Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2017/0355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: С.Ж

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжийг үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ж миний бие Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байгаад суралцахаар хүсэлт гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн.

Намайг ажлаас түр чөлөөлөгдсөнөөс хойш 2 сарын дараа Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж албан хаагчдыг ажлаас чөлөөлж, буцаан томилжээ.

Гэвч Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга намайг ажлаас чөлөөлөгдөж, бүтэц зохион байгуулалтаар ажилгүй болсон талаар ар гэрт албан ёсоор мэдэгдээгүйн улмаас миний бие олон сар ажилгүй хохироод байна.

Миний бие суралцах хугацаа дууссан учир ажилдаа буцаж орохоор 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргасан боловч тус газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* албан бичгээр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байгаа тус хэлтэст ажлын байрны сул орон тоо байхгүй учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн.

Ажилдаа орох хүсэлтээ өгөөд 3 сар гаруй хугацаа өнгөрөөд байхад ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг албан ёсоор гардуулж өгөөгүй юм. Сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу нөөцөд байгаа иргэдээс сонгон авах ёстой уг журмыг биелүүлээгүйн улмаас миний эрх зөрчигдөж олон сараар ажилгүй байна.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь намайг ажлын байраар хангаж өгөхгүй байгаагаас ажилгүй олон сараар хохироод байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжийг үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н Ц.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ж нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 2011 оны 12 дугаар сарын өдрийн 26-ны өдрийн Ажилд томилох тухай ******* дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Алтанбулаг сумын улсын бүртгэгчээр томилогдсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Алтанбулаг сумын улсын бүртгэгч С.Ж-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилсон байна.

С.Ж нь гадаадад суралцахаар хүсэлт гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн албанаас түр чөлөөлөх тухай ******* дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтын дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн

 

жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 2.2 дахь хэсэгт Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ж нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэйгээр чөлөөлөгдсөн.

С.Ж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш буюу /2015 оны 11 дүгээр сараас хойш/ Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай ******* дүгээр тушаалын дагуу Үндэсний статистикийн хороотой нэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болон өөрчлөн байгуулагдсан.

Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэлийг батлах тухай ******* дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан хаагчийн орон тооны дээд хязгаарыг 50 албан хаагчтай ажиллахаар тогтоож, улмаар улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн орон тоог 3 байхаар шинэчлэн баталсан бөгөөд 1 улсын бүртгэгчийн орон тоо хасагдсан болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан У.Урансайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай ******* дугаар тушаалын дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт /хуучнаар/ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсан.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай ******* дугаар тушаалаар аймаг, нийслэл,

 

дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн орон тоо бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.

Дээрх тушаалын дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллах албан хаагчдын орон тооны дээд хязгаарыг 44 албан хаагчтай ажиллахаар баталсан байх бөгөөд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн орон тоог 3 байхаар тогтоосон байна. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт болон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллах төрийн захиргааны албан хаагчдыг чөлөөлж, томилсон.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.8 дахь хэсэгт Орон нутаг дахь салбар нэгжийн дарга нь холбогдох журамд заасны дагуу сул орон тоонд томилуулахаар ажлын байрны шаардлага хангасан 3-аас доошгүй иргэний талаарх санал, материалыг Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлнэ гэж заасны дагуу аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн саналыг харгалзан сул орон тоог нөхсөн ба иргэн С.Ж-ыг дээрх сул орон тоонд томилуулах санал Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс албан ёсоор тус газарт ирээгүй болно.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн С.Ж-ын ажлын байрыг хадгалахгүй бөгөөд мөн орон тооны цомхотголд хамрагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй, сул орон тоонд томилох үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.Ж-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжийг үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилон ажиллуулах, тус аймгийн Сайхан сумын иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийг томилсон тушаалыг хүчингүй болгон, С.Ж-ыг томилуулж, ажлын байраар хангуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон болно.

Нэхэмжлэгч С.Ж нь 2011 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын улсын бүртгэгчээр, 2013 онд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч С-ын Ж-ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар төрийн албанаас түр чөлөөлсөн бөгөөд ийнхүү чөлөөлсөнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах байдлаар төрийн албан тушаал эрхлэх харилцааг дуусгавар болгох асуудлыг зохицуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ. гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Ж төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр төрийн захиргааны албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхлэх хуулийн шаардлагыг хангахгүй болсон тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж тооцохгүй юм.

Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д төрийн албанаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийг нөөцөд байгаад тооцохоор хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төрийн албанаас түр чөлөөлөгдсөн захиргааны албан хаагчийн албан тушаал буюу ажлын байрыг хадгалах зохицуулалт байхгүй байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн төрийн захиргааны албан хаагчдыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсний дотор С-ын Ж багтжээ.

Хэдийгээр бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн 2016 оны ******* дүгээр тушаалд нэхэмжлэгч багтаж буй боловч түүнээс өмнө 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн С.Ж-ын ажлын байрыг хариуцагч хадгалах үүрэг хүлээхгүй учир нэхэмжлэгчийг бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн гэж тооцохгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д төрийн албан хаагчийн баталгаа, 27.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч биш тул тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдахгүй юм.

Иймд С.Ж-ын Бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжийг үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-ын Бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжийг үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН