Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 30/ШШ2021/00828

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н сумын 9 дүгээр багт оршин суудаг, утас С овогт Н.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн БГ-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бг-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3384737 (гурван сая гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин долоон) төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 07 дугаар сард Н сумын 9-р баг Цагааннуур тосгоны Ерөнхий боловсролын дунд сургуульд тогооч хийж ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгон гарсан юм. Тухайн тэтгэвэр гарах тухай мэдэгдлийг сургуулийн захиргаа өгч, тэтгэвэр гарахад холбогдох бүх материалаа бүрдүүлэн аймгийн захиргааны БГ-ын төсөв хариуцсан мэргэжилтэн А нь жилийн өмнө (2020 онд) авч Улаанбаатар хот руу явуулан холбогдох БСШУЯ-ны төсвийн мэргэжилтнээр хянуулж, тэтгэвэрт гарахад тооцогдох хугацаа жил (27 жил) мөн тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 12300000 төгрөгийг Төрийн сангийн төсөвт суулгуулан батлуулан авсныг тус аймгийн БГ-ын төсөв мөнгийг өөр дээрээ татан авч миний Х банкны 5191033213 тоот дансанд 8915236 төгрөг хийж олгосон. Иймд дутуу олгогдоогүй 3384787 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Боловсрол соёл урлагийн газар өөр дээрээ татан авсан уг төсвөөс буюу тус байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн БГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Н.О нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр 7 жил, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хилийн цэргийн 0165 дугаар ангид туслах холбоочноор 3 жил 6 сар, 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр 1 жил, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуульд тогоочоор 10  жил 08 сар мөн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд 2 жил 11 сарыг ажилласнаар нөхөн тооцож, баталгаажуулсан байна. Засгийн газрын 2019 оны 07 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2, 3.1.4 дэх заалтууд мөн тус заалтуудын тайлбар болох Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №3/439 тоот албан бичигт улсын төсөвт байгууллага биш улсын өмчит үйлдвэр, аж ахуйн газруудыг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн байна. Н.О-ын 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр ажилласан 7 жилийг нь дээрх заалтуудыг үндэслэн төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй гэж үзсэн байгаа. Иймд нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцуулж, баталгаажуулсан жил, мөн Хилийн цэргийн 0165 дугаар анги, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулиудад нийт 18 жил төрийн алба хаасан байна. Сүүлийн гурван жилийн үндсэн цалингийн дундаж нь 495310 төгрөг ба нийт 8945580 төгрөгийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж шилжүүлсэн болно гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-н шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн талаарх нэмэлт тайлбарт: Н.О нь 194 оны 09 дүгээр сарын 01-ээс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил Ноос угаах үйлдвэрт хивс нэхэх цехэд нэхмэлчнээр; 1992 оны 02 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил 11 сар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн баталгаажилтын хуудас;  2002 оны 11 дүгээр сарын 01-ээс 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 жил 5 сар Баян-Өлгий аймгийн төв дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангид холбоочин; 3 хүүхэд төрүүлсний 4 жил 06 сарын нэмэгдэл; Цагааннуур тосгоны дунд сургуульд 2008 онд 4 сар, 2009 онд 7 сар, 2010 онд 01 сар, 2011-2020 онд 10 жил, 2021 онд 7 сар, бүгд 11 жил 7 сар тус тус ажиллаж улсад нийт 27 жил ажилласан жилийн хугацаанд тооцогдон 2021 оны 8 сараас эхлэн тэтгэвэр тогтоолгон сард 360000 төгрөг авч байна. Гэтэл төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад олгогдох нэмэгдэл нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь: 12300000 төгрөг тогтоогдон аймгийн төрийн санд ирсэн дээрх төсөв мөнгийг тус БГ өөр дээрээ татан авч уг тэтгэмжийг олгохдоо, миний ажилласан Ноос угаах үйлдвэрийн хивс нэхэх цехэд нэхмэлчнээр 7 жилийг Монгол Улсын ХНХЯ-ны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өрийн Б/439 тоот мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн албан бичгийг үндэслэн, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хасаж болсон гэж тайлбарлав. Иймд дээрх дээрх гаргасан шийдвэр үндэслэлгүй буруу бодсон гэж үзэж байна. *Аймгийн Мэргэжлийн хяналтын газар; *Захиргааны хуулийн зөвлөгөө өгөх мэргэжилтэн, *Мөн хүний эрхийг хариуцан мэргэжилтэн; *Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хариу албан бичиг; *Монгол Улсын Засгийн газрын тогтоол, бусад холбогдох нотлох баримтуудыг судлан зөвлөгөөнд дүн шинжилгээ хийхэд ноос угаах үйлдвэрт ажилласан 7 жил нь төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж бодох буюу олгогдоно гэж үзэн дараах үндэслэл нотлох баримтад түшиглэн гаргаж байна. Үүнд: 1)Цагааннуурын дунд сургуулийн захиргаа нь та 2021 онд тэтгэвэрт гарах тул ажилласан жилүүдээ баталгаажуулаарай гэсэн мэдэгдэл өгсний дагуу Ноос угаах үйлдвэрт ажилласан 7 жилийг аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилласан жилээ тогтоолгосон шийдвэр, Хилийн цэрэгт ажилласан архивын лавлагаа, Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жилээ нөхөн тооцоолуулсан тухай баталгаажилтын хуудас, 3 (гурван) хүүхэд төрүүлсэн эсэх нотлох хүүхдүүдийн гэрчилгээ, паспортын хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт сургуулийн захиргааны шийдвэр, ажилласныг нотлох баримтуудыг бүрдүүлж аймгийн Захиргаанд суудаг БСУГ-ын төсөв хариуцсан мэргэжилтэн А нь 2020 оны 07 дугаар сарын 25-нд авч Улаанбаатар хотод БСШУЯ-ны төсвийн мэргэжилтнээр хянуулсан, тэтгэвэр гарах ажилласан жил, тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 12 сая 300 мянган төгрөг гэж баталгаажуулан аймгийн төрийн сангийн төсөвт суулгасныг аймгийн БСУГ нь өөр дээрээ татан авч дахин боддог нь буруу үйлдэл бөгөөд дээгүүр хувааж авдаг хардалт төрүүлж байна. Нэгэнт дээд шатны байгууллага тогтоосон зүйлийг өөрчлөх нь буруу  ба хууль бус үйл ажиллагаа тул дутуу олгогдоогүй 3384737 төгрөгийг буцаан олгох ёстой. 2) Ноос угаах үйлдвэрт хивс нэхэх цехэд ажилласан 7 жилийг нэмэгдлээс хассан үндсэн бичигт Монгол Улсын Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн б/439 тоот албан бичигт дурдсан “1990 оноос өмнө гэж заасан газруудад Ноос угаах үйлдвэр хивс нэхэх цех гэж дурдаагүй” ба үүнийг үндэслэж хасах нь буруу. Яагаад гэвэл, Улсын төсөвт байгууллага байсан нь: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/210 тоот албан бичигт Ноос угаах үйлдвэр 1966 оны 06 дугаар сарын 29-нд байгуулагдсан, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн аж үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа бүртгэгдсэн нь аж ахуйн тооцоон дээр ажиллана гэсэн үг. Иймээс 1984 оны 09 дүгээр сарын 01-ээс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Ноос угаах үйлдвэр улсын төсөвт байгууллага байсныг нотолж байна. Үүнээс үзэхэд Ноос угаах үйлдвэрт 7 жил ажилласан биш 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 жил 4 сараар тооцогдон, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1-р хавсралтын 2-р заалтыг үндэслэн сарын цалингийн 5 хувиар нэг удаагийн мөнгөн тэтгэмж бодогдоно. 3) Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нотлох баримтад дурдсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгийн бүртгэлийн тасгийн даргын 225 тоот албан бичигт Ноос угаах үйлдвэр нь 1990-1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь 1 жил 04 сар ажилласан жил мөн дээрх тэтгэмж, мөнгө олгоход тооцогдох ёстой, тэгээд ч энэ байгууллага нь танай гаргасан шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй ба нэг удаагийн шийдвэрийг огт биелүүлээгүй ба нэг удаагийн олгогдох мөнгөн тэтгэмжийг болоогүй болно. Эдгээрээс үзэхэд миний бодоход 6 жил 4 сар дээр шимтгэл төлсөн 1 жил 4 сарыг нэмэхэд 7 жил 8 сар нь тэтгэвэрт гарахад олгогдох нэмэгдэл нэг удаагийн мөнгөн тэтгэмжид тооцогдоно гэж үзэж байна. 4) Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1-р хавсралтын 3-р заалтын 2-р зүйлд (3.2-д) “Орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал гэдэг нь: Ноос угаах үйлдвэрийн Хивс нэхэх цехэд нэхмэлчээр үндсэн ажилчин гэдэг утгыг агуулж, тухайн үед ажиллаж байхад улсад нөхөх хүүхэдгүй татвар, МҮЭ-ийн татвар МУЗН-ийн татвар, МХЗЭ-ийн татвар шимтгэл төлж байсан нь тухайн үед уг үйлдвэр нь улсын төсөвт байгууллага гэдгийг гэрчилж байна. 5) Монгол Улсын Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн б/439 тоот албан бичгийн заалт 1990-1995 оны хооронд ажилласнаар нөхөн тооцуулж баталгаажуулсан хугацааг нийт ажилласан болон төрийн албанд ажилласан хугацаанд 1992-2000 оны дуустал 8 жил 11сарыг баталгаажуулсан бөгөөд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тусламж, тэтгэмжид нэмэгдлийг бодохдоо 3 жил 11 сарыг, 2 жил 11 сар болгон 1995 оныг бүхэлд нь оруулахгүйгээр бодож 1(нэг) жилийг хассан  учрыг олж тогтоох ба нэг жилийг нөхөн олгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Н.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О дүүгийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч Н.О нь 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах хуулийн насандаа хүрээд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ холбогдох байгууллагад өгсөн. Уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр ажилласан 7 жилийн хугацаа, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хилийн цэргийн 0165 дугаар ангид туслах холбоочноор 3 жил 6 сар ажилласан хугацаа, дараа нь Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацаа, мөн тус сургуульд тогоочоор 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 жил 8 сар ажилласан хугацаа мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жил 11 сарын хугацааг нөхөн тооцуулж бичүүлсэн хугацаа зэрэг нийтдээ 27 жилийн хугацаанд дээрх байгууллагуудад ажилласны 12300000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж авах тухай хүсэлтээ дээд шатны байгууллагад явуулсан. Дээд шатны байгууллагаас тухайн мөнгийг аймгийн БГ-т шилжүүлжээ. Гэтэл нэхэмжлэгчид уг нэг удаагийн тэтгэмжийн 12300000 төгрөгийн 8915263 төгрөгийг олгож, үлдэгдэл 3384737 төгрөгийг олгоогүй байна. Тухайн аймгийн БГ-ын төсөвт ирсэн мөнгийг олгоогүй шалтгаанаа Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр ажилласан 7 жилийн хугацааг төрийн албанд ажилласан байдалд тооцохгүй гэдэг үндэслэлээр олгоогүй байна. Би энэхүү олгоогүй гэсэн БГ-ын үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 1990 өмнөх дамжлага бааз, нийтийн аж ахуйн газар ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаагаар тооцдог тухай хууль журам бий. Аймгийн Ноос угаах үйлдвэрт ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцдог учраас уг байгууллагад ажилласан 7 жилийн хугацааг Монгол Улсын Засгийн газрын 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар заалтын үндэслэн сарын цалингийн 5 хувиар нэг удаагийн тэтгэмжийг олгох нь үндэслэлтэй байна. Аймгийн Ноос угаах үйлдвэрт ажилд томилогдсон тухай тушаал олдохгүй байна. Энэхүү баримт аймгийн Архивын газарт байхгүй байгаа нь тухайн үед хүлээлгэж өгөөгүй байгууллагын удирдах ажилтны хариуцлагагүй байдлаас болж үүссэн үр дагавар гэж бодож байна. Улсын бүртгэлийн байгууллагаас судлахад уг Ноос угаах үйлдвэр 1966 онд байгуулагдсан үйлдвэр байна. Нэхэмжлэгч маань уг үйлдвэрт 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан хугацаа нь шүүхийн шийдвэрээр нотлогдон. Аймгийн Бг-ын нэхэмжлэгчийн нэг удаагийн тэтгэмж болох 12300000 төгрөг орж ирснийг би сонссон. Энэ мөнгө Б газрын дамжаад нэхэмжлэгч Н.О-т дутуу орсныг би маш ихээр хардаж, сэрдэж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралт хэсгийн 3.1.2-д “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа”-д ажилласан хүнийг төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцно гэсэн байгаа. Төрийн албаны хуульд заасан 4 төрлийн төрийн албан хаагчийн нэгээр олон жил ажилласан хүн. Маргаж буй Ноос угаах үйлдвэр улсын өмчид ах ахуйн газар байсан. Энэ хүн тус үйлдвэрт нормын дагуу ажиллаж, улсад татвар төлж, улсаас цалин хөлсөө авдаг байсан. Уг үйлдвэр хувьчлагдсаны дараа энэ хүн төрийн албанд үргэлжлүүлж ажилласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн БГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцсан. Нэхэмжлэгч тал нэг зүйлийг буруу ойлгоод байна. Аймгийн БГ нь босс удирдлагатай учраас тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө манай аймгийн төрийн сангаар дамждаггүй тул дээрээс батлагдаж ирсэн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бид багасгах боломжгүй. Энэхүү аймгийн Ноос угаах үйлдвэрт ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилд тооцоогүй шалтгаан нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолын хавсралтын Төрийн албанд ажилласанд тооцох тухай зохицуулалтын 3.1.4 дэх хэсэгт Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал, захиргааны ажилтан, бусад ажилтнаар 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг оруулна гэсэн байгаа. Гэтэл Н.О эгч 1984 оноос 1991 оны хүртэлх ажилласан жилээ төрийн албанд ажилласанд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Саяхан бас холбогдох байгууллагад 10 дугаар сарын 26-ны өдөр төрийн албанд ажилласан тухай тодруулга хүссэн тухай хүсэлт явуулахад тухайн байгууллага төрийн албанд ажилласан жилд тооцох боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр 1990 оноос 1995 оны хооронд 6 жилийн хугацааг нөхөн тооцуулжээ. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтын 3.1.12-д “нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмын дагуу олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа” гэжээ. Гэтэл энэ ингэж нөхөн тооцуулсан хугацааг төрийн албанд ажилласан жилээр тооцуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр  шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.О нь Баян-Өлгий аймгийн Н сумын 9 дүгээр баг Цагааннуур тосгоны ерөнхий боловсролын дунд сургуульд тогооч хийж байгаад тавин таван насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөн 2021 оны 7 дугаар сард  тэтгэвэр тогтоолгосон болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.     

Иймээс нэхэмжлэгч Н.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй болно.

Улмаар нэхэмжлэгч Н.О-ын Хилийн цэргийн 0165 дугаар ангид туслах холбоочноор 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 03 жил 06 сар, мөн Цагааннуурын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 01 жил, мөн Цагааннуурын ерөнхий боловсролын сургуульд тогоочоор 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10  жил 08 сар, мөн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцож, баталгаажуулсан 02 жил 11 сар нийтдээ төрийн алба хаасан 18 жилийн хугацаанд оногдох төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 8915573 төгрөгийг олгосон байна.

Нэхэмжлэгч Н.О нь төрийн алба хаасан хугацаанд оногдох төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 8915236 төгрөг авсан гэж, хариуцагч Баян-Өлгий аймгийн БГ нь 8915580 төгрөг олгосон гэж мөнгөн дүнг янз бүрээр тайлбарласан боловч хавтаст хэрэгт авагдсан №117 дугаартай Төлбөрийн хүснэгтээр 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3000000 төгрөг, №125 дугаартай Төлбөрийн хүснэгтээр 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5420263 төгрөг, №147 дугаартай Төлбөрийн хүснэгтээр 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 495310 төгрөг нийтдээ 8915573 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

1) Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын  3-ын 13-д нийгмийн шилжилтийн явцад ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)-г төрийн албан хаагийн төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч С овогт Н.О-ын №0213000096 “Баталгаажилтын хуудас”-аар 1992 оны 02 дугаар сараас эхлэн 2000 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэн баталгаажуулсан ба үүнээс нэхэмжлэгч Н.О-ын 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцож, баталгаажуулсан 02 жил 11 сарыг төрийн алба хаасан хугацаанд тооцсон нь дээрх журамд нийцэж байна.

2) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэж заасан нь төрийн албанд ажилласан хугацаанд тооцох хуулийн зохицуулалт биш харин улсад ажилласан байдлыг тооцож байгаа хуулийн зохицуулалт болно.

3) Нэхэмжлэгч Н.О-ын Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №130/ШШ2020/00835 дугаартай шийдвэр байна.

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3-ын 4-д улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажилласан орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 01-ээс 2008 оны 05 дугаар сарын 06-ны хүртэл ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор заасан.

Иймд нэхэмжлэгч Н.О нь 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Мөн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6\2848 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2-т “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 дугаар сарын 23-аас өмнөх нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа”, 3.1.4-т “улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-ээр 1996 оны 08 дугаар сарын 01-ээс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилласан хугацаа”-г төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохоор тус тус заасан. Иймд уг журмын зохицуулалтаар 1990 оноос өмнөх болон хойших хугацаанд нэгдэл болон үйлдвэр, аж ахуйн газарт ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох боломжгүй гэсэн байна.

Эдгээр нотлох баримтуудаар хариуцагч Баян-Өлгий аймгийн БГ нь нэхэмжлэгч Н.О-ын  Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт хивс нэхэгчээр 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 07 жилийг төрийн албанд ажилласан хугацаанд тооцоогүй нь үндэслэлтэй байна.

4) Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3-ын 2-д “төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 дугаар сарын 23-аас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцон” гэж заасан байна.

Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр нь орон нутгийн байгууллага биш  улсын өмчит үйлдвэрийн газар мөн болох нь Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №01/1210 дугаартай албан бичиг болон дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул дээрх журмын заалт хамааралгүй болно.

Нэхэмжлэгчийн “... аймгийн Захиргаанд суудаг БГ-ын төсөв хариуцсан мэргэжилтэн Ж.А нь 2020 оны 7 дугаар сарын 25-нд авч Улаанбаатар хотод БСШУЯ-ны төсвийн мэргэжилтнээр хянуулсан, тэтгэвэр гарах ажилласан жил, тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 12300000 төгрөг гэж баталгаажуулан аймгийн төрийн сангийн төсөвт суулгасныг аймгийн БГ нь өөр дээрээ татан авч дахин бодсон...” гэж тайлбарладаг боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Хариуцагчаас Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн З\439 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Хариу өгөх тухай” албан бичгийн хуулбарыг гаргаж өгсөн нь энэ хэрэгт хамааралгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.О-ын төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс 3384737 төгрөг дутуу олгосон гэдэг нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь тэтгэмжтэй холбоотой учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Н.О-т буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн БГ-аас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3384737 (гурван сая гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин долоон) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С овогт Н.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Н.О-т буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАНГИЛИК