| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/01044/И |
| Дугаар | 130/ШШ2021/00827 |
| Огноо | 2021-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2021/00827
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн ПГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын 6 дугаар багт оршин суух, утас 95567171, Н овогт М.Т-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч М.Т, иргэдийн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 5904900 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын төрийн сан дахь 100020855001 тоот дансанд оруулах тухай.
Нэхэмжлэгч Б аймгийн ПГ-ын Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугар сарын 01-ний өдрийн 141 дугаартай шийдвэрээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-ыг тус тус баримтлан 2016 оны 12 дугаар сарын 26-аас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5226975 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ж-т олгосугай” гэсэн шийдвэр гарчээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 990 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гаргуулах тухай” шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрээр тогтоосон 5226975 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч С.Ж-т олгосон байна. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “төлбөрийн 5904900 төгрөгийг төсвийн орлого болгож, Н сумын ЗДТГ-ын төрийн сан дахь 1002085501 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор оруулахыг Н сумын ЗДТГ-ын дарга М.Т-д хариуцуулсугай” гэх 18-01/90 дугаартай акт гарсан байна. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас “...Н сумын ЗДТГ-ын дарга М.Т нь жолооч С.Ж-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан нь шүүхээр тогтоогдож, төрд учирсан хохирол болох 5904900 төгрөгийг төсвөөс давхар цалин олгосныг манай албанаас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-ийг үндэслэн М.Тээр төлүүлэх акт тогтоогоод 2 жил шахам хугацаа өнгөрлөө. Иймд төрийг төлөөлж, шүүхэд хандан хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар М.Т-ээс шүүхийн шийдвэрийн дагуу С.Ж-т олгосон нөхөн олговрыг гаргуулж, улсын төсөвт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хуульд заасан шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар М.Т нь Н сумын ЗТ-ын даргаар ажиллаж байхад хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирлыг гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын жолоочоор ажиллаж байсан С.Ж-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн хууль бус шийдвэр гаргасан Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Т-ээс шүүхийн шийдвэрийн дагуу 5904900 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөж улмаар захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж тус сумын ЗДТГ-ын ажилд эгүүлэн томилогдсон. Энэхүү хугацаанд сумын ЗДТГ-ын даргаар Х.К гэдэг залуу урьд өмнө төрийн албанд ажиллаагүй туршлага боловсрол дутмаг хүнийг Засаг дарга асан М.М албаар томилуулан ажиллуулж ашиг сонирхлын зөрчил гарган ажилласнаас болж төрийн албаны ажил цалгардаж зарим үйлчлэх, гэрээт ажилтан болон жолооч Ш.Хг тэтгэврийн насанд хүрсэн гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн бол сумын Засаг дарга М.М ЗДТГ-ын дарга Х.К-гаар тушаал гаргуулан С.Ж-ыг томилуулсан явдлыг хууль бус шийдвэр бөгөөд ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дугаартай албан тоотоор Сангийн яамны санхүү хяналт шалгалтын Улсын ерөнхий байцаагч Ч.Хүрэлбаатар гомдол гаргаж гомдлыг хянасан тухай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13-2/7441 албан тоотыг хүлээн авч танилцсан болно. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №299 дугаартай шийдвэрээр С.Ж-ын жолоочийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Баян-Өлгий аймаг дахь Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн магадлалаар С.Ж-ын Н сумын ЗДТГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг гаргасан гуравдагч этгээд Ш.Хн Н сумын ЗДТГ-ын жолоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагыг хангаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тухай шийдвэр гарсан байдаг. Н сумын ЗДТГ-ын албан жолоочид томилогдож ажиллаж байсан С.Ж нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зөрчил гарган 1 жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хасуулсан тул жолоочийн албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай цагдаагийн албан шаардлагын дагуу арга хэмжээ авсан гэжээ.
Нэхэмжлэгч Б аймгийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №4 дугаартай гэм хор арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байсан Ж-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Т-ээс шүүхийн шийдвэрийн дагуу 5904900 төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Х.М.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын даргаар 2016 оноос ажиллаж байгаад сумын Засаг даргын хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдсон. Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан М.М гэх хүн миний бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон жолоочоор ажиллаж байсан Ш.Х гэх жолооч, Х.К гэх залууг ажлаас гаргаж энэхүү маргаан үүссэн нь үнэн. Би тухайн үед миний бие сумын ЗТ-ын дарга, төсвийн шууд захирагчийн хувьд шийдвэр гаргасан. Манай тамгын газарт жолоочийн орон тоо нэг байсан. Ш.Х гэх жолооч маань 20 жилийн хугацаанд сумын Засаг даргын жолоочоор ажилласан. Тэгээд өндөр насны тэтгэвэрт гарах нас нь тогтоогдож ирээд, одоо 58 настай, удахгүй 2 жилийн хугацааны дараа өндөр насны тэтгэвэрт гарна хэмээн маргааснаар шүүхэд 2 жилийн хугацаанд 2018 он хүртэл маргасан. Шүүхэд 2 удаа хандсан боловч шүүх миний нэхэмжлэлийн хүлээж аваагүй. Тэгээд явсаар байгаад хамгийн сүүлд С.Ж-ыг ажилд нь эргүүлэн тогтоолгох тухай шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг Засаг даргын захирамжаар олгосон байна. 2018 оноос хойш төрийн гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай хууль гарсан байдаг. Миний хувьд С.Ж-ыг ажлаас гаргасан нь зөв шийдвэр, энэхүү шийдвэр маань миний Тамгын газрын даргын эрхийн дагуу гарсан шийдвэр гэж үзэж байна. Учир нь сумын Засаг даргын Тамгын газарт 2 жолооч ажиллах ямар ч боломжгүй байсан. Тийм учир шалтгаанаар С.Ж-ыг би ажлаас чөлөөлсөн нь үнэн. Одоо С.Ж нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулснаар энэ асуудал дуусгавар болсон. Иймд надад ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Хариуцагч М.Т-д 5904900 төгрөгийг төлүүлэх талаар прокурорын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б аймгийн ПГ нь Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дах хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын хүсэлтээр[1] иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож, хариуцагч М.Тий хууль бус тушаал гарсан гэм буруутай үйл ажиллагаанаас болж давхар цалин олгогдож төрд учирсан хохирол 5904900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээ.
Хариуцагч М.Т нь Баян-Өлгий аймгийн Н сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д зааснаар тус сумын Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй байсан.
Энэ эрхийнхээ дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын дарга М.Т 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №32 дугаартай “Ш.Х-г жолоочоор томилох тухай” тушаалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар ...тус сумын ЗТ-ын жолоочоор Ш овогтой Х-г 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилж, 2 дугаар заалтаар..тус сумын ЗТ-ын жолоочоор Саяхатын Ж-ыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.
Энэ тушаалыг С.Ж эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №001/хт2017/01417 дугаартай тогтоолоор...С.Ж-ыг Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын жолоочоор эгүүлэн тогтоосон байна.
Улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр жолооч С.Ж-ын ажилгүй байсан хугацааны цалин 5226975 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 574967 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 107781 төгрөгийг тус тус Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын санхүүгээс гаргуулан С.Ж-т олгосон байна.
Шүүхийн дээрх шийдвэрүүд биелэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №130/ШЗ2016/00990 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №221 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн Төлбөрийн хүснэгтүүд, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчөөс шилжиж ирсэн мөнгийг С.Ж-т шилжүүлсэн баримтууд, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №12/629 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолоор тус тус нотлогдож байна.
Дээр нотлох баримтуудаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч буюу Баян-Өлгий аймгийн Н сумын ЗДТГ-ын дарга М.Тий хууль бус тушаал гаргаснаас болж бусдад (С.Ж-т) учирсан хохирлыг Баян-Өлгий аймгийн Н сумын ЗДТГ-аас буюу төрийн байгууллагаас гаргуулан арилгасан болох нь тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ЗДТГ-ын дарга М.Тий хууль бус тушаалаас болж давхар цалин олгогдож төрд 5904900 төгрөгийн хохирол учирсан болохыг Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн №18-01/90 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актаар тогтоосон байна.
Энэхүү Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн №18-01/90 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актын тогтоох хэсэгт:...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас учирсан хохирлыг захиргааны байгууллага иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ. Энэ хуулийн 103.2, 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, хариуцан гэсэн заалтыг үндэслэн Н сумын ЗДТГ-ын дарга М.Т-ээр төлүүлэн, Төлбөрийн 5904900 төгрөгийг төсвийн орлого болгож, Н сумын ЗДТГ-ын төрийн сан дахь 100020855001 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор оруулахыг Н сумын ЗДТГ-ын дарга М.Т-д хариуцуулсан байна.
Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн №18-01/90 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актад Н сумын ЗДТГ-ын дарга М.Т гарын үсэг зураагүй боловч акттай танилцан эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргаж байсан нь Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13-2/7441 дугаартай “Гомдлыг хянасан тухай” албан бичгээр нотлогдож байна.
Хариуцагч М.Т нь “Дотоод аудитын дүрэм”[2]-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасны дагуу актыг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан санхүүгийн хяналтын шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах, санхүүгийн хяналтын шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол эрхтэй боловч гомдол гараагүй байна.
Иймээс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн №18-01/90 дугаартай “Хохирол барагдуулах тухай” акт нь “Дотоод аудитын дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу хариуцагч М.Т нь биелүүлэх үүрэгтэй болно.
Мөн төрийн албан хаагч Н сумын ЗДТГ-ын дарга М.Тий хууль бус тушаал гаргасан гэм буруутай үйл ажиллагааны улмаас давхар цалин олгогдож төрд 5904900 төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “энэ хуулийн... 498.2-т... зааснаар учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрх нь төрд байна.
Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч М.Тий өөрийг нь Баян-Өлгий аймгийн Н сумын ЗДТГ-ын үүрэгт ажлаас чөлөөлсөн болон томилсон талаарх тушаалууд, мөн Н сумын ЗДТГ-ын 2016 оны тоо цалингийн жагсаалт нь энэ хэрэгт хамааралгүй болно.
мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Р.М.Т нь хууль бус тушаал гаргаснаас болж төрд хохирол учруулсан тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч Прокурорын газрын нэхэмжлэл үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт нь бодит байдалтай нийцэж байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Т-ээс төрд учирсан хохирол 5904900 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Н сумын ЗДТГ-ын төрийн сан дахь 100020855001 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 109428 төгрөгийг хариуцагч М.Т-ээс гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н овогт М.Т-ээс төрд учирсан хохирол 5904900 (таван сая есөн зуун дөрвөн мянга есөн зуун) төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-ын Төрийн сан дахь дахь 100020855001 тоот дансанд оруулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Т-ээс 109428 (нэг зуун есөн мянга дөрвөн зуун хорин найман) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
Б.МАНГИЛИК