Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/607

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                

улсын яллагч Ц.Сайнзаяа /томилолтоор/,

хохирогч Т.Ж,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405021330887 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар *** дүүргийн *** дугаар хороо,  *** тоотод оршин суудаг, урьд

2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 215.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 753,000 төгрөгөөр торгох ялаар,

дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Д.Б /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, *** *** тоот хашааны гадна хохирогч Т.Ж-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нуруу, цээж, хөл, гар хэсэг рүү модоор хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд 7 дугаар хавирганы хугарал, баруун бугалга, зүүн шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:  “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ж-н өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 12-ны өглөө бид хоёр маргалдсан юм. Тэгээд жоохон авир муутай, шууд над руу гар хүрдэг өдий настай хүн байж, тухайн үед савар, сонгино тарьдаг мод байсан юм. Савраар зүүн гуя руу цохиод хөхрүүлсэн, бүр шигдээд орсон байсан. Би айгаад хүү рүүгээ гүйж орсон. Бид хоёр 19** оноос хойш олон жил хамт амьдарсан, дунд нь 10 жил тустаа амьдарч байсан. 3 хүүхдээ бодоод хамт амьдардаг, гэтэл намайг ална гэдэг, алсан байхад яадаг юм гэж хэлээд байдаг. Би маш их сэтгэл санаагаар унаж шаналсан, өөр ч нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Т.Ж-н өгсөн: “...Би нөхөр Д.Б-тэй 19** онд хамт амьдарч 3 хүүхэдтэй юм. Ингээд хамт амьдарч байх хугацаанд 10 жил тустаа амьдарч байгаад 2017 оноос буцаад хамтран амьдарсан юм. Ингээд манай нөхөр “Т.Т” ХХК-д хийдэг юм тээвэрт явж байгаад хотод ирдэг юм. Ингээд манай нөхөр 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр гэртээ байж байгаад 2024 оны 05 дугаар сарын 12-ны өглөө гэрийнхээ гадаа нөхөр Б-тэй хөдөө явахгүй гэж маргалдсан юм. Тэгээд гэнэт манай нөхөр "чи юу гээд байгаа новш вэ" гээд газраас хог цэвэрлэдэг төмөртэй модоор нуруу цээж хөл гар луу 3-4 удаа цохисон юм. Тэгээд би айгаад гэр лүүгээ ороод унтаж байсан бага хүүгээ дуудаад "аав чинь аллаа" гэж сэрээхэд манай хүү босож очоод аавыгаа оруулж ирээд "та яаж байгаа юм" гэхэд "яасан ч яадаг юм миний амьдралыг үрээд, ална" гээд над руу дайраад байхаар нь би зөрж маргалдаад тэгээд би хүүгээ дагуулаад том охиныхоо гэрт очсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, 

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-н өгсөн:“...Би өөрийн төрсөн эцэг эх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** *** тоотод байхдаа маргалдсан талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд манай ээж миний өрөөний хаалгыг онгойлгоод "Б намайг аллаа" гээд орж ирсэн, би юу болсон бэ гэхэд ээж "Б эгчийн талаар болон хамаатнуудаа ярьж байгаад муудалцаад Б нь хог цэвэрлэж байсан шүүр юм уу хог шүүрддэг төмөр иштэй савраар ээжийг зодсон гэж байсан. Би аав ээж 2 гадаа хог цэвэрлэж байхдаа аавын эгчийг ярьж маргалдаад аав уурандаа ээжийг хог цэвэрлэж байсан зүйлээрээ цохисон гэж ойлгосон. Ээж тухайн үед нэлээн айж сандарсан, ил харагдах гэмтэл харагдаагүй, хөл нь доголсон харагдаж байсан. Битүү хувцастай байсан болохоор гэмтэл шарх харагдаагүй. Аав гаднаас орж ирэхдээ гар нь цус болсон, гар нь шалбарсан байдалтай байсан, би яав, юу болсон гэхэд хоорондоо хэрэлдээд, олигтой юм ярихгүй байсан, аав ээж рүү дайраад би дундуур нь орж салгахад намайг түлхэж унагахаар нь би ээжийг босож холдуулаад, аавыг ор луу түлхэж хэвтүүлээд, 2 гар дээр нь өвдөглөж, хөдөлгөөнийг нь хорьсон. Аав Б нь ээж рүү улаан галзуу юм шиг л дайраад байсан, намайг дээр нь сууж байхад зүрх нь нэлээн савласан байсан, би өрөөнд нь аавыг тайвшруулаад үлдээсэн, ээжийг том өрөөнд оруулсан. Би тэр талаар тухайн үед мэдээгүй, тухайн үед би тэмцээнтэй байсан болохоор ээжтэй хамт гараад ээжийг *** луу явуулсан. Тэр хооронд аав гэртээ үлдсэн, ***т эмээ дээр оччихоод буцаад хотод ирээд ах ээжийг эмнэлэг рүү дагуулж явсан, тэгэхэд орой 19 цагийн үед байсан байх ГССҮТ-д очоод оочирлоод үзүүлэхэд "Рентгенд үзүүлэхэд хавирганы зөөлөн эдийн гэмтэл, хугараагүй гэсэн, дараа нь Томографын шинжилгээгээр "Хавирга хугарсан байна" гэж байсан. Би маргааш нь ээж дээр очоод харахад "зүүн гуя нь хөхөрсөн, зүүн хөлийн шилбэний урд хөхөрсөн, баруун гарын булчин хэсэг хөхөрсөн" байсан. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** *** тоотод байхдаа маргалдсан талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд манай аав Б нь хувийн харилцааны маргааны улмаас ээжийг барьж байсан модон шүүр юм шиг байна лээ, яг юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна цохисон гэж байсан. Өмнө нь 1 жилийн өмнө байх аав ээжийг зодож байсан, тийм ч их гэмтэл байгаагүй болохоор тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6132 тоот: “...1. Т.Ж-н биед зүүн 7-р хавирганы хугарал, баруун бугалга, зүүн шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,       

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, *** *** тоот хашааны гадна хохирогч Т.Ж-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нуруу, цээж, хөл, гар хэсэг рүү модоор хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд 7 дугаар хавирганы хугарал, баруун бугалга, зүүн шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч шүүгдэгч Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, *** *** тоот хашааны гадна хохирогч Т.Ж-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нуруу, цээж, хөл, гар хэсэг рүү модоор хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд 7 дугаар хавирганы хугарал, баруун бугалга, зүүн шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Т.Ж-н өгсөн: “...Би нөхөр Д.Б-тэй 19** онд хамт амьдарч 3 хүүхэдтэй юм. Ингээд хамт амьдарч байх хугацаанд 10 жил тустаа амьдарч байгаад 2017 оноос буцаад хамтран амьдарсан юм. Ингээд манай нөхөр Т.Т ХХК-д хийдэг юм тээвэрт явж байгаад хотод ирдэг юм. Ингээд манай нөхөр 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр гэртээ байж байгаад 2024 оны 05 дугаар сарын 12-ны өглөө гэрийнхээ гадаа нөхөр Б-тэй хөдөө явахгүй гэж маргалдсан юм. Тэгээд гэнэт манай нөхөр "чи юу гээд байгаа новш вэ" гээд газраас хог цэвэрлэдэг төмөртэй модоор нуруу цээж хөл гар луу 3-4 удаа цохисон юм. Тэгээд би айгаад гэр лүүгээ ороод унтаж байсан бага хүүгээ дуудаад "аав чинь аллаа" гэж сэрээхэд манай хүү босож очоод аавыгаа оруулж ирээд "та яаж байгаа юм" гэхэд "яасан ч яадаг юм миний амьдралыг үрээд, ална" гээд над руу дайраад байхаар нь би зөрж маргалдаад тэгээд би хүүгээ дагуулаад том охиныхоо гэрт очсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, 

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-н өгсөн:“...Би өөрийн төрсөн эцэг эх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** *** тоотод байхдаа маргалдсан талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд манай ээж миний өрөөний хаалгыг онгойлгоод "Б намайг аллаа" гээд орж ирсэн, би юу болсон бэ гэхэд ээж "Б эгчийн талаар болон хамаатнуудаа ярьж байгаад муудалцаад Б нь хог цэвэрлэж байсан шүүр юм уу хог шүүрддэг төмөр иштэй савраар ээжийг зодсон гэж байсан. Би аав ээж 2 гадаа хог цэвэрлэж байхдаа аавын эгчийг ярьж маргалдаад аав уурандаа ээжийг хог цэвэрлэж байсан зүйлээрээ цохисон гэж ойлгосон. Ээж тухайн үед нэлээн айж сандарсан, ил харагдах гэмтэл харагдаагүй, хөл нь доголсон харагдаж байсан. Битүү хувцастай байсан болохоор гэмтэл шарх харагдаагүй. Аав гаднаас орж ирэхдээ гар нь цус болсон, гар нь шалбарсан байдалтай байсан, би яав, юу болсон гэхэд хоорондоо хэрэлдээд, олигтой юм ярихгүй байсан, аав ээж рүү дайраад би дундуур нь орж салгахад намайг түлхэж унагахаар нь би ээжийг босож холдуулаад, аавыг ор луу түлхэж хэвтүүлээд, 2 гар дээр нь өвдөглөж, хөдөлгөөнийг нь хорьсон. Аав Б нь ээж рүү улаан галзуу юм шиг л дайраад байсан, намайг дээр нь сууж байхад зүрх нь нэлээн савласан байсан, би өрөөнд нь аавыг тайвшруулаад үлдээсэн, ээжийг том өрөөнд оруулсан. Би тэр талаар тухайн үед мэдээгүй, тухайн үед би тэмцээнтэй байсан болохоор ээжтэй хамт гараад ээжийг *** луу явуулсан. Тэр хооронд аав гэртээ үлдсэн, ***т эмээ дээр оччихоод буцаад хотод ирээд ах ээжийг эмнэлэг рүү дагуулж явсан, тэгэхэд орой 19 цагийн үед байсан байх ГССҮТ-д очоод оочирлоод үзүүлэхэд "Рентгенд үзүүлэхэд хавирганы зөөлөн эдийн гэмтэл, хугараагүй гэсэн, дараа нь Томографын шинжилгээгээр "Хавирга хугарсан байна" гэж байсан. Би маргааш нь ээж дээр очоод харахад "зүүн гуя нь хөхөрсөн, зүүн хөлийн шилбэний урд хөхөрсөн, баруун гарын булчин хэсэг хөхөрсөн" байсан. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** *** тоотод байхдаа маргалдсан талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд манай аав Б нь хувийн харилцааны маргааны улмаас ээжийг барьж байсан модон шүүр юм шиг байна лээ, яг юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна цохисон гэж байсан. Өмнө нь 1 жилийн өмнө байх аав ээжийг зодож байсан, тийм ч их гэмтэл байгаагүй болохоор тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6132 тоот: “...1. Т.Ж-н биед зүүн 7-р хавирганы хугарал, баруун бугалга, зүүн шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

 

Хохирогч Т.Ж-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Т.Ж баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх санал,

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгож торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах талаар нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ