Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 0119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгч Л.Чанцалдулам

Нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Л.Чанцалдуламд холбогдох эрүүгийн 201714000215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 57 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 31-06 тоотод оршин суудаг, одоо Үйлс бадрах өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Боржигон овогт Лувсандондогийн Чанцалдулам /РД: ФА60020808/

 

Шүүгдэгч Л.Чанцалдулам нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчим Баян-Өндөр сумын Рашаант багийн 31-р гудамжны 07 тоот хашааны гадаа явж байсан хохирогч Г.Болормааг хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Л.Чанцалдуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 03 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай нохой хашаанаас гарсан байсан. Тэгээд 04 дүгээр сарын 01-ний өглөө босоод нохойгоо уях гээд манай нохой зугтаагаад баригдаагүй. Тэгээд байж байтал 12 цагийн үед манай хажуу айлын үүдэнд хүн хазсан байсан. Уг нь нохойгоо байнга уядаг. Хүн рүү дайраад байдаг юм. Тэр өдөр хүүхдүүд нохойндоо хоол өгөх гэж торон хашааг нь онгойлгоход гарчихсан байсан. Хохиролд 344.000 төгрөг төлсөн. Нохойгоо сул байлгахгүй сайн ойлгож байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхрийн талын хамаатан Мөнхөөгийн бие муу байгаа болохоор 2017 оны 04 сарын 01-ний өдөр 12 цаг 20 минутын үед Орхон Баян-өндөр сум Рашаант багийн 31-07 тоотод Мөнхөөгийн гэрт очих гэж явж байхад Мөнхөөгийн машин нь гэрийнхээ гадаа тавьсан байхаар нь машиныг тойроод хашаа руу нь ороход араас шар халтар зүсмийн нохой дайраад миний хөлнөөс хазаж авсан юм. Тэгэхээр нь би орилоод энэ нохойгоо аваач гэхээд хүн гарч ирээгүй байж байхад нөгөө намайг хазсан нохой ахиж надруу дайраад ирэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж гараараа хаахад нөгөө нохой миний гарнаас ахиж урсан юм. Ингээд би Мөнхөөгийн хашаан үүдэн дээр орилоод байж байхад Мөнхөөгийн гэрээс болон урд хашааны айлын хүмүүс гарч ирээд нохой хөөж хашаа руу нь оруулсан юм. Тэгээд би нохойны эзэн гэх Рашаант багийн 31-06 тоотод оршин суух Чанцалдулам гэж хүнтэй уулзаад танай нохой намайг хазчихлаа гэж хэлэхэд гэртээ оруулж шархыг чинь бооё гэхээр нь би нөхрөө дуудаад шууд хүлээн авахад очиж үзүүлээд оёо тавиулж боолт хийлгээд дараа нь галзуугийн эсрэг нохойны тариа тариулсан юм. Тухайн үед эмнэлэг дээр очиж оёо тавиулахад утасны мөнгө 10.000 төгрөг гэж надаас нэхэхээр нь би нохойны эзнээс 20.000 төгрөг ирж авсан. Надад нохойд хазуулсаны дараа эм бичиж өгсөнийг нохойны эзэн Чанцалдулам гэж хүнд үзүүлээд ийм эм авах юм байна гэж хэлэхэд надад 11.100 төгрөгний эмийг тухайн үед авч өгч анхны тусламж үзүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 330 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Болормаагийн биед баруун шуунд 2 тооны урагдсан шарх, 2 тооны шалбархай, зүүн өвдөгт нэг тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хазах, хазагдах, урах, урагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

           4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 10 ху/,

 

-Хохирол төлсөн тухай баримт /хх 16 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/

-Л.Чанцалдуламыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 26-33 ху/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Л.Чанцалдулам нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчим Баян-Өндөр сумын Рашаант багийн 31-р гудамжны 07 тоот хашааны гадаа явж байсан хохирогч Г.Болормааг хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Г.Болормаагийн “...Мөнхөөгийн машин нь гэрийнхээ гадаа тавьсан байхаар нь машиныг тойроод хашаа руу нь ороход араас шар халтар зүсмийн нохой дайраад миний хөлнөөс хазаж авсан юм. Тэгэхээр нь би орилоод энэ нохойгоо аваач гэхээд хүн гарч ирээгүй байж байхад нөгөө намайг хазсан нохой ахиж надруу дайраад ирэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж гараараа хаахад нөгөө нохой миний гарнаас ахиж урсан юм” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед баруун шуунд 2 тооны урагдсан шарх, 2 тооны шалбархай, зүүн өвдөгт нэг тооны шалбархай зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 330 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                   Шүүгдэгч Л.Чанцалдуламд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Г.Болормаа нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Л.Чанцалдуламд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсандондогийн Чанцалдуламыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т тус тус зааснаар шүүгдэгч Л.Чанцалдуламд холбодох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Чанцалдуламд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА