| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/0364/И |
| Дугаар | 130/ШШ2021/00862 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2021/00862
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар баг, Ховд гол, 2-60 байрны 39 тоотод оршин суудаг, Ш овогт Б.Р-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суудаг, Ж овогт С.Х-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч С.Х-ын өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар баг Жасыл баг, рашаант-4 гудамж, 441 тоот, хаягт байршилтай нэгж талбарын 8312023619 дугаар бүхий 3000 м.кв талбайтай хууль ёсны өмчлөгчийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай.
Нэхэмжлэгч Б.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 118 дугаар захирамжаар Ө сумын 12 дугаар багаас 3000 м.кв газрыг надад болон гэр бүлийн бусад гишүүдэд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж өмчлөлд олгож шийдвэрлэсэн. Дараа нь 2011 онд уг газрыг миний бие дангаар өмчлөхөөр шилжүүлж авсан юм. Миний бие энэ оны хавар уг газартаа байшин барих гэтэл үл таних хүмүүс хэзээ гэдэг нь тодорхойгүй байшин барьчихсан байдА байсан. Миний бие хариуцагчид газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч татгалзаж элдэв хэл ам хийсэн. Тэгэхээр нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газарт нэвтрэх, мөн тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч Газрын тухай хууль зөрчсөн этгээдийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан гэж заасны дагуу миний бие өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж гомдол гаргасан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг гомдлыг Ө сумын Засаг даргад шилжүүлсэн боловч 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1/273 дугаар албан бичгээр энэхүү маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай хариу ирсэн. Иймд Баян-Өлгий аймгийн Ө сумын 12-р баг Жасыл баг, рашаант-4 гудамж, 441 тоот, хаягт байршилтай нэгж талбарын 8312023619 дугаар бүхий 3000 м.кв талбайтай хууль ёсны өмчлөгчийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж үү гэжээ.
Хариуцагч С.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие ам бүл 6 бөгөөд би өөрөө эрүүл мэндээр тааруухан ч гэсэн хөлсний ажил хийж гэр бүлээ тэжээж байгаа. Эхнэр Ж.Х Увс аймгийн уугуул бөгөөд хүүхдүүдээ харж гэртээ ажилгүй байдаг. Бид гэр бүлээ арай ядан тэжээж амьдарч байгаа эмзэг бүлгийнх юм. Би гэр бүлийн зориулалттай газар эзэмших хүсэлтээ 2016 оны Ө сумын Засаг даргад холбогдох баримт бичгийн хамт гаргасан билээ. Тэр жилдээ буюу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ө сумын Засаг даргаас миний өргөдөл хүсэлтийг хүлээн авч Жана ауыл буюу 2 дугаар багаас газар өгсөн тухай захирамж гаргасан байсан. Би уг багт байдаг газар нь хаана байгааг, газрын минь зааж өгөхийг тус Ө суманд байрлаж байсан газрын албаны хүмүүсээс хүсэхэд даамал гэх хоёр хүн намайг дагуулж явж одоогийн миний амьдарч байгаа газрыг хэмжин зааж 0,007 га гэж хэлж хүлээлгэн өгсөн юм. Миний ах дүү нар уг газрыг даамал нар зааж өгөхөд байлцсан бөгөөд тэдгээр төрөл садангийн хүмүүс маань удалгүй бидэнд хоёр өөрөө байр хашаа барьж өгсөн. Энэ надад өгсөн энэ газрыг газрын даамал нар нь зааж өгөхөд ойр орчимд ямар ч айл барилга, байгууламж, хашаа амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгө огт байгаагүй юм. Одоо ч гэсэн манай байр байшингийн ойр хавьд ямар ч үл хөдлөх хөрөнгө байр байгууламж байхгүй байгаа. Гэхдээ би энэ байр, үл хөдлөх хөрөнгөө бариад жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд бидэнд нэхэмжлэгч болон ямар ч албан тушаА хүмүүс ирж “чи зөвшөөрөлгүй газарт байр байшингаа барьсан байна нүү” гэх мэтээр хэлж шаардлага тавьж байгаагүй. Гэтэл 6 жилийн дараа Б.Р гэдэг хүн ирж “миний энэ газраас нүү” гэж шаардаж улмаар албан тушаалтанд хандана гэж айлган сүрдүүлж явсан юм. Тэр хүнийг сураглаж, судалж үзсэн юм. Тэр хүн нь ганц биедээ 3000 м2 газар авсан өөрөө олон жил нийтийн байр /орон сууц/-нд амьдардаг нэгэн байлаа. Энэ Б.Р гэдэг хүн нь 2008 онд газар эзэмшсэн, өмчилсөн гэх боловч одоо хүртэл тэр газарт ямар нэгэн байр, хашаа барьж байгуулаагүй бөгөөд хууль бусаар их хэмжээтэй газар өмчилж аваад тэр газрыг бусдад дамжуулан худалдах зорилготой бөгөөд 10 хэдэн жилийн дараа хэл ам болоод явж байгаа гэж үзэж байна. Тэгээд ч энэ маргааныг холбогдох хуульд зааснаар эрх бүхий байгууллага албан тушаалтан нь урьдчилан шалгаж тогтоох, эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой юм. Огт шалгаагүй байж шүүхэд явуулах эрх байхгүй. Энэ журмаар холбогдох албан тушаалтанд гомдол гаргах болно. Иймд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Анх 2008 онд холбогдох хууль журмын дагуу Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж 3000 м.кв газрыг 4 хүний нэр дээр гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж авсан. Тухайн үед аймгийн Засаг даргын захирамж, мөн тухайн газрын гэрчилгээг авсан. Үүний дараа иргэн болгонд 700 м.кв газрыг олгосон. Тэгээд 2011 онд холбогдох хууль журмын дагуу тухайн газрын эхнэрийнхээ дээр шилжүүлсэн. Хариуцагч тухайн газрыг эзгүй, өөр хүний газрын мэдээгүй гэдэг нь худлаа. Намайг төрийн албанд ажиллаж байхад 2018, 2019 онд миний ажлын газарт ирсэн. Тухайн үедээ эхнэртэйгээ хамт ирсэн. Өөрсдөө газрын албанд очсон тухай, газрын албанаас миний газар гэдгийг хэлж, надтай ирж уулзаж, тохирч ирвэл зохицуулж өгье гэж хэлсэн хэмээн надад ирж уулзаж байсан. Тухайн үед би тэр газрыг өөр хүнд шилжүүлэх бодолгүй байгаагаа хэлж байсан. Мөн тухайн газарт байшин, барилга барихгүй байхыг анхааруулж, зөвлөсөн. Сүүлд нэгж талбарын дугаарлалт өөрчлөгдөхөд 2021 онд дахиад хэмжилт хийлгээд гэрчилгээгээ авсан. Тухайн үед хариуцагч нар байшингаа барьчихсан байсан. Түүнээс хойш би хариуцагч нарт барьсан байшингаа буулгаарай, чөлөөлж өгөөрэй гэж 10 гаруй удаа хэлсэн. Тэгэхэд эхнэр нь ярихдаа одоо манай нөхрийн хамаатан нар ирж нүүлгэж өгөхөөр болсон гэх мэтчилэн тайлбар хэлдэг байсан. Тэгээд нүүхгүй болохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдлөө гаргаад, уг хүсэлтийг минь Ө сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн. Ө сумын Засаг даргын Тамгын газраас тухайн газарт очоод хэмжилт хийсэн. Тэд шүүхэд ханд гэснээр холбогдох материалуудаа бүрдүүлээд шүүхэд хандсан. Мөн хариуцагч С.Х-ад улсаас газар өгөөгүй биш, өгчээ. Гэвч тухайн газрыг хол хэмээн өөрсдөө тэндээ оршин суудаггүй байна. Одоо би өөрөө өндөр насны тэтгэвэрт гарсан завтай болсон учраас тухайн газрыг эргэлтэд оруулж, дүүтэйгээ хамт малын ферм байгуулах гээд байна. Иймд шүүхээс Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар баг, Жасыл бах, рашаант-4 гудамж, 441 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 8312023619 дугаар бүхий 3000 м.кв талбайтай хууль ёсны өмчлөлийн газрыг хариуцагч С.Х-ын бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэг эсгий гэр, хоёр өрөө блок байшин, жижиг амбаарыг тус тус албадан буулгах тухай шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.
Хариуцагч С.Х шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хурлын товыг мэдлээ. Би өөрөө Ховд аймагт хөдөө сумд хөлсөөр бусдын мал маллаж байгаа ба хуралд оролцох боломжгүй болоод гэрээ хийсэн өмгөөлөгч С.Атай хэлэлцэж тохирсон тул шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч С.Ан байлцуулан хийж болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч С.Х “...Би өөрөө Ховд аймагт хөдөө сумд хөлсөөр бусдын мал маллаж байгаа ба хуралд оролцох боломжгүй болоод гэрээ хийсэн өмгөөлөгч С.А-тай хэлэлцэж тохирсон тул шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч С.Ан байлцуулан хийж болно” гэж шүүхэд бичгээр мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
Нэхэмжлэгч Б.Р Баян-Өлгий аймгийн Ө сумын 12-р баг, Жасыл бах, рашаант-4 гудамж, 441 тоот хаягт байршилтай, 8312023619 нэгж талбарын дугаартай, 3000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №118 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №244 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон №000681274 дугаартай “Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, тухайн газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу маргаан бүхий 3000 м.кв талбайтай газрын өмчлөгч буюу нэхэмжлэгч Б.Р нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй, эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй болно.
Гэтэл нэхэмжлэгч Б.Р-гийн өмчлөлийн 3000 м.кв талбайтай газарт одоогоор хариуцагч С.Х өвлийн байшин, эсгийн гэр , амбаар барьж хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа нь Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1/273 дугаартай албан бичиг, мөн нэхэмжлэгчийн тайлбар, мөн хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар болон тус шүүхийн үзлэгийн тэмдэглэл, схем зургаар тус тус нотлогдож байна.
Энэхүү хариуцагч С.Х-ын байшин, эсгий гэр, амбаар барьж эзэмшиж байгаа газарт хийсэн тус шүүхийн үзлэгийн тэмдэглэлд: Нэхэмжлэгчийн өмчлөлийн 3000 м.кв газарт хашаа татагдаагүй, өмчлөлийн газрын булангийн хэсэгт хадаас хадаж заагийг тогтоосон байдалтай байв. Газрын үзлэгээр С.Х-ын барьсан 41.7 м.кв өвлийн сууц, 8,5 м.кв нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд болон эсгийн гэр нь нэхэмжлэгч Б.Р-гийн 3000 м.кв өмчлөлийн газар бүрэн хэмжээгээр орсон нь тогтоогдов. Мөн хариуцагчийн нэхэмжлэгчийн газарт үнс хог хаягдал нь буулгасан байдалтай байна.. гэсэн байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу хариуцагч С.Хад Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 139 дугаартай шийдвэрийг үндэслэн Ө сумын 12 дугаар баг, Жасыл бахт байршилтай нэгж талбарын 031308414 дугаар бүхий 700 м2 газрыг 50 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Баян-Өлгий аймгийн Газрын албанаас 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон №000660018 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр, мөн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ээр тус тус нотлогдож байна.
Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байхад хариуцагч С.Х нь бусдын өмчлөлийн газарт байшин, монгол эсгийн гэр, амбаар барьж эзэмшиж ашиглаж хууль зөрчсөн байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Р-гийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 12-р баг, Жасыл бах рашаант-4 гудамж, 441 тоот хаягт байршилтай, 8312023619 нэгж талбарын дугаартай, 3000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг хариуцагч С.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Х-ын барьсан өвлийн байшин, эсгий гэр, амбаарыг тус тус албадан буулгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Х-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш овогт Б.Р-гийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар баг, Жасыл бах рашаант-4 гудамж, 441 тоот хаягт байршилтай, 8312023619 нэгж талбарын дугаартай, 3000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг хариуцагч С.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Х-ын барьсан өвлийн байшин, эсгий гэр, амбаарыг тус тус албадан буулгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Р-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Х-аас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Р-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК