| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0585/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/605 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,
шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Б овогт П.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405019510417 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын Иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, ээж, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг *** дугаар хороо *** * *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт П.Г, /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “...Би машин бариагүй юм. Манай нэг найз гэрт ирээд 1 шил пиво уусан байсан юм. Гэрт нэг залуу орж ирээд машинаа холдуул гэж хэлсэн, би уусан байнаа гээд түлхүүрээ өгсөн. Манай эхнэр машиныг агуулахын тэнд тавьсан байсан. Тэгээд гэртээ унтаж байтал цагдаа орж ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Б-н өгсөн: “...Миний нөхөр байгаа юм. 2024 оны 05 сарын 02-ны өдөр Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Toyota Prius" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон талаар мэдэхгүй байна. Машиныг нөхрийн ажлаас нь "С.И.С.И" ББСБ-н нэр дээр зээл хийж авч өгсөн. Тухайн өдөр машины түлхүүр гэрт байсан би машинаа гэрийнхээ хойд талын агуулахын үүдэнд үлдээсэн. Г-г ямар зорилгоор машин жолоодсон талаар мэдэхгүй байна тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэсэн. Агуулахын үүдэнд манай машин, манай үүдэнд агуулахын харьяаны машин зогсож байсан гэсэн тэгсэн агуулахын ажилтан Г-г машинаа холдуул гэхээр нь Г тэгвэл та нар манай үүднээс машинаа холдуул би архи уучихсан байна гэж хэлсэн гэсэн тэгсэн агуулахын ажилтан Г-с машины түлхүүр аваад агуулахын үүднээс манай машиныг холдуулаад манай хашаа руу ухрааж оруулаад явсан гэж надад Г хэлсэн би яг хажууд нь байгаагүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.С-ийн өгсөн: “...2024 оны 05 сарын 02-ны өдөр манай төрсөн дүү Б машинаа унаад надтай хамт эмнэлэг явах гэж байгаад машинаараа явахаа болиод хашаандаа оруулах гэсэн чинь хашааных нь үүдэнд танихгүй машин тавьчихсан байсан болохоор нь Б машинаа гэрийнхээ хойно байдаг агуулахын гадаа үлдээгээд надтай автобусаар эмнэлэг явсан. Бид нарыг явсан хойгуур агуулахын хүмүүс Г-д хандаж машинаа агуулахын үүднээс ав гэхээр Г хариуд нь тэгвэл та нар манай хашааны үүднээс машинаа холдуул би архи уучихсан байна та нар манай машиныг хашаа руу оруулаад өгөөч гэж гуйсан гэсэн тэгсэн агуулахын нэг ажилтайн Г-ын машиныг хашаанд хагас дутуу оруулж өгчхөөд машиных нь түлхүүрийг өгөлгүй авч яваад цагдаа дуудсан гэсэн. Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч А.Г-ийн өгсөн: “...Тэр өдөр нөхөр бид хоёр гэртээ харих гээд *** С.М шатахуун түгээх станцын баруун талын далан дээгүүр яваад чигээрээ шороон замаар өгсөж байхад тоёота приус-20 маркийн цагаан өнгийн машин гудамжинд хөндлөн зогсож байсан тэгэхээр нь би сигнал дуугаргахад тэр машин ухрахаар нь би урдуур нь тойрч гараад зогссон. Тэр машинтай жолооч хашаа руугаа ухарч ороод хашаанд байсан нэг машиныг мөргөөд хойшоо урагшаа холхиод байхаар нь манай нөхөр энэ хүн согтуу байж магадгүй гэж хэлээд буусан тэгээд эргэж ирээд энэ хүн согтуу байна би машиныг нь хашаанд байрлуулчхаад машиных нь түлхүүрийг аваад ирсэн гэж хэлсэн. Тэр машины жолооч согтуу байсан ер нь машин жолоодоод ухарч байгааг нь харахад л согтуу байсан. Би хараад танихгүй. Манай нөхөр таних байх. Машинд нь өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахмад цолтой Б.Сугарсайхан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.Г /РД:***/ нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг: “...Миний үйлчлүүлэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, прокурорын шатанд дутуу шалгасан гэж үзэж байна...” гэх санал, дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч П.Г /РД:***/ нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад гэрч А.Г-ийн өгсөн: “...Тэр өдөр нөхөр бид хоёр гэртээ харих гээд *** С.М шатахуун түгээх станцын баруун талын далан дээгүүр яваад чигээрээ шороон замаар өгсөж байхад тоёота приус-20 маркийн цагаан өнгийн машин гудамжинд хөндлөн зогсож байсан тэгэхээр нь би сигнал дуугаргахад тэр машин ухрахаар нь би урдуур нь тойрч гараад зогссон. Тэр машинтай жолооч хашаа руугаа ухарч ороод хашаанд байсан нэг машиныг мөргөөд хойшоо урагшаа холхиод байхаар нь манай нөхөр энэ хүн согтуу байж магадгүй гэж хэлээд буусан тэгээд эргэж ирээд энэ хүн согтуу байна би машиныг нь хашаанд байрлуулчхаад машиных нь түлхүүрийг аваад ирсэн гэж хэлсэн. Тэр машины жолооч согтуу байсан ер нь машин жолоодоод ухарч байгааг нь харахад л согтуу байсан. Би хараад танихгүй. Манай нөхөр таних байх. Машинд нь өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахмад цолтой Б.Сугарсайхан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Г нь өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Гэсэн хэдий ч гэрч А.Г-ийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүгдэгч түүний өмгөөлөгч үндэслэл бүхий байдлаар няцаан үгүйсгэж чадаагүй тул хэргийн үйл баримт хууль зүйн хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч П.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний, 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний, 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний, 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ