Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0212/З |
Дугаар | 128/ШШ2017/0308 |
Огноо | 2017-04-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2017/0308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад MV-.. дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Булган аймгийн Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Төв аймгийн Заамар сумдуудад 336.05 га газарт МV-... дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн эзэмшиж их хэмжээний зардал гарган хайгуулын ажил хийж үйл ажиллагаа явуулж байсан юм.
Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож манай компанийн үйл ажиллагааг хязгаарлаж зогсоосон.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцална гэж заасан.
Гэвч Засгийн газар нөхөх олговор олгох журмыг бүтэн жил гаруй хугацааны дараа буюу 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 299 дүгээр тогтоол гаргаж дээрх заалт биелэгдэх боломжгүй болсон. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа угзөвшөөрөл эзэмшигчид олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авах нөхөх олговрыг тусгай зөвшөөрлийг эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан. Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг дээрх заалтыг үндэслэн цуцласан байсан.
Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан.
Уг өөрчлөлт орсонтой холбогдуулан Ашигт малтмал, Газрын тосны газарт хандан өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлт тавьсан ч хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн.
Хэрэв Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол төр нөхөн олговрыг төлөх үүрэгтэй. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам-ын 5.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн байна.
Өөрөөр хэлбэл нөхөн олговор олгосны дараа буюу нөхөн олговор аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий талбайг нөөц болон тусгай хэрэгцээнд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон зэрэг тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор төлөхөөр заасан дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайд тусгай зөвшөөрөл шударгаар эзэмшиж байгаа этгээдийн хувьд тусгай зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд зөвхөн нөхөн олговор авахаас өөр эрх байхгүй байхад нөхөх олговор авах хүсэлт гаргах хугацаагаар хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа уг харилцаанд тэгш бус байдлыг бий болгож байна.
Иймд төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн Собттрейд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С ХХК-ийн MV-... дугаар тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1300 дугаар шийдвэрээр ... дугаар тусгай зөвшөөрлийн талбай хуваагдсан тул Э ХХК-д ... дугаар тусгай зөвшөөрлийг олгож анх олгосон огноог 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тооцсон байна.
Ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 119 дүгээр шийдвэрээр С ХХК-д шилжүүлсэн.
MV-... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.
Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд MV-... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдээллийг олон нийтийн хэрэгсэл болох өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугаарууд, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байршуулж мэдээлсэн.
Гэтэл С ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргах, мөн Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт ... хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй... гэсний дагуу заасан хугацаа буюу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
С ХХК-ийн эзэмшлийн MV-... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байх бөгөөд нөхөн олговор авах талаар хууль болон холбогдох журамд заасан хугацаанд албан хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул нөхөн олговор авах үндэслэл бүрдэхгүй.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар С ХХК-нь MV-... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2012 оны ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх ёстой байсныг төлөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүд байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн; гэсэн заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж зааснаар ашигт малтмалын ашиглалтын ... тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэр гарч энэ талаар С ХХК нь төрийн захиргааны байгуулагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй атал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан С ХХК-ийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй түүнчлэн мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд тухайн актад гомдол гаргах хугацаа хэтрүүлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад MV-... дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Төв аймгийн Заамар сумын нутаг Ар тамсаг-1-1-2 нэртэй газарт орших 336 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч ... дугаар тусгай зөвшөөрлийг Э ХХК-д 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 119 дүгээр шийдвэрээр С ХХК-д шилжүүлжээ.
Монгол Улсын Их Хурлаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг Засгийн газар тогтоохоор тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хуульчилсан байна.
Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг-ийг баталсны дотор С ХХК-ийн эзэмшиж буй MV-1... дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай хамаарч байжээ
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 3.4.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор хүсэлт гаргахаар зохицуулсан бөгөөд Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрийн №239, №240 дугаарт давхцалтай тусгай зөвшөөрлүүдийг нийтэлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нөхөх олговорыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан боловч нэхэмжлэгч С ХХК Засгийн газрын баталсан хүчин төгөлдөр мөрдөж буй журмын дагуу хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр нөхөх олговрын хэмжээг 0 төгрөгөөр тооцон нөхөх олговор олгоогүй байна.
Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 295 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг үндэслэн ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцсан С ХХК-ийн MV-... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эхийн болон ойн сан бүхий газрын хилийн заагийг баталж, усны сангийн эргээс 50 метрт онцгой, 200 метр энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгаж, 3 дахь заалтаар Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргахаар зохицуулсан байна.
Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор Төв аймгийн Заамар сумын нутаг Ар тамсаг-1-1-2 нэртэй газарт орших 336 гектар талбай бүхий MV-... дугаар тусгай зөвшөөрлийг дээрх тогтоолоор тогтоосон хилийн заагт орохгүй хэсгийг солбилцолоор нь тооцон буцаан олгох асуудлыг шийдвэрлэх боломжийг хуулийн дээрх заалт болон Ашигт малтмалын тухай хуулиар төрийн захиргааны байгууллагад олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ., 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна. гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл ашигт малтмал ашиглахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар байна. Тус хуульд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу цуцлагдсан талбайг буцаан олгох талаар зохицуулаагүй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ., 14 дүгээр зүйлийн 14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ. гэж төсөөтэй харилцааг буюу тусгай хэрэгцээний газрын тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан болон нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үргэлжлүүлэн эзэмших давуу эрхийн талаар зохицуулсан байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор батлагдсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагт орсон тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцох боломжгүй юм.
Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан журмын дагуу цуцлагдсан тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй гэж дүгнэв.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, MV-... дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН