Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 0121

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Ц.Өгөөдэй

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Өгөөдэйд холбогдох 201714000066 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 10-14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Сүрэн овогт Цэнд-Аюушийн Өгөөдэй /РД: ФБ91062442/

 

Шүүгдэгч Ц.Өгөөдэй нь 2017 оны 01 сарын 19-нөөс 01 сарын 23-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 4-11 тоот А.Лхагважаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж чемодантай цагаан өнгийн эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн нимгэн дотортой, ташуу захтай 3 ширхэг дээл, цэнхэр өнгийн эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн нимгэн дотортой, энгийн монгол захтай 3 ширхэг дээл, ягаан өнгийн эрэгтэй дээл, цагаан өнгийн хүүхдийн пүүз, цэнхэр өнгийн торго, бор саарал өнгийн торго, эмэгтэй хүний савхан бээлий, нимгэн хүзүүний ороолт, саарал өнгийн нимгэн цамц, чихрийн таваг, хуванцар сандал 4 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1.092.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.Өгөөдэйгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр найзынхаа хуриманд хүүгийн хамт очсон. Би архи уугаад нилээн согтсон байсан. Тэгээд найз Одноогийнд очихоор яваад гэрт нь орсон боловч Одноогийнх биш байсан. Тэр гэрийн хаалга нь сул байсан. Тэгээд гэрээс нь чемодантай эд зүйлийг авсан. Чемоданыг нь зах дээр байдаг нэг эгчид 20.000 төгрөгөөр зарсан. Энэ 20.000 төгрөгөөр хүүдээ эм авч өгсөн. Чемоданд байсан юмыг айлын хашаанд хаясан. Гэхдээ торго, хуванцар сав байгаагүй. Мөнгө төгрөггүйгээс хохирол төлөх боломжгүй байна. Ямарч байсан төлж барагдуулна. Би сэтгэцийн өвчнөөр группэд байдаг. Эндээс гараад группын мөнгөө аваад хохирлыг төлнө. Дахин хулгай хийхгүй. Ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч А.Лхагважаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хятад улсын Эрээн хот руу явах ажил гараад эхнэр, хоёр хүүхдээ өөрийнхөө аавынд үлдээгээд явсан юм. Тэгээд 2017 оны 01 сарын 23-ны шөнө 02 цагийн үед аавындаа ирсэн юм. Тэгээд өглөө нь эхнэрийнхээ хамт аавын гэрээс гараад гэртээ очсон чинь гэрт маань хулгай ороод цүнхтэй /чемодан/ хувцас аваад явсаныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний хулгайд алдсан чемодан нь бор өнгөтэй, 100см х 50см харьцаатай байсан. Дотор нь эхнэр, охин, бид гурвын цагаан өнгийн нимгэн дотортой загварын дээлнүүд бүстэйгээ алга болсон, уг дээлнүүдийг 2016 онд 420,000 мянган төгрөгөөр хийлгэж байсан. Бас эхнэр, охин бид гурвын цэнхэр өнгийн нимгэн дотортой дээлнүүд бүстэйгээ алга болсон, уг дээлнүүдийг 2016 онд 320,000 мянган төгрөгөөр хийлгэж байсан, ягаан өнгийн дээл, нэг настай хүүхдийн, цагаан өнгийн пүүз, дээл хийлгэх гэж байсан цэнхэр өнгийн торго, бор саарал өнгийн торго, эмэгтэй савхин бээлий, нимгэн хүзүүний ороолт, саарал өнгийн нимгэн цамц, эхнэрийн гар цүнх, үнэртэй ус 4 ширхэг хуванцар сандал зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна. Манай гэр орноор ах дүү нар маань ирдэг юм. Өөр гадны хүмүүс ирж байгаагүй ээ, надад ямар нэгэн байдлаар сэжиглэж байгаа хүн байхгүй ээ. Манайх захын хашаа болохоор хоёр талдаа айл байхгүй, манай ард талд нэг айл байдаг юм. Өнгөрсөн зун хөдөө гадаа явахдаа арынхаа айлд гэр орноо захиж үлдээдэг байсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

-Гэрч Б.Лхамдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 ны 01 сарын 23-ны өглөө гэртээ очсон чинь гэрт хулгайч ороод эд зүйл хулгайлаад аваад явсан байсан. Манай гэрээс чемодантай эд зүйл алдагдсан, чемодан дотор нөхөр, охин, бид гурвын цагаан өнгийн нимгэн дотортой загварын 3 ширхэг дээл, бүстэйгээ алга болсон. ...Дахиад бид гурвын цэнхэр өнгийн нимгэн дотортой дээлнүүд бүстэйгээ алга болсон, ягаан өнгийн эрэгтэй дээл, нэг настай хүүхдийн пүүз, дээл хийлгэх гэж байсан цэнхэр өнгийн торго, бор саарал торго, савхин бээлий, хүзүүний ороолт, цамц, гар цүнх, үнэртэй ус, 4 ширхэг хуванцар сандал, чихрийн тавга зэрэг эд зүйл алга болсон гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

-Гэрч М.Цасчихэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн газрын 7035102 дугаартай утаснаас миний гар утас руу залгаад ...Эрдэнэ багийн 4-11 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан тухай дуудлага өгсөн. Тэгээд тухайн хаягаар тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиж үзлэгт оролцсон. Хашааны хаалгаар ороход цасан дээр эмэгтэй хүний юм уу хүүхдийн хэмжээтэй юм шиг гутлын мөр байхаар нь эрэн сурвалжилах ажиллагааг явуулж Дэнж багийн баруун дэнжийн 10-14 тоотод оршин суух Ц.Өгөөдэй үйлдсэн байж болзошгүй гэж таамаг дэвшүүлээд шууд Өгөөдэйгийн гэрт очиход Өгөөдэй нь гэртээ байхгүй байсан. ...хэсгийн байцаагч нарт Өгөөдэйг эрэн сурвалжах талаар зарлан мэдээлж, Зэст багийн цагдаа Я.Батзориг саатуулсан байсан. Тэгээд маргааш нь Өгөөдэйтэй уулзахад тухайн айлаас хулгай хийсэн талаараа ярьж байсан бөгөөд чемодан дотор байсан зарим эд зүйлийг хэрэг үйлдсэн газрынхаа зүүн урд талын эзэнгүй хашаанд хаясан /зааж өгч чадна/ чемодантай үлдсэн эд зүйлийг Хүлэг зах дээр комиссын бараа зардаг Отгонбаяр эгчид 20.000 төгрөгөнд зарсан гэж хэлсэн. Тэгээд Өгөөдэй нь чемоданд байсан эд зүйлийг зааж өгч чадна гэсний дагуу дагуулж явахад хулгай орсон гэх айлын зүүн урд талын дэнж дээр байрлах эзэнгүй хашаанд хүүхдийн малгай, дээлний бүс, нимгэн хүзүүний ороолт, хар өнгийн гинжин оосортой гар цүнх зэрэг эд зүйл байсан. Тэгээд Хүлэг зах дээр комиссын бараа зардаг Отгонбаяр гэх эмэгтэйгээс бор өнгийн чемодан, 4 ширхэгэ дээл зэргийг түр хураан авч тэмдэглэл үйлдсэн гэсэн мэдүүлэг / хх 15 ху/,

-Гэрч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би он сар өдрийг нь санахгүй байна, ямарч байсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэж таамаглаж байна. ...өдрийн 13 цагийн орчим ажил дээрээ гутлаа зараад зогсож байтал Хүлэг зах дээр мах жижиглэдэг Өгөөдэй гэх эмэгтэй над дээр ирээд эгчээ чемодан авах уу, манай хүүхэд хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болоод байна, та 20.000 төгрөгөөр авчих гэхээр нь хулгайн эд зүйл биш биз дээ гэсэн чинь үгүй эгчийн чемодан байгаа юм, дотор нь дээлнүүд байгаа гэж хэлсэн. Тэгээд онгойлгоод үзсэн чинь цагаан, цэнхэр, ягаан дээл, торго зэрэг зүйл байсан. Тэгээд Өгөөдэйгөөс чемоданыг нь худалдаж авахаар болоод 20.000 төгрөг өгсөн. Өгөөдэй тухайн үед чемоданаас ганц нэг дээл, торго зэрэг зүйлийг торонд хийгээд аваад явсан. Уг чемоданд 4 ширхэг дээл үлдэхээр нь энэ дээлнүүдийг яах юм бэ гэсэн чинь эргэж ирээд авна шүү гэж эхлээд явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа хэсгийн байцаагч Цасчихэр хүрч ирээд тухайн эд зүйлийг надаас хулгайн эд зүйл гэж хэлээд авсан. ...Би Өгөөдэйд 20.000 төгрөг өгч чемоданыг худалдаж авсан нь үнэн. Гэхдээ би уг мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/,

-Шинжээч эмч Ж.Должмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: ...Би сэтгэцийн эмч Будсүрэн, Энхмаа эмч нарыг бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. Ц.Өгөөдэй нь хэрэг хариуцах чадвартай гэж гарсан, яагаад гэхээр сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тогтоолгосон 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн IQ тодорхойлох шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлтийг гаргасан юм. Уг шинжилгээний хариу нь хөнгөн хэлбэрийн оюуны хомсдол, зан төрхийн өөрчлөлт гэх оноштой ирсэн байсан. Миний бие нь Ц.Өгөөдэйгийн группыг сунгуулах зорилгоор СЭМҮТ-д 13а маягтаар эмнэлгийн шугамаар IQ тодорхойлох шинжилгээ хийлгэхээр явуулсан юм гэсэн мэдүүлэг /хх42 ху/,

 

-Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд:

1. Магадлуулагч Ц.Өгөөдэй нь оюун ухааны хөнгөн хомсдол төрхийн өөрчлөлт өвчтэй.

2. Энэ өвчний улмаас сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг.

3. Ц.Өгөөдэй нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай. 4. Хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /хх 39 ху/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 229 дугаартай шинжээчийндүгнэлтэнд:

1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтийн 1,2,3,4-р дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Ц.Өгөөдэй нь “Оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь төрөлхийн эмгэг болно.

3. Ц.Өгөөдэйгийн амбулторийн хяналтын картнаас үзэхэд: “Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр DS:F70.1 Оюун ухааны хөнгөн хомсдол өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтыг 12 сараар сунгахаар шийдвэрлэв” гэсэн комиссын шийдвэртэй байна.

4. Ц.Өгөөдэй нь “Оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт” хэмээх сэтгэцийн эмгэгийн улмаас 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс Орхон аймгийн сэтгэцийн эмчийн хяналтанд орсон гэх амбулаторийн хяналтын карт байна.

5. Ц.Өгөөдэй нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна.

6. Ц.Өгөөдэйд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй болно гэсэн дүгнэлт / хх 54 ху/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 4 ху/

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6 ху/

-Хувцас хураан авсан тэмдэглэл /хх 17 ху/

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 18 ху/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 19 ху/

-Хохирлын үнэлгээ /хх 32 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70 ху/

-Ц.Өгөөдэйг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 114, 115, 117-120 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Өгөөдэй нь 2017 оны 01 сарын 19-нөөс 01 сарын 23-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 4-11 тоот А.Лхагважаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж чемодантай цагаан өнгийн эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн нимгэн дотортой, ташуу захтай 3 ширхэг дээл, цэнхэр өнгийн эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн нимгэн дотортой, энгийн монгол захтай 3 ширхэг дээл, ягаан өнгийн эрэгтэй дээл, цагаан өнгийн хүүхдийн пүүз, цэнхэр өнгийн торго, бор саарал өнгийн торго, эмэгтэй хүний савхан бээлий, нимгэн хүзүүний ороолт, саарал өнгийн нимгэн цамц, чихрийн таваг, хуванцар сандал 4 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1.092.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Лхагважаргал /хх 20-23 ху/, гэрч Б.Лхагвадулам /хх 24/, М.Цасчихэр /хх 15 ху/, Б.Отгонбаяр /хх 26-27 ху/, шинжээч эмч Ж.Должмаа /хх 42 ху/ нарын мэдүүлгүүд, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх 39 ху/, шүүх сэтгэц эмгэг судлалын 229 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 54 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Өгөөдэйн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан баривчлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Лхагважаргалд 1.092.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд 668.000 төгрөгний эд зүйлийг буцаан олгосон байх тул үлдэх 424.000 төгрөгийг хохирогч А.Лхагважаргалд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 75 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сүрэн овогт Цэнд-Аюушийн Өгөөдэйг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Ц.Өгөөдэйг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Өгөөдэйд оногдуулсан 3 сар, 1 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Өгөөдэйгийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Өгөөдэйгээс 424.000 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 4-11 тоотод ошин суух А.Лхагважаргалд /ИЙ 93062315/ олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өгөөдэйд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА