| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0580/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/601 |
| Огноо | 2024-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Хонгорзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг
улсын яллагч С.Хонгорзул /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ц.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000576 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, дүүгийн хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо, зүүн ард аюуш *** гудамж *** тоотод оршин суух хаягтай Б овогт Ц.Х /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Х нь 2024 оны 04 дугаар сарын 10-ны орой 20 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дотор хохирогч Б.Т-г “худалдагч охинтой дарамталсан, загнасан байдалтай харьцсан” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа алгадах, цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр тамхи авах гээд *** рүү яваад орсон. Тэр Т гэдэг залуу бэлэн мөнгөгүй болохоор бэлэн мөнгөөр худалдан авалт хийж байгаа ахын мөнгийг аваад оронд нь картаараа төлбөрийг нь хийе гэсэн санал гаргаад саналыг тэр 2 охинд хэлсэн. Тэгсэн тэр 2 охин тэр яриаг нь сайн ойлгоогүй болохоор 2, 3 удаа давтаж асуусан. Тэгээд ахаа наад хүн чинь танд 25,000 төгрөгийг бэлнээр өгөх юм байна. Харин энэ хүний авч байгаа нь энэ үнээс жаахан эх гээд тэрийг нь уншуулчих юм уу гэхэд нь хуцалгүй мөнгөө уншуул гэж тэр 2 охиныг загнасан. Эгч нь дүүгээ өмөөрөөд та яагаад байгаа гэсэн чинь хэрүүл өдөөд, гөлөг минь би энэ газрыг чинь хаалгаж чадна шүү гэх мэтээр элдвээр доромжилсон. Тухайн үед согтуу хүн жаахан айлгах гэж байгаа байлгүй дээ гэхэд биеэрээ түлхээд харц нь нэлээн үзэн ядсан шинжтэй байсан. Арай ч цохихгүй байлгүй дээ гэж байтал шууд чирээд гарах гэхээр нь эргэж хараад гүйсэн. Тэр ах цаашаа хараад шууд гүйхээр нь тэр охиныг цохих гэж байна гэж бодоод би алгадсан. Тэгсэн 2 гараа өргөхөөр нь над руу дайрч байна гэж бодоод цохиод унагаасан. Гартаа хогийн шүүр аваад цохих гээд байхаар нь хөлөөрөө тэрийг нь холдуулчихаад доороо дараад хэвтсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ийн өгсөн: “...2024 оны 04 сарын 10-ны өдөр 20 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо *** автобусны буудлын баруун талын *** рүү ганцаараа пиво уугаад үнэртүүлсэн байдалтай орсон. ***-т автобусны карт цэнэглүүлэх гээд ороход Т.Ү-н худалдагч нь гэх хоёр охин байсан. Намайг зоддог залуу, хар өнгийн хувцастай зогсож байсан. Бас 40 гаруй насны шар өнгийн саравчтай малгайтай ах зогсож байсан...20 орчим насны, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй, нүдний шилтэй охинд автобусны картаа өгөөд цэнэглээд өгөөч, дараагийн автобус ойрхон ирчихсэн байна гээд хэлэхэд манайх бэлэн мөнгөөр карт цэнэглэдэг гээд, бэлэн мөнгөө авчраад цэнэглүүл гээд хариулсан. Би учир явдлаа хэлээд тайлбарласан. Надад тэр чин хамаагүй ээ гэж хэлсэн. Чи бэлэн мөнгөө олоод ирээ гээд уурлаж эхэлсэн...Хажууд байсан ахаас бэлэн мөнгөө аваад картаа цэнэглүүлсэн. Карт цэнэглүүлэх хооронд 20 орчим насны охин нь эргүү, золбин архичин минь зайл гээд доромжилсон. Би тухайн охинд хандаад чи жаахан охин байж, бүүр захын авгай нар шиг хэл ам нь хөгжсөн, ямар заваан харилцаатай юм бэ? Ийм үйлчилгээтэй *** байснаас байхгүй байсан нь дээр гээд хэлсэн. Нөгөө охин чи ажиллах ажиллахгүйг нь шийддэг юм уу? гэж хэлэхээр нь би мэддэг хүн нь байна гээд уурандаа хэлчихсэн. Картаа цэнэглүүлээд гарах гэхэд намайг зайл, золбин архичин минь гэхээр нь буцаад тавцан дээр байсан чихрийг нь холих гээд чихрүүдийг нь барьж авах гэхэд хажуу талаас гэнэт хар өнгийн хувцастай 30 орчим насны эрэгтэй хүн нь гэнэт миний баруун нүдний хэсэг рүү гараараа маш хүчтэй нэг удаа алгадсан. Дараа нь гараа атгаж байгаад миний нүүрний баруун нүд, шанаа хэсэг рүү цохисон. Би арагшаа саваад газар унасан. Босох гээд дөрөв хөллөсөн байхад нөгөө залуу нүүр лүү ахиж цохиод хүзүүгээр боогоод дарсан. Миний хоолойг гараараа боогоод ухаан алдуулах гэж байсан. Би амьсгалж чадахгүй тэмцэж байсан. Тэр үед миний хамар, толгой хэсгээр маш их цус гарч байсан. Хажууд хамт байсан ах, эгч хоёр боль боль гээд салгасан. Босож ирээд намайг зодсон залууд чи яагаад намайг зодож байгаа юм гээд асуухад намайг зодолдоно гэж бодсон юм шиг байгаа юм зайгаа аваад байсан. Нөгөө хоёр охин намайг зайл гээд байсан. Тухайн ***-ийн шалны хэсэгт битүү цус болсон. Би нөгөө залууг байж бай гээд цагдаа дуудсан. Тухайн худалдагч охин намайг зоддог залуутай хоорондоо ярилцаад намайг охиныг зодох гэж байхад амийг нь аварсан, хамгаалсан гэсэн утгатай юм ярилцаад байсан. Камерын бичлэг устчихсан гэж хэлсэн. Би сэргээж болно шүү гэж хэлэхэд зөвхөн намайг цохиж эхэлсэн байгаа бичлэгийг хуулбарлаж авсан байна. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа барагдуулж авна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Б.Х-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо *** автобусны буудлын баруун талын *** дотор дүү Х-н хамт худалдагчаар ажиллаад сууж байсан. Эхлээд танихгүй хөгшин ах орж ирсэн тухайн хөгшин ах тооцоогоо хийх гээд байж байхад зодуулдаг согтуу ах орж ирсэн. Өмнө нь байгаа хүнийг тоохгүй шууд урдуур нь карт цэнэглүүлье гээд дайраад байсан. Картаар автобусны карт цэнэглэхгүй бэлэн мөнгөөр карт цэнэглэнэ гээд хэлсэн. Тэгээд байж байтал намайг хамгаалдаг ах орж ирсэн. Намайг хамгаалдаг ах нөгөө согтуу ахыг ажиглаад зогсож байсан. Согтуу ах яагаад картаар цэнэглэдэггүй юм гээд над руу дайрч эхэлсэн. Та ATМ-ээс бэлэн мөнгөө аваад ирвэл цэнэглэж өгч болно гээд хэлсэн. Согтуу ах намайг картаар автобусны карт цэнэглэсэнгүй гээд уурлаад намайг гичий, янхан гэх мэтээр харааж эхэлсэн. Би зүгээр л байж байхад ***-ийг хаалгана гээд байсан. Согтуу ах намайг цохих гэж байхад хажуу талаас намайг хамгаалсан ах согтуу ахын нүүр лүү нь цохисон. Согтуу ах хойшоо унасан. Унахдаа манай төмөр тенийг мөргөөд унасан. Хамгаалдаг ах согтуу ахин биеийг нь бариад хөдөлгөхгүй дараад байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Х нь 2024 оны 04 дугаар сарын 10-ны орой 20 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дотор хохирогч Б.Т-г “худалдагч охинтой дарамталсан, загнасан байдалтай харьцсан” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа алгадах, цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтын хүрээнд нэхэмжлээгүй. Шүүгдэгч 1,500,000 төгрөгийг өгсөн байна ...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Ц.Х нь 2024 оны 04 дугаар сарын 10-ны орой 20 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дотор хохирогч Б.Т-г “худалдагч охинтой дарамталсан, загнасан байдалтай харьцсан” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа алгадах, цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ийн өгсөн: “...2024 оны 04 сарын 10-ны өдөр 20 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо *** автобусны буудлын баруун талын *** рүү ганцаараа пиво уугаад үнэртүүлсэн байдалтай орсон... Карт цэнэглүүлэх хооронд 20 орчим насны охин нь эргүү, золбин архичин минь зайл гээд доромжилсон. Би тухайн охинд хандаад чи жаахан охин байж, бүүр захын авгай нар шиг хэл ам нь хөгжсөн, ямар заваан харилцаатай юм бэ? Ийм үйлчилгээтэй *** байснаас байхгүй байсан нь дээр гээд хэлсэн. Нөгөө охин чи ажиллах ажиллахгүйг нь шийддэг юм уу? гэж хэлэхээр нь би мэддэг хүн нь байна гээд уурандаа хэлчихсэн. Картаа цэнэглүүлээд гарах гэхэд намайг зайл, золбин архичин минь гэхээр нь буцаад тавцан дээр байсан чихрийг нь холих гээд чихрүүдийг нь барьж авах гэхэд хажуу талаас гэнэт хар өнгийн хувцастай 30 орчим насны эрэгтэй хүн нь гэнэт миний баруун нүдний хэсэг рүү гараараа маш хүчтэй нэг удаа алгадсан. Дараа нь гараа атгаж байгаад миний нүүрний баруун нүд, шанаа хэсэг рүү цохисон. Би арагшаа саваад газар унасан. Босох гээд дөрөв хөллөсөн байхад нөгөө залуу нүүр лүү ахиж цохиод хүзүүгээр боогоод дарсан. Миний хоолойг гараараа боогоод ухаан алдуулах гэж байсан. Би амьсгалж чадахгүй тэмцэж байсан. Тэр үед миний хамар, толгой хэсгээр маш их цус гарч байсан. Хажууд хамт байсан ах, эгч хоёр боль боль гээд салгасан. Босож ирээд намайг зодсон залууд чи яагаад намайг зодож байгаа юм гээд асуухад намайг зодолдоно гэж бодсон юм шиг байгаа юм зайгаа аваад байсан. Нөгөө хоёр охин намайг зайл гээд байсан. Тухайн ***ийн шалны хэсэгт битүү цус болсон. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа барагдуулж авна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Б.Х-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо *** автобусны буудлын баруун талын *** дотор дүү Х-н хамт худалдагчаар ажиллаад сууж байсан. Эхлээд танихгүй хөгшин ах орж ирсэн тухайн хөгшин ах тооцоогоо хийх гээд байж байхад зодуулдаг согтуу ах орж ирсэн. Өмнө нь байгаа хүнийг тоохгүй шууд урдуур нь карт цэнэглүүлье гээд дайраад байсан. Картаар автобусны карт цэнэглэхгүй бэлэн мөнгөөр карт цэнэглэнэ гээд хэлсэн. Тэгээд байж байтал намайг хамгаалдаг ах орж ирсэн. Намайг хамгаалдаг ах нөгөө согтуу ахыг ажиглаад зогсож байсан. Согтуу ах яагаад картаар цэнэглэдэггүй юм гээд над руу дайрч эхэлсэн. Та ATМ-ээс бэлэн мөнгөө аваад ирвэл цэнэглэж өгч болно гээд хэлсэн. Согтуу ах намайг картаар автобусны карт цэнэглэсэнгүй гээд уурлаад намайг гичий, янхан гэх мэтээр харааж эхэлсэн. Би зүгээр л байж байхад ***-ийг хаалгана гээд байсан. Согтуу ах намайг цохих гэж байхад хажуу талаас намайг хамгаалсан ах согтуу ахын нүүр лүү нь цохисон. Согтуу ах хойшоо унасан. Унахдаа манай төмөр тенийг мөргөөд унасан. Хамгаалдаг ах согтуу ахин биеийг нь бариад хөдөлгөхгүй дараад байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5076 тоот: 1.Б.Т-ийн биед баруун хоншоор ясны зөрүүтэй хугарал, духанд ялзарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацарт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна....” гэх дүгнэлт хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Х нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл хийсний улмаас хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь энэ гэмт хэргийн объектив субьектив талын шинжийг хангаж байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Х нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Б.Т-ийн эрүүл хүндэвтэр хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирогч Б.Т нь баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Шүүгдэгч 1,500,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан торгуулийн ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байх ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Х-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ