| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 181/2023/00573/И |
| Дугаар | 001/ХТ2024/00192 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/00192
Б.Уын нэхэмжлэлтэй
Иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01099 дүгээр шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00987 дугаар магадлалтай,
Б.Уын нэхэмжлэлтэй
“М” ХХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөр 11,681,081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.У нь “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 11,681,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01099 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч "М" ХХК-иас 5,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уад олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,981,081 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 106,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уад олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00987 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч С.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01099 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 210/MA2024/00987 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тухайлбал, шүүх нотлох баримтуудыг илт нэг талыг баримталсан, хариуцагчийн хариу тайлбар татгалзалд дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн эрхийг хязгаарласан зэрэг нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, хууль хэрэглээний зөрүү гаргасан гэж үзэж байна.
4.1 Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсгийн 5.2-т “Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар жолоочийн даатгалд заавал даатгуулахын зэрэгцээ “C” “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулахаар мөн хуулийн 5.3 дахь хэсэгт зохицуулсан, энэ нөхцөлд даатгуулагч 33,000 төгрөгийн суурь хураамжийг төлөхөөр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заажээ" гэж, хянах хэсгийн 5.3-т "Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Даатгуулагч батлагдсан маягтын дагуу даатгагчид мэдүүлэг бөглөж өгнө" гэж заасан ба Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ний өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Маягтын 4 дүгээр зүйлд заасан даатгалын хураамжийг тусгасан ба суурь хураамж 42,500 төгрөг, үүнээс 9 итгэлцүүрээр тооцож хураамжийн дүнг 27,625 төгрөг гэж тодорхойлжээ. Уг хэсэгт "Мэргэшсэн болон C,D ангиллын жолоочийн даатгалын хийлгэх үү: тийм/үгүй гэсэн нөхцөл байх ба тийм, эсхүл үгүй гэснийг сонгосон тэмдэглэгээ хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарах бөгөөд даатгагч нь "С" ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гадна уг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч заавал даатгуулах үүрэгтэй талаар даатгуулагчид тайлбарлаж, баталгаажуулсан байдал тогтоогдоогүй байна. Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан даатгалын хураамж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх ба “нэмэлтээр даатгалын хураамж 33,000 төгрөг төлөөгүй” гэх хариуцагчийн татгалзал, энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй” гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Авто тээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон "С", "D" ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна" гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т "Энэ хуулийн 5.3-т заасан даатгуулагч 33,000 төгрөгийн даатгалын суурь хураамжийг төлнө" гэж заасан байдаг боловч нэхэмжлэгч Б.У нь мэргэшсэн даатгалын гэрээг байгуулаагүй буюу 33,000 төгрөгийн суурь хураамжийг нэмэлтээр төлөөгүй, даатгалын мэдүүлгийн хуудсыг бөглөх үедээ тийм/үгүй гэсэн сонголтыг бөглөөгүй хоосон орхисон нь мэргэшсэн даатгалын гэрээг хийлгэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр нь хэрэгт авагдсан даатгалын гэрээний 4-р зүйлд заасан хураамжийн дүнгээр нотлогддог тул Албан журмын даатгалын тухай хуульд зааснаар С ангиллын тээврийн хэрэгслийн жолооч хариуцлагаа даатгуулсан л бол мэргэшсэн даатгалын гэрээг байгуулж нэмэлтээр 33,000 төгрөгийн суурь хураамжийг төлснөөр нийт 10,000,000 төгрөгийн хамгаалалт үйлчлэх үндэслэлтэй. Гэвч нэхэмжлэгч суурь хураамжаа дутуу төлсөн тул даатгагч төлсөн хураамжид хувь тэнцүүлэн нийт бодит хохирлын 45,56 хувийг буюу 5,700,000 төгрөгийн өвсний хохирол 2,597,319 төгрөгийг даатгагч хариуцах юм.
4.2 Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсгийн 6.1-т "Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т даатгуулагчийн авто тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол даатгалын тохиолдолд үл хамаарахаар заасан ба галын улмаас шатсан 1000 боодол өвс даатгуулагчийн ачаа биш болох нь тогтоогдсон тул даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй" гэж, 6.2-т “Түүнчлэн зохигчийн байгуулсан гэрээний харилцаа нь Жолоочийн даатгалын тухай хуулиар нарийвчлан зохицуулагдах жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой учир хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан сайн дурын даатгал, тээвэрлэлтийн даатгал, бараа тээвэрлэлтийн даатгалын талаарх эрх зүйн зохицуулалт маргаанд хамааралгүй болно” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдаж /Сайн дурын даатгалын хэлбэр/ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй захиргааны хэм хэмжээний актыг бүхэлд үндэслэлгүйгээр үгүйсгэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т "...ачаанд учирсан хохирол" гэж хуулиар бүх төрлийн ачаанд учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгал хариуцахгүй байхаар зохицуулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ний өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдсан Сайн дурын даатгалын хэлбэрт "Ачааны даатгал гэж аливаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй ачаанд гэмтэл, хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал буюу аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй" гэж тодотгон баталсан байдаг. Энэ тогтоол одоо ч Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилдэг хэм хэмжээний акт юм.
Тухайлбал, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020.10.30-ны өдрийн А/24 тушаалын 12 дугаар зүйлд "Тээвэрлэлтийн даатгал" гэж заасны 12.4-д "Тээвэрлэгч нь шаардлагатай тохиолдолд ачааны даатгалд даатгуулсан байна" гэж заасан нь ачааны даатгал жолоочийн хариуцлагын даатгалаас тусдаа даатгал гэдгийг харуулж байна. Мөн “Монгол Улсын Олон улсын гэрээ, Бараа Худалдах-Худалдан Авах Олон Улсын Гэрээний Тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц”-ийн 32 дугаар зүйлийн 32.3-т "Хэрэв худалдагч барааг тээвэрлэхтэй холбогдуулан даатгуулах үүрэг хүлээгээгүй бол тэрээр худалдан авагчийн хүсэлтээр даатгалыг хийхэд шаардагдах боломжтой бүх мэдээллийг худалдан авагчид өгөх ёстой" гэж заасан байдаг нь ачаа барааг тээвэрлүүлэхийн тулд ачаа тээврийн даатгалын гэрээг тусад нь байгуулахаар зохицуулсан бөгөөд Олон улсын гэрээ болон бусад актууд нь аливаа улсын жолоочийн хариуцлагын даатгалын гэрээгээр ачаанд учирсан хохирлыг хариуцахгүй гэж гадаад, дотоодын практикт хэрэглэсээр ирсэн, одоо ч хэрэглэгдэж байгаа онцлогтой.
4.3 Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсгийн 6.3-т “Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасан "хохирогч" хамаарах Э.Гнь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцож Б.Уаар тээвэрлүүлэхээр ачуулсан 1000 боодол өвс шатсан, 10 сая гаран төгрөгийн хохирол учирсан, Б.Уаас өвсний хохирол авъя гэхээр шүүх хуралтай байгаа, “М” ХХК-аас хохирлоо авбал хохирлыг чинь барагдуулна гэсэн” гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгч болон Э.Гнарын хоорондын гэрээтэй холбоотой гомдлын шаардлага гаргасан эсэх үйл баримтыг тус маргаанд дүгнэхгүй, хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй" гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч болон хохирогч нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна. Тухайн гэрээгээр гомдлын шаардлага гаргах эрх тээвэрлүүлэгчид байгаа юм.
Тухайлбал, Иргэний хуулийн 393, 394 дүгээр зүйл зэрэгт заасан журмын дагуу шаардах эрх хохирогчид үүсэх тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т "даатгуулагчийн тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол" гэж ялган заасны дагуу даатгалын тохиолдолд үл хамаарах хохирлыг хуулиар тогтоосныг шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалсны дараа Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2-т "Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим гаргана" гэж заасны дагуу 7 хоногийн дотор гомдлын шаардлага гаргасан үйл баримт хэрэгт авагдаагүй ба энэ талаар нэхэмжлэгчээс ямар нэгэн баримт ирүүлээгүй талаар хариуцагчаас 2 шатны шүүх хурал дээр дурдсан боловч шүүх дүгнэлт өгөөгүй юм. Иймд шүүхийн шийдвэр болон магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/00944 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч С.Аийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч С.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11,681,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Б.У нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн Өвөр асгатын эх гэдэг газар өвс тээвэрлэн явж байх үед өндөр хүчдэлийн шугамд хүрснээс гал авалцаж ачааны машин болон тээвэрлэж явсан Э.Гын өвс шатаж их хэмжээний хохирол учирсан. ... Хохирлын үнэлгээгээр Э.Гт 11,681,081 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Б.У нь “М” ХХК-тай 2022.02.21-ний өдөр 1 жилийн хугацаатай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нөхөн төлбөр 11,681,081 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.” гэж тайлбарласан.
8. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “... Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.9-т зам тээврийн ослын улмаас, замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол даатгалын тохиолдол байхаар заасан. ... шинжээчийн дүгнэлтээр галын шалтгаан нь цахилгааны шугамаас үүдэлтэй нь тогтоогдсон. Б.У нь замын хөдөлгөөний аливаа зүйл, заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас гал гарсан гэсэн дүгнэлт болон хариуцлага оногдуулсан талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй буюу Б.Уын буруутай ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “... ачаанд учирсан хохирол”-д нөхөн төлбөр олгохгүй байхаар хуульчилсан тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй.” гэж маргасан байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 5,981,081 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлдээ: Талууд Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.2-т заасан албан журмын даатгалын төрөлд хамаарах, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээг байгуулсан ... Б.У нь өвс ачиж замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэмд заасан овор ихтэй ачаа тээвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 46 дахь заалтыг зөрчсөн, мөн Б.У овор ихтэй ачаа /өвс 12-13 үе давхарлаж/ тээвэрлэх журам зөрчсөнөөс гал гарах нөхцлийг бүрдүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон.Даатгуулагч Б.У нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Э.Гын 1000 боодол өвсийг ачиж замын хөдөлгөөнд оролцож явахдаа ... Э.Гт хохирол учруулсан байх тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т Даатгуулагчийн авто тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол даатгалын тохиолдолд хамаарахгүй байхаар заасан нь даатгуулагчийн өөрийнх нь ачаанд учирсан хохирол гэсэн агуулгатай. Сайн дурын даатгалын хэлбэрт ачааны даатгал байхаар заасан нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний бусдын эд хөрөнгө гэдэгт ачаа хамаарахгүй гэж үзэх боломжгүй. Жолоочийн даатгалын тухай хуульд “ачаа”-г тодорхойлж, өөрөөр зохицуулаагүй, харин эд хөрөнгийг эзэмшил, өмчлөлөөр нь даатгуулагчийн болон бусдын эд хөрөнгө гэх байдлаар тодорхойлсон тул даатгалын тохиолдлын бусдын эд хөрөнгө гэдэгт Э.Гын 1000 боодол өвс хамаарна. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... томилсон шинжээч гал түймрийн улмаас шатсан өвсний хохирлыг 5,700,000 төгрөгөөр тогтоосонтой зохигч маргаагүй. ... Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 4.1-д С ангиллын тээврийн хэрэгсэлд нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ 10 сая төгрөг хүртэл байхаар, мөн 8.1.2-т даатгуулагч нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй байхаар тус тус заасан тул хариуцагч “М” ХХК-иас нөхөн төлбөр 5,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Магадлалд “... галын улмаас шатсан 1000 боодол өвс даатгуулагчийн ачаа биш болох нь тогтоогдсон тул даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон Э.Гнарын хоорондын гэрээтэй холбоотой гомдлын шаардлага гаргасан эсэх үйл баримтыг тус маргаанд дүгнэхгүй. ... Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөрт 5,700,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэж дүгнэсэн байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг зөрүүгүй тогтоосон боловч маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэхдээ хэм хэмжээний зорилго, агуулгыг хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зорилгоос зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж дүгнэн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
12. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Б.У 2022.10.10-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай хүртэл өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр бусдын өмчлөлийн ачааг тээвэрлэн явж байх үедээ Замын хөдөлгөөний дүрэмд заасан овор ихтэй ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс гал гарч, ачиж явсан иргэн Э.Гын ачаа устаж, түүнд 11,681,081 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч Б.У ба хариуцагч “М” ХХК нар нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд уг осол тус гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд осол болсон үйл баримтыг тус тус адил тогтоосон.
13. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Уын тээвэрлэж явсан ачаа болох Э.Гын өвс шатаж үгүй болсноос учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийг хариуцагч “М” ХХК хүлээх эсэх талаар маргасан. Нэхэмжлэгч Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 2.1 дэх заалтад жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлагыг даатгалын зүйл гэж заасан ба гал гарсны улмаас шатсан өвс нь бусдын эд хөрөнгөд хамаарах тул даатгалын нөхөн төлбөр төлөгдөх учиртай гэж, харин хариуцагч Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т "...ачаанд учирсан хохирол" гэж хуулиар бүх төрлийн ачаанд учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгал хариуцахгүй байхаар зохицуулсан тул ачиж явсан өвс даатгалын гэрээнд хамааралгүй гэж маргасан байна.
14. Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон хэдий ч нэхэмжлэгчийн ачиж явсан, иргэн Э.Гын өмчлөлийн 1000 боодол өвс шатсаны улмаас учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоор заасан нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна: 12.1.3-т “даатгуулагчийн тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Жолоочийн даатгалын тухай хууль нь заавал даатгуулах, албан журмын даатгалын хэрэгслийг өргөн ашигласнаар орчин тойрондоо аюултай хэрэгсэлд тооцогдох тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулж буй жолоочийн болзошгүй үйлдлээс бий болох хохирлыг богино хугацаанд, шуурхай арилгах, эрсдлийг хуваарилах тогтолцоог бий болгох зорилготой. Гэвч жолоочийн хариуцлагын энэ төрлийн даатгал нь даатгалын мэргэшсэн үйл ажиллагаа явуулагч этгээдийн санал болгодог төрөлжсөн даатгалын үйлчилгээг багтаагаагүй гэж ойлгох үндэстэй тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан “даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол” гэдэгт гагцхүү “даатгуулагчийн ачаа”-г хамааруулахгүй, илүү өргөн хүрээнд буюу тээврийн хэрэгслийн ачиж явсан “ачаа” буюу энэ хэргийн тохиолдолд иргэн Э.Гын өмчлөлийн өвсийг хамаарна гэж үзлээ.
Энэ талаар хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч С.Ануужингийн гаргасан Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т "... ачаанд учирсан хохирол" гэж хуулиар бүх төрлийн ачаанд учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгал хариуцахгүй байхаар зохицуулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдсан Сайн дурын даатгалын хэлбэрт ачааны даатгалыг төрөлжүүлэн хамааруулсан гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй байна. Учир нь ачаа тээвэрлэлтийн, тэр дундаа том оврын ачаа тээвэрлэлтийн харилцаа нь мэргэшсэн шинжтэй үйл ажиллагаа болох хувьдаа нарийвчилсан буюу төрөлжсөн зохицуулалт шаардана.
15. Хэдийгээр Жолоочийн даатгалын тухай хуулиар нөхөн төлөх хохиролд бусдын эд хөрөнгө хамаарч буй боловч энэ нь мэргэшсэн шинжтэй үйлдлээр тээвэрлэн хүргэж буй том оврын ачааг багтаасан гэж үзэх нь эрсдэл ба түүнийг бууруулах арга хэрэгсэл тохироогүй буюу тэнцвэрт байдлын зарчим /пропорциональ зарчим/-д нийцэхгүй. Энэ ч агуулгаар нөхөн төлбөрийн хэмжээнд хязгаар тогтоож, гагцхүү өргөн тохиолддог осол зөрчлийн улмаас учрах бусдын эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн хохирол, эвдрэл, гэмтлийн нөхөн төлбөрт жолоочийн хариуцлагын даатгал үйлчлэх зорилготой гэж үзвэл зохино.
16. Хэдийгээр дээр дурдсанчлан том оврын ачааг тээвэрлэх явцад учирсан хохирлыг даатгалын тохиолдолд хамааруулж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлбөрт бодит хохирлын 45,56 хувийг буюу 5,700,000 төгрөгийн өвсний хохирол 2,597,319 төгрөгийг даатгагч хариуцахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба энэ талаар хяналтын гомдолд дурдсан байгааг үндэслэн хариуцагч “М” ХХК-аас 2,597,319 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уад олгох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ.
17. Энэ үндэслэлээр хариуцагчаас бусдын өмчлөлийн том оврын ачаанд учирсан хохиролд нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлтийг залруулж, шийдэлд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00987 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01099 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 2,597,319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уад олгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 56,507 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уад олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Ануужингийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “М” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.25-ны өдөр 106,800 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА