| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0508/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/539 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Д.Батзаяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Т.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Ш овогт Э.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305035770406 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "***" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо *** гудамж, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Э.А /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Н" ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх явцдаа компанийн худалдаалах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүний орлогоос 82,533,918 төгрөгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгоор өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А: “...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б: “...Одоогоор хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Манай компани аудитын дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүн болон прокурорын дүгнэлтэд дурдсан 82,503,918 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өгсөн: "...Би 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс Н ХХК-д менежерээр ажилд орсон. Манай компани нь Баянгол дүүрэг ***-р хороо *** тоот хаягт кимчиний үйлдвэртэй юм. Намайг ажилд ороход манай байгууллагын 3 борлуулагч нар байгууллагын борлуулалтын орлогоос хувьдаа завшиж мөнгө идсэн асуудал гарсан байсан. Э.А гэх залуу 2019 оны 11 сард борлуулагчаар ажилд орсон. Ингээд 2020 оны 03 сараас эхлэн борлуулалтын орлогоо дутуу өгч 2023 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар байгууллагын 33,264,476 төгрөгийг хувьдаа завшиж эндээс А-н ажилласан хугацааны нийгмийн даатгалын төлбөрт 3,075,000 төгрөгийг хасаад 30,189,476 төгрөгийн өртэй үлдсэн. Энэ тооцоог захирал Б ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн. Дараа нь захирал Б болон А нар бодож гаргасан дүн. А уг мөнгөн дүнг зөвшөөрч ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн. Дараа нь захирал Б, А-н тооцоог дахин бодоход 80.000.000 орчим төгрөг болж байгаа. Эхний бодсон тооцооноос зөрж байгаа тул байгууллагын санхүү дээр Аудит оруулж дүгнэлт гаргуулна гэж бодож байна. Хохирлын тооцоог нарийн бодож гаргах боломжгүй байна. Манай компанийн 3 борлуулагч өглөө ажилдаа 8-9 цагийн хооронд ирж кимчинүүдээ аваад борлуулалтдаа гардаг. Тэгээд дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд хүргэж өгч тооцоог бэлнээр, зээлээр, хувийнхаа дансаар авдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
ГРОУТ ФИНАНС АУДИТ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,
Н компанийн Э.А-г ажилд авах тухай 19**/11** дугаар захирлын тушаал /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Н компанийн “барааны үнэ өөрчлөх” тухай захирлын тушаал /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/,
Н компанийн борлуулалтын ажилтан Э.А-н 2019-2023 оны тооцооны жагсаалт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
Н компанийн борлуулалтын ажилтан Э.А-н 2019-2023 оны хооронд компанийн харилцах дансанд тушаасан мөнгөний жагсаалт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
Н компанийн захирал Д.Б-н хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37-44 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 1 /хавтаст хэргийн 51-60 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 2 /хавтаст хэргийн 61-68 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.А-н Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,
- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Н" ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх явцдаа компанийн худалдаалах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүний орлогоос 82,533,918 төгрөгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгоор өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний хохирол учруулан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй...” гэх санал, дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Н" ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх явцдаа компанийн худалдаалах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүний орлогоос 82,533,918 төгрөгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгоор өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний хохирол учруулан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өгсөн: "...Би 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс Н ХХК-д менежерээр ажилд орсон. Манай компани нь Баянгол дүүрэг ***-р хороо *** тоот хаягт кимчиний үйлдвэртэй юм. Намайг ажилд ороход манай байгууллагын 3 борлуулагч нар байгууллагын борлуулалтын орлогоос хувьдаа завшиж мөнгө идсэн асуудал гарсан байсан. Э.А гэх залуу 2019 оны 11 сард борлуулагчаар ажилд орсон. Ингээд 2020 оны 03 сараас эхлэн борлуулалтын орлогоо дутуу өгч 2023 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар байгууллагын 33,264,476 төгрөгийг хувьдаа завшиж эндээс А-н ажилласан хугацааны нийгмийн даатгалын төлбөрт 3,075,000 төгрөгийг хасаад 30,189,476 төгрөгийн өртэй үлдсэн. Энэ тооцоог захирал Б ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн. Дараа нь захирал Б болон А нар бодож гаргасан дүн. А уг мөнгөн дүнг зөвшөөрч ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн. Дараа нь захирал Б, А-н тооцоог дахин бодоход 80.000.000 орчим төгрөг болж байгаа. Эхний бодсон тооцооноос зөрж байгаа тул байгууллагын санхүү дээр Аудит оруулж дүгнэлт гаргуулна гэж бодож байна. Хохирлын тооцоог нарийн бодож гаргах боломжгүй байна. Манай компанийн 3 борлуулагч өглөө ажилдаа 8-9 цагийн хооронд ирж кимчинүүдээ аваад борлуулалтдаа гардаг. Тэгээд дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд хүргэж өгч тооцоог бэлнээр, зээлээр, хувийнхаа дансаар авдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
ГРОУТ ФИНАНС АУДИТ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,
Н компанийн Э.Аг ажилд авах тухай 19**/11** дугаар захирлын тушаал /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Н компанийн “барааны үнэ өөрчлөх” тухай захирлын тушаал /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/,
Н компанийн борлуулалтын ажилтан Э.А-н 2019-2023 оны тооцооны жагсаалт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
Н компанийн борлуулалтын ажилтан Э.А-н 2019-2023 оны хооронд компанийн харилцах дансанд тушаасан мөнгөний жагсаалт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
Н компанийн захирал Д.Б-н хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37-44 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 1 /хавтаст хэргийн 51-60 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 2 /хавтаст хэргийн 61-68 дугаар хуудас/,
-шүүгдэгч Э.А-н Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Э.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг хүсэж субъектив санаа зорилготой Н ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаар 1,490,000 төгрөгийн зарлагын баримт гаргаж өгсөн бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэгдэх үед борлуулалтын ажил эрхлэх үед гарсан зардал байх тул хохирогч байгууллагын нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл 81,043,918 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-с гаргуулж Н ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах, тус ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хамгийн бага торгох ял оногдуулж, тус ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Э.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А-д 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-с нийт 81,043,918 төгрөгийг гаргуулж, хохирогч Н ХХК-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ