| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2024/00137/И |
| Дугаар | 001/ХТ2024/00209 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2024/00209
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/01256 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01068 дугаар магадлалтай,
“М Л” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “М Л” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/01256 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “М Л” ХХК-д холбогдох алданги 350,022,277 гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,407,984.16 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01068 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/01256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ", 224 дүгээр зүйлийн 224.2.3" гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,908,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MA2024/01068 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн доорх гомдлыг гаргаж байна.
4.1. Шүүх "М Л" ХХК-д холбогдох Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээний дагуу нэхэмжилсэн алданги 350,022,277 төгрөгийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг буруу тайлбарлаж дүгнэлт өгсөн. Магадлалын хянавал хэсгийн 4.3-т 2023.08.08-ны өдөр 1,700,004,512 төгрөгийг, 2023.11.30-ны өдөр 700,004,554 төгрөгийг тус тус "М Л" ХХК нь "М" ХХК-д төлөх үүрэгтэй болохыг талууд тооцоо нийлж баталгаажуулсан байна. Ийнхүү тооцоо нийлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч дээрх төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хэдий хэмжээний алданги тооцох талаар тусгаагүй гэжээ.
Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн хуулийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд талууд тооцоо нийлсэн акт үйлдэхдээ төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хэдий хэмжээний алданги тооцох талаар тусгаагүй нь алданги шаардах эрхгүй болно гэсэн үг биш юм. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт 232 дугаар зүйлийг тайлбарлахдаа: анзыг тогтоох гол зорилго нь эхний ээлжид үүрэг гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад оршдог. Тиймээс ч анзын хэмжээ нь ихэвчлэн анзыг алдахаас зайлсхийхэд үүрэг гүйцэтгэгчид тохиромжтой байдлаар тогтоогддог. Үүнээс гадна үүрэг гүйцэтгүүлэгч нь анзаар дамжуулан өөрт учирсан хохирлын нотолгоог заавал гаргуулалгүйгээр хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой болдог гэж тайлбарласан байна.
Талуудын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээний 4.9 дэх хэсэгт Төлбөр төлөгч тал буюу "М Л" ХХК нь Худалдан авагчийн авсан шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт төлөхөөр, мөн гэрээний 5.1-д дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлөхөөр заасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсгийг тайлбарласан тухайд:
Магадлалын хянавал хэсгийн 4.2-т нэхэмжлэгч нь 350,022,277 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй болох нь тогтоогдсонгүй, 4.4-т “М” ХХК-ийн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газартай хэзээ тооцоо нийлсэн актын төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч хэзээ хүлээн аваад 2 хоногт төлөөгүй, ийнхүү төлөгдөөгүй шатахууны төлбөрт ямар хугацаанд алданги тооцсон болохоо нэхэмжлэгч нотлоогүй гэж үзжээ. Гэтэл тус 60/22 тоот гурвалсан гэрээний 3.12 дахь хэсэгт Худалдан авагч тал буюу Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар төлбөрийн нэхэмжлэлийг худалдагч талтай тооцоо нийлж баталгаажуулсан актын хамт үйлдсэнээс хойш ажлын 3 /гурав/-аас доошгүй хоногийн дотор төлбөр төлөгч талд ирүүлнэ гэж, 4.7 дахь хэсэгт Худалдагч, худалдан авагч талууд нь сар бүрийн 15, 30-д худалдан авсан шатахууны тооцоог нийлж төлбөр төлөгч талд хүргүүлэхээр заасан байх ба мөн тус гэрээний 4.9 дэх хэсэгт төлбөр төлөгч тал буюу "М Л" ХХК нь худалдан авагчийн авсан шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт төлөхөөр, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлөхөөр заасан байхад шүүх гэрээний энэхүү заалтуудыг болон худалдан авагч талаас шүүх хуралдаанд гэрчээр оролцсон этгээд гэрээний үүргээ биелүүлж авсан шатахууны тооцоог тухай бүр нийлж, төлбөр төлөгч талд хүргүүлж байсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг харгалзаж үзээгүй. Худалдагч тал худалдан авагчид хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сард 8,805,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлсэн байх бөгөөд үүссэн өр төлбөрийн ихэнх хэсэг 08 дугаар сараас өмнө үүссэн болох нь баримтаар нотлогдож байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ: нийт төлбөр 2022 оны 08 дугаар сард төлөгдөж дуусах ёстой байсан бөгөөд төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд алдангийг дээрх хугацаанаас тооцон нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ бүрэн биелүүлсэн байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/01068 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж бүрэн хангаж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/01038 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч “М” ХХК нь “М Л” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “2022.02.11-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан гэрээ байгуулж “М” ХХК нь Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газарт чанар стандартын шаардлага хангасан шатахуун нийлүүлэх, “М Л” ХХК нь тус шатахууны үнийг “М” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 4.7-д худалдагч, худалдан авагч талууд сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр төлөгчид хүргүүлэхээр, 4.9-т төлбөр төлөгч тал нь шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан шилжүүлэхээр заасан. Гэрээний үлдэгдэл 700,004,554 төгрөгөөс гэрээний 5.1-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон, үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги 350,022,277 төгрөг тооцож, нийт 1,050,006,831 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь 700,004,554 төгрөгийг төлсөн тул үлдэх 350,022,277 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч “М Л” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 2022.02.11-ний өдөр байгуулсан ХА-22/08-01, 60/22 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан гэрээний дагуу “М” ХХК нь төмөр замын барилгын ажил гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын захиалсан дизелийн түлш, авто бензин, тос тосолгооны материалыг ажлын талбайд хүргэж нийлүүлэх, уг шатахууны үнийг манай “М Л” ХХК-аас төлөх үүргийг хүлээж байсан. ... нийлүүлсэн шатахууны төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан. ... 2023.11.30-ны өдөр харилцан тооцоо нийлж, үлдэгдэл 700,004,554 төгрөгийг 2023.12.13-ны өдөр “М” ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Худалдан авагч тал болох Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газартай тооцоо нийлэх ажил удааширсан, худалдагч тал болох “М” ХХК нь шатахуун нийлүүлэх явцдаа гэрээний 2.1, 3-т заасан захиалсан шатахууныг тогтоосон цагт захиалгын дагуу тасралтгүй нийлүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... 9 хоногийн хугацаа байгаа тул алданги 350,022,277 төгрөгийг төлөх үндэслэлгүй.“ гэж тодорхойлсон.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлдээ “... Нэхэмжлэгч “М” ХХК нь Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, “М Л” ХХК-тай 2022.02.11-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 60/22 тоот гурвалсан гэрээг байгуулсан. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан гэрээг нэг талаас “М” ХХК, гуравдагч талаас “М Л” ХХК харилцан тохиролцож байгуулжээ. Гэрээгээр худалдагчаас худалдан авагчид чанар стандартын шаардлагыг хангасан газрын тосны бүтээгдэхүүн болох шатахууныг нийлүүлэх, худалдан авагчаас шатахууны захиалга өгөх, гуравдагч талаас үнийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Гэрээний эцсийн үлдэгдэл төлбөр 700,004,554 төгрөг дээр талууд маргаагүй. ... 2023.12.13-ны өдөр дээрх төлбөр төлөгдсөн нь баримтаар тогтоогдсон. Талууд гэрээний 3.17-д зааснаар худалдан авагчаас худалдагчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг энэ гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алдангийг төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг заасан зохицуулалттай нийцжээ. Нэхэмжлэгч “М” ХХК-иас ирүүлсэн 2023.11.30-ны өдрийн “гурвалсан гэрээний дагуу авсан шатахууны тооцооны баримт”-аар талууд тооцоо нийлж акт үйлдэж гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байх ба Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар төлбөр төлөгч “М Л” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, хариуцагч талаас 2023.12.13-ны өдөр 700,004,554 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн тул хариуцагч дээрх төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Оюунсувдын гомдлоор хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад “224 дүгээр зүйлийн 224.2.3” гэснийг хасч хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдана гэж буруу дүгнэлт өгснийг залруулан өөрчлөлт оруулна. ... Тооцоо нийлэхдээ талууд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хэдий хэмжээний алданги тооцох талаар тусгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газартай тооцоо нийлсэн актуудыг баримтаар гаргаж өгсөн боловч гэрээний 3.12, 4.9-т зааснаар “М” ХХК-ийн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газартай хэзээ тооцоо нийлсэн, актын төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч хэзээ хүлээн аваад ажлын 2 хоногт төлөөгүй, ийнхүү төлөгдөөгүй шатахууны төлбөрт ямар хугацаанд алданги тооцсон болохоо нэхэмжлэгч нь нотлоогүй. Хэзээ, хаана нийлүүлсэн шатахууны төлбөрт ямар хугацаанд хэдий хэмжээний алданги тооцсон нь тодорхойгүй, холбогдох тооцоолол байхгүй. Иймд алданги 350,022,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн.” гэж дүгнэсэн.
11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг адил тогтоосон буюу нэг талаас худалдан авагч Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нөгөө талаас худалдагч “М” ХХК, төлбөр төлөгч “М Л” ХХК нарын хооронд 2022.02.11-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 60/22 тоот гурвалсан гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу худалдан авагчийн захиалгыг биелүүлж 2022.08 дугаар сарыг дуустал хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн, ... 2023.11.30-ны өдөр “М” ХХК болон “М Л” ХХК нь төлбөрийн үлдэгдлийг 700,004,554 төгрөгөөр тооцож тооцоо нийлсэн, хариуцагч “М Л” ХХК 2023.12.13-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй, баримтаар тогтоогдсон. Харин хоёр шатны шүүх Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын худалдан авсан нийт шатахууны төлбөр 700,004,554 төгрөгийг төлөх хугацааг төлбөр төлөгч “М Л” ХХК хугацаа хоцроон төлсөн эсэх, хэрэв хугацаа хоцроосон бол гэрээнд заасан журмын дагуу анз тооцох үндэслэл бүрдсэн эсэх асуудлаар зөрүүтэй дүгнэлт өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх алдангид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон адил шийдэл гаргасан боловч ийнхүү хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийг өөрөөр тодорхойлжээ. Анхан шатны шүүх төлбөр төлөгч “М Л” ХХК нь төлбөр төлөх хугацааг зөрчөөгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх алдангийн тооцоолол тодорхойгүй буюу нэхэмжлэгч алданги шаардах эрхээ нотолж чадаагүй гэх агуулгаар анз шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хоёр шатны шүүх ийнхүү холбогдох хуулийн зохицуулалт болон зохигчийн байгуулсан гэрээний заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж маргааныг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг бүрдүүлжээ.
12. “М” ХХК 2022.02.11-ний өдөр “М Л” ХХК, Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газартай байгуулсан №60/22 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг “М Л” ХХК-аас төлөх үүрэг хүлээсэн. Ийнхүү төлбөр төлөх үүргээ худалдагч ба худалдан авагчийн тооцоо нийлж үйлдсэн акт, түүнд үндэслэн бичсэн нэхэмжлэлийн дагуу биелүүлэхээр гэрээний 3.12 дахь хэсэгт заажээ. Гэрээний 4.7-д заасны дагуу ийнхүү нэхэмжлэл илгээхийн тулд худалдагч ба худалдан авагч талууд сар бүрийн 15, 30-ны өдөр худалдан авсан шатахууны талаар тооцоо нийлэх үүрэгтэй байна. Тус тооцоо нийлэх үүрэг нь төлбөр төлөгчөөс үл хамаарах, худалдагч ба худалдан авагчийн гүйцэтгэх үүрэг байна.
13. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, гэрээний тавдугаар зүйлийн 5.1-т худалдан авагч төлбөрийг хугацаанд нь төлөлгүй хожимдуулсан бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасантай нийцсэн талаарх дүгнэлт үндэслэлтэй.
Харин дээрх байдлаар тооцоо нийлэн төлбөр төлөгчид ирүүлсэн акт, нэхэмжлэлээс хойш 2 хоногт багтаан төлбөр төлөх үүргээ зөрчиж, төлбөр төлөх хугацаа өнгөрснөөс хойш 11 хоногийн дараа төлбөр шилжүүлсэн нь төлбөр төлөгчид хамаарах хугацаа хэтрүүлсэн зөрчил гэж үзэх үндэслэлтэйг анхаараагүй, төлбөр төлөгч хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь алдаатай байх бол давж заалдах шатны шүүх зохигч анз шаардах эрх гэрээний дагуу үүссэн гэж үзсэн атлаа анзын тооцоолол тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтад үндэслээгүй, анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй буруу болжээ.
14. Гэрээний 3.12, 4.7 дахь хэсэгт заасны дагуу тооцоо нийлэх үүргийг худалдагч ба худалдан авагчид ногдуулсан байх боловч хэрэгт авагдсан баримтаас “М” ХХК болон “М Л” ХХК нь 2023.11.30-ны өдөр тооцоо нийлсэн байна. Уг тооцоо нийлсэн актад төлбөрийн үлдэгдлийг 700,004,554 төгрөг гэж тогтоосон байх ба гэрээний 4.9-д зааснаар төлбөр төлөгч тал нь ийнхүү тооцоо нийлсэн өдрөөс хойш 2 хоногт төлөх үүрэгтэй байна. Хэдийгээр гэрээнд зааснаар тооцоо нийлэх нь худалдагч, худалдан авагчийн үүрэг боловч төлбөр төлөгч худалдан авагчийн өмнөөс тооцоо нийлэх үүргийг хэрэгжүүлсэн нь түүний төлбөр төлөх үүргээ биелүүлэхэд харшлах зүйл биш тул энэ өдрөөс хойш 2 хоногт төлбөр төлөх үүрэг үүснэ. Төлбөр төлөгч “М Л” ХХК 2023.12.13-ны өдөр төлбөрийг барагдуулсан талаар талууд маргаагүй.
14. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т алдангийн талаар тусгаж, энэ талаар харилцан тохиролцсон байх тул алданги тохироогүй гэж үзэхгүй. Дээр дурдсанчлан тооцоо нийлсэн өдрөөс хойш 2 хоногийн дотор буюу 2023.12.02-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тул энэ өдрөөс үүрэг зөрчигдсөн гэж үзэн 2023.12.02-2023.12.13-ны өдрийг хүртэлх 11 хоногийн алданги болох 38,500,250.47 төгрөг /700,004,554*0.5%*11/-ийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
15. Анхан шатны шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 223.2-т заасан нөхцөл бүрдсэн буюу үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тул мөн хуулийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алдсан гэх дүгнэлт, давж заалдах шатны шүүхийн тооцоо нийлсэн актад алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэх дүгнэлтүүдийг тус тус залруулж, хариуцагчаас алдангийн төлбөрт 38,500,250.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, энэ агуулгаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01068 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/01256 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “М Л” ХХК-аас 38,500,250.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,011,526,581 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,407,984.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Л” ХХК-аас 350,451 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.20-ны өдөр 1,908,062 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД