ХХК 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/12 дугаар албан бичгээр[3] ашигт малтмалын ашиглалтын ..... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.

Хариуцагч ... нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох хууль зүйн зохицуулалт байхгүй юм... гэж тайлбарлаж байна.

Ашигт малтмалын тухай хуульд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хасагдсан талбайг буцаан олгох талаар зохицуулаагүй тусгайлан зохицуулаагүй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгүүдэд төсөөтэй харилцааг буюу тусгай хэрэгцээний газар болон нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигч тэргүүн ээлжинд үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй байхаар зохицуулжээ.

Ж ХХК-ийн эзэмшлийн ....дугаар тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг буюу ойролцоогоор 80 га газар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагаас хасагдсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан лавлагаагаар[4] нотлогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийн талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагаас хасагдсан хэсгийг сэргээн эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Харин ашигт малтмал ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг солбицлоор нь тооцон буцаан олгох эрх нь төрийн захиргааны байгууллагад хамаарах тул буцаан олгох талбайн хэмжээг шийдвэрт тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын .. дугаар тусгай зөвшөөрлийн талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагаас хасагдсан хэсгийг сэргээн эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн эзэмшүүлэхийг даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН