Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1849

 

 

Д.А, В.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2018/01099 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А, В.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Д, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдох

 

Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай 01 дүгээр тогтоолын Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулах, Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай 02 дугаар тогтоолын дахь заалтын "МИАТ" ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зам ээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, “МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагч "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.О, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.О, Д.А компанийн  засаглалын  чиглэлээр сургалтад хамрагдаж  гэрчилгээжсэн бөгөөд Компанийн тухай    хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж, "МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Төрийн өмчийн хорооны 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар тогтоолоор томилогдсон. Томилогдсоноос хойш  хуулиар  олгогдсон   эрх  хэмжээ, хүрээнд  төлөөлөн   удирдах   зөвлөлийн   ажил   үүргийг   гүйцэтгэж  байсан. Зам тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоолд удирдлага болгосон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 68 дугаар тогтоолоор Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөх талаар тусгасан ба хараат бус гишүүдийг чөлөөлөх талаар дурдаагүй. Мөн "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь байнгын ажиллагаатай биш тогтмол хуралддаггүй, сүүлийн нэг жилийн хугацаанд хуралдаагүй бөгөөд чөлөөлөгдсөнөө мэдээгүй болно. 2016 оны дугаар 5 дугаар сарын  06-ны өдрийн Зам,  тээврийн салбарын төрийн  өмчит хувь компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоолоор чөлөөлсөн байх бөгөөд энэхүү тогтоолыг өнөөдрийг хүртэл танилцуулж гардуулж өгөөгүй болно. Энэ асуудлаар бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. "МИАТ” ТӨХК нь хараат бус гишүүний сонгон шалгаруулалт хийлгүйгээр биднийг чөлөөлсөн бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу одоогийн "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гарсан шийдвэрүүд илт хууль бус болно.

Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаардаж байна. Засгийн газрын 68 дугаар тогтоолоор ямар нэгэн байдлаар хараат бус гишүүдийг чөлөөлнө гэсэн зохицуулалт байгаагүй, зөвхөн төрийн төлөөллийг 1 дүгээр хавсралт ёсоор хэрэгжүүлэхийг зааж өгсөн. Төрийн өмчийн хороо нь татан буугдаж, чиг үүрэг нь төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага руу шилжсэнтэй холбогдуулан төрийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөх тухай шийдвэр гарснаас биш хараат бус гишүүн Д.А-ыг чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Гишүүдийг сонгох болон томилох эрх нь хувьцаа эзэмшигчдийн хуралд байхгүй. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан. Энэхүү бүрэн эрхэд хараат бус гишүүд болон нэр дэвшүүлэх хороо байгуулах эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагдаж байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлын 04 дүгээр тогтоолоор хараат бус гишүүдийг сонгох болон нэр дэвшүүлэх хороог байгуулсан. Д.А-ыг чөлөөлөөд түүний оронд хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явуулахад хууль бусаар байгуулагдсан хорооны дүгнэлтийг үндэслээд өөрөөр хэлбэл хороо байгуулах эрхгүй этгээдийн дүгнэлтийг үндэслээд “МИАТ” ТӨХК нь хараат бус гишүүдийг сонгосон. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд хараат бус гишүүний эрх дуусгавар болж байгаа тохиолдолд өөрөө дараагийн гишүүнийг сонгох ажлын хэсэг хороонд орох ёстой. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгохдоо огт өөрийг нь оролцуулаагүй шууд хувьцаа эзэмшигчдийн хурлаас нь зохион байгуулаад шинээр хараат бус гишүүдийг сонгосон. Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн дүрмийн 7.14-т тодорхой заасан. Иймд хараат бус гишүүдийг сонгосон зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаа компаниудын хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 4 дүгээр тогтоол нь хуульд нийцэх үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү.

Д.А-ыг хараат бус гишүүнээс хууль бусаар чөлөөлсөн, дараагийн сонгогдсон хараат бус гишүүд нь хүртэл хууль бусаар сонгогдсон учир Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль бусаар байгуулагдсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийднэ. Санхүүгийн жил дууссанаас 4 сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Сүүлийн хугацаа 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байхад хуралдаагүй атлаа 5 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Д.А-ыг чөлөөлсөн. Сүүлийн хугацаа буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаагүй учир автоматаар сунгагдсан гэж харагдаж байна. Иймд Д.А-ыг хууль бусаар чөлөөлсөн гэдэг нь давхар нотлогдож байх тул “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ” ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шаардлага гаргасан. Уг 02 дугаар тогтоолын 2 дахь заалт нь зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс сонгох, нэр дэвшүүлэх түр хороог холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулж дүгнэлт гаргуулан хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгосон. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хороо байгуулах эрхгүй, хороо байгуулаад үйл ажиллагаа явуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгох эрх байхгүй. Энэ бол Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал. Ийм учраас 02 дугаар тогтоолын хоёр дахь хэсэг нь өөрөө хууль тогтоомж зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан В.О, Д.А нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-нд өөрчлөлт орж Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллгад шилжсэн. Үүнтэй холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын дагуу "МИАТ” ТӨХК-ийн төрийн төлөөллийг Сангийн яам 30 хувь, Зам тээврийн яам 70 хувийг тус тус хэрэгжүүлэхээр тогтоосон. "МИАТ” ХК бол 100 хувь төрийн өмчит компани ба дээрх тогтоолын дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлж эхэлсэн. Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь бүрэн эрхийн дагуу "...төлөөлөн удирдах зөвлөлийн "гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох..." 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн ба мөн өдрийн 02 дугаар тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилсон ба тогтоолын 2 дахь заалтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах түр хороог байгуулж, сонгон шалгаруулах, дүгнэлт гаргаж хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахыг үүрэг болгосон ба түр хороонд төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч гишүүн Ж.Бат-Эрдэнэ, В.Дарханбаатар, А.Мөнхбаясгалан нар ажиллаж, хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулсан. Уг сонгон шалгаруулалтын дагуу Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хараат бус гишүүдийг томилжээ. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох хараат бус гишүүний сонгон шалгаруулалт хийхгүйгээр В.О, Д.А нарыг чөлөөлөөгүй болно.

"МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилсон шийдвэр одоо ч хүчинтэй ба Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн чадвартай эрх бүхий хараат бус гишүүд байгаа тул "МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн В.О, Д.А нартай байгуулсан хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах ямар нэг гэрээ байхгүй тул чөлөөлсөн шийдвэрийг заавал танилцуулах, гардуулах үүрэг байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-нд өөрчлөлт орж Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжсэн, 2016 оны 7 дугаар сарын 21-нд өөрчлөлт орж төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байгуулагдсантай холбоотой "МИАТ" ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа 2016 онд түдгэлзээтэй байсан болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэр тул "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хамааралгүй болно. Гэвч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах түр хороонд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, В.Дарханбаатар, А.Мөнхбаясгалан нар ажиллаж, хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулсан. Уг сонгон шалгаруулалтын дагуу Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хараат бус гишүүдийг томилжээ. Уг шийдвэр нь хуулийн дагуу тул хүчингүй болгох үндэслэлгүй болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулсан нэр дэвшүүлэх түр хорооны дүгнэлт нь Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны дүгнэль биш ба түр хороонд "МИАТ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, В.Дарханбаатар, А.Мөнхбаясгалан нар ажиллаж, дүгнэлт гарсан    тул уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно. Иймд “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуулийн дагуу томилогдсон төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч болон хараат бус гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа, мөн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулсан үйл явц хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Д.А нь Төрийн өмчийн хорооны 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрийнн 135 дугаар тогтоолоор "МИАТ" ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар чөлөөлөгдсөн байна. Төрийн өмчийн хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд болон Компанийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлдөг байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд орсон 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өөрчлөлтөөр Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн юм. Төрийн өмчийн хорооны чиг үүрэг шилжиж байгаатай холбогдуулж төрийн өмчит хувьцаат компаниудад төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01 өдрийн 68 дугаар тогтоолоор тогтоож өгсөн. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтын 21 дүгээрт "МИАТ" ТӨХК-ийг 100 хувьт төрийн өмчит хувьцаат компани Сангийн яам 30 хувь, Зам, тээврийн яам 70 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байхаар заасан.

Түүнчлэн 68 дугаар тогтоолын 8 дахь заалтаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн хараат бус гишүүн болон төрийн өмчийн төлөөлөгч, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн яаманд үүрэг болгосон. Үүний дагуу Зам, тээврийн салбарын хувь эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоох бүх гишүүдийг нь чөлөөлөөд 2 дугаар тогтоолоор нь төрийн төлөөл хэрэгжүүлж байгаа гишүүдээ томилсон байдаг. Төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа гишүүдээсээ нэр дэвшүүлэх түр хороог байгуулаад хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахыг даалгасан. Сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээд компанийн хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжгүй юм. Сангийн яамнаас бүх төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох хараат бус гишүүнийг хуулийн дагуу сонгон шалгаруулах ажиллагааг явуулахаар нэгдсэн журмаар зохион байгуулалтын арга хэмжээ авсан. "МИАТ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 гишүүнд өрсөлдөхөөр нийт 37 хүн материалаа ирүүлсэн. Сангийн яам битүүмжилж ирсэн нэр дэвшигчдийн материалыг задлалгүйгээр холбогдох компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд хүргүүлж, тус хороо нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасны дагуу хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгч Д.А төрийн байгууллагад ажилладаггүй бөгөөд төрийн захиргааны албан хаагч биш, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа байгууллагын буюу Сангийн яам. Зам, тээврийн яамны ажилтан биш тул түүнийг төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхээр томилох боломжгүй юм, Харин Д.А нь хараат бус гишүүний сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой байсан боловч аль ч компанийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлээгүй юм. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын онцгой бүрэн эрх байдаг. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд чөлөөлсөн. Хурал болох үед улируулан сонгох асуудал яригдаагүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс авдаггүй, тусгайлан зохицуулсан зохицуулалтаар цалин хөлсөө авдаг журамтай. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 олны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай" 01 дүгээр тогтоолын Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажлаагүй хугацааны цалин хөлс гаргуулах, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн  төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай" 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын "МИАТ” ТӨХК-д холбогдох хэсгийг, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай'* 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 06-өдрөөс  хойш  гарсан шийдвэрүүдийг  хууль  бус  болохыг  тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг болон бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч "МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгч В.О нь хариуцагч "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Д нарт холбогдох "МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Зам тээврийн салбарын хувьцаа эзэмшигчдийн дэргэдэхнэр дэвшүүлэх хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А-с улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Төрийн өмчийн хороо татан буугдаж, чиг үүрэг нь Төсвийн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад шилжсэнтэй холбогдуулан төрийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөх талаар шийдвэрлэсэн боловч хараат бус гишүүн болох Д.А-ыг чөлөөлсөн нь Компанийн тухай хууль, журамд нийцэхгүй байна. Тодруулбал хараат бус гишүүдийг чөлөөлөх талаар ямар ч шийдвэр гараагүй, зөвхөн төрийг төлөөлж байгаа ТУЗ-ын гишүүдийг чөлөөлөх талаар зохицуулсан боловч хараат бус гишүүн Д.А-ыг чөлөөлсөн. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн   гишүүний бүрэн эрхийг хугацаанаас  нь  өмнө дуусгавар болгох эрхтэй ч  эрхээ зөвхөн хууль, тогтоолд нийцүүлэн эдлэх үүрэгтэй. Гэвч анхан шатны шүүх Компанийн тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоолыг зөрчсөн байхад "...Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай" 01 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

...Анхан шатны шүүх "...Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэх түр хороог холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, дүгнэлт гарган, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах үүрэг хүлээлгэсэн нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд нийцсэн байх бөгөөд тус хурлаас нэр дэвшүүлэх хороог байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд даалгаснаас бус, байгуулаагүй байна" гэж буруу дүгнэлт хийсэн. "МИАТ" ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах шийдвэр тус компанийн ТУЗ-өөс огт гараагүй, харин Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай" 02 дугаар тогтоолын 2 дахь заалтаар уг асуудлыг шийдвэрлэсэн. "МИАТ" ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах, дүгнэлт гаргах үйл ажиллагааны эх сурвалж, шийдвэр нь тус тогтоол байсан.

Хууль бусаар ТУЗ-с Д.А-ыг чөлөөлсөн, түүний оронд хараат бус гишүүнийг томилох, сонгон шалгаруулалт явуулахаар хууль бусаар байгуулагдсан хорооны дүгнэлтийг үндэслэн "МИАТ" ТӨХК-ийн хараат бус гишүүдийг сонгосон Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох тухай" 04 дүгээр тогтоол нь хууль бус байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох эрх хуулиар олгогдоогүй байхад Төлөөлөн удирлах зөвлөлийн бүрэн эрхэд халдаж нэр дэвшүүлэх хороог байгуулж, ТУЗ-ын хараат бус гишүүдийг оролцуулалгүйгээр компанийн ТУЗ-ын гишүүдийг томилсон нь хууль бус байна. Гэвч анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй "..."МИАТ" ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.3-т нийцсэн, "МИАТ" ТӨХК-ийн дүрмийг зөрчөөгүй байна" гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж "Зам, тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай" 01 дүгээр тогтоолын Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажлаагүй хугацааны цалин хөлс гаргуулах, Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай" 02 дугаар тогтоолын 2 дахь заалтын "МИАТ" ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох тухай" 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлагуудыг тус тус хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч В.О, Д.А нар нь хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн Төлөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагаа “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д холбогдуулан Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тухай 1 дүгээр тогтоолын Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулах,  Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгох тухай 2 дугаар тогтоолын 2 дахь заалтын “МИАТ” ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.А нь хамтран хариуцагчаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг татан оролцуулж, харин “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.О, Д.А нар Төрийн өмчийн хорооны 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар тогтоолоор “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдон ажилласан ба Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

“МИАТ” ТӨХК нь 100 хувь Төрийн өмчийн компани бөгөөд Төрийн өмчийн хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тус компанийн Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилж чөлөөлдөг байжээ.

 

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг нь Санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Засийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоол гарсан, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн өмчит хувьцаат компаниудын төрийн төлөөлөлийг тогтоохдоо “МИАТ” ТӨХК-ийн төрийн төлөөллийг Сангийн яам 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг, Зам тээврийн яам 70 хувийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.

 

Мөн уг тогтоолын 8 дахь заалтад Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн хараат бус гишүүн болон төрийн өмчийн төлөөлөгч төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн яаманд үүрэг болгожээ.

 

Ийнхүү Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар  тогтоолоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд  Зам тээврийн салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолоор “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс Д.А-ыг чөлөөлсөн нь Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасантай нийцсэн бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

“МИАТ” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсоноор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах  боломжгүй нөхцөл байдал бий болсон нь Сангийн яамны 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14/664 тоот албан бичиг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай Хувьцаа эзэмшигчид хуралдаагүй нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх сунгагдсан гэж үзэх үндэслэл болохгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

 Нэхэмжлэгч Д.А нь “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүнээр сонгогдож улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцохдоо цалин хөлс авч байсан гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул түүний ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

 

 Хэргийн 26-28 дугаар талд Зам тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар тогтоол  авагдсан байх бөгөөд уг тогтоолоор Зам тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг сонгож баталсан байна.

 

Мөн тогтоолын 2 дахь заалтад дээрх Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Зам тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, нэр дэвшүүлэх түр хороог байгуулахыг даалгасан нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалттай нийцсэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А-ын “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний бүрэн эрх 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон тул Компаний тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй гэж дүгнэж Зам тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нэр дэвшүүлэх түр хороог байгуулж, зар тавьж, нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, 37 нэр дэвшигчийн материалаас 17 нэр дэвшигч шаардлага хангаснаас нэр бүхий 8 хүнийг сонгон шалгаруулж, үүнээс нэр дэвшигч О.Банзрагч, Б.Цогтгэрэл, Б.Хангай нарыг хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцүүлэх 01 тоот дүгнэлт гаргасныг Зам тээврийн салбарын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.1.5-д заасныг зөрчөөгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Зам тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01, 02, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолууд хуульд нийцсэн тул “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гарсан шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шүүх шийдвэрлсэнийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн удирдлага болгох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байх бөгөөд шүүхийн шийдвэрийн удирдлага болгосон хэсэг нь шийдвэрийн бүх заалтад хамааралтай тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ болон зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас  татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон заалт нь тогтоох хэсгийн 2 дахь заалтад хамааралтай тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг нэмж оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2018/01099 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

           

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ