Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 08 өдөр                             Дугаар 218/МА2018/00011                                                  Сайнцагаан сум

 

Опен девелопмент ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 139/ШШ2018/00119 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Опен девелопмент” ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ёлын домог” ХХК-д хариуцагдах 427200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч  Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Б.Батбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат

Нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Опен девелопмент” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 сарын 1-ний өдөр  “Опен девелопмент” ХХК нь “Ёлын домог” ХХК-тай хөрс хуулалтын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож ХГ/2016/03 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр “Опен девелопмент” ХХК нь “Таван толгой” ХК болон “Ёлын домог” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 тоот Ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Ийнхүү нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн Тавантолгой тосгоны нутаг дэвсгэрт кемп түрээслэхийн сацуу иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаас ажил гүйцэтгэхэд шаардагдах экскаватор, өөрөө буулгагч машин, түлшний автомашин болон явуулын засварын цех зэрэг тоног төхөөрөмж, машин механикыг түрээслэн авч хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Эхний санхүүжилтээр нийт 139.400.000 төгрөгийн хөрөнгө оруулсан байдаг. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг тээвэрлэн хүргүүлсэн зардал 4.000.000 төгрөг, “Хэт рөүд” ХХК-с “Кобелко-480” маркын экскаваторын түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 40.000.000 төгрөг, экскаваторын тээврийн хөлс 7.000.000 төгрөг, кемпийн түрээс 5.000.000 төгрөг, засварын цехийн түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг, түлшний машин 5.500.000 төгрөг, түлш 13.900.000 төгрөг, бусад зардал 59.000.000 төгрөгийг тус тус зарцуулсан нь баримтаар тогтоогдоно. Одоогийн байдлаар “Опен девелопмент” ХХК нь их хэмжээний өртэй болоод байна. Бид графикын дагуу нийт 106,600 м3 хөрс хуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан ба “Ёлын домог” ХХК нь сар бүр “Таван толгой” ХК-тай хөрс хуулалтын акт үйлдэн, тахеометрийн аргаар хэмжилт явуулж,

ажлаа бүрэн хүлээлцсэн байдаг. Улмаар “Ёлын домог” ХХК нь “Таван толгой” ХХК-иас хөрс хуулалтын ажлын төлбөрийг 100 хувь шилжүүлэн авчээ. Гэтэл гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу манай компанид 2016 оны 12 сарын төлбөр нийт 61.600.000 төгрөг, 2017 оны 1 сарын төлбөрт 247.200.000 төгрөг, 2 сарын төлбөрт 118.400.000 төгрөг, нийт 427.200.000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Иймд 427.200.000 төгрөгийг “Ёлын домог” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ёлын домог” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Опен девелопмент” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компаний гүйцэтгэх захирал Б.Мэнд-Амартай 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 3.8-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу “Опен девелопмент” ХХК  нь 1 сарын хугацаанд 250000 метр кубээс доошгүй хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Гэрээ байгуулснаас хойш “Опен девелопмент” ХХК нь 2016 оны 12 сар 22-ны өдрийн байдлаар 15000 метр куб хөрс хуулалт, 2017 оны 1 сарын 26-ны өдрийн байдлаар 61800 метр куб хэмжээтэй хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн нь талууд ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг дүгнэж үзэхэд тогтоогдсон. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу “Опен девелопмент” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 сарын 26-ны өдөр гэхэд нийт 500000 метр куб хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн нь 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой үүргийг 15.36 хувьд хүрч байсан. “Опен девелопмент” ХХК нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас манай компани болон “Таван толгой” ХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд шууд хүндрэл учирч, цаашилбал тус гэрээ цуцлагдах хүртэл үр дагавар бий болсон. Иймээс манай компаниас “Опен девелопмент” ХХК-д гэрээнд заасан хэмжээгээр ажлаа гүйцэтгэхийг шаардаж бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ажлын гүйцэтгэл гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй тул 2017 оны 2 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон “Опен девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэнд-Амарт гэрээг цуцлах хүртэлх хугацааны хийж гүйцэтгэлээр 61800 метр куб хөрс хуулалтын төлбөрийг 2017 оны 2 сарын 14-ний өдөр олгож дуусгасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ огт төлбөр аваагүй мэтээр бичсэн нь худал бөгөөд 2017 оны 1 сарын 25-нд олгох ёстой 61.600.000 төгрөгөөс зээлээр олгосон түлшний төлбөрийг хасч 33.321.320 төгрөгийг, 2017 оны 2 сарын 14-нд 247.200.000 төгрөгийг тус тус бүрэн олгосон. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2-р сарын төлбөр гэх 118.000.000 төгрөгийг “Опен девелопмент” ХХК-д олгох үүрэгтэй бөгөөд тус компаниар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 308.800.000 төгрөгийг бид бүрэн төлж барагдуулсан гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Ёлын домог” ХХК-иас 427.200.000 төгрөгийг гаргуулан “Опен девелопмэнт” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.293.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ёлын домог” ХХК-иас 2.293.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Опен девелопмэнт” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг  дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2018  оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 139/ШШ2018/00119 дугаартай шийдвэрийг үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагчийн эрхийг  ноцтой зөрчсөн , хязгаарласан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаана уу. Учир нь:2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаан товлох тухай Дундговь аймгийн  иргэний хэргийн  анхан  шатны шүүхээс 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр надад мэдэгдсэн. Тухайн  өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын шүүхэд Б.Арцхүүд холбогдох эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанд оролцохоор очоод байсан. 24, 25-н амралтын өдөр бөгөөд даваа гариг болох 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын  иргэний болон эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхүүдэд шүүх хуалдаанд оролцох тул 27-ны өдөр Дундговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд очиж шүүх хуралдаанд оролцох, хэргийн  материалтай танилцах боломжгүй гэх тайлбарыг утсаар хэлсэн.

Мөн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өөрийн үйлчлүүлэгчтэй утсаар холбогдоход тухайн  өдөр Дундговь аймагт шүүх хуралдаан товлогдсон талаар ямар ч мэдээлэлгүй байсан.

Иймд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхийн факсаар илгээсэн. Гэвч хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч талыг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй, хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан үйлдэл юм. Мөн миний үйлчлүүлэгчид шүүх хуралдааны товыг огтоос мэдэгдээгүй байдаг. Үүнд хариуцагчийн зүгээс маш их гомдолтой байгаа. 427200000 төгрөгийг өөрөөс нь гаргуулж бусдад олгох эсэх асуудлыг өөрт нь мэдэгдэлгүйгээр шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  8 дугаар бүлэгт шүүх хуралдааны бэлтгэлийг хэрхэн хангах тухай заасан байдаг. Эдгээрийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоогүй нь хэргээс харагддаг. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхийн  мэдэгдэх хуудсаар оролцогчид мэдэгдэхээр заасан.  Энэ  үүргээ шүүхийн зүгээс хэрэгжүүлээгүй.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн  77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн бол яагаад утсаар мэдэгдэх шаардлага гарсан, утсаар мэдэгдсэн эсэхээ нотлох ёстой. Энэ нь хуулиар шүүхэд олгогдсон  үүрэг.

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай №9 гэх баримтаас өөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн ямар нэг баримтгүй байсан. Мөн хуульд зааснаар шүүх хуралдааны товыг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор товлон зарладаг. Хэргээс үзэхэд 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг тогтоосон ямар нэг захирамж байдаггүй. Зөвхөн ерөнхий шүүгчийн туслахын гарын үсэгтэй шүүх хуралдааны тов гэх баримт хэрэгт хавсаргасан байдаг.

Энэ хэргийг хянан шийдвэрлэхээр урьд өмнө товлогдоод байсан шүүх хуралдаан талуудын хүсэлтээр хойшлогдсон. Ингэхдээ дараагийн шүүх хуралдаан хэзээ, хаана болох хэн хэн  оролцох талаар захирамжид заагаагүй. Ингэхээр 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болсон гэх шүүх хуралдаан нь товлогдоогүй, оролцогчдод мэдэгдэлгүйгээр явагдсан байна. 

Нэгэнт давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан алдааг залруулах чиглэлтэй тул шүүх хуралдаанаас өмнөх процесс ажиллагааны алдааг энд дурдах нь зүйтэй.

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Сум дундын шүүхийн шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарт үндэслэн тухайн иргэний хэргийг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаж байсан. Үүнийнх нь төлөө нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийн татгалзан гарах тухай хүсэлт гаргаж үүнийг тухайн шүүх үндэслэлгүйгээр хүлээн авсан. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагүй тухайн шүүхийн ерөнхий шүүгч мөн л ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр татгалзан гаргасан. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн боловч хэргийг  хянан хэлэлцэхээс татгалзаж хууль бусаар буцааж шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тухайн гэрээтэй холбоотой маргаан Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газарт хянагдаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаарх хангалттай нотлох баримт байсаар байхад гомдол хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болон анхан  шатны шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч үүнийг  харгалзан  үзэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Хэдийгээр эрүүгийн хэрэг Оргил гэх хүний гомдлоор үүсч А.Мэнд-Амарт холбогдуулан шалгаж байгаа гэх боловч шаардаж байгаа төлбөр нь нэг л гэрээний төлбөр юм. Үүнийг агуулгын хувьд ойлгох ёстой байтал зөвхөн субъектын нэрэнд ач холбогдол өгсөн нь төөрөгдөлд оруулж байна. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газарт шалгагдаж байгаа эрүүгийн хэргээс хуулбарлаж хэрэгт ирүүлсэн Оргил гэгчийн гомдол нь зөвхөн А.Мэнд-Амар төдийгүй хариуцагч Н.Батсайханыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах,  гэрээний төлбөрийг шаардах зорилготой нь илэрхий. Ийм нөхцөлд тухайн иргэний маргааныг шийдвэрлэх боломжгүй юм

. Хариуцагчийн зүгээс төлбөрийг хэрхэн барагдуулсан талаараа хангалттай нотлох баримт тайлбарыг нэхэмжлэгч талд өгсөн.  Гэвч А.Мэнд-Амараас эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилж байгаа төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ёлын домог ХХК-аас шаардаж байгаа нь хууль бус юм. Жишээ нь 119 дугаартай шийдвэрт санхүүгийн баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа баримт нь эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх явцад үнэн  болох нь нотлогдвол хэрхэх вэ?

Шийдвэр үндэслэх хэсэгтээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн  этгээдийн  орлого, зарлага нь санхүүгийн  бүртгэлд нь заавал тусгагдсан байх тухай тайлбарласан байна. Гэтэл Опендевелопмент гэх компани өөрт олсон орлого зарлагаа бүртгэх эсэх нь тухайн хуулийн  этгээдийн  хариуцах үүрэг. Ёлын домог ХХК тухайн үүргийг хүлээгээгүй. Компанийн тухай хуульд зааснаар түүний гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал нь компаныг итгэмжлэлгүйгээр төлөөлөх тухай заасан. Үүний дагуу маргаан буюу гэрээг хэрэгжих явцад гүйцэтгэх захирал байсан А.Мэнд-Амарын заавраар түүний дансанд төлбөрийг шилжүүлсэн. Гүйцэтгэх захирал нь төлбөрийг хүлээн аваад компаныхаа санхүүгийн  бүртгэлд бүртгэх эсэх нь “Ёлын домог” ХХК-д хамааралгүй, үүнийг мэдэх боломж байхгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь ажлын хөлсийг төлөх үүрэг  хүлээх боловч төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийн тулд тухайн хуулийн  этгээдийн бусад албан тушаалтантай холбоо барьж лавлах, хуулийн этгээдийн харилцах дансыг өөрөө эрэн  сурвалжилж түүнд орлого хийх, төлбөр хүлээн авагчийн санхүүгийн  бүртгэлд бүртгэх үүрэг хүлээхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гомдлын дагуу хэргийг  хянаад анхан  шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн  эрх ашгийг  ноцтой хохироосон байна гэж дүгнэв.

Анхан  шатны шүүхээс шүүх хуралдааныг Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу зарлах, хэргийн оролцогчдод мэдэгдэх үүрэгтэй. Анхан  шатны шүүх энэ  журмыг сайтар баримтлаагүй нь тогтоогдож байна.

        Опендевелопмент ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд суман  дахь анхан шатны шүүхээс Дундговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяалал тогтоосон тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлжээ.

Дундговь аймгийн Сум дундын шүүх 2018 оны 1 дүгээр сарын 19, 2 дугаар сарын 23-ны өдрүүдэд шүүх хуралдааны тов мэдэгдсэнээс өөрөөр шүүх хуралдаан товлон зарласан ямар нэгэн эрхийн акт хавтаст хэрэгт байхгүй нь тогтоогдож байна. 

            Мөн хавтаст хэргийн  141 дэх талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч,  түүний өмгөөлөгчид 1 хавтастай 142 хуудас хэргийн материал танилцуулснаас өөрөөр зохигч талуудад 2 хавтас бүхий 390 хуудас материалыг танилцуулсан, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулсан  гэх шүүхийн  баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

            Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн, хариуцагчийг хэргийн  материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заагдсан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн шинжтэй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн,  хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг  хангаагүй талаар хариуцагчийн өмгөөлөгчийн тавьсан давж заалдах гомдол үндэстэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан  шатны шүүхэд буцаав.

            Гомдол гаргагч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 139/ШШ2018/00119 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчийн талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 2295950 /хоёр сая хоёр зуун ерэн таван мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                           Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                            Т.БЯМБАЖАВ    

                                                                                            Ш.ТӨМӨРБААТАР