Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2024/00194

 

 

                                                         ТАЗ-ийн

                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01016 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01090 дүгээр магадлалтай, 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Цд холбогдох 

Төрд учруулсан хохирол 12,255,529 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Төрийн албаны зөвлөл нь Ц.Цд холбогдуулан төрд учруулсан хохирол 12,255,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01016 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цээс 11,125,574 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгон, үлдсэн 1,129,955 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 .3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 192,959 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01090 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Цээс 12,255,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгон шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу дараах таван үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч тал 2017 онд батлагдаж, 2019.01.01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дах хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгосон хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан гэж үндэслэл бүхий дүгнэлтийг магадлалдаа дурджээ.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т "төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, ... энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах" гэж; Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ", 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Төрийн албаны зөвлөл төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ хүчингүй болсон хуулийг биш хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлах нь хууль зүйд нийцсэн үйлдэл мөн. Тодруулбал, 2017 оны Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөл нэхэмжлэх эрхтэй байсан. Мөн 2019 онд нэхэмжлэл гаргахад 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлнэ. Төрийн албаны зөвлөл хуулиар олгогдсон нэхэмжлэх эрхээ хэзээ хэрэгжүүлэх нь олгогдсон бүрэн эрхийн асуудал юм.

2. 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой үйл баримтад үйлчлэх, хариуцагч Ц.Ц 2018 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т " албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах" гэж хуульчилсныг Төрийн албаны зөвлөл төрийн нэрийн өмнөөс шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргана гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хуулийн үйлчлэх хугацаа чухал ач холбогдолтой биш, учир нь Төрийн албаны тухай хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа /2002 болон 2017 он/ хуульд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгагдсан. Тодруулбал, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35.1.2 дахь зохицуулалтаар уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан гэж тодорхой тусгаагүй хэдий ч албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хууль зүйн логик, агуулга бүхий зохицуулалт байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан хэсэг нь Төрийн албаны зөвлөл хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос биш хариуцагч Ц.Ц албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан хуулийн зарчимд нийцсэн гэж дүгнэсэн нь магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагч Ц.Ц Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ч.Быг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг захиргааны хэргийн шүүх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосныг иргэний хэргийн шүүх тус тус тогтоосон. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 12,255,529 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хөрөнгө хуваарилах тушаалын дагуу "төрийн сан"-ийн хөрөнгөөс гаргуулж Ч.Бт олгосон. Өөрөөр хэлбэл, Ц.Ц албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас төрд 12,255,529 төгрөгийн хохирол учруулсан. Төрийн албаны зөвлөл хуульд заасан эрхээ хэрэгжүүлж буруутай албан тушаалтнаас төрд учруулсан хохирол арилгуулах нэхэмжлэлийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Цийг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гэм хорын хариуцлага хүлээхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Хариуцагч Ц.Ц хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан төрийн албаны зарчимтай нийцсэн байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад алдаа гаргаж хохирол учруулбал эхлээд төр хариуцна, харин дараа нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар Төрийн албаны зөвлөл төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг арилгуулна гэж ойлгоно. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ" гэж заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн. Иргэний хуулийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасантай агуулга ижил төдийгүй төр гэх хуулийн этгээд өөрийн байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан өөрт учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх эрх олгосон гэж ойлгох боломжтой. Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг баримтлан шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь маргааныг эрүүгийн болон захиргааны хэргийн шүүхээр биш иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хэргийн харьяаллыг тодорхойлж, нэхэмжлэл гаргасан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т "магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх" гэж зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/MA2024/01090 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/00943 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв. 

7. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ц.Цд холбогдуулан хохирол 12,255,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2018.12.11-ний өдрийн №Б/272 дугаар тушаалаар тус яамны харъяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Быг албан тушаалаас нь чөлөөлсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Ч.Бын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 12,255,529 төгрөгийг Ч.Бт олгосон. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 12,255,529 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2018.12.11-ний өдрийн №Б/272 дугаар тушаалыг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д  заасан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын чиг үүргийн дагуу гаргасан. Ц.Ц гэх хувь хүний өмнөөс шийдвэр гаргаагүй. Яамны нэрийн өмнөөс гарч буй бүхий л шийдвэрийн төслийг холбогдох мэргэжилтнүүд, хуулийн хэлтэс бэлтгэдэг ба Ч.Быг ажлаас чөлөөлөхдөө хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй байдлыг төрд санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэхгүй. ... Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалтыг уг хууль хүчин төгөлдөр болсон 2019.01.01-ний өдрөөс хойш хэрэглэх ёстой. Төрийн албаны зөвлөл нь уг хуулиас өмнө төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байсан бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.” гэж тодорхойлсон.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,125,574 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 1,129,955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ “... Ц.Цийг 2019.12.31-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн талаар талууд маргаагүй. Ч.Быг хууль бусаар халсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул 2019.12.31-ний өдөр хүртэлх түүний хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэр болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 12,255,529 төгрөгийг төлөхийг даалгасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлбөр төлөгч гэж үзэх ба дээрх төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй болох нь баримтаар тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Ч.Бын нэг сарын цалин 868,628.9 төгрөг, нэг өдрийн цалин 39,483 төгрөг болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагчаас 11,125,574 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгон, үлдсэн 1,129,955 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Магадлалд “Анхан шатны шүүх хариуцагч Ц.Цийн хууль бус үйлдэл нь түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэж, 2019.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан бөгөөд энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчлэх тул Ц.Ц 2018.12.11-ний өдөр ажилтан Ч.Быг ажлаас чөлөөлсөн нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт нь ТАЗ-ийнэрхээ хэрэгжүүлэх зохицуулалт бөгөөд хариуцагч Ц.Цийн албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан нь гэм хорын хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан Ч.Бт учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй. ...” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

12. Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай “Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацааны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ” гэх давж заалдах шатны шүүх дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.2-т “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих”, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах мөн төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах тухай” зохицуулалт үйлчилж байсан тул тухайн үйл баримтад хуулийн тус зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзнэ.

13. Гэм хорын хохирлыг хуулийн этгээд  буюу төр хариуцан арилгасан бол байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай тухайн этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан. Энэ зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх Ц.Цийг ажлаас чөлөөлөгдсөн хугацаагаар буюу 2019.12.31-ний өдөр хүртэлх хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Быг хууль бусаар ажлаас халсан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрээр тогтоогдож, хариуцагчийн хууль бус үйлдэл түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх хүртэл буюу 2019.12.31-ний өдөр хүртэл үргэлжилсэн байна.

14. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалтыг “...гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан нь тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

15. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдад гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар заасан. Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2018.12.11-ний өдрийн №Б/272 тоот тушаалаар Ч.Быг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол болох 12,255,529 төгрөгийг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 тоот тушаалын дагуу 2021.05.13-ны өдөр Ч.Бт төлж барагдуулжээ. Төрийн албаны зөвлөл нь дээрх төлбөрийг гаргуулахаар хариуцагч Ц.Цд холбогдуулан 2023.06.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд багтсан байна. Иймд гэм хорын төлбөрийг буруутай этгээдээс шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

16. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01090 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                             

 

 

       

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

 

                                       ШҮҮГЧИД                              Н.БАТЧИМЭГ

 

                                                                                          Н.БАЯРМАА

    П.ЗОЛЗАЯА