| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Амарбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 98
Х.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор Э.Амарбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 865 дугаар магадлалтай, 1708000000048 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Түмэн дархад овогт Х.О нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва центр” төвийн гадна зогсож байсан БНСУ-ын иргэн Ким Ёнг Сукийг үндэс, угсаагаар үзэн ядаж толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө хавсарч унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Х.О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 865 дугаар магадлалаар 383 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.О-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг нь түүний эх сурвалжийг зааж чадаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Магадлалд дурдсан “муу хужаа” гэх мэтээр харилцаж хохирогчийг зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хохирогч, гэрч, яллагдагчийн тайлбар мэдүүлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх өөрийн үзэмжээр энэхүү нөхцөл байдлыг тогтоогдсон мэтээр тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гадаад улсын иргэнийг зодсон үйлдэл бүрийг хүнийг үндэс, угсаагаар үзэн ядаж зодсон гэж үзэж хүндрүүлэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн хэрэглээ болон шүүхийн буруу практик бий болгож, шударга ёсны зарчим алдагдах хууль зүйн сөрөг үр дагаврыг бий болгож байна. Үндэс угсаагаар нь үзэн ядаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэл зүйн хандлага нь хэрхэн яаж тогтоогдож байгаа талаар давж заалдах шатны шүүх дүгнээгүй. Гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй, хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг дээр суурилсан, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг тэдгээрээс илтэд зөрүүтэй байхад зөвхөн гэрч, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Э.Амарбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Х.О-д холбогдох хэрэг нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Х.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.О-д холбогдох 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БНСУ-ын иргэн Ким Ёнг Сукийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үндэс, угсаагаар үзэн ядаж үйлдсэн талаар гэрч Т.Болдбаатарын “... би очиж өнөө залууг барьж аваад ... яагаад зодсон талаар асуухад “Би уг хүнийг Хятад хүн байна гэж бодоод зодсон” гэж хэлээд Ким захирлаас уучлалт гуйгаад байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ким Ёнг Сук-ийн “... Намайг зодсон гэх хүнийг оффисын ажилтан манай өрөөнд оруулж ирэн цагдаа дуудсан байхад өнөөх залуу ярихдаа намайг Хятад улсын иргэн байна гээд зодсон гэж ярьж байна лээ” гэх мэдүүлэг зэрэг яллах талын нотлох баримтыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй атлаа “Гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоогоогүй, уг мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 865 дугаар магадлалд шүүгдэгч Х.О-ийг “Муу хужаа, тамхиа өг” гэж хэлсэн мэтээр анхан шатны шүүхээр тогтоогдоогүй үйл баримтыг дурдсан нь буруу болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 865 дугаар магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Х.Оийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 865 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН