| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1465/Э |
| Дугаар | 1087 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 1087
105/2019/1465/Э
2020 08 27 2020/ДШМ/1087
Б.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гантулгабат,
шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Баттогтох, Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1071 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Баттогтох, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О-т холбогдох 1906002780059 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О-,
Б.О- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашин худалдааны захын хашаанд Ц.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 240 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.О-т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг учрал болсон гэх өдрийн хувьд, 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шөнө шүүгдэгч Б.О- нь талийгаач, хохирогч гэх Ц.Г-ын гэрээс 21 цагийн үед гэртээ харихаар хувцсаа өмсөөд гарах үед явуулахгүй гэж өмсөж явсан куртикний арын малгайнаас татах үед Б.О- нь талийгаачийг эргэж харалгүйгээр түлхэх буюу ёврох үйлдэл хийхэд гэрийн зүүн орон дээр суугаад үлдэнэ. Шүүгдэгч Б.О-ыг шүүхээс буруутгасан үндэслэл: Хохирогч Ц.Г- нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх тархины цус харвалт гэмтэл нь уруулын шарх, баруун дээд 3 дугаар шүдний сулрал, оочны зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Хүний хүчин зүйлээр буюу уруул, эрүү орчимд цохигдох үед дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь үүсэх боломжтой. Энэхүү гэмтлийг шүүгдэгч Б.О- учруулсан нь хавтас хэрэгт цугларсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 233 тоот болон нэмэлтээр гаргасан 214 тоот шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч иргэний нэхэмжлэгч А.Гандолгорын /1хх 22-24, 2хх 45, 233/, гэрч Ц.Дуламын /1хх 27-28/, гэрч Б.Даваанямын /1хх 30-31/, гэрч Д.Оюунсанаагийн /1хх 34-35/, гэрч Д.Мөнхбатын /1хх 36-37/, гэрч Ө.Бадрахын /1хх 38-39/, гэрч А.Жаргалсайханы /1хх 40-41/, гэрч Г.Өлзийсайханы /1хх 43-46/, О.Номингийн /1хх 52/, гэрч Д.Наранцэцэгийн /1хх 54-55/, гэрч Г.Ганболдын /1хх 56-57/, шинжээч эмч М.Золжаргалын /1хх 98-100/, Б.О-ын сэжигтнээр өгсөн /1хх 134/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдлоо хэмээн буруутгадаг.
2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашин худалдааны захын хашаанд байрлах Ц.Г-ын гэрт Б.Давааням, Б.О- нарын 6 хүн архи ууж, тарваганы мах идэж, ...19 цагт хамт байсан 4 хүн нь явж, гэрийн баруун талын орон дээр Б.О-, Ц.Г- зүүн талын орон дээр тус тус унтаж үлдэнэ. 21 цагт Б.О- сэрээд гутал, хувцсаа өмсөөд гэрийн хаалга руу очиход талийгаач нь Б.О-ын куртикны захаас татахад зүүн гараараа ёврох болон түлхэх нэг удаагийн үйлдэл хийнэ. Талийгаач зүүн орон дээр суугаад үлдэнэ. Талийгаачийн гэрээс Б.О- 21 цагийн үед гарч яваад таксинд сууж 20 гаруй км явж 1 дүгээр хорооллын эцэст байрлах өөрийн гэртээ орж ирэхэд 22 цаг болж байсан гэдгийг охин Номин /хх 52/ гэрчилж мэдүүлэг өгнө. Б.О-ыг явснаас хойш талийгаач Ц.Г- нь 22 цагт төрсөн эгч болох Дуламын хүү Д.Өлзийсайханы гэрт очно. Д.Өлзийсайхан нь Ц.Г-ыг гэрт ирсэн архи уусан байсан гар хурууны үе нь зулгарсан байсан, хэнтэй зодоон хийсэн талаар асуухад огт зодоон хийгээгүй гэсэн бөгөөд нүүрэнд нь ямар нэгэн шарх сорви байгаагүй манайд 30 минут юм ярьж суусан. 22 цаг 30 минутад гараад ээж Дуламын хашаа руу явахад ээж байхгүй гэхэд буцаж яваад 20 минут болоод 23 цагт гэр лүүгээ явсан гэх /хх 43-44, мөн энэ мэдүүлгийг талийгаач Ц.Г-ын хүргэн Г.Лхагвасүрэн гэрчээр давхар мэдүүлнэ. /хх 45-46/ Гудамжинд хүмүүстэй яриад яваад байсан гэх мэдүүлэг. 2019 оны 1 дүгээр сарын 5-ны орой 17 цагт талийгаачийн хүргэн ах Д.Мөнхбат талийгаачийн гэрт ороход нас барсан ба гэр нь хүйтэн биш аягатай ус хөлдөөгүй байсан бөгөөд цагдаад дуудлага өгсөн гэх /хх 37/ гэрчийн мэдүүлэг өгнө. 2019 оны 1 дүгээр сарын 5-ны орой 22 цаг 50 минутад цогцост үзлэг хийсэн шинжээчийн 233 дугаартай дүгнэлтэд нас бараад 22-24 цаг болсон гэх нотлох баримт хэрэгт цугларна. /хх 89-90/. Шинжээч эмч Золжаргалын /хх 98-99/ цус харвалын улмаас буюу тархины битүү гэмтлийн улмаас нас барсан, уг гэмтлийг авсан даруйд шууд үхэлд хүргэх ба ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй гэх мэдүүлэг өгнө. Дээрх үйл явцыг хууль зүйн хүрээнд дүгнэхэд Б.О-ыг 21 цагт явснаас хойш Ц.Г- 23 цаг хүртэл бүтэн 2 цагийн хооронд хэн нэгэнтэй маргалдаж бусдад хорлогдсон байх болзошгүй, үүний цаана хэн нэгэн гуравдагч этгээд ял завших боломжтой болж байна. Талийгаач Ц.Г- нь архи уухаараа татаж унадаг. Дагавар хүүтэйгээ таарамж муутай, талийгаачийн шүдийг булга цохиж байсан талаар Д.Өлзийсайхан мэдүүлнэ /хх 43-44/. Талийгаачийн эхнэр Наранцэцэг нөхөр Г- нь архи хэтрүүлэн уух, ядарсан үедээ татаж унадаг байсан талаар мэдүүлнэ /хх 54-55/. Жич: Прокурорын газраас тухайн үйлдэл нь автомашины худалдааны захын хашаанд болсон, 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө үйлдэгдсэн, хохирогчийн дээд гуравдугаар шүд суларсан гэх шинжээчийн дүгнэлтээр буруутгадаг бөгөөд шөнийн цагийг 22 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хугацааг хэлнэ. Суларсан шүдийг нь булгарсан шүд гэж ташаа ойлгож байгаа нь хэрэгт нягт нямбай, бодит байдал, эргэлзээгүй шууд ойлгогдохоор шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй. Мөн монгол гэрт 20 цаг гал түлээгүй байхад аягатай ус хөлдөхгүй байгаа нь 22-23 цаг хүртэлх хугацаанд талийгаач Г- нь хаагуур хэнтэй уулзаж, гудамжинд хэнтэй маргалдаж муудалцсан талаар гэрчийн мэдүүлгүүд байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийг үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах үүргийг хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ДШМ/1235 дугаартай магадлалын тодорхойлох хэсэгт шүүх хэргийн байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тогтоохдоо хамаарал хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж хэрэгт хамааралтай этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшинг түшиглэн үнэлж хэргийн баримтыг сэргээн тогтоохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтуудыг тоочиж хуулбарлан бичиж Б.О-ыг ямар нотлох баримтыг үндэслэн үйлдэлдээ санаатай, болгоомжгүйгээр хохирогчийн амь насыг хохирооход шууд бусаар хандсан гэж зүйлчилсэн талаарх хууль зүйн үндэслэл, нотолгоо шийтгэх тогтоолд огт дурдаагүй, дүгнэлт хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил болно. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн магадлалыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хохирогч нас барсныг нотлож байгаа болохоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 25.4, 25.6 дугаар зүйлүүдэд заасан ажиллагаа хийгдээгүйг анхаарч үзэлгүй орхигдуулж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд дээрх хуульд заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ноцтой зөрчил тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай, эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Гэрч Д.Өлзийсайханы "...2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой 22 цагийн үед манай хаалгыг тогшсон, талийгаач ганцаараа зогсож байсан. Архи уусан байсан. Манайд 30 минут сууж байгаад гараад явсан... 20 минутын дараа талийгаач манай хашааны баруун талаар ганцаараа яриад яваад байсан..." гэх мэдүүлгийн цаг хугацаанд анализ хийж үзэхэд 2019 оны 1 дүгээр сарын 4-ны орой 22-23 цагийн хооронд гэрч Өлзийсайханы гэрт болон гадаа гудамжинд хохирогч хөл дээрээ явж байжээ. Гэтэл гэрч Номингийн мэдүүлгээр /хх 52/ О- 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн болох нь тогтоогдож байна. Энэ хоёр цаг хугацаа давхцаж байх бөгөөд О-ын маршрутын дагуу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хүрээ захаас гэртээ ирэхэд ямар хугацаа зарцуулахыг туршилт хийж тогтоох шаардлагатай байжээ. Энэ нь нотлогдвол зохих асуудлын чухал хэсэг болно. Гэрч Д. Наранцэцэг /хх 55/, Оюунсанаа нарын мэдүүлгээр хохирогч Ц. Г- нь зүрх нь өвддөг, архи уухаар таталт өгч унагадаг зэрэг архаг хууч эмгэгтэй байсан байна. Иймд ийм эмгэгтэй тохиолдолд унах боломжтойг үгүйсгэхгүй, унаснаас толгойд доргилт авч цус харвалт үүсэх боломжтой. Энэ талаар шинжээч эмч Золжаргалын тайлбарт /хх 98/ “Учирсан гэмтлүүд нь унах, цохигдоход аль алинд нь үүсэх боломжтой” гэсэн нь О- цохисноос гэмтэл учирсан гэж 100 хувь нотлоогүй, тэгж ойлгож болохгүйг харуулж байна. Хохирогч Ц.Г- нь баруун зулай ясандаа 4x4.2см хуучин цөмөрсөн хугаралтай болох нь тогтоогдсон /хх 89/. Ийм гэмтэлтэй үед тархины дотоод даралт ихсэж, таталт өгөх (эпилепси), ингэснээр унаж хоёрдугаар тархи толгойн гэмтэл авах тохиолдол байна. Мөн ийм эмгэгтэй тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох заалттай. Учир нь унаж, татаж хоёрдогчоор гэмтэхээс сэргийлэх, тархины цусны эргэлтийн хямрал үүсэх гэх мэт хүндрэлээс сэргийлэх зорилготой юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 233 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Золжаргалд "Нас барсан шалтгаан тогтоох" гэсэн асуулт тавьж "нэмэлт шинжилгээ" хийлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Учир нь, анхны дүгнэлтээр үхлийн шалтгаан тогтоосон шинжээчид дахин уг асуултыг тавьж дүгнэлт гаргуулсан байна. Нэмэлт шинжилгээ нь урьд дүгнэлт гаргахад тавигдаагүй асуултаар дүгнэлт гаргуулах хэлбэр юм. Анхны дүгнэлтдээ тогтоосон үхлийн шалтгаанаа нэмэлт дүгнэлтээрээ үгүйсгэх шинжээч гэж байхгүй. Учир нь, өөрийг өөрөөр нь хянуулж байна гэсэн үг юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 350 дугаартай дүгнэлтийн 1 дэх хэсэгт шинжээч Золжаргалын гаргасан 233, 214 гэсэн хоёр өөр дугаартай дүгнэлтүүдийг /анхдагч, нэмэлт/ үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зүйн хувьд буруу юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хийгдсэн шинжээчийн дүгнэлт гэдгийг анхаарч үзээгүй нь харагдаж байна. Ингэхлээр 350 дугаартай шинжээчийн дүгнэлт ч эргэлзээтэй, 233 ба 214 дугаартай дүгнэлтэд хөтлөгдсөн байх магадлалтай байна. Иймд тархины эмгэг судлал, мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжилтэн оролцуулсан (Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл) дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж үхлийн шалтгаан, тархины судас, яс, хальсны эмгэг байсан эсэх; Тэр нь уг эмгэгийн улмаасаа юу, гэмтлийн улмаас уу, архины үйлчлэлээр хагарсан эсэх; хагарч болох судасны эмгэг бүтцийн өөрчлөлт байсан уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгох шаардлагатай байна. Яллагдагч О-ын анх гэрчээр /хх 127/ байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх болох өмгөөлөгч авч мэдүүлэг өгөх эрхийг хангаагүй, цагдаагийн ажилтан өмгөөлөгч Батсүх гэгчийг сонгож байлцуулсан. Гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай, болгоомжгүй талаар шүүх бодитой нотолгоонд тулгуурлан зөв үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Яллагдагчийн мэдүүлэг дангаар яллах нотлох баримт болохгүй бөгөөд түүний өгсөн мэдүүлгээр хохирогч гэмтэл авсан гэж таамаглахад 22 цаг өнгөрч байх үед болсон асуудал гэж үзэхээр. Гэтэл гэрч Д.Өлзийсайхан, Лхагвасүрэн нар нь 22 цагт тэднийд ирсэн. 30 минут суугаад гарсан, гарсны дараа 20 минутын дараа харахад гудамжинд ганцаараа яриад явсан гэх нь О-т цохиулж, уруулд гэмтэл авснаас хойш хохирогч Г- нь Өлзийсайханы гэрт орсон байхаар цаг хугацаа болж байна. Шинжээчийн дүгнэлтээр тархинд цус харваад үйлдэл хийх боломжгүй нь тогтоогдсон гэж үзвэл гэрч Өлзийсайханы гэрээс гарч яваад гэртээ ирээд унаж татаж хоёрдогчоор тархинд цус харвах, эсхүл судасны эмгэгийн улмаас цус харвасныг үгүйсгэхгүй юм. Шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтыг үнэлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Хавтас хэрэгт шүүгдэгч Б.О-ын гэм буруутай үйлдлийг нотлох баримт хангалттай цугларсан. Шинжээчийн “талийгаач тархины гэмтлээс болж нас барсан” гэх дүгнэлт гарсан. Б.О-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээс харахад “Б.О- нь талийгаачийн баруун талд нь нэг удаа цохисон” гэдэг. Талийгаачийн баруун талд учирсан гэмтлийг солгой гартай хүн учруулах боломжтой бөгөөд шүүгдэгч Б.О- нь солгой гартай хүн. Тухайн өдрийн 19 цагаас 23 цагийн хооронд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт тогтоогддог. Тухайн цаг хугацаанд Б.О- талийгаачтай хамт байсан. Б.О- өөрөө цохиулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч тэр хэрэг нь шүүгдэгч, яллагдагч нас барсан гэх үндэслэлээр хаагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашин худалдааны захын хашаанд манаач ажилтай Ц.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж /уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт/ тархинд нь битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гандолгорын “...Өлзийсайхан над руу залгаад “Г- ах нас барсан байна, та хүрээд ир" гэж хэлсэн. 18 цагийн үед талийгаач Ц.Г-ын манаачийн байранд ирэхэд талийгаач зуухны хажуу талд дээшээ хараад хэвтэж байсан. Би бие муутай болохоор дотогшоо орж хараагүй. ...” /1хх 22-24/,
гэрч Ц.Дуламын “...талийгаачийг ганцаараа байгаа болохоор 17 цаг 20 минутын үед гэрт нь ороход шалан дээр дээшээ харсан хэвтэж байхаар нь архи уугаад унтчихсан байна гэж бодоод хацарт нь хүрэхэд хүйтэн, нас барсан байхаар нь ар гэрт нь мэдэгдсэн. ...” /1хх 27-28/,
гэрч Б.Даваанямын “...Г- одоо гэр орноо цэвэрлэе гээд би гэрийн баруун талын орон дээр, зүүн талын орон дээр Жаргалсайхан, О- хоёр унтаад өгсөн. Намайг сэрэхэд оройн 18 цаг өнгөрсөн байсан ба Г- кино үзээд сууж байсан. О-, Жаргалсайхан хоёрыг сэрээгээд “явъя” гэхэд Жаргалсайхан ах сэрээд харин О- сэрсэн боловч буцаад миний унтаж байсан баруун талын орон дээр очоод хэвтээд өгөхөөр нь “явъя” гээд нилээн хэдэн удаа хэлэхэд сэрэхгүй, явах шинжгүй байхаар нь Жаргалсайхан ах бид хоёр гарч явсан. ...” /1хх 30-31/,
гэрч Д.Мөнхбатын “...бид хоёр гэртээ хариад галаа түлээд хоёулаа Паанангаа нэг эргэе, эхнэр нь эргэж тойрч байгаарай гэж захиж байсан учраас талийгаачийн гэрт 17 цаг 30 минутын орчимд ороход гэрийнхээ зүүн талын баганын хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Унтаж байгаа юм байх гэж бодоод “хөөе, Паанан бос, сэр” гээд дэргэд нь очиход царай нь бүр цайж, хөшсөн, амьсгаагүй байсан. ...” /1хх 36-37/,
гэрч А.Жаргалсайханы ”...бид хоёрыг гэрээс гарахад О- баруун талын орон дээр унтаад үлдсэн. Уг нь О-ыг хамт аваад явъя гэж бодсон боловч дуудаад босохгүй байхаар нь орхиод явсан. ...” /1хх 40-41/,
гэрч Б.Даваадуламын “..орой 21 цаг 20 минутын үед эрэгтэй хүн орь дуу тавиад бараг 2 минут болсон байх. Тэгээд нам гүм болсон. Би тухайн үед тэр хашаанд байдаг хүмүүсийг хоорондоо зодолдож байна гэж ойлгосон. ...” /1хх 29/,
гэрч Д.Өлзийсайханы “..талийгаач 22 цагийн үед манайд халамцуу орж ирсэн ба баруун гарын дунд хурууны үе дээр шалбарсан байсан. Би хүнтэй зодолдсон юм уу гэж асуухад үгүй гэж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл болон шарх байгаагүй. ...” /1хх 43-44/,
гэрч О.Номингийн “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой миний бодлоор 22 цагийн үед байсан байх, цаг хэд болж байсныг хараагүй, аав гэртээ ирээд ээж, ах, дүү нарын хамт ОХУ-ын Улан-Үдэ хот руу ажлаар явсан. …” /1хх 52-53/,
Б.О-ын яллагдагчаар өгсөн “...Г- миний уруул хэсэг рүү гараараа цохисон. Би куртик, малгайгаа аваад гэрээс гарахаар үүд рүү явахад араас зуураад татаад эргэж харуулсан. Тэгэхээр нь би эргэж хараад зүүн гараараа Г-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. ...22 цаг өнгөрч байхад гарсан. Гэрт очиход 23 цаг болж байсан. ...” /1хх 128, 131-133/,
шинжээч эмч М.Золжаргалын “...талийгаачид учирсан хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархины цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, тархины цус харвалтын улмаас буюу тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Уг гэмтлийг авсан даруйд үхэлд хүргэх ба ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй. Уруулын шарх, оочны зулгаралт гэмтлүүд нь уг тархины гэмтэлтэй шалтгаант холбоотой байх боломжтой. Учир нь уруулын шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочны зулгаралт учирсан эдгээр хэсгүүдэд хүч үйлчилснээр тархины цусан харвалтын буюу тархины битүү гэмтэл учирч байгаа юм. ...” /1хх 99-100/ гэх мэдүүлгүүд,
“...Б.О-ын биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1098 дугаартай дүгнэлт /1хх 84/,
“...талийгаач Ц.Г-ын цогцост хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ямар дарааллаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны 22 цаг 50 минутын үзлэгээр нас бараад 22-24 цаг болсон болсныг тогтоосон. ....” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /1хх 89-92/,
“...талийгаач Ц.Г-ын биед үүссэн хоёр тал бөмбөлгийн оройн болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь уруулд үүссэн шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой. Учир нь уруулд болон оочинд хүч үйлчилсний улмаас дээрх тархины битүү гэмтэл үүсэх боломжтой. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 214 дугаартай дүгнэлт /1хх 94-95/,
“...урьд гаргасан №233 болон нэмэлтээр гаргасан №214 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Амь хохирогчийн үхэлд хүргэсэн тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархины цус харвалт гэмтэл нь уруулын шарх, баруун дээд 3 дугаар шүдний сулрал, оочны зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Хүний хүчин зүйлээр буюу уруул, эрүү орчимд цохигдох үед дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь үүсэх боломжтой. Хүнд зэргийн согтолттой хүн ухамсарт ухаан, үйл хөдөлгөөн хийх чадвар нь тухайн хувь хүний онцлог, архи даах чадвар, хэр удаан хугацаагаар хэрэглэсэн эсэх шалтгаалж харилцан адилгүй байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт /1хх 188-190/, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-14/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Баттогтох, Э.Ганбат нар “...гэрч Д.Өлзийсайхан, Г.Лхагвасүрэн, О.Номин нарын мэдүүлгээс үзэхэд амь хохирогч Б.О-т цохиулж, уруулд гэмтэл авснаас хойш Д.Өлзийсайханы гэрт орсон байхаар цаг хугацаа болж байна. Шинжээчийн дүгнэлтээр тархинд цус харваад үйлдэл хийх боломжгүй нь тогтоогдсон гэж үзвэл гэрч Б.Өлзийсайханы гэрээс гарч яваад гэртээ ирээд унаж татаж хоёрдогчоор тархинд цус харвах, эсхүл судасны эмгэгийн улмаас цус харвасныг үгүйсгэхгүй, анхны дүгнэлтээр үхлийн шалтгаан тогтоосон шинжээчид дахин уг асуултыг тавьж нэмэлт дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй тул дахин дүгнэлт гаргуулах. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл авсан болон нас барсан цаг хугацааны талаар гэрчүүд “...22 цагийн үед, 22 цагийн үед байсан байх, цаг хэд болж байсныг хараагүй” гэж багцаалж мэдүүлсэн байх бөгөөд Б.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...гэрээс гарах гэхэд Г- араас татаад байхаар нь эргэж хараад нүүр лүү нь нэг цохисон. ...22 цаг өнгөрч байхад гарсан. ...” гэх мэдүүлгүүд, “...шүүх эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 22 цаг 50 минутын үзлэгээр нас бараад 22-24 цаг болсныг тогтоосон” шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О-ын амь хохирогч Ц.Г-ын нүүрэн тус газар цохиж уруулын шарх, баруун дээд 3 дугаар шүдний сулрал, оочны зулгаралт бүхий гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.О-аас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Түүнчлэн хэрэгт гурван удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд эдгээрээс 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаартай дүгнэлтээр өмнөх хоёр удаагийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, тухайлбал, шинжээчийн мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үндэслэлтэй гэж дүгнэж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.
Шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Баттогтох, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1071 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Баттогтох, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН