| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0579/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/600 |
| Огноо | 2024-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/,
хохирогч О.Ж,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Ө овогт С.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000000416 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, халх, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ө.Г.Х ХХК-нд жолооч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, “Х.Т”, нарны зам гудамж *** байр *** тоотод оршин суух хаягтай, Ө овогт С.Д /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Д нь Баянгол дүүргийн 6 дугаар хороoo "Е.М" худалдааны төвийн урд талын замд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим "Lexus RX450h" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;" мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэснийг тус тус зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан дугуйтай зорчигч О.Ж-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “...Явган зорчигч хажуугаас ороод ирсэн. Төв зам урдуур хөндлөн байсан. Би төв замын машиныг хараад эргээд харах хооронд дугуйтай хүн хажуугаар ороод ирсэн. Тэгээд тормос гишгэж амжаагүй. Өөрийнхөө машины зүүн урд хэсгээр мөргөсөн. Би буугаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ж-н өгсөн: “...Би одоогоор 2 сар ажилгүй байгаа. Хэвтрийн дэглэм сахь гэсэн. Өөр нэмэлт орлого олдог байсан. Тэр орлогууд зогссон. Мөн албан тушаалд томилогдох боломж байсан боловч боломжгүй болсон. Цаашид зовуурь ихтэй байгаа. Би IT инженер хүн, байнга суугаа ажил хийдэг. Одоо удаан суух боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Ж-н өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед гэрлүү харих гээд унадаг дугуйгаа унаад Баянгол дүүргийн 6 дугаар хороо *** дугаар хорооллын Е.М төвийн харалдаа урд талынх нь явган хүний замаар баруунаас зүүн тийш явж байтал Е.М худалдааны төвийн зогсоолоос гарч ирсэн Lexus RX450h маркийн *** улсын дугаартай автомашины жолооч гарч ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөөд намайг унадаг дугуйтай хамт газарт унагаасан бөгөөд би унадаг дугуйгаа тэнд нь цоожилж орхиод тэр жолоочийн автомашинд нь суугаад Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмчид нь үзүүлж хэвлийн эхо, бүсэлхийн рентген зураг болон MRI шинжилгээ хийлгүүлэхэд миний ахар сүүл хугарсан байна гэсэн. Ингээд Гэмтлийн эмнэлэгт байхдаа цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт
“...1. Lexus RX450h маркийн *** улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Урд буфер будаг 5 см талбайд зурагдсан бага зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага бага зэргийн гэмтэлтэйгээр хангаж байна.
2. Уг авто тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.6мм (стандарт 0-5мм) стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.3 кН, баруун талдаа 3.5 кН зөрүү нь 6.0% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,8 кН, баруун талдаа 2.6 кН, зөрүү нь 7.0%(стандарт <30%) тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна.
3. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 40600 cd хол дээрээ 149300cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 32500 cd, хол дээрээ 146800 cd, (стандарт 10000-225000cd) байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна.
4. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй.
5. Хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно”... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дүгээр хуудас/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 41 дугаар хуудас/,
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 38 дүгээр хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адъяатөмөр 2024 оны 06 дүгээр сарын 15-ний өдрийн 928 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 42-43 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дугаар хуудас/,
- Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 15 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Ж-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс шүүхийн шатанд гаргаж өгсөн 96,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Баримтаар нэхэмжилсэн 96,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 91,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна...” гэх саналыг гаргалаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч С.Д нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Е.М” худалдааны төвийн урд талын замд 2024 оны 05 сарын 28-ны өдөр 17 цагийн орчим “Lexus RX450h” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул , хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан дугуйтай зорчигч О.Ж-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч О.Ж-н өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед гэр рүү харих гээд унадаг дугуйгаа унаад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын Е.М төвийн харалдаа урд талынх нь явган хүний замаар баруунаас зүүн тийш явж байтал Е.М худалдааны төвийн зогсоолоос гарч ирсэн Lexus RX450h маркийн *** улсын дугаартай автомашины жолооч гарч ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөөд намайг унадаг дугуйтай хамт газарт унагаасан бөгөөд би унадаг дугуйгаа тэнд нь цоожилж орхиод тэр жолоочийн автомашинд нь суугаад Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмчид нь үзүүлж хэвлийн эхо, бүсэлхийн рентген зураг болон MRI шинжилгээ хийлгүүлэхэд миний ахар сүүл хугарсан байна гэсэн. Ингээд Гэмтлийн эмнэлэгт байхдаа цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7234 дугаартай Хүний биед хийсэн шинжээч эмч Ч.Эрдэмболорын: “...1.Э.Ж-н ахар сүүлний 1-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт
“...1. Lexus RX450h маркийн *** улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Урд буфер будаг 5 см талбайд зурагдсан бага зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага бага зэргийн гэмтэлтэйгээр хангаж байна.
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дүгээр хуудас/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 41 дугаар хуудас/,
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 38 дүгээр хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адьяатөмөр 2024 оны 06 дүгээр сарын 15-ний өдрийн 928 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 42-43 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч объектив талын шинж болох хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч С.Д-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Д нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч О.Ж-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1.5-т заасны дагуу хохирогч О.Ж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын гуравдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст/ байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгч С.Д-с гаргуулж хохирогч О.Ж-д олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын санд 91.000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт,
шүүгдэгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...3,000,000 төгрөгийн торгох ялыг багасгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгчид оногдуулсан 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Д-с 8,580,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ж-д олгуулж, хохирогч О.Ж цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ