Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 0120

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Г-

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Шүүгдэгч Б.О-

Нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох 201614000525 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот ** дүүрэг ** дугаар хороо ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт Б-ын О- /РД:хх**********/

 

Шүүгдэгч Б.О- нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн байранд байлдагч Д.Д-тэй маргалдан түүнийг сандлаар цохихоор далайх явцдаа тэднийг салгах гэж байсан байлдагч О.Н-ын толгойн тус газарт цохиж биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цэргүүдэд зурагт үзүүлнэ гэхэд Д- үзүүлэхгүй гэснээс би шаардлага тавьж Д- бид 2 маргалдсан. Тэгээд уур хүрээд биеэ барьж чадалгүй Д-ийг сандлаар цохисон. Энэ үед Н-ыг сандлаар цохисноо мэдэхгүй. Гэхдээ шалгагдаад тогтоогдсон гэж үзээд хэргээ хүлээж байна. Н-ын ээжид нь 500.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хүү 2016 оны 07 дугаар сарын 27-ны орой салааны захирагч Б- гэдэг хүнээр зодуулсан байсан. Зодуулсны улмаас эрүү нь мултарсан байсан. Ингээд Улаанбаатарт Госпитальд эмчлүүлсэн. Бие нь сайжрахгүй байсан тул хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд 8 сард ангидаа эргэж ирсэн хойно дахин бие нь өвдөж Госпитальд очиж эмчлүүлсэн. Ингээд 10 сард ангидаа ирчихээд байж байгаад зодолдож байгаа хүүхдийн дундуур ороод цохиулсан гээд дахин Госпитальд ирсэн. Тархиндаа цус хуралттай гэж ирсэн. Энэ гэмтэлд О- буруутай гэж хэлсэн. Би уг нь Б-ид холбогдуулан гомдол гаргасан байсан. Тэгтэл тархины гэмтэлд О- буруутай болсон. Монголд тархины цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээ хийгдэж байсан. Одоо хүү маань Солонгос улсад тархины хагалгаанд ороод ирсэн байгаа. Тэгээд шүүх хуралд ирэх боломжгүй болсон. Хэрэгт 1.100.000 төгрөг нэхэмжлэх баримтыг өгсөн. О- нь 500.000 төгрөг өгсөн. Одоо шүүх хурал дээр 553.000 төгрөгийг нэхэмжлэх баримтыг өглөө. Хохиролд одоо 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хохирлыг төлчихвөл өөр гомдол санал алга байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би энэ гэмтлийг дэд түрүүч Б-ид зодуулах үедээ мөн ахлах байлдагч О-т сандлаар цохиулах үедээ авсан гэдгийг ялгаж салгаж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хоёр хүний үйлдлийн улмаас учирсан гэж үзэж байна. ...Би сар өдрийг нь сайн санахгүй байна О- Д- хоёр хоорондоо зодоон хийсэн. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод салгаад хоёр тийш нь түлхсэн чинь О- Д-ийг сандалаар цохих гэж байгаад андуураад намайг цохисон. О-т цохиулаад толгой эргээд хана налаад зогссон, хэсэг зогсож байгаад шууд өрөөнийхөө орон дээр очиж хэвтсэн. Энэ хэргийг дарга мэдсэний дараа О- би чамайг цохиогүй гэж худлаа хэлээд байсан. Би цохиулсан нь үнэн юм чинь цохиулсан шүү дээ гэж хэлсэн. Яг сандлаар цохиулсаны дараа толгой эргээд би хана налаад хэсэг түр зогссон. Тэгээд орон дээр очиж хэвтсэн. Түүнээс хойш толгой өвдөөд байсан. Энэ хэрэг болох үед дэд түрүүч Анарчулуун, Ө- нар байсан. Өөр хэн хэн байсныг санахгүй байна. ...О- намайг санаандгүй цохисон. Эмчилгээ сайн хийлгэмээр байна. Эмчилгээнд зарцуулагдсан мөнгийг бүрэн гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,

 

-Гэрч Т.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 сарын 10–ны өдөр түүний биед ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Н- өөрөө ярихдаа О- Д- гэж хоёр байлдагчийг муудалцахаар нь дундуур нь орсон чинь сандалаар зүүн талын шанааруугаа хальт цохиулсан гэж хэлсэн. Шанааг нь дарж үзэхэд өвчтэй хөндүүр байх шиг байсан. Гар хүргэхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 34-35 ху/,

 

-Гэрч Ц.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О- зурагт асаах гээд явсан бөгөөд О-ын явсан зүгээр хүмүүс дуугараад хоорондоо хэрэлдээд байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь өнгийгөөд харсан чинь ахлах байлдагч О- байлдагч Д- хоёр урд урдаасаа харж зогсоод маргалдаж байсан. Тэгэхээр нь нэвтрүүлгээ тавьсан юмуу гэсэн чинь тэр хоёр намайг тоохгүй байсан. Ахлах байлдагч О- Д-ий зүүн талын шанаа руу нэгудаа цохиод Мото буудлагын нэгдүгээр салааны байлдагч нарын байралдаг хэсэг рүү давхралдаад нэг орон дээр унасан. Тэнд байсан байлдагч нар тэр хоёрыг салгах гэж байсан. Тухайн үед би тэр хоёрыг хүмүүс салгаж байна гэж бодоод доошоо суусан. Тэгээд дахин түчигнэх чимээ гараад хэрэлдээд байхаар нь харсан чинь ахлах байлдагч О- цэргүүдийн суудаг ногоон өнгийн модон сандал баруун гартаа бариад зогсож байсан. Тэр үед байлдагч Н- гүйж очоод Д-, Н- хоёрыг салгах гээд дундуур нь ороод зогссон. Би өөрөө жижүүрийн ширээг орхиж явж болохгүй болохоор О-аа зүгээр бай боль гэж орилсон боловч сонсохгүй байсан. Тэгээд санадал дээрээс босоод ширээгээ тойроод урд нь гараад ирэхэд О- сандал бариад Д-ийг цохих гэсэн чинь Д- дундаа байсан Н-ыг түлхэж хамаад О- луу дайрсан. Тэр үед О- сандалаараа Д-ий нуруу руу цохих шиг болсон яг цохисон үгүйг нь бол хараагүй. Ямар ч байсан О- баруун гараараа модон сандал өргөж байгаад доош нь буулгасан. Тэгээд тэнд байсан байлдагч нар зодооныг бүрэн салгасан. Ахлах байлдагч О- жижүүрийн ширээн дээр ирсэн. О-аас юу болоод байгаа юм бэ гэхэд Д- дуу сонсоно гэж маргалдсан юм гэж хэлсэн. О-ыг явсны дараа Н- жижүүрийн ширээн дээр ирсэн. Н- миний хажууд ирээд миний эрүү  рүү цохичихлоо гээд амаа ангайгаад завьжаа харуулсан. Намайг харахад Н-ын шүднүүд нь зүгээр байхаар нь зүгээр юм биш үү гэсэн чинь Н- эргээд яваад өгсөн. Н- О-, Д- хоёрын дунд нь тэр хоёрыг салгах гээд зогсож байсан. Яг хаашаа хараад зогсож байсныг санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 39 ху/,

 

-Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ирэхдээ Н-ын эрүү ам нь зүгээр болсон байсан. 10 сарын 10-ны орчим манай салааны цэргүүд ажилд яваад ирсэн чинь Н- надтай уулзаад өнөөдөр О- Д- хоёрыг зодоон хийхээр нь салгах гэж байгаад дундуур нь ороод толгойруугаа сандалаар цохиулчихсан чинь эрүү, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яах гэж тийшээ очсон юм бэ хол байж байхгүй яасан юм гэж хэлсэн. ...О- гэж ахлах байцаагчид сандлаар толгой шанаа руугаа цохиулсан гэж хэлсэн. Аль шанаа руугаа хэдэн удаа цохиулсанаа хэлээгүй. Тухайн үед нүүр царайг нь сайн анзаарч хараагүй гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

 

-Гэрч М.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О- ротын жижүүрээр гарч байсан. ...Д- флаш диск өг дуу сонсож клип үзнэ гэсэн чинь  О- чи мэддэг юм уу гээд тэр хоёр маргалдсан. Маргалдаж байгаад О- Д-ий нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь тэнд байсан цэргүүд тэр хоёрыг салгасан. Д-өө эргээд алхах үед О- хаанаас ч юм бүү мэд нэг мэдсэн сандал бариад далайгаад Д-өө рүү дайрсан. Тэгэхээр нь би хажуу талаас нь цохиулж магадгүй гэж бодоод тонгойгоод түлхсэн, Д-өө ч бас О-ыг түлхсэн. О-ыг тэнд байсан цэргүүд салгасан. Тэгээд оройн хоолон дээр Н- өдөр О-т цохиулсан гэж өөрийнхөө салааны орлогч Батмагнайд хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 46 ху/,

 

-Гэрч Д.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О-ыг түлхсэн чинь намайг заамдаад авсан. Тэгтэл тэнд байсан цэргүүд бид хоёрыг салгасан. Цэргийн байрны зурагт коридорт байдаг бөгөөд би О-аас салаад коридороос мото буудлагын 1 дүгээр салааны цэргүүдийн ор байдаг хэсэг рүү орох гээд алхсан. Нэг хоёр алхаад эргээд харсан чинь О- эсрэг талд нь байх цэргүүдийн орны хажуу талаас сандал авч байгаа харагдсан. Тэгэхээр нь эргээд харсан чинь О- над руу чиглээд ирсэн. Би урдаас нь тонгойж очоод суган доогуур нь гараа оруулаад тэвэрсэн. Тэгтэл О-ын далайсан сандал нь миний баруун мөрөн дээгүүр даваад миний нуруун дээр цохисон. Тэр үед О- бид хоёрыг цэргүүд салгасан. Би орныхоо хажууд очоод зогсож байсан чинь цэргүүд хоорондоо Н- сая О- Д- хоёрыг салгах гэж байгаад сандланд цохиулсан гэнээ гээд яриад байсан. Тэгэхээр нь Н- дээр яваад очсон чинь орон дээрээ доошоо хараад тонгойгоод сууж байсан. Түүнээс сая яасан цохиулсан юм уу гэхэд сая та хоёрыг салгах гэж байгаад цохиулчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 47-48 ху/,

 

-Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би цэргийн байрандаа амарч байгаад орныхоо хажууд оймсоо угаагаад сууж байсан чинь цэргүүд маргалдаад, зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь орныхоо хажуу талаас гараад коридор луу харсан чинь байлдагч Д-ийг нэг цэрэг цааш нь салгаж байсан. Байлдагч Ө- гартаа нэг модон сандал бариад ахлах байлдагч О-ыг хойш нь түлхэж байсан. Өзлийсайханы эсрэг талд Н- зогсож байсан бөгөөд тэр баруун билүү зүүн гараараа эрүүгээ дээш нь өргөсөн байдалтай зовиуртай зогсож байсан. Өвчин зовиуртай байна гэдгийг би өөрөө эмч хүн болохоор мэдсэн. Тухайн үед энэ бас цохиулчихсан юм байхдаа гэж бодсон. Би өөрөө тэд нар дээр очоогүй. Тэгээд удаагүй байтал тэр өдөртөө л цэргүүд Н- О-т цохиулсан гэнээ гэсэн яриа гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 49 ху/,

 

-Шинжээч эмч Ч.Буянзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 сарын 13-ны өдрийн тархины компьютер томографикийн шинжилгээгээр О.Н-ын биед бага тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа оношлогдсон байна. 2016 оны 08 сарын 25-ны өдрийн тархины компьютер томографикийн шинжилгээ ба 2016.09.21-ээс 2016.10.03-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэгт дээрх цусан хураа оношлогдоогүй байна. Иймээс 2016 оны 10 сарын 03-наас хойших хугацаанд дээрх гэмтэл үүссэн байх боломжтой байна. О.Н- нь хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй, 2016 оны 08 сарын 17-ны өдөр хэвтэн эмчлүүлэх үедээ хоёр талын дээд доод эрүүний үений үрэвсэл ба эрүү зуурах, нүүр хэсгийн саажил, 2016 оны 09 сарын 21-ний өдөр хэвтэн эмчлүүлэхдээ нүүрний зүүн талын мэдрэлийн хоёрдогч өвдөлт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. ...Дээрх оношууд нь ямар нэгэн гэмтлийн шалтгаантай үүссэн байх боломжгүй байна. Багажийн болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт гэмтлийн шинж тэмдэг байхгүй байна. Дээрх өвчнүүд нь ямар шалтгааны улмаас үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй, олон төрлийн шинжилгээ хийгдсэн боловч шалтгаан нь тодорхойгүй байна гэсэн мэдүүлэг /хх 62-63 ху/,

 

-Орхон аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 807 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Н-ын биед бага тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь тухайн үедээ шинэ гэмтлүүд байжээ

7. Дээд зүүн 7-р шүд байхгүй байх ба эмнэлгийн бичиг баримтанд тусгагдаагүй тул шүд хэзээ унасан болон авхуулсаныг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 54-55 ху/,

 

-Орхон аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 24 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Н- нь 2016 оны 08 дугаар сарын 17-нд хоёр талын дээд доод эрүүний үеийн үрэвсэл ба эрүү зуурах, нүүр хэсгийг саажил, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нүүрний зүүн талын мэдрэлийн хоёрдогч өвдөлт гэсэн оношоор хэвтэн эмчлүүлж байжээ.

2. Дээрх хугацаануудад ямар нэгэн гэмтэл оношлогдоогүй байна гэсэн дүгнэлт /хх 59 ху/

 

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16, 17 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 18, 19 ху/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 90 ху/

-Хохирлын баримт /хх 91, 92, 140, 141, 168, 169, 194, 195 ху/

-Өвчний түүх /хх 107-131, 133-139 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70 ху/

-Б.О-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 86-89 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.О- нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн байранд байлдагч Д.Д-тэй маргалдан түүнийг сандлаар цохихоор далайх явцдаа тэднийг салгах гэж байсан байлдагч О.Н-ын толгойн тус газарт цохиж биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Д- бид 2 маргалдсан. Тэгээд уур хүрээд биеэ барьж чадалгүй Д-ийг сандлаар цохисон. Энэ үед Н-ыг сандлаар цохисноо мэдэхгүй. Гэхдээ шалгагдаад тогтоогдсон гэж үзээд хэргээ хүлээж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.Н-ын “...О- Д- хоёр хоорондоо зодоон хийсэн. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод салгаад хоёр тийш нь түлхсэн чинь О- Д-ийг сандалаар цохих гэж байгаад андуураад намайг цохисон. ...Яг сандлаар цохиулсаны дараа толгой эргээд би хана налаад хэсэг түр зогссон. Тэгээд орон дээр очиж хэвтсэн. Түүнээс хойш толгой өвдөөд байсан. ...О- намайг санаандгүй цохисон” /хх 22-23 ху/, гэрч Т.О-гийн “...Н- өөрөө ярихдаа О- Д- гэж хоёр байлдагчийг муудалцахаар нь дундуур нь орсон чинь сандалаар зүүн талын шанааруугаа хальт цохиулсан гэж хэлсэн. Шанааг нь дарж үзэхэд өвчтэй хөндүүр байх шиг байсан. Гар хүргэхгүй байсан” /хх 34-35 ху/, гэрч Ц.С-ийн “...ахлах байлдагч О- байлдагч Д- хоёр урд урдаасаа харж зогсоод маргалдаж байсан. Тэгэхээр нь нэвтрүүлгээ тавьсан юмуу гэсэн чинь тэр хоёр намайг тоохгүй байсан. Ахлах байлдагч О- Д-ий зүүн талын шанаа руу нэгудаа цохиод Мото буудлагын нэгдүгээр салааны байлдагч нарын байралдаг хэсэг рүү давхралдаад нэг орон дээр унасан. Тэнд байсан байлдагч нар тэр хоёрыг салгах гэж байсан. ...ахлах байлдагч О- цэргүүдийн суудаг ногоон өнгийн модон сандал баруун гартаа бариад зогсож байсан. Тэр үед байлдагч Н- гүйж очоод Д-, Н- хоёрыг салгах гээд дундуур нь ороод зогссон. ...О- сандал бариад Д-ийг цохих гэсэн чинь Д- дундаа байсан Н-ыг түлхэж хамаад О- луу дайрсан. Тэр үед О- сандалаараа Д-ий нуруу руу цохих шиг болсон яг цохисон үгүйг нь бол хараагүй. Ямар ч байсан О- баруун гараараа модон сандал өргөж байгаад доош нь буулгасан. ...О-ыг явсны дараа Н- жижүүрийн ширээн дээр ирсэн. Н- миний хажууд ирээд миний эрүү  рүү цохичихлоо гээд амаа ангайгаад завьжаа харуулсан. ...Н- О-, Д- хоёрын дунд нь тэр хоёрыг салгах гээд зогсож байсан. Яг хаашаа хараад зогсож байсныг санахгүй байна” /хх 39 ху/, гэрч М.Б-ын “...10 сарын 10-ны орчим манай салааны цэргүүд ажилд яваад ирсэн чинь Н- надтай уулзаад өнөөдөр О- Д- хоёрыг зодоон хийхээр нь салгах гэж байгаад дундуур нь ороод толгой руугаа сандалаар цохиулчихсан чинь эрүү, толгой өвдөөд байна гэж хэлсэн” /хх 41 ху/, гэрч М.Ө-ы “...Д-өө эргээд алхах үед О- хаанаас ч юм бүү мэд нэг мэдсэн сандал бариад далайгаад Д-өө рүү дайрсан. Тэгэхээр нь би хажуу талаас нь цохиулж магадгүй гэж бодоод тонгойгоод түлхсэн, Д-өө ч бас О-ыг түлхсэн. О-ыг тэнд байсан цэргүүд салгасан. Тэгээд оройн хоолон дээр Н- өдөр О-т цохиулсан гэж өөрийнхөө салааны орлогч Б-д хэлж байсан” /хх 46 ху/, гэрч Д.Д-ий “...О-ын далайсан сандал нь миний баруун мөрөн дээгүүр даваад миний нуруун дээр цохисон. Тэр үед О- бид хоёрыг цэргүүд салгасан. Би орныхоо хажууд очоод зогсож байсан чинь цэргүүд хоорондоо Н- сая О- Д- хоёрыг салгах гэж байгаад сандланд цохиулсан гэнээ гээд яриад байсан. Тэгэхээр нь Н- дээр яваад очсон чинь орон дээрээ доошоо хараад тонгойгоод сууж байсан. Түүнээс сая яасан цохиулсан юм уу гэхэд сая та хоёрыг салгах гэж байгаад цохиулчихлаа гэж хэлсэн” /хх 47-48 ху/, гэрч П.Г-ийн “...орныхоо хажуу талаас гараад коридор луу харсан чинь байлдагч Д-ийг нэг цэрэг цааш нь салгаж байсан. Байлдагч Ө- гартаа нэг модон сандал бариад ахлах байлдагч О-ыг хойш нь түлхэж байсан. Өзлийсайханы эсрэг талд Н- зогсож байсан бөгөөд тэр баруун билүү зүүн гараараа эрүүгээ дээш нь өргөсөн байдалтай зовиуртай зогсож байсан. Өвчин зовиуртай байна гэдгийг би өөрөө эмч хүн болохоор мэдсэн. Тухайн үед энэ бас цохиулчихсан юм байхдаа гэж бодсон. Би өөрөө тэд нар дээр очоогүй. Тэгээд удаагүй байтал тэр өдөртөө л цэргүүд Н- О-т цохиулсан гэнээ гэсэн яриа гарсан” /хх 49 ху/, шинжээч эмч Ч.Буянзаяагийн “...2016 оны 08 сарын 25-ны өдрийн тархины компьютер томографикийн шинжилгээ ба 2016.09.21-ээс 2016.10.03-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэгт дээрх цусан хураа оношлогдоогүй байна. Иймээс 2016 оны 10 сарын 03-наас хойших хугацаанд дээрх гэмтэл үүссэн байх боломжтой байна. О.Н- нь хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй” /хх 62-63 ху/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед бага тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал үүссэнийг тогтоосон шинжээчийн 807 дугаар дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч нь гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар эм тарианы зардал 58.000 төгрөг, 800.000 төгрөг, 523.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг, нийт 1.411.000 төгрөгний баримтыг ирүүлсэн байна. Шүүх дээрхи нотлох баримтыг шинжлэн судалж эм тарианы зардал 523.000 төгрөг, 800.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг, нийт 1.353.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөгийг төлснийг төлбөрөөс хасч тооцон үлдэх 853.000 төгрөгийг шүүгдэгч Б.О-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Хохирлын нэхэмжлэлээс эм тарианы зардал 58.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ын О-ыг бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.О-аас 853.000 /найман зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулан Улаанбаатар хот ** дүүрэг **-р хороо ** тоотод оршин суух О.Н-т /РД:*******/ олгож, нэхэмжлэлээс 58.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

 5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.БАЙГАЛМАА