Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0325/з |
Дугаар | 221/МА2017/0104 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0104
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг, Д.Наранцэцэг, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Хан-Уул дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөлөөгч Ш.*******, гуравдагч этгээд П.*******, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд П.*******ын гаргасан давж заалдах гомдлоор О.*******, Ч.******* нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч О.*******, Ч.******* нар 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн П.*******ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт олгогдсон газрыг кадастрын мэдээллийн санд бүртгээгүйг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэрээр:
“1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.*******, Ч.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн П.*******ад холбогдох хэсгийн нэхэмжлэгч О.*******, Ч.******* нарын газартай кадастрын зургаар давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож,
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******, Ч.******* нарын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар олгосон газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын алба хүлээн зөвшөөрснийг баталж” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд П.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Нэхэмжлэлийн шаардлагыг буруу тогтоож Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн П.*******ад холбогдох хэсгийг дурдах ёстой атал 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн П.*******ад холбогдох үйлчилгээтэй орон сууц болгох гэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож гуравдагч этгээдийн эрх хохирсоор байхад нэмж хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргажээ.
2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн хувьд миний бие Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 2120 м.кв газарт баригдах 4, 9 давхар хоёр байшин орон сууцны зориулалттай байсныг үйлчилгээтэй орон сууц болгох хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн байхад А/54 дүгээр захирамжийг хамтатган хүчингүй болгосонд гомдолтой байна.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаангүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн.
2.Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн П.*******ад холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь нийслэлийн Засаг даргаас А/993 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмын хүрээнд газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангаж, мөн 31 дүгээр зүйлд заасан Газар ззэмшүүлэхэд тавигдах шаардлагуудыг тус тус үндэслэн хуулийн хүрээнд захиргааны актыг гаргасан гэж үзэж байна.
Иргэн миний хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэх шаардлагын дагуу нийслэлийн Газрын албанд хүсэлтээ гаргаж энэ дагуу холбогдох захиргааны байгууллагууд судалж үзсэний үндсэн дээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газap нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу нэмэлтээр газар олгож болно гэж шийдвэр гарсан.
Уг шийдвэрийг гаргахдаа нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан газар барилгажилтын зөвлөлийн 22 гишүүний бүрэлдэхүүнтэй хурлаар хэлэлцүүлж газар эзэмших шийдвэрийг олгосон. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2008 оны 199 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарт Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангаж хувийн орон сууцны 250 м.кв газрыг тус тус олгосон боловч 2008-2016 оны хооронд олгосон газрыг хуульд заасны дагуу огт эзэмшээгүй мөртлөө 8 жилийн дараа энэ газар бидний газар гэх мэтээр нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Газар эзэмшигчийн эрхээ эдэлсэн хэдий ч үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:
-газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх,
-газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх,
-газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх,
-бусдын газар эзэмшихдээ холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх зэрэг үүргүүдийг умартаж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 8.4-т “Нийслэл, дүүргийн Газрын албан нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх ажлыг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэх мэдэгдэл буюу энэ журмын “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг өргөдлөл гаргагч иргэн, хуулийн этгээдэд өгнө”, 9.1-т “Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 8.4-т заасан мэдэгдлийн дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлэх, солбицол, өндрийг тодорхойлох ажлыг кадастрын зураглал үйлдэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ”, 9.3-т “Нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхлэх зайлшгүй шаардлагатай буюу байгалийн тодорхой биет, хашаа зэрэг байхгүй тохиолдолд энэ журмын 2 дугаар хавсралтын “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг үйлдэж иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгнө” гэж заасныг хийлгүйгээр өдий хүрсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болж Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй нөхцөл байдал бий болсон байна.
Нэхэмжлэгч нар шүүхэд удаа дараа хуурамч нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь дараах байдлаар тогтоогдож байна.Үүнд:
-Эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлэх солбицол, өндрийг нь тодорхойлох ажлыг кадастрын зураглал үйлдэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ гэсний дагуу “Онги хайрхан” ХХК-иар 2015 оны 10 дугаар сард хийлгэсэн боловч үүнийгээ 2013 онд хийлгэсэн болгож хуурамч нотлох баримт болгож шүүхэд өгсөн.
-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Т.Энхтуяа 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/4798 дугаар албан бичигтээ “...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байсантай холбогдуулан 2008-2015 онуудад кадастрын мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн газрын кадастрын зургийг оруулахын түр хязгаарлаж байгаагүй болно” гэсээр байхад гэрч нарын “...тухай байршил газар бусдын газартай давхцаж байсан” гэж мэдүүлснийг үндэслэл болгон хүндэтгэн үзэх шалтгаан болгон авсан нь үндэслэлгүй байна.
Учир нь, миний бие тухайн газарт газар эзэмшиж байсан хэдий ч 2013 онд “Соёмбот цамхаг” ХХК уг газарт хашаа барьсныг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргаж уг газрыг чөлөөлүүлж кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлсэн.
Тухайн үед нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй газар мөн чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нар “...удаа дараа Газрын албанд мэдээллийн санд бүртгүүлэх талаар хүсэлт гаргасан” гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нар хууль тогтоомж мэддэггүй, жирийн иргэд байсан бол өөр хэрэг. Гэтэл нэхэмжлэгч нар төрийн албанд газрын хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн түшмэлүүд байгаа нь мэдэхгүйдээ биш ашиг хонжоо хайх зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.
Миний бие тухайн газарт 2 жилийн турш хөөцөлдөж эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч 250 метр газраас дулаан, цэвэр, бохир ус, хэрэглээний халуун ус, цахилгааны эрчим хүчийг 800 гаруй сая төгрөгийн зардал гаргаж авсан.
Уг газарт 2 байшин барих ёстойгоос нэг байшин нь баригдаж дуусч, нөгөө байшин барих суурийн нүхийг “Сант-Орд” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж 40 сая төгрөгөөр гүн нь 8 метр, өргөн нь 16 метр урт нь 34 метр суурийн нүх ухаж үйл ажиллагаа эхлүүлж, уг газрыг эргэлтэд оруулсан байхад нэхэмжлэгч нар хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээд миний эрхийг зөрчиж, хохироож байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэл гаргах эрхээр хангаагүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гуравдагч этгээдийн эрх, үүргийг эдлүүлээгүйд гомдолтой байна.
-Мөн шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа А/993 дугаар захирамжийг шүүхийн шийдвэрт “...хууль бус А/933 дугаар захирамжид үндэслэн газар олгосон” гэж дурдсан нь ойлгомжгүй байна.
Нийслэлийн Засаг даргын А/993 дугаар захирамж нь захиргааны актад хамаарах ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох талаар дурдсан долоон заалтыг зөрчөөгүй байхад хууль бус гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
-Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 09/1622 дүгээр албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байна” гэж заасан. 23 дугаар зүйлийн 23.2.3-т “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах”, 23.2.8-т “Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх”, 23.2.11-т “Газрын талаар хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох саналыг тухайн шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх”, 23.2.12-т “Газар зохион байгуулалтын талаарх мэргэжлийн боловсон хүчний бодлогыг эрхлэх газар зохион байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах”, 23.2.14-т “Улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх”, 23.2.17-т “Газар зохион байгуулалт, газрын кадастрын эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх зэрэг үүрэг хүлээсэн байхад дүүргийн Газрын албаны дарга дээрх хууль тогтоомжийг зөрчиж дээд газраас лавлагаа тодруулга болон мэдээллийн санд шүүлт хийлгүйгээр эрх мэдлээс давсан шийдвэр гаргасныг шүүх үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
-Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол /өөрөөр хэлбэл газартай холбоотой маргааныг нийслэлийн Газрын албанд хандах/ нэхэмжлэлийг хүлээн авах ёстой байтал нийслэлийн Мэргэжлийн хяналтын гарын улсын байцаагч Т.Эрдэнэболороос гаргасан дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хүлээч авсан нь хууль зөрчсөн байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. Уг гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээдээс дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заажээ.
Дээр заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж заасаар байхад нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн захиргааны актад гомдол гаргах эрхийг нь хангалтгүйгээр шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь захиргааны байгууллагын захиргааны актыг хууль зөрчиж гаргасан эсэхэд дүгнэлт гаргадаггүй ба Захиргааны ерөнхий хуулийн 47, 48, 49 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт илт хууль бус болох, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах эрх нь эрх бүхий байгууллага болох захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээний асуудал байсаар байтал Мэргэжлийн хяналтын байцаагч хууль бус шийдвэр гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт гэрчээр байцаагдсан хүмүүс бүгд нэхэмжлэгч нартай нэгдмэл ашиг сонирхолтой нэхэмжлэгч, гэрч, төлөөлөгч нар нь бүгд газрын албанд хамт ажилладгийг мэдсээр байж ач холбогдолгүй тайлбар авч гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримт болгон хэрэгт хийгдвэл зохих захиргааны процессын ажиллагаануудыг дутуу хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32, 34, 35, 37, 39, 40, 41, 42 дугаар зүйлд заасныг орхигдуулж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, шүүх нотлох зарчмыг ноцтойгоор зөрчиж байна.
3.Шүүх хэрэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Газрын албыг хариуцагчаар татсан боловч шийдвэр гаргахдаа тэдгээрийн хууль зөрчсөн талаар огт дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг гаргуулах гэснийг зөрчин орхигдуулж мөн гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг дурдаагүй нь энэ шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх ажиллагаа зөвхөн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгждэг, мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөх боломжгүй бол нотлох баримтын эх сурвалжийг зааж шүүхийн журмаар гаргуулах боломжтой бөгөөд харин давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Д.*******аас гаргасан нотлох баримтуудыг хүлээн авч үнэлэх боломжгүй, цаг хугацааны хувьд тэдгээр баримтууд нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа гарсан баримтууд байх тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хэргийг хянаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар “40000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн захиргааны албан хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд амины орон сууцны барилга бариулах зориулалтаар нэр бүхий 60 иргэнд тус бүр 0.025 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газрын байршлын талаар гар зураг үйлдэж, гэрээ байгуулжээ.
Түүнд зааснаар нэхэмжлэгч О.*******т 55, Ч.Пагмарсүрэнд 57, гуравдагч этгээд П.*******ад 23 тоотод газрыг тус тус хуваарилж газрын баталгаат хэмжээг тогтоосноос үзэхэд тухайн байршилд газар эзэмших эрх нэг цаг хугацаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт хамт үүссэн байна.
Харин нэхэмжлэгч нарын хувьд уг газраа олон жилийн турш зориулалтын дагуу ашиглаагүй, мөн газрын байршил нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогддог ч эдгээр нөхцөл байдал нь адил цаг хугацаанд газар эзэмших эрх үүссэн гуравдагч этгээдэд тэдгээрийн газрыг давхцуулан эзэмшүүлэх үндэслэл болохгүй.
Гуравдагч этгээд П.*******ын хувьд дүүргийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар иргэн Д.Энхтөрд эзэмшүүлсэн 250 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 500 м.кв газар эзэмших эрхтэй болсонтой талууд маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч нарын эзэмшил газрыг оруулан нийт 2120.4 м.кв газарт кадастрын зураг хийлгэж мэдээллийн санд бүртгүүлснээр, мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/993 дугаар захирамжаар 2120 м.кв газар эзэмших олгож, улмаар 2015 оны А/54 дүгээр захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилснөөр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх зөрчигдсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарт анх газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж одоог хүртэл хүчинтэй байна.
Үндсэндээ гуравдагч этгээдийн одоогийн эзэмшиж буй газрын эх сурвалж нь нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын дээрх захирамж байх бөгөөд П.*******ын тухайд ч эзэмшүүлсэн газрын байршил нь анх нэхэмжлэгчдийн нэгэн адил гараар хийсэн тойм зураг байсан, гэвч гар зурагт заасан байршил нь тухайн үед “Соёмбот цамхаг” ХХК-ийн эзэмшил газартай хамаарч байсантай холбогдуулан газрын байршлыг өөрчилснөөр нэхэмжлэгчдэд эзэмшүүлсэн газартай давхцах нөхцлийг бий болгосноос газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчигдөж, нэхэмжлэгч нарын газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хариуцагчийн буруутай үйлдэл байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Д.Ган-Эрдэнэ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/1753 дугаар албан бичгээр “газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хариуцагчийн зөвшөөрлийг баталсныг буруутгах боломжгүй.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчдээс нэмэгдүүлэн гаргасан, иймд анхан шатны шүүхийг хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй.
Давж заалдах гомдолд дурдсан “...нэхэмжлэгчдийг Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй...” гэх үндэслэлээр тэдгээрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх шат шатны Засаг даргад олгогдсон, гэвч дүүргийн эсхүл нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчдэд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй байх тул энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Хан-Уул дүүргийн Газрын албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 09/1622 дугаар албан бичигт “...газрын мэдээллийн санд 2008-2013 онуудад ерөнхий төлөвлөгөөтэй газруудад дүүргийн Газрын албанаас мэдээллийн сангийн зураг оруулахыг түр зогсоож байсан, мөн “Соёмбот цамхаг” ХХК-ийн газрын зөрчлийн улмаас тухайн зөрчлийг арилгах хүртэл зураг оруулахыг түр зогсоож байсан” гэх,
-гэрч А.Энхсайханы “...маргаан бүхий газрын урд “Соёмбот цамхаг” ХХК-ийн эзэмшил газар байсан бөгөөд хашаагаа хэтрүүлж сунгаж, барьсан учраас давхцалтай гээд зураг орохгүй байгаа” гэх,
-гэрч Б.Байгалмаагийн “...Тухайн газарт ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байсан учраас хийгдсэн байсан учраас зай завсарт нь газар олгогдсон. Сонгууль болон мэдээллийн санд болон серверт өөрчлөлт орох, “Соёмбот цамхаг” ХХК-ийн барьсан хашаа нь бид нарт олгогдсон газар луу орсон учраас зураг оруулахгүй байсан” гэх мэдүүлэг,
мөн эдгээрийг баталсан буюу гуравдагч этгээд П.*******ын “Миний газар урд байсан боловч “Соёмбот цамхаг” ХХК хашаагаа эзэмшил газраасаа хэтрүүлж барьснаас давхцал үүсч, хойшоо эзэнгүй байрлалд шилжүүлсэн” гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нарыг өөрсдийн эзэмшил газраа мэдээллийн санд оруулах ажиллагаа явуулаагүй гэж буруутган, гуравдагч этгээдэд тухайн газрыг давхцуулан эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг зөвтгөх байдлаар давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд П.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН