| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2021/03022/и |
| Дугаар | 182/ШШ2021/02570 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2021/02570
| 2021 11 04 | 182/ШШ2021/02570 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Э
Хариуцагч: Д.Э
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Э, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Э миний бие 2010 онд Д.Этай танилцаж улмаар бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 09 сарын 22-ны өдөр хүү Э.Ангараг төрсөн. Ингээд 2018 оны 10 сарын 18-нд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Сүүлийн нэг жил бид зан харилцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Бид тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, 6 сард эвлэрэх гэж үзсэн боловч болохгүй байна. Цаашид би Д.Этай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүдийн асрамж тогтоолгох хүсэлттэй байна. Хүү Э.Аг өөрийн асрамжид авна гэж байсан боловч одоо аавд нь өгөхөөр шийдвэрлэсэн. Бид хүүхдээ 18 нас хүртэл харилцан тохиролцож гэрээ хийж тэтгэмжээ 2 талаас өгөхөөр тохиролцсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 10 сарын 12-ны өдөр тус шүүхэд З.Э нэхэмжлэл гаргахдаа Д.Э, З.Э хоёрын дундаас төрсөн хүү Э.Аг эхийн асрамжид авна гэсэн байна. Гэвч эх болох З.Э нь гадаад орны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан явах болсон ба хүү маань анхнаасаа миний асрамжинд байсан. Иймээс бид харилцан тохиролцсон тул хүү Э.Аг Д.Э болох миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх нэхэмжлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлэг, сургуулийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ЗЭ, ДЭ нар нь 2015 оноос гэр бүл болж, хамт амьдарсан ба 2018 оны 10 сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Тэдний дундаас 2015 оны 09 сарын 22-ны өдөр хүү Э.А төржээ. Тэд хоорондын таарамжгүй харьцааны салж 2020 оноос тусдаа амьдарсан, гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Э нь гадаад орны тэтгэлэгт хамрагдан явах гэж буй ба хүүхдийн асрамжийн тал дээр талууд маргахгүй байх тул 2015 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Аг эцэг Д.Эгын асрамжид үлдээхээр шийдвэрлэв. Д.Э нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эд хөрөнгийн маргаангүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан ЗЭ, ДЭ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2015 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Аг эцэг Д.Эгын асрамжинд үлдээж, Д.Э хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.Эас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Эд олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С. БУД