Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/1031/З |
Дугаар | 426 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 426
“Л э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, “Л э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/235 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0524 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/235 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л э х” ХХК-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0524 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/34 тоот “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох” тухай тогтоолыг батлахдаа захиргааны акт гаргах журам зөрчиж гаргасан гэж үзэн А/34 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
1. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэм хэмжээний акт нь төлбөр хураамж тогтоож байгаа, хүний эрх, эрх чөлөө аливаа байдлаар хөндөгдөж байгаа бол нөлөөллийн шинжилгээг бүхэлд хийх шаардлагатай гэж үзэж байна. Тогтоолыг батлах явцад мөрдөгдөж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалын хавсралт болох “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын
2.3-т зааснаар дараах тохиолдолд нөлөөллийн шинжилгээг заавал бүхэлд нь хийнэ:
2.3.1. өрсөлдөөнд нөлөөлөхүйц зохицуулалтыг агуулж байгаа;
2.3.2. захиргааны шинэ нэгж, бүтэц бий болгож байгаа;
2.3.3. төлбөр, хураамж тогтоож байгаа;
2.3.4. хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хөндөж байгаа бол нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийнэ гэж заасан байна.
Энэхүү тогтоолыг үндэслэж Газрын алба нь иргэд, аж ахуйн нэгжээс төлбөр авч байгаа учир маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь төлбөр, хураамж тогтоож байгаа, хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хөндөхөөр захиргааны хэм хэмжээ гэж үзнэ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан слайд нь зөвхөн танилцуулга хэлбэртэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал болгож буй Засаг даргын санал байсан. Үүнийг 99 дүгээр тушаалын хавсралтаар заасан нөлөөллийн шинжилгээ хийсэн гэж үзэхгүй, аргачлалд заасан асуултад хариулах судалгаа, тооцоолол хийгдээгүй байна. Жишээ нь, Хууль зүйн сайдын 99 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад заасан дараах асуултад хариулаагүй байна.
Дээрх асуултын дагуу бүрэн судалж, нөлөөллийн шинжилгээ хийсний үндсэн дээр дээрх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах ёстой юм.
2. Тухайн үед буюу маргаан бүхий актыг батлах явцад хэрэгжиж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын
6.1-д “Шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас... гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно”,
6.3-т “Энэ журмын 6.1-д заасан этгээдийн шийдвэр нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино”,
6.4-т “Энэ журмын 6.1-д заасан этгээд нь гаргасан шийдвэртээ нөлөөллийн шинжилгээ хийсэн байна” гэж тус тус журамласан.
Хариуцагч нь хариу тайлбартаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар өгсөн зөвлөмжийн дагуу дээрх А/34 тоот тогтоолыг баталсан гэж байгаа нь Монгол Улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар “..хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасны дагуу бие даан шийдвэр гаргаагүй байна.
Иймд, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/34 тоот тогтоол нь иргэд, аж ахуйн нэгжид төлбөр тогтоож байгаа хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж болох чухал захиргааны хэм хэмжээний актын хувьд түүнийг батлахдаа Хууль зүйн сайдын 99 дүгээр тушаалаар батлагдсан нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг баримтлан Засгийн газрын 119 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагыг зөрчиж гаргасан, анхнаасаа хууль, журмын дагуу батлагдаагүй, процессын дагуу бус, үндэслэлгүй баталсан үйлдлийг анхан шатны шүүх дэмжиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй, дээрх журам, аргачлалыг буруу тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байх тул тус хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Л э х” ХХК нь “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагч нь хэм хэмжээ тогтоосон акт гаргахдаа хууль зөрчсөн. ...Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан газрын төлбөрийг тогтооход харгалзан үзэх шаардлагыг хангаагүй. ...хэм хэмжээ тогтоосон актыг үнэлгээ хийх, хэлэлцүүлэг хийх, нөлөөллийн шинжилгээ хийсний үндсэн дээр батлах ёстой, ...эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн” гэж маргасан байна.
Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолыг баталсан байх ба тогтоолыг гаргахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэсэн гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч “Л э х” ХХК нь хэм хэмжээ тогтоосон захиргааны акттай маргасан байхад шүүхүүд газар ашиглах гэрээнд газрын бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг 2 тал харилцан тохиролцож тодорхойлсон, гэрээний дагуу 2015 оны газрын төлбөрөө төлсөн, ...А/34 дүгээр тогтоолыг гаргахдаа өмнөх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон газрын бүсийн зааг, хязгаарыг өөрчлөөгүй, төлбөрийн хэмжээг ихэсгэж, багасгаж тогтоогоогүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх алдааг залруулаагүй нь буруу байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар газрын итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор, уг тоон утгыг тогтоохдоо хуульд заасан нөхцөл шаардлагыг харгалзан үзэж тогтоохоор зохицуулсан байна.
Шүүх маргаан бүхий А/34 дүгээр тогтоолыг гаргахдаа харгалзан үзэх шаардлага болох инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар хариуцагчаас судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх баримтыг бүрэн цуглуулаагүй. Мөн түүнчлэн захиргааны хэм хэмжээний актыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” болон “Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийсэн эсэх, төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг хийсэн эсэхийг шалгаж, холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд энэ талаарх нотлох баримтыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 3-2/07 тоот албан бичигт “...А/34 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй байна” гэж тодорхойлсон, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 6 дугаар сард Хууль зүйн яаманд хандсан” гэсэн тайлбар гаргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр, 67.3-д дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хүчин төгөлдөр дагаж мөрдөх захиргааны акт мөн эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дээрх нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0235 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0524 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б. МӨНХТУЯА