Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 112

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Иргэдийн төлөөлөгч Н.Б

Хохирогч Л.Б-а

Шүүгдэгч Д.Г-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Гэрч О.П-

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-од холбогдох 201714000061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** багийн *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д-гийн Г- /РД:хх******/

Шүүгдэгч Д.Г- нь 2017 оны 01 сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоотод нагац ах Л.Б-атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би найзтайгаа архи уусан байсан. Тэгээд ахындаа очоод таксины мөнгө асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр нь би та зээлсэн 20.000 төгрөгөө өгөөч гэтэл уурлаад хутга бариад надруу дайрсан. Би гэрээс гарахад араас гарч ирсэн. Бид хоёр ноцолдож байхад П- эгч ирж салгасан. Тэгээд гэр рүүгээ орсон. Хашааны хажуу талаас мод хугалаад аваад явж байхад Б-а ах дахин гарч ирээд сүх бариад дайрсан. Би тэр модыг нохойноос хамгаалж авсан байсан. Тэгээд тэр модоор толгойд нь цохисон. Хохирол гэж мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Ахыгаа ийм байдалд оруулсанд гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Л.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр орой 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгээд өглөө эрт модонд явах байсан учир эрт унтахаар хэвтэж байтал 00 цаг өнгөрсөн байхад Г- орж ирсэн. Надаас тамхи, автобусны мөнгө нэхэж орж ирсэн. Би байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд гэрт хэрэлдээд яахав гээд бид 2 гадаа гарсан. Би мөнгийг нь өгнө гэж ойлгуулж хэлсэн. Тэгтэл намайг мөргөж унагаагаад тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Миний хувьд хутга бариад дайраад байсан зүйлгүй. Би урьд нь осолд орж толгойдоо гэмтэл авч байсан. Тархи жаахан доргивол ухаан алдчихдаг. Гэрт байхад би хайч барих нь барьсан. Гэхдээ П- булаагаад авчихсан. Миний хувьд нэхэмжлээд байх зүйлгүй. Бололцоогоороо эм тарианы мөнгө өгөөрэй л гэж хэлсэн. Миний хувьд гомдол санал байхгүй. Дүүгээ шоронд явуулахыг хүсэхгүй байна гэсэн мэдүүлэг,

-Гэрч О.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэрт байхад ямар нэгэн зодоон цохион болоогүй. Г- Б-ыг гараад ир гэхээр нь Б-а гарсан. Би тэр хоёрын хойноос гарсан чинь тэр хоёр манай хашааны үүдэнд хашаан дотор барилцаад зогсож байсан. Намайг тэр хоёр дээр яваад очсон чинь Г-, Б-а ахад хайч байна гэхээр нь би Б-аас тэр хайчийг нь авч гэртээ оруулж тавиад гэрээсээ гараад ирсэн чинь хашааны гадна Б-а газар хэвтэж байсан. Г- дээр нь гараад суучихсан байсан. Тухайн үед Г- Б-ыг миний хажууд цохиж зодоогүй. Харин Б-ыг бие засах гэж гараад орж ирэхгүй болохоор нь хойноос нь гараад хашаанаас дөнгөж гарах үед Г- нэг урт юмаар Б-ыг цохисон чинь Б-а газарт унасан. Тэгээд хажууд нь очсон чинь Г- гартаа мод бариад зогсож байсан. Намайг Б-а дээр очих үед Г- модоороо дахин нэг удаа цохиод толгой дээр нь өмсөж явсан арзгар ултай гутлаараа нэг удаа дэвсчихээд яваад өгсөн. Г- Б-аас зээлсэн 20.000 төгрөгөө өг гэсэн. Одоо мөнгө баөйхгүй байна. Ирэх долоо хоногт мөнгөтэй болохоороо өгье гэж хэлэхэд Г- мөнгөө нэхээд байсан. Б-а тэгэхээр нь Г-од чи ээжийгээ харж үзэхгүй байж. Би танай ээжид мод буулгаж өгсөн. Тэр мөнгийг нь өг гээд хэлчихсэн үүнээс болж хэрэг болсон гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 132 тоот дүгнэлтэнд:

1. Л.Б-ын биед хүнхрээ ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хуйханд шарх, баруун нүдний зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт, цээж, зүүн шуунд зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Хүнхрээ ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хуйханд шарх, баруун нүдний зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цээж, зүүн шуунд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 26-27 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний албаны 931 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч өмсөж байсан гэх цэнхэр цагаан алаг хүрэм, сэжигтний гэх хөх саарал хүрмэнд гарсан ханзралтууд шинээр гарсан байна. Харин хөх саарал хүрмэнд гарсан урагдалт, хар комбинзон гарсан зүсэгдэлт, гогодолт хуучин байна. Хар өнгийн гутал гэмтэлгүй байна.

2. Зүсэгдэл тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан, харин ханзралт, урагдалт, гогодолтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Эсэргүүцэл үзүүлсний улмаас гарсан байж болно.

3. Харин хохирогч, гэрч нарыг ямар байрлалд байхад гарсан байж болохыг мөрдөн байцаалтын туршилтаар тогтооно уу гэсэн дүгнэлт /хх 33-34 ху/ ,

 

-Шүүхийн шинжилгээний албаны 1710 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Г-ын хар хөх өнгийн цайвар судалтай куртик, Л.Б-а хөх цэнхэр цагаан өнгийн малгайтай куртик, бор цоохор цэцгэн хээтэй дэрний уутан дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр цус илрээгүй.

2. Д.Г-ын хар хөх өнгийн цайвар судалтай куртик дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Д.Г-ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

3. Л.Б-а хөх цэнхэр цагаан өнгийн малгайтай куртик, бор цоохор цэцгэн хээтэй, дэрний уутан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Л.Б-ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /хх 40-41 ху/,

 

-Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд:

1. Магадлуулагч Д.Г- сэтгэцийн хувьд эрүүл

2. Д.Г- нь гэмт хэрэг үйлдсэн үедээ өөрийн үйлдлийг жолоодох чадвартай байсан.

3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн дүгнэлт /хх 46 ху/,

 

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7, 35-36, 75 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 74 ху/

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх 82 ху/

-Хохирогч Л.Б-ын өвчний түүх /хх 84-107 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/

-Д.Г-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 67-73 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна  гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Г- нь 2017 оны 01 сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоотод нагац ах Л.Б-атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт модоор цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хашааны хажуу талаас мод хугалаад аваад явж байхад Б-а ах дахин гарч ирээд сүх бариад дайрсан. Би тэр модыг нохойноос хамгаалж авсан байсан. Тэгээд тэр модоор толгойд нь цохисон” гэсэн, хохирогч Л.Б-ын “...Тэгтэл намайг мөргөж унагаагаад тэгээд юу болсон талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.П-н /хх 14-15 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед хүнхрээ ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хуйханд шарх, баруун нүдний зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 132 тоот дүгнэлт, мөн шинжээчийн 931, 1710 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, ял шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Г-од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзэв.

Хавтаст хэргээс үзвэл хохирогч нь хохирлын талаар ямар нэгэн бичгийн нотлох баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн канттай цэнхэр өнгийн куртик хохирогч Л.Б-ад, зүүн талын энгэр дээр кент гэсэн бичигтэй цэнхэр өнгийн куртик, улаан өнгийн оруулгатай хар өнгийн комбинзон, 1 хос гутал зэргийг шүүгдэгч Д.Г-од тус тус олгож, ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу, дөрвөлжин хээтэй углаа даавуу, бор цоохор цэцгэн хээтэй дэрний уут, 92 см урттай банзан модны хэсэг, шүүгдэгч Д.Г-, хохирогч Л.Б-а нарын хатаасан цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

                                                                                                                                                     

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Б овогт Д-гийн Г-ыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Г-од оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн канттай цэнхэр өнгийн куртикыг хохирогч Л.Б-ад, зүүн талын энгэр дээр кент гэсэн бичигтэй цэнхэр өнгийн куртик, улаан өнгийн оруулгатай хар өнгийн комбинзон, 1 хос гутал зэргийг шүүгдэгч Д.Г-од тус тус олгож, ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу, дөрвөлжин хээтэй углаа даавуу, бор цоохор цэцгэн хээтэй дэрний уут, 92 см урттай банзан модны хэсэг, шүүгдэгч Д.Г-, хохирогч Л.Б-а нарын хатаасан цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-од урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА

      ШҮҮГЧИД                             Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                     Ц.АЛТАНГАДАС