Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/367

 

      2024              5              07                                           2024/ШЦТ/367

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч М.С, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т** овогт Д.Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050075000** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Т** овогт Д.Ч (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Д.Ч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хотхоны *** дугаар байрны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.С-тай үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож, түүний нүүр хэсэгт цохиж, нуруу хэсгээр нь газарт  унагаж биед нь сээрний 1 дүгээр нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, нугас дарагдлын хам шинж, дөрвөн мөчний сул саа, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал,  зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ “...Хэрэг өглөө 10 цагийн үед болсон. Би тухайн үед өчигдөр жигнэсэн буузыг халаагаад 10 цаг 20 минут гэхэд салгана гээд ариун цэврийн өрөөнд ороод нэлээн сууж байгаад гарч ирсэн. Надад кофе уудаг аягаар дүүрэн хийж өгөхөд нь би яагаад ийм их хийж өгч байгаа юм бэ гээд уугаагүй. Зурагт үзээд сууж байхад гэнэт Ч ирээд чи тийм сайн зодолддог юм уу гээд цохисон, хэрүүл маргаан огт болоогүй. Би Ч-г чи зүгээр байхад яаж байгаа юм бэ гэж хэлэх үед миний ард О байсан, Б буйдан дээрээ сууж байсан. Ч намайг хэн цохисныг мэдэж байгаа. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд Ч миний араас боосон, Б миний дээрээс муу писта минь гээд дэвсээд байсан. Яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж байгаад би дахиад ухаан алдсан байсан. Дахин сэргэхэд О намайг зальтай муу нохой чинь худлаа ухаан алдаж унаад байна гэж хэлээд миний цээж рүү өшиглөөд байсан. Намайг писта минь босооч гээд өшиглөхөд би дахин сэрсэн. Тэгээд босох гэтэл биеэ хөдөлгөж чадахгүй байсан, гэтэл Б битгий баашлаад бай гээд өшиглөөд байсан. Би ээж рүү залгаад өгөөч гэж гуйж байгаад ээжтэй ярьсан. Ээжид би биеэ хөдөлгөж чадахгүй байна, намайг ирээд аваач гээд уйлсан. Гэтэл хажуугаас писта чинь юундаа баашлаад байгаа юм, босооч гэж хоёр талаас хэлээд байсан. Би 2 хөл дээрээ явмаар байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Зүгээр байж байгаад ийм болсондоо маш их гомдолтой...” гэв.

Шүүгдэгч Д.Ч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хотхоны *** дугаар байрны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч М.С-н биед халдаж, улмаар түүний эрүүл мэндэд сээрний 1 дүгээр нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, нугас дарагдлын хам шинж, дөрвөн мөчний сул саа, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар хуудас), Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 86-90 дүгээр хуудас), Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хэргийн 95-98 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 125 хоногтой, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т** овогт Д.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-г 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-н 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ч-с 10,325,948 (арван сая гурван зуун хорин таван мянга есөн зуун дөчин найм) төгрөгийг гаргуулж хохирогч М.С-т олгосугай.

7.Хохирогч М.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Ч-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО