Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/344

 

 

  2024            05           13                                   2024/ШЦТ/344                               

                                

                                                                                    

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Энх-Амгалан, хохирогч Д.Ц, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Буянт, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б, Г.Б нар нь бүлэглэж, хохирогч Д.Ц-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хх тоот хаяг дахь  газрыг 100.000.000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “хх” хотхоны гадаа 50.000.000 (тавин сая) төгрөгийг бэлнээр, мөн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “одоо л ажил бүтэж байна, газрыг шилжүүлэхээр боллоо, үлдэгдэл 50.0 сая төгрөгөөсөө 10.0 сая төгрөгийг шилжүүлбэл 7 хоногийн дотор гэрчилгээг нэр дээр чинь гаргуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр 10.000.000 (арван сая) төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “хх” хотхоны 23 дугаар байрны хх тоот гэртээ байхад нь Хаан банкны 5030623819 дугаарын дансаар шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

              

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Миний хувьд хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан бүрэн нөхөн төлсөн байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний хувьд анх Ц-тэй нотариатын гэрээ хийж 50 сая төгрөг авч байсан.  Дараа мөн өөрийн дансаар 10.0 сая төгрөг авсан. 10.0 сая төгрөгийг тухайн гэрчилгээг гаруулна гэж авч байсан. Түүнээс хойш хэлсэн хугацаандаа гэрчилгээ нь гарахгүй байсаар хугацаа алдсан. Газар зарагдсан асуудал дээр бид хоёр ямар нэг байдлаар оролцоогүй, мэдээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Д.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…Би 2018 онд “аж ахуйн хашаа зарна” гэж байхаар нь ярьж тохиролцсон. Энэ хоёр анхнаасаа зарим газар нь миний нэр дээр зарим нь дүү нарын нэр дээр байгаа гэж хэлж байсан. Дундуураа удаашраад байхаар би асууж байсан. Хамгийн сүүлд 10.0 сая төгрөг өгөх үедээ бичиг баримтаа үзүүлж байсан. Утас нь холбогдохгүй болохоор нь өргөдөл гомдол өгсөн. Одоогийн байдлаар хохиролгүй, гомдол саналгүй болсон.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ххххх хххх ххххх  дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 20 дахь тал),

 

2. Хохирогч Д.Ц-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл (хэргийн 21-22 дахь тал),

 

3. Хохирогч Д.Ц болон шүүгдэгч Г.Б нарын хооронд 50.0 сая төгрөг өгч, авалцах үед бичгээр байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн зээлийн гэрээ  (хэргийн 54 дэх тал),

 

4. О.Б, Г.Б нараас бичгээр гаргасан 2021 оны 10 сарын 27-ны өдрийн баталгаа гэх баримт (хэргийн 56 дахь тал),   

 

5. “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хх тоот хаяг бүхий нэгж талбар нь О.Батцэцэг нарын иргэдийн нэрээр бүртгэлтэй байх бөгөөд иргэн Г.Б -аас иргэн Д.Ц -д газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай хүсэлт гаргасан бүртгэл байхгүй байна” гэсэн тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ны хх дугаартай албан бичиг (хэргийн 55 дахь тал),

 

6. Сонгинохайрхан дүүргийн хх тоот хаяг бүхий нэгж талбарын хувийн хэрэг, хавсралт баримтууд, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хх  дугаартай албан тоот (хэргийн 69-119),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ц хохирогчоор өгсөн:

“...2018 оны 10 сарын 10-нд Улаанбаатараас Дархан орохоор явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн хх тоот буюу 4 айлын хашааг зарна гэж бичсэн зар хашаа нь дээрээ бичсэн байсан тул зарын дагуу ярьж анх Г.Б-тай утсаар холбогдсон. Утсаар ярихад 5 айлын газрыг 100.0 сая төгрөгөөр зарна гээд уулзахаар тохиролцсон юм. 2018 оны 10 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо хх хотхонд байрлах өөрийн гэрийн гадаа уулзаж, мөнгийг өгсөн.

Б. ирэхдээ газрын гэрчилгээг авч ирээгүй бөгөөд “газрын гэрчилгээг 10.0 сая  төгрөгт барьцаанд тавьсан байгаа, та мөнгөө өгчих юм бол 10 сая төгрөгийн зээлийг төлөөд гэрчилгээг шууд таны нэр дээр шилжүүлээд өгнө, газар нь өмчлөх хэлбэртэй газрууд байгаа, ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлсэн. Уг хэлсэн үгэнд нь итгээд урьдчилгаа 50.0 сая төгрөгийг бэлнээр авч өгсөн. 50.0 сая төгрөг өгөх үед миний нөхөр Гомбосүрэн байсан. Б-ын нөхөр гэх Б. гэх залуу мөн хамт байсан.

Б., Б. хоёр хоёулаа “газар асуудал байхгүй, бид гэр бүлийн хүмүүс байгаа юм, газраа мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа юм” гэж нөхөр бид хоёрт хэлсэн. Б. нь удаахгүй нэр дээр чинь шилжүүлнэ, үлдэгдэл 50.0 сая төгрөгөө бэлдэж бай гэсэн. Ингээд шилжүүлэхгүй явсаар 2021 оны 08 сарын 31-ны өдөр “одоо л ажил бүтэж байна, газрыг шилжүүлэхээр боллоо, үлдэгдэл 50 сая төгрөгөөсөө 10.0 саяыг шилжүүлбэл 7 хоногийн дотор гэрчилгээг нэр дээр чинь гаргуулж өгнө” гэсэн.

Би мөн л итгэж бас өмнө нь 50.0 сая өгсөн учир нэхсэн мөнгийг өгөхгүй бол газар ч үгүй юу ч үгүй болох байх гэж айгаад Г.Б-ын Хаан банкны хххх тоот дансанд нэхсэн 10.0 саяыг шилжүүлсэн.

Дараа нь нэг удаа холбогдоод Б., нөхрийн хамт надтай уулзаад 5.0 сая төгрөг өгчих гэхээр нь би өгөөгүй. Үүнээс хойш алга болсон. 60 сая төгрөг авчхаад нэр шилжүүлж өгөхгүй байсан тул залилуулж байгаагаа ойлгож Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Б-ын газар мөн эсэхийг шалгуулахад О.Б гэх хүний нэр дээр эзэмших гэрчилгээ байгаа гэсэн албан бичгийг Газрын албанаас өгсөн.

Б-тай холбогдох гэхэд утсаа ерөөсөө аваагүй, өнөөдрийг хүртэл холбогдож чадахгүй байна. Б. гэх хүн нөхөртэйгөө нийлж, надад худал хэлж залилан мэхэлсэнд маш их гомдолтой байна. Надад анх хэлэхдээ газар өмчлөх гэрчилгээ миний нэр дээр байгаа 10 сая төгрөгийг барьцаанд байгаа мөнгөө өгчих юм бол барьцаагаа төлөөд шууд нэр дээр гэрчилгээ шилжүүлээд өгнө гэж хэлж байсан боловч худлаа ярьж байсан. Нөхөр Б. нь надад хэлэхдээ өөр хүн авах гэж байхад нь танд хямдхан өгч байна гээд намайг загнаж, уурладаг байсан. Надад ямар ч баримт, газрын гэрчилгээ үзүүлж байгаагүй. Тухайн үед Б. нь жирэмсэн байсан бөгөөд би жирэмсэн хүн худлаа ярихгүй байх гэж итгэсэн.

Би Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүсэлт гаргасан. Сонгинохайрхан дүүргийн хх тоот дараалсан газар хэний нэр дээр байгаа талаар мэдээлэл гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад О.Б нарын нэр дээр байна гэсэн. О.Б гэх хүний мэдээллийг надад өгөөгүй байгаа. Газрын албанаас надад өгсөн албан бичгийг баримтаар гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-29 дэх тал),

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

... Улаанбаатар хотын 22 товчооны тэнд “газар зарна” гэсэн хаяг байхаар нь утсаар холбогдоод би өөрөө газрыг чинь авъя гэж хэлэхэд нөгөө хүн зарна гэж хэлж байсан. Би тухай газрын 100.0 сая төгрөгөөр авахаар тохиролцоод эхний ээлжид  50.0 сая төгрөг өгнө гэж ярилцаад би уг мөнгийг бэлнээр манай гэрийн гаднаас Б. ирж авсан. Б. тэр үед газрын гэрчилгээг авчраагүй байсан тул түүнтэй ярилцахад “гэрчилгээг авчраагүй байгаа, мөнгөний барьцаанд тавьсан байгаа, харин танаас мөнгийг аваад   гэрчилгээгээ авна” гэж тохиролцоод 50.0 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд гар утсаа авахгүй, хааяа нэг авахаараа “удахгүй газрыг нь шилжүүлж өгнө” гэж ярьдаг. Харин ковидын үе дууссаны дараа Б. нь өөрөө над руу залгаад “уулзъя” гэж хэлээд би нөхрийн хамт, Б. нөхрийн хамт уулзацгаасан. Тухайн үед газар маань шилжихгүй байна, 10.0 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь дансаар  10.0 төгрөгийг Б-ын данс луу шилжүүлсэн. Түүнээс хойш нэг удаа холбогдоод Б. нь нөхрийн хамт надтай уулзаад 5 сая төгрөг өгчих гэхээр нь би өгөөгүй.

Надад анх хэлэхдээ тухайн газар нь барьцаанд тавьсан байгаа, барьцаагаа суллахад мөнгө хэрэгтэй байгаа гэж хэлж надаас мөнгө авсан. Харин би барьцаанд  байгаа газрыг нь барьцаанаас чөлөөлж авах гэж урьдчилгаа төлбөр мөнгийг өгсөн. Тухайн үед газар худалдан авах талаар гэрээ байгуулаагүй, Харин Б-ын гараар газрын байршил хаягийг шилжүүлэн өгнө гэсэн бичиг хийлгэж авсан. Энэ нь 10.0 сая төгрөг өгөх үе байсан бөгөөд би Б-д өөрөө итгээд мөнгийг өгсөн.

...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр өөрийн авах ёстой байсан хашаа нь дээр очсон. Тэгтэл “түрээслүүлнэ” гээд 88119779 гэсэн гар утасны дугаарыг хашаа нь дээр будгаар бичсэн байхаар нь тус дугаар луу залгаад “Б. мөн үү” гэтэл тухайн хүн “Б. гэдэг хүнээс энэ газрыг худалдаж авсан, би бас Б-ийг хайж байна, Б-ийг яаж таньдаг юм бэ” гэж надаас зөрүүлээд асуусан. Тэгэхээр нь би “Б. гэх хүнээс энэ хашааг авсан боловч гэрчилгээгээ шилжүүлэхгүй алга болохоор нь хайж байгаа хүн байгаа юмаа” гэсэн. Тэгсэн нөгөөх гар утас дээрх хүн нь “Б-ээс хашааг нь 150 сая төгрөгөөр авсан, мөнгийг бол өгсөн, миний нэр дээр итгэмжлэл хийгдээд газар минийх болсон, мөн худаг гаргаж өгнө гэсэн алга болсон, хавраас хойш ганц ч холбоогдоогүй, тухайн газрууд нь дүү нарынх нь нэр дээр байсан бөгөөд итгэмжлэл хийлгэсэн байгаа, Б-ийн газрыг шүүхээс битүүмжилсэн болохоор шилжүүлж болохгүй байгаа” гэж надад хэлсэн. Б. нь Б-ын нөхөр байгаа юм. ” гэсэн мэдүүлэг (хэргийн  31, 33 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д-ийн гэрчээр өгсөн:

“…Сонгинохайрхан дүүргийн хх дугаар хороо хх тоот хаяг дахь газрын эзэмшигч нь манай эхнэр О.М-ын нэр дээр байдаг юм. Би анх 5 айлын газрыг 120.0 сая төгрөгөөр худалдаж авахаар Б. гэх хүнтэй 2021 оны 01 дүгээр сард ярьж тохирсон юм.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн хх дугаар хороо хх тоот нь шүүх дээр асуудалтай гээд шилжих боломжгүй болчихсон, бас нэг тоот хаяг нь огт гэрчилгээгүй гээд авахаа больсон юм. Тэгээд үлдсэн 3 айлын газрыг нь Б-ээс 45.000.000 төгрөгөөр худалдан авч байсан ба 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ нь манай эхнэрийн нэр дээр шилжиж ирсэн. Тухайн 45.000.000 төгрөгийг Б. нь янз янзын дансаар шилжүүлж авсан. Ерөнхийдөө газрын гэрчилгээ шилжиж эхлээгүй байхад л 5.000.000 төгрөгийг нэхэж аваад янз бүрээр л надаас авч байсан. Одоо Б. бид хоёр ямар нэгэн тооцоо байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 42-43 дахь тал),

 

9.  СХД-ийн 32 дугаар хороо хх тоот дахь амины хашаа эзэмшигч О.Б, СХД-ийн 32 дугаар хороо хх тоотын эзэмшигч О.О, О.Б-д “дээрх эзэмших эрх бүхий газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах, гэрчилгээ хүлээн авах, үйлдэл хийх бүрэн эрхийг итгэмжлэл олгосон өдрөөс 12 сарын хугацаанд олгосон” 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн хх бүртгэлийн дугаартай итгэмжлэл баримтууд (хэргийн 59-60 дахь тал),

 

10. СХД-ийн 32 дугаар хороо,  хх тоот хаяг дахь нэгж талбарын дугаар бүхий газар нь О.Б-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон 2021 оны 04 сарын 18-ны өдрийн хх дугаартай гэрчилгээ баримт (хэргийн 62 дахь тал),

 

11. СХД-ийн 32 дугаар хороо,  хх хаягт тус тус байрлах нэгж талбарын ..дугаар бүхий газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлэхээр иргэн О.М-д /РД:МЭ20123007/ олгосон 2022 оны 03 сарын 29-ны өдрийн газар эзэмшин эрхийн  хх дугаартай гэрчилгээ баримтууд (хэргийн 64-66 дахь тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-ийн гэрчээр өгсөн:

“…Би бусдыг залилан мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд өөрийнхөө нэр дээрх болон төрсөн гурван дүүгийн маань нэр дээр байсан 4 айлын газрыг худалдахаар тохиролцсон. Миний дүү нар болох О.Б, О.О, О.О нар нь надад газраа худалдан борлуулах зөвшөөрөл өгч итгэмжлэл хийж өгсөн бөгөөд үүнийг Ц. гэх эмэгтэй мэдэж байгаа.

Би түүнээс огт өөр хүний эзэмшлийн газар зарах гэж байгаа зүйл байхгүй. Би 60 сая төгрөгийг буцаагаад өгөх боломжтой байгаа ба хөдөө хүүхэд гэмтээд яваад ирсэн. Миний нэр дээр хх тоот газар нь бүртгэлтэй байдаг бөгөөд хх тоот газар нь миний төрсөн дүү нарын нэр дээр байдаг. Дүү нар гадаад яваад ирээгүй байсан тул итгэмжлэл хийж өгч чадахгүй удаад байсан юм. Одоо итгэмжлэл авсан байгаа. Өөрийнхөө нэр дээр байсан газрын гэрчилгээг алга болгоод олохгүй байсан. Уг асуудлыг Ц. гэх хүн мэдэж байсан байж залилсан гэж намайг гүтгэж байгаад гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35-36 дахь тал),

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ын гэрчээр өгсөн:

“...Би бусдыг залилан мэхэлсэн зүйл байхгүй. Тухайн газрууд нь миний нөхөр болон миний нөхрийн дүү нарын нэр дээр байгаа талаар гомдол гаргасан Ц. гэх хүнд хэлж байсан бөгөөд газрын нэрийг шилжүүлэн өгнө гэж тохиролцож газраа 100 сая төгрөгөөр зарахаар болсон юм. Бид хоёр урьдчилгаа 50.0 сая төгрөг бэлнээр,  10.0 сая төгрөгийг дансаар авсан нь үнэн. Газрын гэрчилгээг нэг мөр шилжүүлэн өгөхөөр Газрын албанд хандахаар гэрчилгээ, баримтаа бүрэн болгосон байгаа юм. Дүү нараас нь худалдан борлуулах итгэмжлэл хийж авсан. хх тоот нь нөхрийн нэр дээр, хх тоот газрууд нь дүү О.Б., О.О., О.О. нарын нэр дээр байгаа. Газрыг давхардуулан зарсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн Ц. гэх хүнд зарахаар тохиролцож өгөхөөр болсон байгаа.

... Ц. гэх хүнд зарах гэж байсан газрууд нь одоо бүгдээрээ Б. болон түүний дүү нарын нэр дээр хэвээрээ байгаа. Ц. гэх хүнд 2022 онд бид нарыг цагдаад өгчихсөн байхаар нь больё, мөнгийг нь өгье гээд одоог хүртэл мөнгийг нь өгч чадаагүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39, 46-48 дахь тал),

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“…2018 оны 10 сарын 30-ны өдөр Ц. гэх хүнтэй зээлийн гэрээ хийсэн учир нь хашааны урьдчилгаа 50.0 сая төгрөг өгсөн бөгөөд мөнгө өгсөн баримт болгоод нотариат орж гэрээг хийсэн. 2019 оны хавар нь СХД-ийн 32 дугаар хороо хх тоотуудыг шилжүүлж өгөх байсан ч амжаагүй. Газрын бичиг баримтыг нь шилжүүлэх гээд хөөцөлдөх тухайн үед Ц. нь алтны уурхайтай гээд, 2 жил орчим гадагшаа дотогшоо явсан. Тэгээд корона гээд 2 жил өнгөрсөн. Шарын голд өрөмдлөг гэх мэт ажлаар явж байхдаа би Ц. гэх хүнтэй танилцаж байсан. Тухайн үедээ би надад газар байгаа гэж ярьж байсан чинь “зам дагуу юм бол манайх авъя” гээд Ц. 100.000.000 төгрөгөөр авахаар болсон. Эхлээд 50.000.000 бэлнээр Урт цагаанд авсан санагдаж байна. Дараа нь үлдэгдэл 50.000.000-т  ковш машин өгөхөөр болсон боловч тухайн машин муу байсан болохоор аваагүй.

Газраа шилжүүлсний дараа үлдэгдэл 50.000.000 төгрөгийг авахаар болж тохиролцсон. Ярилцаж байгаад 10.000.000 төгрөгийг би эхнэр Б-ын дансаар авч байсан. Тухайн үед өрөмдлөгийн өр байсан тэрэнд зарцуулж байсан. Бас нэг найз Б. 8.000.000 төгрөг зээлүүлж байсан, одоог хүртэл аваагүй байгаа. Миний эзэмшиж байгаа газар нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлээс нэр шилжүүлэх эрхийг маань түдгэлзүүлчихсэн байсан. Энэ талаар 2022 оны сүүлээр мэдсэн юм. Бусад газар нь үл хөдлөхийн гэрчилгээ авах гэж их хугацаа орсон. Одоо тухайн газрын хх тоот газар л миний нэр дээр байгаа, бусад газрыг нь 150.000.000 төгрөгт бодоод зарчихсан. Одоо намайг “буцаагаад энэ газраа ав” гээд байгаа юм. Тэр хүнээс авсан 30.000.000 төгрөгөө Шийдвэр гүйцэтгэлийн өр, компанийн өр зэрэгт зарцуулсан.

... Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-аас гаргасан 2210011920380 дугаартай О.Б намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна.

Учир нь надад бусдыг залилах гэсэн бодол байгаагүй. Харин хүний мөнгийг гаргаж өгөх зорилгоор бусдад зарсан асуудал байгаа. 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр миний иргэний үнэмлэх байхгүй байсан тул эхнэр Г.Б-ыг Г.Ц гэх хүнтэй зээлийн гэрээ хийлгэж 50.000.000 төгрөгийг газар авах зорилгоор авсан. Ковидын дараа 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уулзаж ярилцаад, 10.000.000 төгрөгийг өгөөч ээ гэж Ц-тэй ярилцаад 10.000.000 төгрөг авсан. 3-4 жил өнгөрөөд манай газрын үнэ өссөн.

Миний нэр дээр байгаа газар нь шилжихгүй байсан. Тэгэхээр нь  би миний газрын үнэ өссөн болохоор өөр хүнд зараад мөнгийг нь гаргаж өгье гэж бодоод 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 155.000.000 төгрөгөөр тохиролцож бусдад зарсан. Тэр мөнгөөрөө ойр зуурын өр, ковидын үеийн хүнд хэцүү үед хувийн ахуйн амьдралдаа зарцуулаад дууссан. Тэндээс мөнгийг нь гаргаж өгье гэж бодож байсан боловч чадаагүй, нөгөө хүмүүстээ хулхидуулсан.

Бусдад залилуулсан талаараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Одоо л гаргах бодол байна. Энэ асуудал нь Б-тай огт хамааралгүй, миний данс шүүхийн шийдвэр дээр хаалттай, ашиглаж болохгүй байсан тул би эхнэр Б-ын дансаар тухайн мөнгийг авч ашиглаж байсан мөн бусдад газраа зарснаа эхнэртээ огт хэлээгүй байж байгаад зарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51-52, 136-137 дахь тал) болон шүүгдэгч О.Б-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 146 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 147 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 148 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 149 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 150 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хэргийн 151 дэх тал), АСАП сангийн мэдээлэл (хэргийн 154-159 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 160 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 163-168 дахь тал), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04-01/734 дугаартай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1329 дүгээр шийтгэх тогтоолоор 700.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг бүрэн төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хх дугаар тогтоолоор дуусгавар болсон гэх албан бичиг (хэргийн 169 дэх тал), “Хөлдөөтийн арвин металлс” ХХК-ийн тодорхойлолт, О.Б-ийн өвчний түүх болон Зүрх судасны төвийн эмчилгээ шинжилгээний баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ын яллагдагчаар өгсөн:

“…Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчтэй хамт ирж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна.

... 2018 онд санагдаж байна анх аж ахуйн хашаа зарна гэсэн дагуу манай нөхөр Б-тэй Ц., Г. нар холбогдсон байсан. Тэгээд СХД-ийн 32-р хороо, хх тоот газруудыг 100.0 сая төгрөгт худалдахаар болж, 50.0  сая төгрөгт бартераар ковш машин өгөхөөр, үлдсэн 50.0 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сард хүүгүй зээлүүлсэн гээд нотариатаар орж би Ц-тэй

Ц. үлдэгдэл 50.000.000 төгрөгт машин өгөхөөр тохирсон. 2019 оны хавар ковшийг нь авахаар болсон боловч муу ковш байсан учир үзээд больсон. Хавар алт гарахаар үлдсэн мөнгөө өгье гээд 2019-2020 ондоо ажил нь зогсонги байдалд ороод үлдсэн 50.000.000 төгрөгөө манайд өгч чадаагүй. 2021 оны 05 дугаар сард уулзалдаад 6 сард мөнгөө өгнө гээд явсан. 2021 оны 08 сарын 31-ны өдөр ахиж уулзаад 10.000.000 төгрөгийг миний Хаан банкны ххх тоот дансаар шилжүүлж өгч байсан.

Гэрчилгээгээ бэлэн болгоод газраа шилжүүлж өгнө гэж тохироод салцгаасан. Тухайн 4 айлын газар нь эзэмших эрхтэй Г дугаартай гэрчилгээтэй байсан болохоор өмчлөх эрхтэй болгох гээд бичиг баримт хөөцөлдсөн. Нэг газар нь болохоор Б-ний нэр дээр байсан нь Шүүхийн шийдвэр дээр битүүмжилсэн байсныг  2022 оны 12 сард суллаж авсан. Ц-д газраа шилжүүлж өгөх хугацаа нь хэтэрсэн.

2022 оны 2 сард тухайн газруудыг Б. нь бусдад зарсан гэдгийг би 2022 оны 5 сард олж мэдсэн. Яагаад тухайн газраа өөр хүнд зарсан талаар нь би мэдэхгүй байна. Эхний 50.000.000 төгрөгийг Б. захиран зарцуулсан. Сүүлд авсан 10.000.000 төгрөгийг би хувийн хэрэгцээндээ болон газрын бичиг баримт зэрэгт ашиглахаар зарцуулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 127-128, 131-132 дахь тал) болон шүүгдэгч Г.Б-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (140 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 144 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б, Г.Б нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Б, Г.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хх тоот хаягт байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар О.Б, О.О, О.Б, О.О нарын эзэмших эрхэд нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрыг “эзэмших эрхийг нь өмчлөх эрх болгож шилжүүлж өгнө” гэж амлан, газар эзэмших эрхийг 100.000.000 төгрөгөөр үнэлж, газрын урьдчилгаа төлбөрт 2018 оны 10 сарын 30-ны өдөр 50.000.0000 төгрөгийг бэлнээр, мөн “одоо ажил бүтэж байна, гэрчилгээ гарах гэж байна, нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж нэмж 10.000.000 төгрөгийг 2021 оны  08 сарын 31-ны өдөр Хаан банк дахь Г.Б-ын харилцах дансаар шилжүүлэн авч ашигласан атлаа, Д.Ц-д дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөөгүй,  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хх тоот хаягт байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар О.О, О.Б, О.О нарын эзэмших эрх бүхий газар, хашааг өөр бусдад  худалдан борлуулсан, уг газар нь гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай  эзэмших эрхийг 2022 оны 03 сарын 29-ны өдрийн хх  дугаартай гэрчилгээ баримтаар иргэн О.М-т /РД:/ шилжүүлэн бүртгэсэн үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шунахай зорилготой, шууд санаатай гэмт үйлдлийг “Залилах” гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд уг гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тухай гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан.

 

Гэмт хэргийн хохирол уршгийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг “их хэмжээний хохирол” мөн зүйлийн аудентик тайлбарт “энэ хуульд заасан “нэгж” гэж  энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно” гэж  тайлбарласан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж зааж хуульчилсан байна.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь “бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Нөгөөтээгүүр “...шүүгдэгч нар нь тодорхой давтамжтай, үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн эд хөрөнгө буюу мөнгийг залилан мэхэлж авсны улмаас хохирогч Д.Ц-ийн эд хөрөнгөд учирсан нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол”-д хамаарах юм. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч О.Б, Г.Б нарын үйлдэл нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үргэлжлэн үйлдэгдсэн тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдоно.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
“...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж заасан бөгөөд О.Б, Г.Б нар нь дээрх гэмт үйлдлийг хамтран үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч О.Б, Г.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-д учирсан эд хөрөнгийн хохирол болох 60.0 сая төгрөгийг шүүгдэгч нар нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 сарын 14-ны нөхөн төлсөн талаар хэрэгт Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, хохирогч Д.Ц-ийн бичгээр гаргасан “...Б., Б. нараас  Лада ХХХХ улсын дугаартай машиныг 20.0 сая, өөрийн Хаан банкны ...тоот дансаар 40.0 сая төгрөгийг тооцон авч, хохиролгүй болсон. Цаашид гаргах гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт, хүсэлтэд хавсаргах тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/  зэрэг баримтаар нотлогдсон бөгөөд хэргийн хохирогч Д.Ц нь “...Цаашид гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн баримттай байна.  

Иймд нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хэргийн шүүгдэгч Г.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 144 дэх тал) тогтоогдсон ба шүүгдэгч О.Б нь  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ХХХХ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар уг ялыг биелүүлж дуусгавар болсон тухай хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 160 дахь тал), шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 163-168 дахь тал), ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04-01/734 дугаартай албан бичиг (хэргийн 169 дэх тал) баримттай байна.

 

“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч О.Б-ийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Тухайн хэргийн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд нэр бүхий шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарах юм. 

 

Шүүх, шүүгдэгч О.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,

“гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн,

гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Б, Г.Б нарыг тус бүрд нь 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж, цалин хөдөлмөрийн хөлс зэргийг харгалзан  оногдуулсан торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоох боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Энэ хэрэгт О.Б, Г.Б нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ц нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдав.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. О.Б, Г.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Б, Г.Б нарыг тус бүрийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Б, Г.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт О.Б, Г.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдний  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хохирогч Д.Ц нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД